Түр зуурын түшмэд
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрээр Ч.Сайханбилэгийг Засгийн газар дахь МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдыг солихоор УИХ энэ долоо хоногт тусгайлан чуулж эхлэв. Хайран цаг, хайран хөрөнгө.
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрээр Ч.Сайханбилэгийг Засгийн газар дахь МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдыг солихоор УИХ энэ долоо хоногт тусгайлан чуулж эхлэв. Хайран цаг, хайран хөрөнгө. Уг нь соёл иргэншилтэй, ардчилсан улсад хэдэн сайд солих асуудлаа Ерөнхий сайд нь шийддэг жишигтэй. Монгол Улсын төрийг намуудын эвсэл гэхээсээ илүү тэдгээрийн бүлэглэлүүд нь барьдаг учраас Засгийн газар нь тун тогтворгүй институц болоод буй.
УИХ ийм асуудал хэлэлцэнэ гэдэг нь юуны өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнээ ярилцана, явцад нь яамдын нэр, сайд, дэд сайдын суудлыг намууд наймаалцана, тэгээд Засгийн газрын бүтцээ өөрчилнө, улмаар Ерөнхий сайдаа огцруулдаг жишиг тогтоод байна. Яамд, агентлагийн зарим нь алга болж, эсвэл нийлж, байр хаягаа шинэчлэн сольсоор хагас жилийг өнгөрөөнө.
Хамгийн хоржинтой нь төрийн албан хаагчдын (нийтийн үйлчлэгчдийн) орон тоо, ирээдүй, итгэл үнэмшлийг самраад хаячихдаг. Өмнөх сайдын бүрдүүлсэн түшмэдүүдийг халж, өөрийн нам, сургууль, хамаатан саднаасаа хүн томилно, халагдсан хэсэг нь шүүхэд хандана. Шүүхийн ажил ч барагдахаа больсон гэж болно. Шинэ түшмэдүүд төр засгийн ажлын мэдлэг, туршлагагүй, түр зуурын гэдгээ ойлгодог учир хийж буй дүр эсгэнэ, сонгууль дөхөж буй тул намдаа хандив цуглуулах элдэв долоон баяр ёслол зохион, шагнал гаргаж салбарын компаниудаас хандив татна.
Төрийн байгууллагуудын үйлчилгээний үр өгөөж, албан хаагчдых нь мэдлэг, чадвар, ёс зүй, сахилга батаас улсын хөгжил хамаардаг. Тэгвэл Монгол Улсын төрийн албатууд хаанаас гараад ирдэг юм бэ?
НЭГ ЖИЛИЙН НАСТАЙ НИЙТИЙН ҮЙЛЧЛЭГЧИД
Уг нь Төрийн албаны тухай хууль гэж бий. Төрийн албан хаагчдыг яаж сонгон шалгаруулах, өөр ажилд шилжүүлэх, ямар шаардлага тавих болоод юуг хориглох тухай тун дэлгэрэнгүй заалттай. Гэхдээ түүнийг нь Монголын бусад хуулийн адилаар хэрэгжүүлдэггүй бөгөөд төр засгийн удирдлагууд нь хамгийн их зөрчдөг. Шинэ сайд томилогдож ирээд яамныхаа ажилтнуудын дөч тавин хувийг нь сольдог. Авьяас, чадвараар нь биш "арын хаалгаар" авсан тул олноор нь солихоос аргагүйд хүрдэг. Тэгээд бас тангараг хүртэл өргүүлнэ. Үр дүнд нь төрийн ажил цалгардаж, түмний ажил гацдаг.
Энэ бүхэн бол улстөрчдөд ямар ч хамаагүй. Өөрөө л эрх мэдлийн бялуунаас хүртэж байвал бусад нь “живж үхсэн ч падгүй”. Эрээвэр хураавар хэдэн намын төлөөлөл нь эвсэлдэхээс өөр гарцгүй энэ УИХ-ын гишүүн бүр нь сайд болохыг ил, далд хүсдэг.
Ер нь Монгол Улсын төрийн албаны боловсон хүчнийг бэлдэх, дахин сургах тусгай институц байх шаардлагатай байгаа юм. Улс төрийн алба болох сайдаас бусад бүх албан тушаал мэргэшсэн, бэлтгэгдсэн, шалгагдсан хүмүүс байхыг цаг үе шаардаж байна.
Гадаад харилцааны салбарын жишээн дээр боловсон хүчнээ яаж бэлдэж болох тухай ярилцаж, бусад салбар ч үүнээс санаа аван тус тусын системтэй болж чадах талаар зарим санааг дурдья. Энэ оны эхний улирлын эцэст Гадаад хэргийн яамны төв байранд 120 хүн, гадаадад буй дипломат төлөөлөгчийн газруудад 310 хүн ажиллаж байна. Дипломат төлөөлөгчийн газруудад 232 ажилтан байгаагийн 155 нь мэргэжлийн, 80 нь мэргэжлийн бус аж. Төр засгийн эрх мэдэлтнүүдийн шахааны “дипломатчид” орон тоо бөглөн улсын зардлаар гадаадад амьдарч байгаа тухай гомдол, санал олноор гарах болжээ.
Гадаад хэргийн шинэхэн сайд нь тэдгээр шахааны нөхдийг “Өөрсдийн зардлаар ирж шалгалт өг” гэж шаардсанаас болж өөрийн нам, улс төрийн хүрээнд маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. Энэ бүх бужигнааны эцэст Монголын гадаад харилцааны ажил дээрдэх үү, доордох уу, эсвэл дахиад л “арын хаалгаар” өөрсдийн хүмүүсээ явуулах уу гэдгийг цаг хугацаа харуулна биз.
РИО БРАНКО ИНСТИТУТ БУЮУ ДИПЛОМАТЧИЙГ БЭЛТГЭХ НЬ
Бразил улсын гадаад харилцааны салбарын “эцэг”, зуун жилийн өмнө Гадаад харилцааны сайд нь байсан, эрдэмтэн Рио Бранкогийн нэртэй энэ институт нь дипломатчдаа бэлтгэдэг цорын ганц сургууль, цорын ганц суваг юм. Ямар ч нэр хүндтэй олон улсын харилцааны сургуулийг төгссөн бай, энэ сургуулийг л төгсөөгүй бол тус улсын Гадаад харилцааны албанд ажиллах боломжгүй гэнэ.
Далан жилийн өмнө яамныхаа Дэргэд байгуулагдсанаас хойш Рио Бранко институт нь 2,100 дипломатчийг бэлтгэжээ. Дипломат ажилтнуудыг бэлтгэхээс гадна давтан сургах, албан тушаал дэвших, зэрэг дэв ахих сургалт зохион байгуулдаг төдийгүй, дэлхийн туршлагатай дипломатчид ирж хичээл заадаг аж.
Рио Бранко институтэд элсэхийг олон мянган залуучууд хүсэн мөрөөддөг хэдий ч, өндөр босгыг давах нь тун ховор. Элсэгчид нь янз бүрийн мэргэжилтэй байж болох ба бакалавраас доошгүй зэрэгтэй, Бразил улсын иргэн, цэргийн алба хааж, сонгуульд оролцож иргэний үүргээ биелүүлдэг байхыг шаарддаг юм байна.
Тус сургуульд элсүүлэх шалгалтыг жил бүр орон даяар 26 мужид нэг өдөр, нэг цагт ил тод, нээлттэй зохион байгуулдаг. Эх хэлээ төгс эзэмшихийг шаарддаг тул хамгийн эхэнд португал, улмаар англи, испани, франц хэлний шалгалт өгнө. Дараа нь олон улсын харилцаа, түүх, газар зүй, олон улсын хууль, эдийн засаг гэсэн таван чиглэлээр мэдлэг чадварыг нь сорьсон есөн төрлийн шалгалт авна. Хэлний шалгалт гэхэд л таван цаг үргэлжилж 15 хуудас орчим тест бөглөнө. Харин мэргэжлийн хичээлийн шалгалтад нэг гол, хоёр дагавар асуултад 600 үгтэй эсээ бичиж хариулдаг. Амралтын өдрүүдэд явагдаж, найман cap үргэлжилдэг эдгээр есөн шалгалтад нийт 60-100 оноо авсан нь тэнцэнэ. Жил бүр 28 хүртэлх насны 5,000 (дунджаар) элсэгч шалгалтад ордгоос 20-30 хүн сонгогддог.
Шалгалтад тэнцсэнээр дипломат ажилтан болсонд тооцогддог буюу ажлын байр нь баталгаажина. Нэг жил хагас суралцах ба эхний жилд олон улсын харилцаа, олон улсын эрх зүй, газар зүй, түүх, эдийн засгийн чиглэлээр эрчимжүүлсэн сургалт, дипломат албанд мэргэшүүлэх хичээл заалгадаг. Мөн хятад, араб, орос хэлний аль нэгийг нэмж сонгон судалдаг аж. Сүүлийн хагас жилд үдээс өмнө нь хичээл, үдээс хойш нь Гадаад харилцааны яамны харьяа газруудад дадлага хийдэг.
Элсэлтийн шалгалтын агуулгыг Бразилийн их сургуулийн дэргэдэх “CESPE” хэмээх хараат бус сорилын төвөөс боловсруулдаг бөгөөд асуулга, зохиогч нь нууцлагдсан байдаг. Сонгон шалгаруулалт нь шударга, улстөрчид, эрх мэдэлтнүүдийн нөлөөллөөс ангид байж чаддаг.
Рио Бранко институтийг төгссөн залуу дипломатч гуравдугаар нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлж, улмаархоёр ба нэгдүгээр нарийн бичгийн дарга болж, цаашид зөвлөхөөр дэвшдэг шатлалтай. Зөвлөхийн дараа хоёрдугаар зэрэглэлийн Элчин сайд, нэгдүгээр зэрэглэлийн Элчин сайд гэсэн эрэмбээр албан тушаал ахидаг юм байна. Албан тушаал өгсөх явцад шат шатны мэргэшүүлэх сургалтад хамрагдана. Тухайлбал, хоёрдугаар нарийн бичгийн даргаас нэгдүгээр нарийн бичгийн дарга болохын тулд нэг сарын эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж шалгалт өгч тэнцэж байж л албан тушаал ахина гэсэн үг. Харин зөвлөхөөр ажиллахын тулд долоон жил орчим хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газарт ажилласан байх шаардлагатай.
Нэгдүгээр зэрэглэлийн Элчин сайд болохын тулд 28-30 жил, тэр дундаа дипломат төлөөлөгчийн газарт 10-аас доошгүй жил амжилттай ажиллаж, туршлага хуримтлуулж байж 50-55 насандаа сая энэ өндөрлөгт хүрдэг аж.
Бразил улсын Ерөнхийлөгч Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг нэгдүгээр зэрэглэлийн Элчин сайд нараас цөөн тохиолдолд хоёрдугаар зэрэглэлийнхнээс томилж Конгрессоор батлуулдаг байна. Томилогдож буй Элчин сайд нь гадаад улсад Ерөнхийлөгчийг төлөөлж буй биет төлөөлөгч тул олон улсын харилцааны өндөр ур чадвар, тэр дундаа эрдмийн ажил хийх мэддэг чадварыг шаарддаг аж. Элчин сайд цол авахын тулд докторын диссертацитай дүйцэхүйц хэмжээний судалгааны бүтээл туурвиж, Рио Бранкогийн эрдмийн зөвлөлийн өмнө хамгаалдаг байна. Үүний тулд 8-12 сарын турш бэлтгэж, 60 хоног үндсэн ажлаасаа чөлөөлөгддөг аж. Судалгааны ажлаа хамгаалахдаа нэр хүндтэй гурван Элчин сайдаар үнэлүүлж, мөн хоёр багшаар удирдуулдаг. Удирдагч багш нарын нэг нь тухайн чиглэлээр мэргэшсэн яамны албан тушаалтан байдаг бол нөгөө нь нэр нөлөө бүхий их сургуулийн профессор байх жишээтэй. Чухам тиймээс Бразилийн Элчин сайд нар бүгд “эрдэмтэд” байдаг аж 1978 оноос хойш тэдний эрдэмтэн-элчин сайдуудын 700 гаруй судалгааны бүтээл хэвлэгдэн олны хүртээл болсон байна. Рио Бранко институт жил бүр гадаадын 3-5 залуу дипломат ажилтныг сурган тухайн улсад дэмжлэг үзүүлдэг аж
Монголын Гадаад хэргийн яам дэргэдээ ноднин анх удаа Дипломат академи гэж байгуулсан ч ямар ч төсөвгүй, тамга тэмдэггүй, хэдхэн хүний буй бололтой. Сайн төр сайн хүнээс эхэлдэг. Тэгвэл Монгол Улсын хамгийн шилдэг авьяас, чадвартай, ёс зүйтэй иргэд нь төрийн албанд томилогдож чадаж байна уу. Үгүй шүү дээ. Яагаад тэр билээ!
za tegeed
Наран
Наран
Erdenebat
brayan
kkk
шударга
шударга
Зочин
Цэрэн.
Цэрэн.
Иргэн Том
fg
Unen
Зочин
Tiimee,
Зочин
ene ih chuhal sanaa shuu
zochin
ГҮРЧОЙЖАНЦАНХОРОЛ
Zochin
Зочин
Зочин
mandax
mandax
mandax
MMM
MMM
2015.08.05
Залуу залуу +тэнэг
Зочин
ИЧМЭЭР ЮМ
Зочин
оюун
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
Ж. Баттөр
Зочин