Арабын ертөнцийн задрал айсуй?
Тахрирын хоёрдугаар хувьсгал Арабын ертөнц, улмаар лалын ертөнцийн задралын эхийг тавьчихсан байхыг үгүйсгэхгүй. Арабын улсуудын холбоонд Сирийн хямрал сөргөөр тусч, Арабын ертөнцийг тэртэй тэргүй хагалчихсан байж байтал Египетэд исламистууд засгийн эрхнээс хөөгдөн буулаа. Хуваагдал дараахи схемээр явагдлаа.
Эхний хэсэгт гол төлөв Персийн булангийн эмирт улсууд орж, тэднийг жижиг атлаа хэт амбицтай Катар одоогоор тэргүүлж байгаа бололтой. Тэд НАТО-гийн туслалцаатайгаар Ливийн нутаг дээр Нөөц Араб-ыг бий болгож Ирантай дайн дэгдсэн тохиолдолд ар тал болгон ашиглана, наана нь Сириэр дагнах ажээ. Тэдний амбиц зожигрол нь Ирак, Алжир, Сирид таалагдахгүй, Мурсийн өнгөн дээр Египет дагаж ханараад нэрээ барсан. Ерөөсөө арабын бусад орнууд өвөр хоорондоо тун хачин, хэврэг харилцаатай, зарим нь Алжир, Ирактай сайн харилцаатай, гэвч бусадтай нь сайнгүй гэх мэт. Асадын эсрэг нэг тал гэж үзэгдэж ирсэн Катар, Саудын Араб хоёр ч харилцааны хүйтрэлээс зайлж чадсангүй. Энэ хурцдал хөшигний цаана бугшиж байна. Лалын ахан дүүс-тэй Катарын Эмирийнхэн ойртоод ирмэгц ваххабизмд үнэнч саудитууд дургүйцэв. Ийм популист алхам уршигтай гэж үзжээ. Лалын ахан дүүс-ийн тархийг барьдаг египетийн шейх Юсуф аль-Кардави төв офис байрлах газраа Катарыг гэж сонгосонд Саудын Араб хилэгнэв.
Зөрчлүүлийг ажваас Арабын ертөнц яг одоо хамгийн турбулент үедээ явна гэж дүгнэж болно. Сирийн дайнаас гадна Синайн хойгт египетийн арми өөрийнхөө суннит жихадист дайчидтай тулалдаад эхэлчихсэн, Йеменд Аль-Каеда болон нэр нь үл мэдэгдэх, хэн нь үл танигдах хүчнүүдтэй (Иранаас дэмжлэгтэй шиитийн хуситууд, Хафти омгийнхон, өмнөдийн салан тусгаарлагчид гэх мэт) арми нь тулалдаж байна. Салафит–шиитийн өвөр хоорондын зэвсэгт мөргөлдөөн Йеменд хэдийнэ эхэлчихсэн. Ийм учраас Судан задардаг шиг Арабын хэсэг улс задрахад тун ойрхон байна. Ийм задрал нь Арабын улсуудын холбоондоо сайнаар нөлөөлөхгүй нь лав. Арабын хавар дайрсан, эсвэл дайрахаар заналхийлсэн Арабын зарим орныг энд жишээлье.
Арабын хавар-ын тугч Тунис. НҮБ-ын мэдээгээр Тунисын хувьсгалын хөлд 219 хүн амиа өргөж, 510 хүн гархдаж, улсад учирсан хохирол 1.6 тэрбум евро болсон. Ардчилал төгс ялаагүй. Тунисын Кейруан хотод Шариатын талынхан-ы салафитуудын цугларалт болох үед 10 000 эрс нэгэн дуугаар “Хөөе Обама! Бид бүгдээрээ Осама шүү!” хэмээн уухайлан хашгирч хийрхэж буй дүрсийг Арабын ТВ-үүд хаалтгүй нэвтрүүлэв. Хамгийн түгшмээр нь харьцангуй иргэншсэн, европжсон, шашинжаагүй Тунист эл цугларалтыг зохион байгуулсныг тухайн үед өрнийн улс төрчид гайхшран тэмдэглэж байв. Тунистэй зэрэгцэн бужигнасан Алжирт 3 хүн алагдаж 800 хүн шархдаж, хэдэн мянган хүн баривчлагдсан, эд материалын хохирол хэдэн арван сая доллараар хэмжигдэнэ. Арабын хавар нь Алжирт бүр 1989 онд зочилж, олон намын тогтолцоонд шилжсэн, шилжээд 1991 онд парламентын сонгууль явуултал исламистууд ялсан, эл ялалтыг үл зөвшөөрөн дахин цэргийн дэглэм тогтоосон, үр дүн нь иргэний дайн. Иорданд 2011 оны эхээр бужигнасан. Засгийн газар огцорсон, парламентыг тараасан. Лалын үйл ажиллагааны фронт гэх нам, ҮЭ хоёр эвссэн, 2013 оны эхээр парламентын ээлжит бус сонгууль явуулсан, сөрөг хүчний намуудаас олон төлөөлөл орж ирсэн. Бахрейнд Тахрирын хувьсгалтай зэрэгцэн хүн амын 75 хувийг бүрдүүлдэг мусульман‑шиитүүд боссон, хаант засгийг золтой л унагачихаагүй, эцэст нь Булангийн орнууд нэгдсэн зэвсэгт хүчнээ оруулж шиитүүдийн омгийг дарсан, гэвч нууц тэмцэл бугшиж буй гэх мэт жишээ олныг нэрлэж болно.
Тахрирын хоёрдугаар хувьсгал–аас өмнө нь Арабын ертөнц задарчихсан байсан. Өрнийнхөн Ливи, Сирийн талаар авантюр бодлого явуулаад Арабын ертөнцийг улам хагалсан. Яагаад авантюр гэж үзэх болов? Түүхэн онцлогоос энд шалтаг хайя. ХХ зуунд аль нэг улсын төрийн бүрэн бүтэн байдал чухалд тооцогдож, түүгээр олон улсын харилцаа гол үнэлэмжээ хийж ирсэн бол XXI зуунд хүний эрх эрх чөлөө, үндэстний өөрийгөө тодорхойлох, бие даах чадварыг үнэлэмж болгочихтой зэрэг дэглэм солигдох явдал зөвтгөгдөж таарна. Дэглэмийг гадна талаас нь дарамтлан элдэвлээд, дэглэмийн эсрэг дотоод хүчнийг нь дэмжсэн Ливийн жишээ байна. Ливи дэх авантюр арабчуудыг талцуулсан. Африк тив ч хөлд нь чирэгдсэн. Ливи маягийн сценараар Югославт Милошевичийг, Иракт Саддам Хусейныг өмнө нь тэгж зайлуулсан. Одоо Сири дээр ингэх эхлэл нь тавигдчихсан, хүссэн хүсээгүй Сири бол одоо де–факто олон хуваагдсан, суларсан улс. Гэтэл Судан бүр сулраад тэнхэл авах чадваргүй болчихсон өөр нэг жишээ байна. Суданы араас Йемен явж байх магадлал өндөр.
Ливи дэх авантюр гэдэгт Пентагон, ТТГ-ын нууц ажиллагаануудыг нэрлэж болно. Асадыг цэргийн хүчээр аваад хаячихад амархан, гэвч маргааш нь яах вэ гэдэг хувилбараа Пентагон, ТТГ бодож олоогүй байна. Салафитын мутац өсч үржин Сирид төр бариад эхэлбэл Асадын үеэс ч дор байдалд орно. Ливаны Al-Akhbar, сирийн цагаачдын Аl-Haqiqa зэрэг хэвлэлүүдэд бичсэнээр бол, 2013 оны 5 дугаар сарын сүүлчээр Испанийн Барселонд Сирийн шашны их хамба муфтий Ахмед Бадер Хассун, ТТГ-ын “ажилтан” Дерек Холлет нарын хооронд маш нууц уулзалт болж, Сири нь хойшид Израиль руу заналхийлэн олон улсын тавцанд пиар хийхгүй байхаар тохиролцжээ. Сирийн тусгай албадын цуглуулсан нууц мэдээллийг муфтий гардуулсны дотор антиамериканист 200 нусрист дайчдын нэрс байсан гэнэ. Тэр нэрсийг авсны дараа Сирийн эрх чөлөөт армид зэвсэг нийлүүлэх дээрээ АНУ эргэлзэж эхэлсэн тухай мэдээлэл тархлаа. Жихадистуудыг хэрхэн спонсорлохоо мэдэхээ больжээ.
Сири дэх дайн эдүгээ суннит–шиит, тодруулбал салафит–шиитийн өргөн хүрээтэй мөргөлдөөн болж хувирсан, Сирид засгийн эрхийн төлөө тулалдаж буй такфирууд ихээхэн гай тарина гэдгийг АНУ-д ойлгож мэдэрч байвч “араб дундын хүчний хэсэг цэрэг” илгээх хувилбар яригдаад эхэллээ. Түүндээ Египет, Катар, Иордан, Саудын Арабын цэргүүдийг элсүүлэн, дээрээс нь туркийн зарим анги салбаруудыг оролцуулах юм гэнэ. Хэрэв энэ сценар хэрэгжвэл Арабын ертөнц, улмаар лалын ертөнц жинхэнэсээ задрана. Гэвч энэ бол “мусульманчуудын их дайн”-ны зөвхөн эхлэл нь байх болно.
“Тахрирын хоёрдугаар хувьсгал” номоос