Хэд хичнээн хүн хаана байлдаж явдаг юм бол?
Мэдээлжсэн, даяаршсан, шилжилт хөдөлгөөн хурдассан дэлхий дахинд дайн байлдааны агуулга, утга нь мөн төрөл арилжиж, даяаршлын амт шимтийг үзүүлэхээрээ нэг болжээ. Даяаршсан дайн гэсэн нэр томъёо яг тохирох мэт.
Мэдээлжсэн, даяаршсан, шилжилт хөдөлгөөн хурдассан дэлхий дахинд дайн байлдааны агуулга, утга нь мөн төрөл арилжиж, даяаршлын амт шимтийг үзүүлэхээрээ нэг болжээ. Даяаршсан дайн гэсэн нэр томъёо яг тохирох мэт.
Ухаан нь ядуу дорой улс үндэстэн байна гэж бодъё, олон хүүхэдтэй өнчин өрөөсөн, ядуу зүдүү айл хунар ертөнцөд түм бум, бүр сая саяараа бий шүү дээ. Тэгвэл тэдэнд ажлын байр ба өндөр цалинг интернэтээр лалын элдэв сайтууд санал болгоно. Элсүүлдэг, илгээдэг, хянадаг, тэтгэдэг бүхэл бүтэн сүлжээ даян дэлхийгээр (Латин Америкт хүртэл шүү) нэг байна. Ядарсан айлын хөвгүүд Аллахын нэрийн өмнөөс лалын ариун дайн– жихад хийхээр Ирак, Сирийг зорино, энэ бол хэдэн жилийн турш дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө ил үзэгдэж буй процесс. Зогсолтгүй үргэлжилсээр, зогсоож хүчрэх хэн ч байхгүй. Тэгвэл заавал ядарсан айлын хөвгүүд байх албагүй, бага зэрэг итгэл үнэмшил, сүсэг бишрэл байхад л хангалттай гэдгийг америк, европчууд илтгэн харуулсаар байгаа бус уу?
Яг үүнийг манай умард хөрш ОХУ эш үндэс болгон Орост учрах гадаад аюул юув гэдэгт хариулахдаа 1) Сири, Ирак дахь исламизм; 2) Афганистанаас хөврөх хар тамхины тээвэр; 3) Нагорно-Карабах тойрсон болзошгүй мөргөлдөөний тэсрэлт; 4) БНАСАУ, Иранаас дэгдэх аюул; эцэст нь 5) Украин дахь иргэний дайн хэмээн нэрлэжээ. Мөн АНУ-тай стратегийн тогтвортой байдлыг хангах тэнцвэрийг барих ёстой, үүний тулд зэвсэгт хүчин, цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор, глобал навигацын систем, сансрын холбоогоо шинэчлэн сайжруулах ёстой гэжээ.
Тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн Оросын дээрхи шаардлагууд АНУ-ын эсрэг төдийлөн чиглээгүй, тэгэх ч үндэсгүй, харин тэр хөрш орнууд, өмнөд хил, хуучин СССР-ийн орон зайд л хожим дэгдэж мэдэх их дайны бэлтгэл байх болов уу гэх таамаг сэжиг гадаадын шинжээчид гаргаж ирдэг. Учрах аюул гэдэгт Хойд Солонгосоос бусад нь дан лалын ертөнцийн төлөөлөл байна. Энэ нь ч нэгийг хэлэх шиг.
НҮБ-ын тооцоогоор бол, эдүгээ 25 000 гадаад иргэн, түүний дотор өдий төдий оросууд (ОХУ-ын иргэд гэсэн үг), төв азийнхан, кавказынхан Ази, Ойрхи Дорнодод “Аль-Каеда”, эсвэл “Исламын улс” гэх экстремист бүлэглэлийн эгнээнд боевик болоод тулалдаж яваа аж. Тийшээ цувах гадаадынхны цуваа түүхэндээ хамгийн оргил үедээ очоод байна. Түүхэнд ийм үзэгдэл байгаагүй ба тэд одоо зөвхөн Сири, Иракт бус Ливи, Пакистан, Йемен зэрэг олон газар байлдааны ба хорлон сүйтгэх террорист ажиллагаанд оролцож байна хэмээн НҮБ-ын судалгаанд өгүүлээд “Аль-Каеда”, “Исламын улс” руу хүмүүсээ илгээсэн улс орнуудын тоо лав 100-аас доошгүй гэжээ. Энэ тухай олон сайт зэрэг зэрэг мэдээлсэн, хэрэв хүсвэл 25.000 ISIS Fighters from Foreign Countries since Mid-2014. UN Report, http://www.globalresearch.ca/ April 04, 2015 сайтаас үзнэ үү.
Ийм дээрээ тулна, хэн ч хянаж хорьж хүчрэхгүй гэдгийг олж харсан Орос эртнээс бэлтгэлээ базаасан ба “Ирак, Сирийн Лалын улс” гэх террорист байгууллагыг ОХУ-ын нутаг дэвсгэрт хориглож хууль бус хэмээн зарлан, тэндээс эргэж ирэх хөлсний жихадистуудыг ангуучлах аяндаа морджээ. Казахстан ч мөн ийм алхмыг хийжээ.
НҮБ-ын нөгөө илтгэлээс цааш эшлэе. “Лалын улс” гэх байгууллагын эгнээнд элсэгдэн экстремист болсон гадаадын иргэний тоо огцом өсч, 2014 оны дунд үеэс 2015 оны хавар хүртлэх жил хүрэхгүй хугацаанд 71 хувьд хүрсэн гэсэн байна. Тэдэнд бол Сири, Ирак нь үнэхээр диваажингийн газар бөгөөд энэ хоёр улсад 22 мянган гадаадын хөлсний цэрэг хөлхөж байна. Афганистанд исламистуудтай мөр зэрэгцэн 6500 орчим гадаадынхан байлдаж, мөн хэдэн зуугаараа Йемен, Пакистан, Ливид аллага таллагад оролцож байна гээд НҮБ-ын илтгэлд бүр гутранги прогноз гаргаж тавьсан байх юм. Юу гэвэл “Лалын улс” Сири, Иракт ялагдвал туршлагажсан боевик-экстремистүүд даян дэлхийгээр нэг тархана, тэднээс маш олон хүн төрөлх эх орон– Тунис, Марокко, Франц, Орос руугаа очно. Тэд жинхэнэ аюулын харанга дэлдэнэ гэх шахуу зүйл бичсэн байна. Гайхалтай нь “Лалын улс”-д элсэгдсэн иргэнийх нь тоо өсч байгаа гэдгээр санаанд оромгүй улсууд нэрлэгдсэн байна. Жишээ нь Финланд, Мальдив, бүр Карибын тэнгисийн арлын жижиг Тринидад ба Тобаго улс энд нэрлэгджээ.
Нэгэнт л НҮБ-ын илтгэлд дурдсанаар дэлхийн 100 улс лалын жихадист болгохоор хүмүүсээ тавиад туучихсан юм бол Монгол үүний гадна үлдэж хоцорсон уу гэдэг маргаантай асуудал энд тавигдаж болно. Ингэж асуусан монгол хүнийг буруутгах аргагүй. Нэг зуу гэдэг чинь дэлхийн бүх улс орны тал нь байна шүү дээ. Тэгэхлээр монголын тийм нэртэй тийм иргэн тэнд тулалдаж яваад баривчлагдав, алагдав, тэнд очоод улайрсан исламист болчихжээ гэх мэдээ дэлхийн хэвлэлд гараад ирэхэд гайхахааргүй болсон юм байна гэж НҮБ-ын энэ илтгэлээс ойлголоо.
НҮБ илтгэлдээ эцэст нь юу гэж уриалав гэхлээр дэлхийн бүх улс орнуудын тагнуулын байгууллагууд энэ талаархи мэдээллээ хуваалцаач ээ, гадаадын боевикуудыг олж таньж мэдэж илрүүлэхэд харилцан бие биедээ туслаач ээ гэжээ.
Оросын тусгай албаны мэдээллээс эшлэе. Экстремизмийн дэд бүтцийн хөгжил өсөлт гэх нэр томъёо гаргаад иржээ. Элсүүлдэг, илгээдэг, хянадаг, тэтгэдэг бүхэл бүтэн сүлжээг ингэж нэрлээд байх шиг. Энэ 2015 он манай умард хөрш Орос, манай баруун хөрш Төв Азийн хувьд ийм бүтэц сүлжээний “хөгжил дэвшлийн жил” байх бололтой. Учир нь Афганистан нь Төв Азийн хөрш орнуудынхаа хувьд тогтворгүй байдлын гол эх сурвалж болох аж. Хар тамхи, опиумын экспорт өсөх нь бүрэн магадлалтай. Афганистаны дотоодын мөргөлдөөн хил давж буруугаар нөлөөлөх магадлал бүр ч өндөр. Кабул дахь албан ёсны төр-засаг, Талибан хөдөлгөөний өвөр хоорондын мөргөлдөөн тасрахгүйгээр барахгүй террорист халдлага, байлдааны ажиллагаа эрс эрчимжинэ гэж Оросын тусгай алба үзэж байна.
Нэгэн тооцоо байна. Афганистан, Пакистанд талиб болоод аллага үйлдэж буй боевик 50-60 мянган хүн, цаана нь тэдний эсрэг зогсож буй афганы цэрэг цагдаа хүчнийхэн 300 мянган хүн байна. Хүчний харьцааг 60 000:300 000 гэж бариад байхад талибанчуудын ялалт гэдэг бүтэшгүй. Гэхдээ талибанчуудыг ялна гэдэг бас эргэлзээтэй. Учир нь эгнээ нь байнга нөхөгдөнө, афган хөвгүүдийн хүслийг хазаарлаж чадахгүй, бас гаднаас нөхөгдөж сэлбэгдэж байна. Энэ онд талибанчуудын байлдааны идэвхжлийн бүс нь Афганы хойд нутаг– Тажикистан, Туркментэй залгаа хилийн район байх болно гэсэн тооцоо гарчээ. Туркменистан нь наркотрафиктай ширүүн тэмцэл явуулснаар Афганистаны баруун нутгуудын хээрийн командлагч нарын хар тамхины тариалалт, хураалт, экспортын бизнест хохирол учирч, тэр утгаар Ашхабадыг хашраах, өс авахаар тулалдана гэж байна. Тактик нь туркмены хилчдийг байнга өдөөн хатгах, хил орчмын тосгон суурин руу нь гэнэт гэнэт халдах явдал гэнэ. Тажикистаныг ч бас зүгээр суулгахгүй. Уулын Бадахшанд байнга терроризм үйлдэнэ, түүний дотор хуучин СССР-ээс гаралтай хасаг киргиз, чантуу, тажик дайчдыг нутагт нь шургалуулж дотроос нь хорлон сүйтгүүлэх, тэгснээр Афганистаныг эзлэн түрэмгийлэх ажиллагаа үйлддэг байнгын плацдарм болгохыг зорино.
Афганистан нь энэ жил опиумын мак тариалдаг талбайгаа өргөтгөсөн, иймд арвин ургацтай, борлуулах чиглэл нь зөвхөн умард, хуучин СССР байх болж байна. Гол хэрэглэгч, борлуулагч, дамжин өнгөрөх бааз нь хуучин СССР-т байна гэсэн үг. Түүнээс гадна афганы талибаны хүсэн хүлээж, анаж байгаа өөр нэг зүйл бол Тажикистан, Киргизстан, Узбекистаны дотоодын тогтворгүй байдал. Учир нь энэ гурван улсад ямар нэг хувьсгал, бужигнаан үүсэхэд цаашаа Орос, Казахстан хоёр доргино. Тэр хоёр бол өмнөх гурван улсаас ажиллах хүчин авдаг, наад гурав нь ажиллах хүчний донор орнууд.
Киргиз, Тажикистан хоёрыг Орос нөлөөндөө авч, Евразийн эдийн засгийн холбоондоо оруулахгүй бол хяналтаас алдаж мэдэх аюул ойртсон гэж үзэхээр юм. Узбекистаныг ОДКБ гэх (Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага) цэргийн эвсэлд эргүүлж элсүүлэх, Тажикистаны нутаг дэвсгэрт байрладаг оросын цэргийн 201-р баазаа бэхжүүлэх нь Төв Азид учрах аюулыг гэтэлгэх чухал алхам болно хэмээн Орос үзэж байна.
2014-2015 онд дэлхийн зах зээлд нефтийн үнэ унаснаар нийт лалын ертөнц хөдөлгөөнд орох хандлагатай болж, түүний салаа салбар нь Төв Ази руу ирж нөлөөлөх болсон тул Афганистаны лалын хэт даврагчдад яг боломжит цаг үе нь ийнхүү ирж дээ!
Хөндсөн сэдэв нь эмзэг атлаа чухал гэдгийг тооцож “Засгийн газрын мэдээ” сонины 2015.04.27-ны № 078 (102) дугаараас сонины редакцийн зөвшөөрлөөр нийтлэв- baabar.mn