Эцэг xүү Бушийг дэлхий хүссэн гэж үү!
1856 оноос хойш америкчууд улс төрийн хоёр гол намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгчдийг сонгосоор иржээ. Ардчилсан ба Бүгд найрамдах гэсэн хоёр л нам төрийн эрхийг ээлжлэн барьсаар өнөөг хүрчээ.
(АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд зориулав)
1980 онд Рейган “Make America Great Again” (“Америкийг аугаа гүрэн болгож дахин цогцлуулъя”) хэмээх уриаг сонгуулийн кампанидаа хэрэглэн сонгогчдыг татан дагуулсан бол энэ удаа Трамп бүтээлчээр хуулбарлаад уриа дуудлага хийгээд явж байна. Ямар ч л гэсэн Рейганы суу алдар эцэг хүү хоёр Бушийг 12 жилээр ажиллах боломж олгосон бол энэ удаа Трампад тийм боломж олгож тун мэдэхээр байна. “Make America Great Again” (“Америкийг аугаа гүрэн болгож дахин цогцлуулъя”) хэмээх тэр уриа америк сонгогчдын тархинд хүрч зүрхэнд тусч мэдэх л юм.
1856 оноос хойш америкчууд улс төрийн хоёр гол намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгчдийг сонгосоор иржээ. Ардчилсан ба Бүгд найрамдах гэсэн хоёр л нам төрийн эрхийг ээлжлэн барьсаар өнөөг хүрчээ. Гурав дахь намын тухайд ямар ч боломж байхгүй. Ерөөсөө дэлхийд энх амгаланг сахиулах, дэлхийн дэг журам тогтоох гол суурь үзэл санаа–ардчилал, эрх чөлөө, шударга ёсны туйлын зорилгод үндэслэсэн дипломат бодлого явуулж чадна гэх итгэл төрүүлэхүйц улс төрчид л дээрхи хоёр намыг төлөөлж ирсэн. АНУ-ын эдийн засгийг өөд татна, татвар төлөгчдийн мөнгийг тэгж ингэж зарцуулна гэх амлалтууд мэдээж дагалдана. Гэвч 1990-ээд оноос АНУ-ын төрийг тэргүүлэх Ерөнхийлөгчдөд бол огт өмнөө ертөнцөд ажиллах шаардлага зүй ёсоор тулгарсан билээ.
“Хүйтэн дайнд” өрсөлдөгч гүрэн ба өрсөлдөгч эвсэл нь задран унаснаар АНУ дэлхий дээрхи цорын ганц тэргүүлэх их гүрэн болж үлдсэн нь амлалт ба зорилгоо зөв тодорхойлох айхтар хариуцлагыг АНУ-ын сүүлчийн 4 Ерөнхийлөгчид яалт ч үгүй тулгажээ. АНУ нь эдүгээ дэлхийд “Хэт их гүрний” статусаа хадгалсаар байгаа ба ийм статус нь доорхи 4 бодит нөхцөлийг (хүчин зүйл) хадгалж чадаж байгаагаар тодорхойлогдоно. Үүнд:
1. АНУ нь эдийн засгийн хувьд их гүрэн хэвээр байна.
2. АНУ нь цэргийн хувьд их гүрэн хэвээр байна.
3. АНУ нь соёл ба иргэншил, технологийн хувьд тэргүүлсээр байна.
4. Эдгээр гурван хүчин зүйл дээр тулгуурлан АНУ нь дэлхийд улс төрийн хамгийн нөлөөтэй гүрэн хэвээрээ байна.
Өнөөдөр дэлхийд өөр нэг ч улс гүрэн хүчтэйгээ илтгэх ийм 4 нөхцөлийг зэрэг хангаагүй байгаа. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч эцэг, хүү хоёр Буш, Клинтон, Обамагийн засаг захиргааны үед бүрэлдэн буй болсон, төлөвшсөн гарцаагүй бодит нөхцөл, үүнийг бэхжүүлж хэвээр нь хадгалах явдал АНУ-ын хойш хойшдын Ерөнхийлөгч нарын үүрэг юм. Энэ үүргийг цоо шинэ номлол бодлогоор хангахгүй нь мэдээж. Уламжлал, шинэчлэлийг хослуулж байж хангана.
АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Буш бол 43 дахь Ерөнхийлөгчийнхөө эцэг нь. Дундаа Клинтоныг оруулснаараа түүхэнд гэр бүлээрээ удам дамжсан улс төрчид хэмээх имижийг хадгалан яваа. Бушийн эцэг нь, бага Бушийн өвөг нь сенатч, банкны эзэн явсан гэвэл удмаараа гэдэг тодотгол бүр ч нотлогдох мэт. XVIII зуунд АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Жон Адамсын хүү бага Жон Куинси Адамс нь гурван Ерөнхийлөгчийн дараа ХIX зуунд төр тэргүүлж байснаас өөр тохиолдол түүхнээ байгаагүй бол ХХ–ХХI зууныг дамжин эцэг хүү хоёр Буш төр тэргүүлж, дэлхийн бодлогыг залуурдлаа. Одоо нөхөр, эхнэр хоёр 16 жилийн зайтай энэ суудлын төлөө өрсөлдөж байгаа нь бас нэг парадокс мөн.
Газрын тосоор баялаг Техасаас гаралтай Бушийнхэн бол элбэг дэлбэг амьдральтай, гэр бүлээсээ олон саятанг төрүүлсэн цуутай удмынхан. Цэл залуугаараа цэргийн нисэгчээр дэлхийн II дайнд оролцсон Буш дайны дараа Йелийн их сургуульд суралцаж дараа нь нутагтаа очиж газрын тосны компаниа байгуулж ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Никсоны үед улс төрд хөл тавьж Бүгд найрамдах намыг төлөөлөн Конгрессын Төлөөлөгчдийн танхимд сонгогджээ. Тэрээр АНУ-ын 37, 38, 40 дэх Ерөнхийлөгч нарын багт ажилласан. 1970-аад онд Никсоноос Элчин сайдын томилолт авч НҮБ-д АНУ-аа төлөөлсөн. Бүгд найрамдах намын дарга ч байж үзсэн. Хятадтай дипломат харилцаагүй үед албан бус Элчин сайдын яам Бээжинд нээхэд анхны төлөөлөгчөөр нь очсон. Тэндээсээ Тагнуулын төв газрын захирлаар дэвшиж нутагтаа буцсан. 1980 онд Рейгантай БНН дахь буухиа сунгаа сонгуульд (праймериз) өрсөлдөн ялагдаад түүний орлогчоор Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшин ялжээ. Энэ ялалт 8 жил Дэд ерөнхийлөгчөөр ажиллан Сенатыг толгойлох үүргийг Бушт олгожээ. Тэрээр 1988 оны сонгуулиар илэрхий давуугаар АН-ын өрсөлдөгч Майкл Дукакисыг ялсан.
Чухам энэ үе бол түүний хувьд түүхэн гэмээр их эргэлтийн он жилүүд байлаа. Берлиний хана нурж, СССР задран уналаа. Панам, Иракт цэргийн ажиллагаа явуулах Бушийн тушаал цагаа оллоо. Гадаад бодлогодоо олсон ялалт амжилтууд АНУ-ын дотоод бодлогод шууд тусгалаа олж үр дүнгээ өгсөнгүй нь ялагдлыг нь нөхцөлдүүлсэн байх. Өөрийг нь Дэд ерөнхийлөгч байх үед хэрэгжсэн Рейганомика бодлогын дүнд ДНБ 30 хувиар өсч, хүн ам тутамд ногдох үзүүлэлтээрээ Японоос 25 хувь, Германаас 35 хувь давж, тус улс дэлхийн нийт ДНБ-ий 4-ний нэгийг дангаараа гаргаж байлаа. Гэвч Рейганы бодлогод сөрөг талууд байсан. Томхон корпорациудын төлөх татварыг татварын шинэчлэлийн хуулиар 46 хүртэл хувь бууруулах, баян өрхүүдийн татварыг 50 хүртэл хувь бууруулах бодлого явуулсны уршгаар Америкийн баялаг цөөхөн хүнд төвлөрөх болж, үндэсний орлогын 40 хувийг хүн амын ганцхан хувь эзэмших дээрээ тулсан. Баян нь баяжих, ядуу нь ядуурах бодлогын гайгаар 1990-ээд оны эхээр Бушийн өнгөн дээр АНУ-ын эдийн засаг хямарч эхэлжээ. Бушийн төр тэргүүлсэн эхний жил ДНБ 2-хон хувиар өсч. дараа жил нь рецесс нүүрлэв. 1990-1991 онд аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэл 5 хувиар буурч, ажилгүйдэл 5–7 хувьд өслөө. Америк даяар ядуу 21 сая хүний хүнсний тасалбар, бүр ядуу 5 сая хүнд ядуурлын тэтгэлэг өгөх дээрээ туллаа. “Хүйтэн дайнд” ялаад, Персийн булангийн дайнд ялаад байдаг, харин тусгал нь АНУ-д хүртсэнгүй.
Гэвч Бушийн гадаад бодлогын амжилтууд цаашаа угсраагаар хэрэгжлээ. Дорнод Европын орнуудыг халамжлах, “7-гийн бүлгийнхнийг” үүндээ татан оруулах талаар Буш ихээхэн чармайлт гаргалаа. Тэтчер, Коль, Миттөран нарын зүгээс ч дэмжлэг хүлээлээ. 1989 онд тэрээр Польш, Унгарт айлчилж, олон тэрбумын зээл өглөө. СССР-ийн задралын эхэн үед Балтийн улсуудын тусгаар тогтнолыг Буш шууд бусаар дэмжиж, Зөвлөлтөд коммунист намын эрх дархыг Үндсэн хуулиас хасч, олон намын систем үүсэхэд баярлан угтсан юм. СССР-ийг цэргийн хүчээр авч үлдэн, дэлхий дахины хөгжлийг бусниахад чиглэсэн ГКЧП гэх төрийн эргэлтийг хамгийн түрүүн, хамгийн хатуугаар буруушаагч нь Буш байлаа. Өргөн утгаар авч үзвэл коммунизмын эрхшээлээс салсан хуучин Зөвлөлтийн ба Дорнод Европын (Монгол ч мөн орно) улс түмэнд эрх чөлөөний амтыг мэдрүүлэхэд Бушийн үзүүлсэн оюун санааны болон сэтгэхүй, улс төрийн асар их дэмжлэгийг түүх мартах учиргүй биз ээ.
Эцэг Жорж Бушийн хийгээгүйг хүү Жорж Буш нь XXI зуунд гүйцэлдүүлэх учиртай байж. Юу гэвэл Цөлийн шуурга хэмээх байлдааны ажиллагааны дүнд 1991 онд Иракийн цэргийг Кувейтээс хөөж гаргаад байлдаанаа зогсоосон. Иракийн нутагт халдан орохоор хэд хэдэн генерал санал болгосныг эцэг Буш эсэргүүцэн зогсоосон. Иракийг эзлэх нь тэндхийн хүн амыг дайсагнуулж дуусна гэдгээс тэрээр болгоомжилсон. Түүний танхимын Батлан хамгаалахын сайд Р.Чейни эцгийг нь ятгаад хийлгэж чадаагүйгээ хожим хүү Жорж Бушийн Дэд ерөнхийлөгч байхдаа 2003 оны хавар хүүгээр нь хийлгүүлж дөнгөлөө. Хуурамч шалтгаар далимдуулан Ирак руу халдан довтолж Саддамын харгислалыг эцэслүүлсэн ч жинхэнээсээ иракийн хүн амыг дайсагнуулж дууслаа. Бага Бушийн энэхүү алхмыг америкчуудын ихэнхи нь сайшаасангүй.
Жорж Вокер Буш 1946 онд төрсөн, 1995-2000 онд Техас муж улсын губернатор байж байгаад 2000 оны сонгуулиар АН-ын өрсөлдөгч Альберт Горыг ялж, 2004 онд сенатч Жон Керрийг ялан улирч, 2009 онд халаагаа АН-ын шинэ өрсөлдөгчдөө өгсөн, АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч. Мөн л эцгийнхээ төгссөн Йелийн их сургуульд суралцаж дараа нь Харвард төгссөн, Үндэсний гвардад 1968-1974 онд алба хаасан ба газрын тосны бизнест хүч үзэж явсан туршлагатай.
Бага Бушийн Ерөнхийлөгчийн гараа “2001.09.11”-тэй бараг давхцсан нь хувь заяаны шоглоом гэмээр. Тэрээр дотоод бодлоготой зууралдах завгүйгээр терроризмын эсрэг глобал дайны “командлагч” аятай ажилласан даа. Тэр оны намраа Афганистан руу эвслийн томхон хүчин америкийн цэргээр удирдуулан халдан орж, Талибаны гэх дэглэмийг нураасан, 2003 оны хавар Иракийг. Буш Ерөнхийлөгч болмогцоо Пуужингийн довтолгооноос хамгаалах гэрээнээс АНУ-ыг гаргаж, муу муухайн тэнхлэг гэгчийг тодруулж томъёолсон. Энэ тэнхлэгийн гишүүд гэх улс орнууд, дэглэмүүдийн эсрэг хайр найргүй тэмцэхээ зарласан гэхчлэн АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг шинэ шатанд гаргаж цоо шинээр томъёолоход бага Бушийн үүрэг их байсан. Гэхдээ Ирак, Афганистан дээр буруу тооцоолсон, өөрийгөө хэт үнэлсэн явдал бий. Иргэншил хоорондын, бүр тодруулбал шашин хоорондын мөргөлдөөн, лалын шашны хүчин зүйл гэдгийг тооцоогүй дайнд орсноороо хожим Иракаас тун базаахгүй байдлаар цэргээ гаргасан ба Афганд эцэс төгсгөлгүй, ялалтгүй дайнд татагдан орчихоод мухардах тийшээ хандаж байна.
Бага Буш эрүүлийг хамгаалах, боловсрол, нийгмийн хангамжийн салбарт хэд хэдэн реформ хийж, хүн амд ногдуулдаг татварыг эрс бууруулсан. Терроризмын эсрэг глобал дайны ялагч маань 2004 онд өөртөө ялалт авчирсан ч 2005 онд байгалийн гэнэтийн гамшиг “Катрин” хэмээх усан хуй салхины аюулыг гэтэлгэж чадаагүй, онцгой нөхцөлд муу ажилласан хэмээн шүүмжлэгдэж, 2007 онд АНУ дэлхийн II дайнаас хойш анх удаа айхтар рецесст нэрвэгдэж түүний захиргаа нуман тулгуурт оржээ. Ерөнхийлөгчөөр ажилласан эхний 4 жилдээ рейтинг нь ямагт өгсөж байсан бол ийнхүү хоёр дахь 4 жилдээ ямагт уруудав. 2006 онд бүгд найрамдахчууд Конгрессын завсрын сонгуульд ялагдаж цааш цаашдаа ялагдсаар 2008 онд бүр томоор ялагдал хүлээжээ. Насны наран хэвийсэн 72-той Ж.Маккейн, 65-тай М.Ромни нар цэл залуу Барак Обамаг бараагүй юм даа.