Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд байна
Тийм учраас энэ удаад Боловсролын сайдын зөв. Эцэг эхчүүд харин үүн дээр нь дэмжээд өгөх хэрэгтэй. 45 хоногийн курст суусан хүүхэдтэй өрсөлдөж чадахгүй, боловсролын системээс явна аа гэж байгаа хүмүүсийг бол явуулах хэрэгтэй.
Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр “2,7-оос дээш голч оноотой, бакалавраас дээш дипломтой төгсөгчдийг түргэвчилсэн сургалтаар бэлтгэж, гэрээт багшаар ажиллуулна” гэдэг мэдэгдэл хийснийхээ төлөө бусдын “гарын шүүс” болов. “Үнэн ба Зөв” гэдэг хамгийн худал нэртэй намын дарга асан А.Отгонбаатар гэдэг нөхөр Боловсролын сайдыг мэдээлэл хийж байсан тайзан дээр сайдыг цохиж аваад зогсохгүй “Яамтай чинь шатаана шүү” хэмээн нийгмийн сүлжээгээр заналхийлсэн байна.
Гэвч үүний ард хэн байсан нь өдөртөө л тодорхой болов. 133 мянган гишүүнтэй “Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо” гэх байгууллага нийгмийн сүлжээнд бүтэн өдөржин Боловсролын сайдын эсрэг ажиллав. Багш нар “Багш нараа нийгмийн доог тохуу болголоо, хангалттай доромжиллоо. Одоо боллоо, ажлаа өгөөд явна, ахиад багш нар дутагдах нь байна шүү” хэмээн сүрдүүлжээ.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Г.Мөнхбилэг өнгөрөгч долдугаар сард “2024-2025 оны хичээлийн жилд 890 орчим сургуульд 40 мянган багш ажиллах төлөвтэй байна. Долдугаар сард хийсэн тоон судалгаагаар ЕБС-д 4200 багш дутагдалтай байна” хэмээн мэдээлжээ. Дутагдалтай байгаа энэ 10 хувийг л гаднаас бэлтгэж авъя гэсэн хэрэг.
Гэтэл манай багш нар “Дахиад ч дутагдах болно шүү. Бид ажил хаяна шүү” гэж сүрдүүлж байна. Шалтаг нь нөгөө л цалингийн асуудал. Ингэхэд багш нар амьдралд хүрэлцэхүйц хэмжээний цалин, орлоготой байх ёстой, энэ үнэн. Гэхдээ түүнийх нь барьцаа хүүхдийн сурч боловсрох эрх байж болох уу?
Нэг зүйлийг тодруулахад, ЕБС-ийн цалингийн доод хэмжээ 749.000 төгрөг байсныг 2022 онд 1.050.000төгрөг, 2023 оны есдүгээр сард 1.273.000 төгрөг, /цэцэрлэгийн багшийн доод цалин 1.063.000-аас 1.337.000төгрөг/ болгож нэмсэн. 2024 оны дөрөвдүгээр сард төрийн албаны шатлалын дагуу дахин 10 хувиар нэмэгдэж 1,4 сая төгрөг болсон. Энэ бол цалингийн доод хэмжээ буюу үндсэн цалин.
Үүн дээр “Зөвлөх, тэргүүлэх, заах аргазүйч багш 10-20 хувийн нэмэгдэл авдаг. Нийт багш нарын 58-62 хувь ямар нэг байдлаар мэргэжлийн зэргийн нэмэгдэл авч байна. Нийт багш нарын 58 хувь хөдөө орон нутгийн нэмэгдэл /Орон нутагт ажиллаж байгаа эмч, багш нарын цалин 20-40 хувь нэмэгдэж аймагт 2,1 сая, суманд 2,3 сая төгрөг болсон/ авч байна. Ур чадварын нэмэгдлийг 21 хувь, төрийн алба хаасан нэмэгдлийг нийт багш нарын 88 хувь авч байна. Эдгээрийн 20 хувь нь 20-иос дээш жил ажилласан, 29 хувь нь 10-19 жил ажилласан буюу 10-19 хувийн нэмэгдэл авч байгаа. Заах аргын нэмэгдэл тав, анги даалт 10 хувийн нэмэгдэлтэй. Анги даалтын нэмэгдлийг нийт багш нарын 65 хувь, заах аргын нэмэгдлийг 10 хувь, кабинет удирдсан нэмэгдлийг 21 хувь нь авч байна. Илүү цагийн нэмэгдлийг 68 хувь нь авч байна” гэсэн тооцоог өнгөрсөн намар өдийд Боловсролын яамнаас танилцуулсан байна. Тэгвэл өнөөдөр яагаад гэнэт багш нарын асуудал босч ирэв, төсөв хэлэлцэхээс өмнө яагаад багш нар дуугараагүй вэ? гэдэг асуулт гарч ирнэ.
Тэгвэл өнөөдөр яагаад гэнэт багш нарын асуудал босч ирэв, төсөв хэлэлцэхээс өмнө яагаад багш нар дуугараагүй вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр А.Отгонбаатар даргын уурлаад байгаа “багш нарын цалинг нэмүүлэх” нэгдүгээр асуудал биш байх. Магадгүй Боловсролын сайдыг огцруулах ёстой өөр шалтгаан гарсан байх. Наймхан суудалтай /парламентын 10 хувь ч хүрэхгүй/ ХҮН-ын хувьд энэ том салбарыг авч явах, хадгалж үлдэх хүч дутсан байх. Хоёр том намаас өөр сонирхол ч орж ирсэн байх.
Яг үнэндээ П.Наранбаяр сайдад хэрэгтэй байгаа оронтоо 4200-хан, нийт багшийн 10-хан хувь. Тэр тусмаа дандаа хими, физик, биологи, математик гээд байгалийн ухааны суурь хичээлүүд, дээр нь англи хэлний багш дутагдалтай. Тэднийгээ гадаад, дотоодын их, дээд сургуульд 2,7-оос илүү голчтой /80-аас дээш хувийн амжилттай/ суралцаж, төгссөн хүмүүсээс шалгаруулж авья аа, багшлах арга барилын сургалтад хамруулаад гэрээгээр ажиллуулъя л гэсэн. Бүтэн хоёр жил химийн багшгүй яваа сургууль байна гэж байна, ард нь хүүхдийн эрх ашиг яригдаж байна. Түүнээс биш энэ 4200 төгсөгч багшлах эрх авлаа гээд одоо багшилж байгаа 90 хувьд ямар ч аюул заналхийлэхгүй. Тэр байтугай тэр 4200 багш ч бүрэн олдохгүй. Солонгост ажиллахаар явсан, захын лангуун дээр бохь зажлаад сууж байгаа багш нар чинь эргэж ирэхгүй.
Тийм байтал яагаад манай багш нар гэнэт “Бид тэгвэл явна шүү” гэж айлгаж, сүрдүүлж, заналхийлж байгаа нь гайхал төрүүлж байна. Тэд ороод ирвэл өөрсдийнх нь ачаалал 10 хувиар хөнгөрнө, хүүхдийн сурах боломж мөн 10 хувиар нэмэгдэнэ. Гэтэл яагаад үүнийг эсэргүүцээд байна вэ? Угаасаа шинжлэх ухааны боловсролыг эзэмшчихсэн, тэгээд хүүхэдтэй ажиллах сонирхолтой хүн тэр сургалттай сургалтгүй дөрөө олоод, хүүхдэд заагаад явчихна. Мэдээж яамнаас албан ёсны урилга, сонгон шалгаруулалт зарлаж байгаа учраас “багшлах эрх” /багшийн үнэмлэх, гэрчилгээ биш шүү/ олгохын тулд ямар нэг цензур тавина. Тэр нь сайдын ярьж байгаа “45 хоногийн сургалт, багшлах аргагүй” гэдэг хичээл болж байна л даа. Энэ л багш нарын дөрөөлж байгаа ганц зүйл болж байна. Бусдаас ялгардаг ганц зүйл нь.
Түүнээс биш хими, биологийг тэднээс илүү эзэмшсэн, илүү мэддэг, илүү сайн ойлгодог, энэ шинжлэх ухаантай илүү ойр байдаг, сонирхдог, судалдаг өчнөөн залуус байгаа. Илүү өвөрмөц, шинэлэг, гоё хөнгөн аргаар хүүхдүүдэд заагаад, сурагчдын идэвх, сургалтын чанарыг суга суга дээш нь татаад гаргаад ирэх нь ч байж магадгүй. Тэр хүмүүсийг өөрсдөө уриад “Манай сургууль руу явуулчих аа, бид сургаад бэлтгээд авъя аа” гээд уралдаж байх хэрэгтэй шүү дээ, үнэхээр л сурган хүмүүжүүлэгч хүн мөн юм бол. Юун хөөж туух, ад шоод үзэх. Эцсийн эцэст багш нарын энэ ялархал, ялгаварлалаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд байх ёстой. Тийм учраас энэ удаад Боловсролын сайдын зөв. Эцэг эхчүүд харин үүн дээр нь дэмжээд өгөх хэрэгтэй. 45 хоногийн курст суусан хүүхэдтэй өрсөлдөж чадахгүй, боловсролын системээс явна гэж байгаа хүмүүсийг бол явуулах хэрэгтэй.
Үнэн гэвэл, сайдын гаргасан шийдвэрээс илүү багш нарын маань хариу үйлдэл харин ч гомдмоор байлаа л даа. Угаааа бсайхгүй 4200 хүний ажлын байрыг өөр хэн нэгэнд санал болгох нь ямар буруутай вэ?
Аа тийм, Өмнөд Солонгосын эмч нар ажил хаясан жишээг олон хүн иш татсан байна лээ. Тэд бол эмч нар хангалттай байхад их сургуулиуд ихээр бэлтгэж байгаа нь одоо ажиллаж байгаа хүмүүст халгаатай байна аа л гэсэн юм шүү дээ. Манай боловсролын салбар бол багш хүрэлцээтэй байхад нь дахин бэлтгээд, өмнөх хүмүүсийг ажилгүй болгоод, ажлын байрнаас шахаад байгаа асуудал ерөөсөө ч биш.
inews.mn
Зочин
Зочин
Иргэн
Зочин
Уншигч
Зочин
Чоноч
Зочин
Монгол хүн
Зочин
Зочин
Зочин