Хэрэв Та Берлин хотын зүүн хойд нэгэн дүүрэгт зочилбол миний нэрлэсэн энэ ордныг заавал очиж үзээрэй. Берлиний Панков район Панке хэмээх голын нэрээр нэрлэгдсэн, тэнд Монгол Улсын Элчин сайдын яам сүүлийн арван хэдэн жил байрлаж байгаа, манай ЭСЯ-наас 5-хан минут алхах газарт Шёнхаузен ордон (Schloss Schönhausen) Нидершёнхаузен гэдэг хаягтай газар байгаа. Манай ЭСЯ-ны хамар хашаанд монголч эрдэмтэн миний найз Удо Баркманных бий. Тэрээр намайг урьж хэргээр тэр ордныг үзүүлсэнд би талархахаас аргагүй.



Энэ түүхт ордон 1662 оноос түүхнээ тэмдэглэгдсэн, уран барилга уран зураачдаараа алдартай холландын стилээр баригдсан, энэ ордонд түүхэн хүмүүс сууж аж төрж байсан, XVIII зуунаас нэгдүгээр Фридрих хааныхны эзэмшилд шилжсэн, 1713 онд түүний хүү угсаа залгамжлагч Их Фридрих Вильгельмд шилжсэн, 1720 оноос түүний хатан гүнж Елизавета Кристина энд халаагүй аж төрж байгаад насыг элээсэн байх аж.



Тэрээр ордоны гоёл чимэглэл, үзэмж, тав тухыг дээд зэргээр анхаарч, асар их мөнгө зарсан учраас энэ ордны доторхи үнэ цэнэт зүйлс бүгд Елизавета Кристинагийн нэртэй холбоотой. Гэм нь хаан, хатан хоёр тус тусдаа аж төрж, хатан Шёнхаузенд, хаан Потсдам дахь Сан-Суси ордондоо хорвоог дуусгажээ. Хаан Фридрих нь Шёнхаузен ордонд ганц ч удаа морилж үзээгүй бол хатан Елизавета нь Сан-Суси харшид ганц удаа очсон хэмээн түүхэнд бичигджээ.



Хожим ХХ зуунд энэ ордон ямар үүрэгтэй байв гэдэг нь энд сонин байх. Дэлхийн II дайны төгсгөл үед холбоотнууд агаараас Германыг хайр найргүй бөмбөгдөж байхад энэ ордон ба эргэн тойрны ой, цэцэрлэг огтоос сүйдээгүй, барилгын гаднахи шохой будаг бага зэрэг гэмтсэн нь холбоотнууд хэргээр хамгаалж үлдээхийг хүссэнийх.



Зөвлөлтийн цэрэг Берлинийг бүслэн байлдаж байхдаа ч энэ ордныг хадгалж авч үлдсэн. Дайны дараа энэ ордон түр зуур уран зургийн галарей байснаа Зөвлөлтийн цэргийн засаг захиргааны үед Улаан армийн офицеруудын  клуб, дараа нь нэг үе орос сургууль, зөвлөлтийн олзны хүүхдүүдийн асрах газар байж үзжээ.


 
БНАГУ байгуулагдмагц Шёнхаузен ордон уугуул эх орныхоо мэдэлд очиж, 1949-1960 онд Ардчилсан Герман улсын Ерөнхийлөгчийн албан ёсны харш болжээ. Энд Ерөнхийлөгч Вильгельм Пик морилж, төрийн их үйл хэргээ эндээс явуулж, ёслол хүндэтгэлийн бүх арга хэмжээг энд хэрэгжүүлж байжээ.


 
БНМАУ-аас БНАГУ-д суух анхны суурин Элчин сайд одоо амьд сэрүүн буй Б.Очирбат гуай 1958.10.02-нд БНАГУ-ын Төрийн тэргүүн В.Пикт Итгэмжлэх жуух бичгээ барьж буй ёслолын ховор зургийг би энд хэргээр шигтгэж орууллаа. Учир нь би сая тэнд зочлохдоо яг тэр тасалгаанд нь очиж үзсэн учраас илүү мэдэрсэн хэрэг л дээ.



Энэ ордонд морилж байсан гадаадын зочид гэхэд л Хо Ши Мин, Н.С.Хрущёв нар хэмээн  зурагтай нь үзмэрийн тайлбарт бичжээ.  



Ерөнхийлөгч В.Пикээс хойш 1960-1964 онд Шёнхаузен ордонд БНАГУ-ын Төрийн Зөвлөл байрлаж байгаад нүүжээ. 1964-1990 онд “Нидершёнхаузен” нэрээр энэ харшийг Ардчилсан Германы төр-засгийн хүндэт зочдын байрладаг харш болгож, гадуурхи хашаа хэрмийг бэхжүүлж, Ардчилсан Германы Улсыг аюулаас хамгаалах яамны мэдлийн Феликс Дзержинскийн нэрэмжит тусгай батальон манах болжээ.


 
Энэ харшид бууж саатаж байсан хүндэт зочид гэвэл нэрс нь барагдахгүй. Манай Ю.Цэдэнбал, гэргий А.И.Филатова нарыг байрлаж байсан өрөө, унтаж байсан ор, хэрэглэж байсан угаагуур, жорлон, банныг би нүдээрээ үзлээ. Гэхдээ энэ бол зөвхөн тэр хоёрт зориулагдсан юм биш. Индира Ганди, Фидель Кастро, Муаммар Каддафи, Ким Ир Сен, эхнэр нөхөр Горбачев, эхнэр нөхөр Чаушеску нар бүгд л энэ даруухан өрөөгөөр дамжсан гэж байна. Ю.Цэдэнбалын нэг удаагийн айлчлалын үед манай Удо Баркманн тогоочийнх нь хэлмэрчээр ажиллажээ. Цэдэнбал, Филатова нар таарч тохирохгүй, хэрэлдэж зодолдож нүдний булай болж явсныг нь герман тогооч, хамгаалагчид харсан байгаа юм. Бүр яг энд тэгсэн хэмээн газар зааж байв. Цэцэрлэгийн доторхи нарийхан гудамжаар зугаалж явтал Филатова эр нөхрөө үсэртэл алгадаад авсан гэх тэр газарт нь хүртэл би очиж үзлээ. 

Энэ ордон түүхнээ хамгийн ил тод, хурцаар тэмдэглэгдсэн нь 1989 оны сүүлч, 1990 он бараг тэр чигээрээ юм байна.  БНАГУ-д коммунист дэглэмийг нураах, чөлөөт ардчилсан нийгэм байгуулахын эхлэл болох улс төрийн хүчнүүдийн дугуй ширээний уулзалт, яриа хэлэлцээ энэ ордны хажуухи том байшинд явагдсан ба “Хоёр+Дөрөв” хэлбэрээр явагдсан, БНАГУ-ыг татан буулгаж, ХБНГУ-д нэгтгэх тухай түүхэн хэлэлцээ ч мөн тэр байшинд болж өнгөрчээ. Тэр тухай дурсгалын самбар байна билээ.



ХБНГУ 1991 онд Шёнхаузен ордныг мэдэлдээ авч, Засгийн газрын зочны харш болгон анхныхаа зочноор Нидерландын Хатан хаан Беатриксыг хүлээн авч байжээ. Тэгснээ ёслолын өөр зориулалтаар ашиглаж, 2003 онд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчийн Бельвю ордон засварт орох үеэр Ерөнхийлөгч нь Шёнхаузенд нүүж ирэн аж төрсөн гэх түүхээ товчлоё. Фото-нийтлэлийг минь сонирхоно уу.