Тавантолгойн нүүрсний орд газраас их хэмжээний нүүрсийг хил, гаалийн ямар ч хяналтгүйгээр, өөрөөр хэлбэл хулгайн замаар өмнөд хөрш рүү гаргасан гэх яриа дэгдэн, ид дуулиантаж байна. Эл хэрэг явдалд нэр холбогдогчийн нэг “Тавантолгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадоржтой уулзаж, үйл явдлын үнэн эсэхийг тодруулахыг хүссэн юм. Тэрбээр ийн ярьж байна.


-“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Таван­толгой транс” ХХК-ийн дунд яригдаад байгаа хэрэг явлын талаар асууя. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшил талбайгаас их хэмжээний нүүрс хулгайлсан гэж УИХ-ын гишүүн Л.Энхболд удаа дараа мэдэгдэж байгаа. Энэ үнэн үү?

-Харин тиймээ! Яагаад ийм зүйл ярих болсныг нь гайхах юм. Тэгээд түүнд ташаа, буруу мэдээлэл их ирдэг юм байна гэж ойлгосон.

Хэн нэгнийхээ эзэмшил газраас нүүрс олборлосон эсэх тухайд гэвэл бодит байдлыг яг газар дээр нь очиж, нүдээр хараагүй хүнд ойлгуулахад хэцүү л дээ. Тиймээс уншигчдад ойлгомжтойгоор тайлбарлахыг хичээе. Энэ асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК хоёулаа мэдэгдэл гаргасан шүү дээ. Жишээлбэл, сэтгүүлч та энэ мэдэгдлээс юуг ойлгосон вэ гэж асууя.

-Хоёр компани хоорондын маргаан шиг харагдсан. Учир нь хэн хэн нь нүүрс хулгайлсан, хулгайлаагүй гэж ярихаасаа илүү ашиглалтын талбайгаа тодруулахыг хүссэн байсан л даа!

-Миний зүгээс яг л энэ өнцгөөс харж байгаа. Үргэлжилсэн нэг талбай дээр хил, хаяа нь тулаад залгагдсан компаниудын хооронд ийм асуудал байнга гардаг. Цаашдаа ч гарах байх. Зөвхөн нэр дурдагдсан хоёрын дунд биш, “Энержи ресурс” ХХК мөн хаяа нийлсэн болохоор цаашдаа гурван этгээдийн дунд гарах, гарч болох асуудал. Өөрөөр хэлбэл, компаниуд өөрсдөө ажил хэргийн үүднээс зохицоод дундын маргаантай асуудлуудаа шийдээд явж чадна. Гэвч энэ бүхнийг зориуд улстөржүүлэн, дуулиан болгох гээд байгаа нь харамсалтай. Одоо л гэхэд “ЭТТ”, “ТТ” компаниудын хооронд хил залгаа нүүрсээ олборлохын тулд нэг сая куб.метр хөрс хуулах асуудал яригдаж байна. Гэтэл гарсан дуулианаас шалтгаалаад ажил зогссон. Дахиад “хулгайч” болгочих вий, дахиад ямар асуудал үүсгэчих бол гэдгээс хэн хэн нь эмээж байна шүү. Бусад уурхайнуудад ч ийм маргаан байж л байгаа.

-Энд бүр 340 мянган тонн нүүрс хулгайлсан гэсэн тодорхой тоо, хэмжээ дурдсан байгаа. Энэ нүүрсийг танай “Тавантолгой Транс” ХХК тээвэрлэсэн гэсэн. Хил, гааль гэж байх ёстой. Яаж энэ их хэмжээний нүүрсийг хулгайгаар тээвэрлэж чадсан байх вэ?

-Эрүүл ухаанаар бодоод үзэх хэрэгтэй. Ийм боломж хэний хэнбугайд ч байхгүй ээ. Улсын хил гэдэг тийм салан задгай, онгорхой, эзэнгүй байдаг хэрэг үү! Юмыг хөрсөн дээр нь буулгаж ярих ёстой шүү дээ. Хилийн цэрэг, гааль, хорио цээр, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуул, гадаадын харъяатын алба гээд арав гаруй байгууллага хил дээр үүргээ гүйцэтгэж байдаг юм. Эдгээр байгууллагын хяналт шалгалтгүйгээр нэг машин ч хил нэвтэрч чадахгүй. Цаана нь Хятадын хил, гаалийн олон байгууллага ч бий. Арай ч дээ. Энэ бүхнээр дамжуулан тийм их хэмжээний нүүрс гаргана гээд төсөөлөөд үз дээ. Нээрээ эрүүл хүний толгойд багтах юм биш. 340 мянган тонн нүүрс гэдэг чинь хэрвээ 60-70 даацтай машинаар зөөх аваас 3758 машин гэсэн үг биз дээ. Энэ арай л дэндсэн хардалт. Хэн нэгэнд шаардлагатай болсон, та нарынхаар бол жинхэнэ хар пиар гэдэг л энэ байх гэж бодож байна.

-Үнэн бол манай улсын хил эзэнгүй болжээ гэхээс аргагүй болох нь.

-Харин тийм ээ. Гашуун сухайтын боомтод ажил, үүргээ гүйцэтгэж байгаа энэ олон байгууллагын ажилтнууд энэ талаар ямар нэгэн үг хэлэх байх гэж бодож байна. Энэ байгууллагуудын удирдлагууд ч бас дуугарах байлгүй дээ. Тэдний ажил, үүргийн талаар ч хөндсөн байна шүү дээ. Энэ олон мянган машин хэрхэн хилээр гарсан байх вэ. Улсын хил тэр чигээрээ дуран, камертай байдаг байх. Тиймээс үнэн эсэхийг нь шалгахад тун амархан баймаар юм.

-Энэ бүх машинд нүүрс ачсан хэрнээ хил, гаалийн мэдүүлэгт болохоор хоосон гэж бичсэн байсан гэж Л.Энхболд гишүүний хэлснийг та сонссон байх. Арай ингээд гаргачихсан юм биш биз?

-Би сая хэлсэн. Энд олон байгууллага ажилладаг гэж. Хоёр улсын хил шүү дээ. Боломж байх уу тэгээд аан!

-Тэгвэл яагаад та бүхний зүгээс таг чиг байгаад байдаг юм вэ. Нүүрс хулгайлаагүй гэдгээ нотолж болдоггүй юм уу?

-(инээв) Хулгайлсан, хулгайд алдсан гэгдээд байгаа хоёр тал үгээ хэлсэн шүү дээ. Миний хувьд тантай яг одоо ярилцаад сууж байна. Би өөр юу хэлэх билээ. Үнэн юмыг хүн бардам ярьдаг. Надад сандраад байх шалтгаан алга. Бас би ийм юм хийгээгүй шүү, яахав, ийхэв гээд гүйгээд байх юм алга. Хуулийн байгууллага шалгаж байгаа хойно би юу хэлэхэв. Миний бодлоор уг нь маш амархан энэ асуудлын үнэн эсэхийг тогтоож болмоор санагддаг.

-Яаж?

-Энэ бүх машин ачаатай, ачаагүй гарсан байх хамаагүй хэрэг. Гагцхүү, хилээр гарч л байгаа бол ямар ч машинд бүрдүүлэлт хийдэг юм. Тэр бүрдүүлэлт, мэдүүлэгтээ тухайн машины улсын дугаар, хэн гэдэг жолоочтой, хэний эзэмшлийнх болох ньзаавал бичигддэг. Тэгээд тэндээс харахад л үнэхээр “Тавантолгой Транс” ХХК-ийн машинууд байсан уу, үгүй юү гэдэг гараад ирнэ. Ийм байтал яагаад манай компанийн нэрийг барин, тавин ярих болсныг ойлгохгүй юм. Цаанаа улс төрийн зорилго байх шиг байна.

-Энэ асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Бодвол тэдэнд баримт байгаа болоод тэр байх гэж би бодож байна л даа?

-Шалгаж байгаа болохоор үнэн зөв олдох байх аа! Тийм ч болохоор хуулийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгээд бидний зүгээс дуугүй байх байр суурьтай байна. Харин сүүлийн үед бүр үнэн юм шиг, нүүрс хулгайлсан нь бүр батлагдсан юм шигээр ярих болсон учраас таны ярилцах хүсэлтийг хүлээж авлаа. Чимээгүй байгаад байвал олон нийтэд буруу ойлголт лавшрах шинжтэй байдаг юм байна. Нүүрсний хулгай гээд л яриад байх юм. Ер нь ийм юм байх ямар ч боломжгүй шүү дээ. Энэ асуудлыг яриад байгаа хүмүүс уг нь бодит байдлыг хамгийн сайн ойлгох учиртай хүмүүс баймаар юм.

-Энэ бүх нотолгоо, тоо баримтыг хил, гаалийн байгууллагаас авсан гэдэг. Гэтэл энэ талаар тэр хил, гааль, мэргэжлийн хяналтынхан таг чимээгүй байгаа нь хачин санагдаж байна л даа. Та бүхэн ч хамгийн түрүүнд эдгээр албанынханд хандаж үнэн мөнийг тодруулмаар юм даа?

-Харин тийм! Ямар компанийн хэдэн машин, хэдэн сарын хэдэнд хил гаалиар ачаатай, ачаагүй хэдэн удаа гарсан вэ гэдгийг бүр нэг ч минутын зөрөөгүйгээр гаргаж тавихад хангалттай мэдээ эдгээр байгууллагуудад байгаа шүү дээ. Ингэхэд “Тавантолгой Транс”ХХК гаалийн бүрдүүлэлтэд ордоггүй юм. Учир нь манайх уртын тээвэрлэлт хийдэггүй юм. БНХАУ-ын хил рүү нэвтэрдэггүй гэсэн үг. Нүүрсээ хилийн наана Цагаан хаданд буулгадгийг хэн бүхэн мэднэ шүү дээ. Тэгээд ч бид хил, гааль дээр очдог ч үгүй. Хоосон гарсан гээд байгаа машинуудын тухайд хил, гаалийнхан тайлбарлах байлгүй.

-УИХ-ын гишүүн Л.Энхболдын хүсэлтээр сар гаруй хугацаагаар уурхайн үйл ажиллагааг зогсоож шалгалт орсон. Одоо үйл ажиллагаагаа эхэлсэн үү?

-Үүнээс хамааралтай болсон зүйл биш байх аа. Өөр нөхцөлөөр зогссон шүү дээ. Одоо бол хэвийн байгаа. 

-Үүний цаана “ТТ” ХХК-гтөрийн мэдэлд авах гэсэн лобби байна гэж яриа бас дам дуулдах юм.

-Үгүй байлгүй дээ. Ер нь Л.Энхболд гишүүнд зориуд буруу мэдээлэл өгч бидэнтэй хагардуулах гэсэн зорилготой бүлэг этгээд байна гэж ойлгох болсон.

-“ТТ” ХХК нь улсын төс­вийг бүрдүүлэгч шилдэг байгууллагаар удаа дараа шалгарсныг мэднэ. Гэтэл татварт 80 гаруй тэрбум төгрөгийн өртэй гэгдэж байсан. Яагаад?

-Энэ яахав дээ. Уурхайд татварын шалгалт ТЕГ-аас орсон юм. Энэ шалгалт дуусах үед Шанхайн биржийн үнэ, уурхайн экспортын гэрээний үнэ хоёрын зөрүүг манай уурхайн экспортолсон нүүрсний үнээр үржээд гаргасан тоо байлаа. Шанхайн биржийн үнэ гэдэг чинь шал өөр нөхцөлтэй, өөр үнэ шүү дээ. Одоо ч үнийн асар зөрөөтэй байгаа. Энэ маргаан бас л 3-4 жил болж байж шийдвэрлэгдсэн.

-2006, 2007 онд Засгийн газрын шийдвэр гарч, Тавантолгойн орд дахь лицензтэй газруудын талбайг шинээр тэгш өнцөгт болгохоор шийдсэн. Энэ шийдвэр л эцэст нь талбайн маргаан үүсгэсэн юм байна гэж ойлголоо, зөв үү?

-Харин тийм ээ! Үнэхээр лицензтэй газруудыг дахин шинээр тэгш өнцөгтболгох шийдвэр гарсан. Яг энэ үед маргаан гарсан юм. Манай уурхайн зөвшөөрөлтэй талбай тэр үед тэгш өнцөгтэй биш байсан. Шийдвэрийн дагуу манай талбайг гурван тэгш өнцөгт болгоод дунд талынхыг нь “Дайцүкү” гэдэг компанид өгөөд хоёр талыг нь манайд өгсөн. Энэ маргаан 5-6 жил сунжирч байж шийдэгдсэн юм. Бид хуулийн дагуу ингэж аваагүй бол Тавантолгойн уурхай зогсох байсан. Ер нь ингэхэд орон нутгийн өмчит ТТ уурхай 100 хувь Хятадынх байсан юм шүү дээ. Нөгөө “алдар”-тай Пуушин хэмээх компани эзэгнэн захирч байлаа. Тэд нар Монголд үнэхээр галзуурч байсан цаг шүү дээ. Хэрхэн Монголынх болсон түүхийг нь хүмүүс мартаагүй байх аа. Д.Бат-Эрдэнэ гишүүн анх Цогтцэций сумынхантай уулзалт зохиосон юм. Тэгэхэд иргэд үнэхээр өрөвдөлтэй байсан даа. Уурхайд монгол хүн нэвтрэх эрхгүй, цөөн ажилтан зөвхөн хятадуудын бохирдуулж хаясан бохирын цаасыг нь түүдэг, тэдний идсэн хоолны үлдэгдэл шавхруугаар хоолложбайсан. Үүнд эгдүүцсэн гишүүн шууд уурхай дээр очиж удирдлагуудтай нь уулзах гэхэд гарч ирээгүй. Тухайн үед орон нутгийн удирдлагад МАН-ынхан байсан. Тэдэнд хэлээд ч үг дуугараагүй юм. ТТ уурхайн ТУЗ-ийн дарга нь одоогийн Засаг дарга Н.Наранбаатар байсан. Бид чинь бас ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн хурал хийх гээд ядчихсан юмдаг. Тэгээд Д.Бат-Эрдэнэ гишүүн шууд уурхайн хятад удирдлагуудтай дахин уулзаж, Монголын компанийг тэдэнтэй ээлжилж нүүрс тээвэрлүүлэх тохиролцоонд хүрсэн юм. Ингээд банкнаас 10 сая доллар зээлээд хүнд даацын 100 машиноруулж ирж, дан орон нутгийн ажилгүй залуучуудыг сар сургаад тээвэрт гаргасан. 300-400 хүн ажлын байртай боллоо. Ингэхдээ бүх машинаа уурхайн амыг хаалгаж зогсоогоод Хятадын компаниудыг хөөж гаргасан юм шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярьвал урт түүх болно.

-Дээрэм байсан юм биш үү?

-Хятадууд л Монголын уурхайг дээрэмдсэн байсан юм. Бид өмчдөө л эзэнболсон. Тэгээгүй бол Монгол Улсын шилдэг татвар төлөгч байгууллагаас улсад оруулж буй бүх мөнгө Хятад руу урсах байсан. Үүнийг зөвшөөрөх байсан уу, Та!

-Мэдээж үгүй. Нүүрсний экспортын үнэ унасан хямралын жилүүдэд “Тавантолгой” ХК-г хүнд байдлаас үнэндээ танай “Тавантолгой Транс”ХХК аварсан гэх юм билээ. Үнэн үү?

-Шууд аварсан гэх нь хаашаа юм. Гэхдээ 2012-2014 онд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж хямрахад манай нүүрсийг авах импортлогчид нэг ч байхгүй болсон. Тэр үед бид өөрсдөө алдагдалд орж байж нүүрсийг нь худалдаж авдаг байлаа. Тэгээд өөрсдөө авсан нүүрснийхээ 15 хувийг л борлуулж чадна. Ихэнх нь овоолгоотой үлдсэн дээ. Бардам хэлэхэд бид энэ хэцүү үед эх орондоо маш ач холбогдолтой ажилласан юм шүү дээ. “Тавантолгой” уурхай маань ч алдагдалгүй, өргүй гарсан даа.

-Одоо танай компани нүүрс тээвэрлэж байгаа юу?

-Манайх 2013 оноос хойш нүүрс тээвэрлэхээ зогсоосон шүү дээ. Машинууд маань ч хуучирсан. Бид нүүрсний тээвэр хийж буй энэ олон компаниудыг араасаа дагуулан түүчээлж, туршлагатай болгосондоо эрхгүй бахархдаг. Манай жолооч нар шиг туршлагатай, чадвартай баг хамт олон нүүрс тээврийн аль ч компанид байхгүй ээ. Арга ч үгүй юм даа. Анх энэ нүүрсний замыг гаргасан хүмүүс юм чинь. Одоо монголчууд нүүрс тээвэрлээд сурчихлаа. Бид тэдэнтэй бизнесийг нь булаацалдаад яахав. Ер нь бидний түүхийг хараарай. Монголчуудын хийж байгаа, хийж эхэлсэн бизнест бид хэзээ ч ордоггүй юм. Энэ бол бидний эрхэмлэдэг бизнесийн ёс зүй, эрхэм зорилго маань юм даа.

-Шуудхан хэлэхэд нүүрсний хулгайч хэмээн дуудуулаад Та бүхэн ийм тайван сууж чадна аа, бас!

-Хаашаа ч нийгэм болчихсон юм бэ дээ! Ер нь хүн ажил хийгээд амьдрахад хэцүү болж дээ! Дандаа л хов, жив ярьцгаасан хүмүүс. Дундаас нь тэгээд бас ашиг олчих санаатайг нь яана. Ажил хийж байгаа нэгнээ яаж ийж байгаад шалтгаан гаргаж дарамтлаад л, мөнгө нэхээд л, зүгээр сууж байгаад мөнгө олчих санаатай залхуучуудад ээлтэй нийгэм болчихож. Мэдээж ингэж гүтгэж, орон даяар цоллоод байхад хэн тайван суух вэ дээ! Үгүй одоо, яаж ийм юмыг хэлж ярьж чадаад байдаг юм бол гэж гайхах юм. УИХ-ын гишүүн байсан Д.Бат-Эрдэнийг бас нэр холбогдуулан хутгасан байна. Тэр нүүрсний хулгайн асуудал гарлаа гэж байх үед энэ хүн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байсан шүү дээ. Ер нь компанийн өдөр тутмын асуудалд огт оролцдоггүй, үйл ажиллагаанаас хамаагүй хүн шүү дээ. Ингэж л хэлэх байна. Одоо өндөрлөх үү, хоёулаа!

- ОК, Хүсэлтийг минь хүлээн авч илэн далангуй ярилцсан Танд баярлалаа!