Дөнгөж сая Ялалтын баяр тэмдэглэлээ. Тэгш тоотой “70 жил” гэдэг бол аугаа тоо. Баяр ёслолын дуулиан хэдэн жилдээ яригдана. Бүр “80 жилийн ой” тэмдэглэтэл яригдана. Мэдээж Аугаа их эх орны дайнд Орос-Зөвлөлтийн ард түмэн ялсны ойг тэмлэглэсэн. Ой тэмдэглэнэ гэдэг ёслол талаасаа бус, Орос шиг дэлхийн бодлого тодорхойлолцдог гүрний хувьд геополитикийн тулалдаанд ялсан, ялагдснаа дүгнэх, ирээдүйд ялах тэр чин эрмэлзэлээ илэрхийлсэн ой болсныг энд хөндөн зориглон бичье.



Дэлхийн түүх– ХХ зуунд Оросын хувьд геополитикийн хэд хэдэн их тулалдаан өрнөсөн байдаг юм билээ. Эхнийх нь дэлхийн нэгдүгээр дайны явц, ялалт, үр дүнд шийдэгдсэн дэлхийг дахин хуваах тэр тулааныг нэрлэдэг. Их гүрнүүд дэлхийг хувааж авсан тэр түүх. Ингэж хуваахад Орос гүрэн олигтой хожлыг олоогүй, гэхдээ СССР гэх эзэнт гүрнийг байгуулж чадсан. Дэлхийг хуваахад гоморхогсод, дутуу хүртэгсэд дэлхийн II дайныг өдөөсөн. Өдөөлөлцсөн нэг тоглогч нь Сталины өнгөн дээрхи СССР байсан.  

Дэлхийн II дайны явц, төгсгөл нь геополитикийн хоёр дахь тулалдааныг дагуулсан ба түүнд СССР баттай ялсан. Дайны төгсгөлд хамгийн ашигтай байдалд очсон тоглогч нь СССР. Дайнд хүн хүчний болоод эд материалын асар их хохирол амссан нь мэдээж боловч геополитикийн онолчид түүнийг үл тооцон хожсон нь СССР байв гэж бичсэн дүгнэсэн нь нэн олонтаа. СССР ба өрнийн хооронд шууд хил гэж байхгүйгээр буфер бүс завсарт нь гаргаж, түүнийгээ хожим ЭЗХТЗ, Варшавын Гэрээний байгууллага гэдгээрээ баталгаажуулсан билээ. Хамгийн ашигтай нь Варшавын Гэрээний гишүүн орнууддаа зөвлөлтийн армийг байрлуулж, хэрэв өрнө ба НАТО Зөвлөлтийн эсрэг дайн өдөөлөө гэхэд цаадуул нь тун хүнд байдалд орохоор зохицуулжээ. Хэрэв буфер бүсийг давуулж стратегийн цөмийн зэвсэг СССР-ийн эсрэг хэрэглэлээ гэхэд хариу нь тун хүнд, бүр ноцтой буухаар зохицуулсан байв. НАТО Зөвлөлтөд халдая гэхэд Дорнод Европ дахь Зөвлөлтийн тэр их цэрэг, зөвлөлтийн хэдэн түмэн танк, мөн Варшавын Гэрээний орнуудын армиудыг ялан дийлж байж Оросын нутагт хөл тавина гэдэг төсөөлшгүй байв. Харин Зүүн Герман, Чехословак, Унгараас зөвлөлтийн танк Ла-Манш хүрэхэд тун ойрхон байлаа. Үүнийг геополитикийн илт давуу тал, ялалт хэмээн онолчид нь үздэг юм. Зөвлөлтийн бүс рүү халдана гэдэг НАТО ба АНУ-ын хувьд амиа хорлох хэрэг байв. Европын статус-кво 1945-1991 онд яг ийм л байсан.

СССР-ийн энэ давуу байдлыг хэн хэрхэн эвдсэн юм бэ? СССР өөрөө эвдсэн юм. Афганистанд зөвлөлтийн цэргийг оруулснаас геополитикийн тулалдааны анхны томхон ялагдал нөхцөлдсөн ба Европын төдийгүй, дэлхийн статус-кво эвдэгдсэн юм. Коммунизм байгуулуулахаар лалын тэр орон руу орсон гэх тайлбар зөндөө байдаг. Түүнтэй геополитик судлаачид эвлэрдэггүй. Энэ бол геополитикийн маш тодорхой зорилготой алхам байлаа. СССР-ийн хувьд ердөө л Персийн булан руу ойртох, тэнд бэхжиж авахыг чухалчилсан. СССР нь баруун хилээ буфер бүсээр баталгаатай хамгаалуулсан хэрнээ өмнөд хил нь тодорхойгүй, баталгаагүй байсныг нөхвөрлөхөөр хөдөлсөн хэрэг. Харин зүүн өмнөд хил нь нэн баталгаатай болсон байсан нь Монгол дахь Зөвлөлтийн талыг тууштай баримтлагч дэглэм ба Монголд байрласан зөвлөлтийн 100 мянган цэрэг, асар их зэвсэг, мөн социалист Монголын зэвсэгт хүчин тэр чигтээ буфер бүс болж байв.

АНУ-ын геополитикийн нөлөөний хүрээг Өмнөд Азид буй болгохгүйн тулд Афганистанд зөвлөлтийн цэрэг 10 жил байлдсан даа. Энэ дайн эхэлмэгц л АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейган олон улсын санаачилгыг гартаа авч чадсан, СССР-ийн эсрэг мэдээллийн асар их кампанийг залхтал өрнүүлж, Москвагийн 1980 оны Олимпийг бойкотлон, Афганистанд интернационалжсан дайн дэгдээсэн юм. Энэ дайнд лалын ертөнц, НАТО, Хятад хамтран СССР-ийг эсэргүүцэн геополитикийн тулалдааныг давхар эхлүүлсэн юм.  

СССР-ийн эсрэг мэдээллийн иж бүрэн, цул цогц кампани өрнүүлэхийн сацуу өрнийн амьдралын сайн сайхныг илтгэх, өрнө рүү татагдахаас аргагүй болох тийм кампанийг давхар эрчимжүүлжээ. Үүнд рок-поп урлаг, Холливудын кино, кока-пепси, бохь, жинс, америкийн сагсан бөмбөг оролцоод нүүгэлтсэн их манан Дорнод Европ, Зөвлөлт, мөн Монгол руу цутгасан даа. Америкийн ба барууны амьдралыг таашаах явдал ил далд бугшаад КГБ, До яамнууд хүчрэхээ больсон дүр зураг миний нүднээ эргэж буудаг юм.

Гэтэл Михаил Горбачев хэмээх уяран хайлагч Москвад гараад ирэв ээ. Энх тайвнаар зэрэгцэн оршино л гэнэ, дунд ба ойрын зайн пуужингаа харилцан устгана л гэнэ, Афганистанаас цэргээ гаргана л гэнэ, ийнхүү тэрээр СССР-ийн олон арван жилийн геополитикийн хатуу байр сууринаас хэсэгчлэн ухарч эхлэв. Энэ далимыг хүлээж байсан мэт өнгөт ба баархатан хувьсгалууд Дорнод Европыг нөмрөөд авлаа. Польш ба Унгарт өрнийг илэрхий баримжаалагч засаг-төр бүрдэв.

Дэлхийн геополитикийн хоёр дахь энэ тулалдааны төгсгөлд нөгөө буфер бүс алга боллоо. Европын статус-кво огцом эргэлээ, гэхдээ СССР-т тун таагүй байдлаар. Балтийн гурван улс СССР-ээс үтэр түргэн салахын түүс, тэд НАТО-гийн буфер бүс болохын хүслэн. Санкт-Петербург НАТО-гийн хяналтын бүсээс ердөө хэдхэн зуун км-т орших ба Калининград муж нь геополитикийн анклав болж хувирлаа. СССР-ийг шууд залгамжилна гэсэн ОХУ нь 1991 онд байгуулагдахдаа Европт нөлөөгөө хэдийнээ алдсан байлаа.

Геополитикийн хоёр дахь ялагдлын дараа гурав дахь тулаан эхэллээ. Хуучин Зөвлөлтийн орон зайд өнөөгийн Орос геополитикийн нөлөөгөө хэрхэн хадгалах вэ гэдэг тэмцэлд Кремль 25 жилийг зориулжээ. Гэхдээ СССР-ийн үеийн тэр их эрх мэдэл үүрд эргэж ирэхгүй гэдгийг сайтар мэдэж мэдэрч геополитикийн тэр тэмцэлд оролцлоо. Юуны өмнө Дундад Азид Орос цэргийн оролцоогоо хадгалж үлдлээ. Дорнод Европ руу эргэж өнгөлзөх явдал үүрд байхгүй тохиолдолд Төв Азиа алдчихгүй байх нь гол зорилт. Нөгөө талаас хэврэг ч гэлээ “буфер бүс”-ээ тогтоох оролдлогоо хамгийн ёозгүй азгүй хэлбэрээр туршаад үзлээ. Преднестровье хэмээх газар зүйн бүс нутгийг тусад нь улс болгож үзлээ. Гол нь Молдав, Румын хоёр хэтдээ нэгдвэл түүнд зориулсан геополитикийн хариу үйлдэл нь Преднестровье байх болно. Абхаз ба Өмнөд Осет гэдгийг Орос-Гүржийн хоорондахь “буфер бүс” болголоо. 1992 оноос хойш оросын эсрэг бодлого явуулсныхаа шанг Тбилиси ийнхүү хүртлээ. Азербайжан ч ялгаагүй, Нагорно-Карабахаа алдлаа. Энэ бол Орос- Азербайжаны хоорондахь “буфер бүс” бараг мөн дөө.

СССР нурсны дараахи Орос бол ямар нэг “Тишланд” улс байх ёстой хэмээн өрнөдөд үзэж байсан байж болно. Тэр нь геополитикийн тодорхой зорилгогүй, эдийн засгийн хувьд олон улсын санхүүгийн бүтцээс бүрэн хамаарсан улс болох аж. Хэтдээ бол Орос нь цаашаа хэд хэдэн улс болж задрах ёстой гэсэн үзэл бодол өрнөдөд судлаачдын хүрээнд цухалздаг нь дээрхийн нотолгоо мэт.
   
Гэтэл Орос маань “Тишланд” улс болсонгүй. Цөмийн зэвсгээ хадгалаад үлдлээ. Цөмийн гүрэн хэвээрээ байна. 1992-1993 онд оросын залуу реформаторууд эдийн засгийн зорилгоор цөмийн гүрний статусаасаа салъя гэсэн яриа хөөрөө гаргасан ч дотооддоо  дэмжигдээгүй. Гэхдээ геополитикийн гурав дахь тулалдаан Оросын нэр төр сэвтэх үйл явцтай хамт өрнөлөө. Цэргийн талаар сулхан гүрэн болж үлджээ гэдгээ Чеченийн нэгдүгээр дайнаар ОХУ харуулснаар үл барам Ичкерийн тусгаар тогтнол гэдгийг де-факто хүлээн зөвшөөрч шившгээ дэлгэлээ. Энэ үед Европт Оросын цорын ганц хүчирхэг холбоотон нь Серби болж үлджээ. Энэ улс Оросын нэг адил өөрийн гэсэн “Чечень” болох Косовотой зууралдаж байлаа.

АНУ, НАТО Косовогийн салан тусгаарлагчдыг илэрхий дэмжиж, тэдэнд цэргийн шууд тусламж үзүүлэн Сербийн нутаг дэвсгэр рүү агаараас цохилт өглөө. Энэ нь мэдээж байлдааны ажиллагаа байсан, гэхдээ дайн гэхээсээ психологийн түрэмгийлэл юм. Учир нь Сербийн хүн ам моралийн хувьд уналтад орно, түүний холбоотон Орос нь тусламж үзүүлэх чадваргүйг дэлхий дахинд нотлон харуулах явдал тэдэнд чухал. Оросын эсрэг дипломат, цэрэг-суртал нэвтрүүлгийн кампанидаа өрнийнхөн ялалт оллоо. Балканы хойгт явагдсан геополитикийн тулалдаанд холбоотон нь байх ёстой Гүрж, Азербайжан, Украин гурав Оросыг дэмжсэнгүй.

Орост дотоодод нь хачин хачин үйл явдал зэрэгцэн өрнөлөө. Чеченийн боевикууд Дагестан руу халдлаа. Энэ халдлага Оросын нэгдсэн төрт улсыг нураах далд зорилгыг агуулжээ. Орос энэ халдлагыг няцаах, дарах, эсвэл өөрсдөө ялагдаад цэргээ татах үлдээд байхад ОХУ-ын удирдлага шийдэмгий алхам хийлээ. Тэд Дагестанд амжилттай байлдаад цэргээ Чеченийн БНУ-ын нутаг дэвсгэр рүү оруулж, 2002 он гэхэд тэнд хяналтаа тогтоож, үүгээр геополитикийн глобал фронт дээр түр намжилт үүслээ.

Гэвч геополитикийн 4 дэх тулалдаан Оросыг хүлээж байв. Геополитикийн глобал фронт дээр түр намжилт үргэлжилж буйг ашиглан Орос 2000-2004 онд эдийн засгаа бэхжүүлж, улс төр-эдийн засгийн реформоо хийлээ. Гэхдээ ОХУ либерализмаасаа салж,  геополитикийн перманент дайнд либерал үзлээр хойшид хандаж болохгүй гэдгийг дэлхийд нотлон харууллаа. Геополитикийн үргэлжилсэн сунжирсан ийм дайнд эцсийн бүлэгт Орос орон өөрөө туйлдаж нурж унах, устгагдах тул аядуу байх, хүлээзнэх, хоёр нүүр гаргах явдлыг хүлээн авшгүй. Орос нь төрт, нэгдмэл улс хэвээрээ оршин байя л гэвэл геополитикийн перманент дайнд тэсч үлдэх, бүр ялах ёстой. Ардчилсан гэх малгайтай өрнийг баримжаалсан либерал улс төрчдийг Оросын улс төрөөс арчиж дууслаа. Тэд гудамжинд хашгирагчид болж хувирав. Эдийн засаг тогтвортой, тэгээд өсч байгаа нөхцөлд тэдний шүүмжлэл бол нохой хуцахын дайтай гэдгийг Кремль ягштал ойлгуулж байна.

Геополитикийн 4 дэх тулалдаанаар Оросыг сөхрүүлж чадахгүй гэдгийг ухаарсан өрнийнхөн 2004 оноос стратегиа өөрчилжээ. Тэд Оросыг тойруулан (бүслүүлэн) шинэ буфер бүс байгуулж эхэллээ. Хувьсгалт тэмцлээр эрх баригч элитийг сольдог туршлагаа Белорусс, Украин, Гүрж, мөн Киргиз, Казахстанд туршина гэж үзэв. Белорусс, Казахстаныг яагаад ч хүчирсэнгүй. Харин ч тэр хоёр улсын эрх баригч элит нь Оростой улам нягтрав. Украин, Гүржид илэрхий оросын эсрэг Ющенко, Саакашвилийн засаглалыг тогтоож амжив. Оросыг тойруулан буфер бүс байгуулах зорилго бүрэн хэрэгжсэнгүй.

Геополитикийн 4 дэх тулалдааны үйл явдлууд ар араасаа хөвөрлөө. 2011 оны намраас 2012 оны хаврыг хүртлэх хэдэн сард Орост өнгөт хувьсгал заналхийллээ. Орост улс төрийн хүчнүүд либерал, националист, хэт эх оронч гэлтгүй бүгд нэгдэж ОХУ-ын төр-засгийн эсрэг тэмцлээ. Улс оронд үндэстэн хоорондын харилцаа хурцдахаар боллоо. Тус улсын гадаад дотоод бодлогын чиг шугамыг өөрчилж чадах улс төрийн хүчин бодитой бүрдлээ. Парламент дахь сөрөг хүчнээс ч элдэв дуу хоолой цууриатлаа. Гэвч Төрийн Думын ба Ерөнхийлөгчийн сонгуулиудад эрх баригч элитийнхэн яллаа. Сонгуулиар өнгөт хувьсгал Орост бүтэхгүй юм байна гэдэг нь харагдлаа. Гэвч барууны тал баримтлагч улс төрчид сонгуулийн дүнг үл зөвшөөрөх жагсаал цуглаанд уриалан орос хүмүүсийг гудамжинд гаргаж чадлаа. Тэдний нэр хүнд  2013 оны дунд үе гэхэд дээд оргилдоо хүрчээ.

Яг ийм нөхцөл байдал бүрдээд байтал 2013 оны сүүлчээр Украинд хямрал нүүрлэлээ. Ерөнхийлөгч В.Янукович өөртөө үхэл бэлтгэжээ. Хоёр нүүр гарган хоёр тийш ажиллан, тэгсэн атлаа Украиныг Европын Холбоотой интеграцчилах эхлэлийг эсэргүүцлээ. Тэр нь улс төрийн ноцтой хямрал дагуулж, эцэстээ оросын эсрэг чиглэсэн томхон бослого дэгдэхэд хүрч, оросын тал үл баримтлагч улс төрчдийг Украинд гаргаад ирлээ. 2014.03.16-нд Крымын хойг Орост эргэж ирлээ. Залгаад Донбасст иргэний дайн дэгдлээ.

Орос орон геополитикийн 5 дахь тулалдаандаа ийнхүү орлоо. Геополитикийн ялагдал Украинд л хүлээх аваас Оросын улс төр, эдийн засгийн бүх ололт амжилт, ялангуяа СССР тарж бутарснаас хойшхи геополитикийн бүх тэмцэл утгаа алдана. Үүнийг л дүгнэж цэгнэж 5 дугаар сарын 9-ний баярын парадыг хийлээ. Оросын ард түмэн нэгдэн нягтрах их үйлсийг энэ сүрлэг парад нөхцөлдүүлж өгсөн байх болтугай!

                                  “Засгийн газрын мэдээ” сонины 2015.05.11-ний дугаараас
                                    сонины редакцийн зөвшөөрлөөр толилуулав