Ерөнхий сайд ТЕГ-ыг удирдав уу, Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайдыг гүтгэв үү
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ТЕГ-аас дахин дууджээ. Харин энэ удаад Н.Алтанхуяг гишүүн тэссэнгүй, Ерөнхий сайдаас ивээл тусламж гуйснаа илчилж орхив. Ингэхдээ “ТЕГ-аас энэ сарын 3-нд зарлан дуудах хуудас ирсэн. Тэгэхээр нь Ерөнхий сайдад хандсан чинь “Очих шаардлагагүй, би ярьчихлаа” гэсэн байх нь. Үүнийгээ өөрийн фэйсбүүк хуудаснаа дэлгэлээ.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ТЕГ-аас дахин дууджээ. Харин энэ удаад Н.Алтанхуяг гишүүн тэссэнгүй, Ерөнхий сайдаас ивээл тусламж гуйснаа илчилж орхив. Ингэхдээ “ТЕГ-аас энэ сарын 3-нд зарлан дуудах хуудас ирсэн. Тэгэхээр нь Ерөнхий сайдад хандсан чинь “Очих шаардлагагүй, би ярьчихлаа” гэсэн байх нь. Үүнийгээ өөрийн фэйсбүүк хуудаснаа дэлгэлээ.
Цаашилбал, “Гэтэл дахиад өчигдөр зарлан дуудах ирчихлээ. Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдын шууд харьяаны агентлаг учраас яагаад дуудаж байгаагаа тодруулга бичгээр хариу өгнө үү” гэж уг албан бичигтээ дурдан Ерөнхий сайдад хаяглажээ.
Эндээс Ерөнхий сайд маань экс Ерөнхий сайдыг Тагнуулын ерөнхий газраас дуудахаар нь “Битгий оч” гэж хэлсэн нь үнэн бол хууль зөрчсөн болж харагдаж байна. Харин тэрбээр Тагнуулын ерөнхий газар нь даргатай. Тэр даргаар нь АТГ-т байхдаа “үзэлцээд” байсан Б.Хурц томилогдоод оччихсон учраас ТЕГ гэдэг агентлагийн даргыг нь алгасаад Ерөнхий сайдтай нь бичиг шидэлцээд байна гэдэг нь тодорхой харагдаж байна.
Ерөнхий сайд тус байгууллагыг шууд харьяалдаг нь үнэн. Тиймээс ч Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа сэтгүүлч У.Оргилмаа намайг “Н.Энхбаяртай байгуулсан гэрээний хавсралт” гэгчийг нь хуурамчаар үйлдсэн байж болзошгүй” гэж сэрдээд тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Ариунсан, түүний ажилтнуудаар нэг өдрийн дотор хоёронтоо дуудан авчруулж хонуулах шахаж байсан удаатай. Би тэр гэрээний хавсралтыг нь тэрлэж байх зав ч үгүй байсан. Хэрэв тэр үед Ерөнхий сайдын утасны дугаарыг хайсан бол олдох л байсан байх. Албан бичиг бичих тухай ч санаанд ороогүй, тодруулга авъя гэвч намайг тоож “тодруулахгүй” биз. Энэ бол Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүний иргэн Оргилмаагаас ялгарах хол давуу тал нь юм.
Тэр орой ТЕГ-ын ажилтнууд “Манай дарга Ерөнхий сайд дээр байгаа. Та түр хүлээнэ үү” гээд тун боловсон харилцаж сүүлдээ хоол хүртэл өгүүлснийг нь дамжуулж халамжлаад эцэст нь шөнийн 01 цагийн орчимд гэрт хүргэж өгсөн. “Хашраалаа” гэж ярилцаад сууж байсан ч юм билүү. Гэвч би хаширсангүй. Тэгээд ч уг хавсралт гэрээг нь хуурамчаар үйлдсэн хүн олдсон тул бид ашгүй хагацсан. Тэгэхээр Ерөнхий сайд, ТЕГ-ын дарга хоёр “хүйн холбоотой” нь бол үнэн бололтой юм билээ. Харин ТЕГ нэгэнт тусдаа даргатай, ТЕГ-ын дарга Ч.Сайханбилэг гэж ярьж, бичдэггүй учраас Н.Алтанхуяг гишүүн “шат алгасах” хэрэг байсан уу. Ингэснээрээ Ерөнхий сайдыг хууль зөрчсөн шийдвэр утсаар ч атугай өгсөн мэт харагдуулж орхилоо шүү дээ.
Ямартай ч Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн болбоос ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэсээс зарлан дуудах бичиг хүлээн авбал Ерөнхий сайдаас “тодруулдаг” юм байна. Ерөнхий сайд нь “Би ярилаа. Битгий оч” гэдэг юм байна. Хэрэв үнэн бол ТЕГ яаж ажлаа хийх юм бэ. Ерөнхий сайддаа утасны яриагаар нам даруулаад хөдлөхгүй сууж байхаас. Тэгээд ч энэ нь мөрдөн шалгах ажилд саад учруулах ч юм уу, ямар нэг хуулийн заалтыг зөрчихгүй гэж үү.
Түүнчлэн ТЕГ-ын дарга бол ерөөсөө дээрх “үйл явдалд” хамаагүй бололтой юм. Энэ нь магадгүй АТГ-ын дэд дарга асан Б.Хурцыг ТЕГ-ын дарга болчихно гэж төсөөлөөгүй Н.Алтанхуягийн сандралтай холбоотой байж болох талтай. Н.Алтанхуягийн хүмүүс буюу түүний ахлах зөвлөх асан, хүргэн асан нарт холбогдох хэргүүдийн талаар Г.Дэнзэн, Л.Гансүх нар “Алтанхуягийн хүмүүсийг муухай харагдуулах улс төрийн зорилгын золиос болчихлоо” гэсэн өчил хэлдэг. Энэ удаад Н.Алтанхуягийг Н.Алтанхуяг муухай харагдуулж орхив уу, яав. ХОМ-ийн асуудал бол тийм тартагтаа тулсан хүнд асуудал биш баймаар. Яагаад энэ талаар очоод хэдэн үг хэлчихэж болоогүй юм бол, уг нь зангарагтай, туршлагатай улстөрчийн хувьд “но”-гүй л тийм ч хэцүү хатуу “зарлан” биш баймаар юм. АТГ-ыг үгүй хийх, эсвээс АТГ-ын мэдлээс Прокурорын газрыг гаргах зэрэг асуудал дээр ТЕГ-ын дарга болсон Б.Хурц таагүй хандах шалтгаантай. Энэ нь Б.Хурц, Н.Алтанхуяг гэдэг хоёр хүний “тангаралцах” шалтгаан байж болох ч үүнээс үүдэн Мөрдөн байцаах хэлтэс “зарлан дуудах бичиг ирүүлсэн” гэж үзэх боломжгүй. Тэгвэл хуулиас гажна. Харин Ерөнхий сайд чухам Н.Алтанхуяг гишүүний хэлсэнчлэн “Би ярилаа, Битгий оч” гэж хэлсэн эсэхээ олон нийтэд өөрөө хэлэх учиртай. Энэ бол эвгүй факт шүү. Эсвээс “Байдаг боловч харагддаггүй” зуршил амьд гэрчийн үгээр баталгаажиж байгаа мэт харагдаж байна.