Ялалтын баяр ба бидний зиндаа
Оросууд фашизмыг ялсан агуу ялалтынхаа 70 жилийн ойг сүр жавхлан төгс тэмдэглэлээ. Улс үндэстэн бүрт бахархах бахархал, түүнийгээ тэмдэглэх баяр, түүхэн өдөр гэж бий ч яагаад ч юм Оросуудын Ялалтын баяртай дүйцэж сэтгэлд хоногших нь ховор санагддаг.
Оросууд фашизмыг ялсан агуу ялалтынхаа 70 жилийн ойг сүр жавхлан төгс тэмдэглэлээ. Улс үндэстэн бүрт бахархах бахархал, түүнийгээ тэмдэглэх баяр, түүхэн өдөр гэж бий ч яагаад ч юм Оросуудын Ялалтын баяртай дүйцэж сэтгэлд хоногших нь ховор санагддаг. Энэ л өдрүүдэд орос хүнийг эрхгүй хайрлан өрөвдөж, басхүү бахархан хүндэтгэх мэдрэмж сэдэрч, дотоод сэтгэл рүү тэр гэж тодорхойлохын аргагүй нэгэн зүйл урсан уясаж, зүрх огшоод ирдэг юм.
...Этот День Победы порохом пропах
Этот праздник с сединою на висках
Эта радость со слезами на глазах
День Победы День Победы
День Победы... яах аргагүй нулимс, инээд, хөөр давхцах ийм баяр, мэдрэмж, агшин тэгтлээ давтагддаг гэж үү.
Түүх бол түүх. Үүнийг хэн ч, яаж ч хичээгээд өөрчилж үл чадна. Магадгүй гуйвуулж болох юм. Гэхдээ түр зуурхан. Энэ дэлхий ертөнц дээрх 200 гаруй улс, үндэстнээс монгол хүний сэтгэл, зүрхэнд оросууд шиг ойр дотно ард түмэн үгүй. Яагаад ийм байдгийн учрыг ч мэдэхгүй юм. Гагцхүү бидний энэ нандин харилцаа, холбоо, уламжлал даяаршлын өнөө цагт мартагдан, сүүдэр хүүшлэх гээд байдаг болсон нь ямар харамсалтай. Аливаа улс орны харилцаа ард түмнүүдийн дунд тогтсон бие биедээ итгэдэг, хүндэтгэдэг, ойлголцдог, харилцан шударга энгийн дотно нөхөрлөл дээр тулгуурладаг болохоос биш хэн нэгэн хувь хүн, улстөрчөөс төдийлэн хамаардаггүй гэдэгт би итгэдэг. Монголын шинэ үеийнхэнд хамаатуулан ийн бичиглэж байна. Өнөөдөр бидний хоёр хөрш эдийн засаг, улс төрийн аль ч нөлөөллөөрөө хэт том гүрнүүд. Бид энэ хоёр хөршөө давж хол харайх гэдэг далайд хөлөггүй гарч байгаатай адил. Тэр тусмаа өөрийн хэм хэмжээгээ мэдэхгүй цээжээ ханхалзуулах нь юутай зохимжгүй билээ. Ялалтын баярын өдрүүдэд зарим нэгэн маань мөн ч их туйлширлаа. Оросуудыг харааж ч байх шиг. Монгол Улсын Ерөнхийлөгчийг тоож үзсэнгүй, Хятадыг Монголоос дээрд тавьж байна, Ц.Элбэгдоржийг хоёрдугаар эгнээнд суулгалаа, телевизийн дэлгэцээр харуулсангүй... гэх мэтээр бараг л Ялалтын баярын сценарыг биднээр хийлгүүлсэнгүй гэх нь халаг үзэл бодлоо илэрхийлж байх юм. Монгол хэдийгээр хувь хүн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлж ярих нь нээлттэй, ардчилсан, эрх чөлөөт тусгаар улс хэдий ч “амны дор хагархай” гэдэг шиг хандах нь эргээд бидэнд, өөрсдөд маань хортой тусах буюу.
Товчхондоо бид зиндаандаа байх нь дээр. Өөрөөр хэлбэл араамандаа жайжигнаж байхаа мартахгүй байх хэрэгтэй. Үүнийг маань хоёр хөршийн найрсаг, бүр нөхөрсөг харилцаа, хэлхээ холбоо , улс төрийн бодлого нь ямагт сануулж байна. Сонгодог жишээг сая Ялалтын баярын үеэр та бид харлаа. Ц.Элбэгдорж гэдэг хувь хүнд биш, Монгол Улсад хэрхэн хандах болсноо Оросууд харуулж байна. Ц.Элбэгдоржийн оронд хэн ч очсон ялгаагүй арын эгнээнд суух байсан. Энэ бүхний шалтгаан бидний, тэр тусмаа шинэ үеийнхний худраггүй, хуурамч, худлаа ярьдаг, найдваргүй, хэрээ мэддэггүй том зан, пэд пэд үсэрдэг араншинд бий гэдгээ л ойлгох хэрэгтэй. Ганц жишээ татахад л Алтанбулаг-Хиагтын чөлөөт худалдааны бүсийг байгуулах талаар 20 жил ярьсан хэрнээ энэ талаараа Оросуудтай нэг ч удаа ярилцаж байгаагүй, одоо болтол гэрээ, хэлэлцээр хийж үзээгүй яваа гэвэл яах вэ? Итгэхийн аргагүй байгаа биз. Гэтэл үнэн ийм л байх жишээтэй. Яг л бидний өнөөгийн аливаад ханддаг хандлага, бодит байдал энэ. Оросууд өөрсдөө гайхаж байна. Тэдэнтэй яриагүй атлаа Орос-Монголын чөлөөт худалдааны бүсийн тухай хорин жил ярьж явааг.
Тэд хаа холын вьетнамчуудтай өнгөрсөн сард чөлөөт худалдааны бүс байгуулчихлаа. Хятадууд ч ялгаагүй. Сайншандын чөлөөт бүс биднээс хамаараад энэ олон жил мурий сарий хатгасан төмөр хашаанаас хэтэрсэнгүйг ичиглэж байна. Хоёр хөрш маань бүтээлч байдлаараа бидэнтэй харьцуулшгүй хөдөлмөрч, ярихыг бус хийхийг эрхэмлэдэг ард түмнүүд. Монголчууд худлаа ярьж, тавьтиргүйтсээр байгаад хоёр хөршөө төдийгүй гуравдагч орны найз нартаа итгэл алдаж, үнэ хүндгүй болж эхэлж байна.
Улс орны эрх ашиг хувийнхаас доош орсон, хоорондоо тэрсэлдсэн, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, чадваргүй албан тушаалтнууд төрөөр дүүрэн хальж, хахан шахалдсан , хоёр хөршөө муулсан, хамаг бурууг бусдад чихсэн нэг л өөдгүй, увайгүй шинж байдал маань бидний зиндаа, зэрэглэл хаана байх ёстойг тодорхойлж байгаа болохоос хэн нэгэн хувь хүнээс шалтгаалсан юм алга. Бид өөрөө өөрсдийгөө үл хүндэтгэх атлаа бусдаас хүндэтгэл нэхэж байгаа нь үнэн гайхалтай.
Ялалтын баярыг сурвалжилж Москвад өнжсөн өдрүүдэд нэг л зүйлийг онцгой анзаарлаа. Оросууд Монголыг мартаж эхэлж байна. Ялангуяа залуу үеийнхэн нь.
Москвад Монгол бидний боддог шиг тийм ч чухал биш болж. Оросууд маш хүнд үеийг Хятад, Энэтхэг, Казахстан гэсэн Азийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улсуудтай илүү дотносон түншилж туулж яваа. Мэдээж БРИКС-ийн гишүүн орнууд Москвагийн хамгаас эрхэм андууд нь. Андууддаа хэрхэн хандаж байгааг та бид харсан. Хамгийн сайн анд нартаа хамгаас илүү хүндлэл үзүүлэх нь зүй ёсны хэрэг. Үүнээс гадна АНУ, Өрнөдийнхөнд өвдөг сөхрөхгүй гэдгээ Оросууд нотолж байна.
Дэлхийн хоёрдугаар дайнд монголчууд өөрсдийн хэрээс хэтэрсэн хэмжээгээр Оросуудад тусалж байсан нь үнэн. Бидний тусыг үнэлдэгээ ч Путин Ялалтын баярын индэр дээрээс тод хэлсэн. Гэхдээ Хятад, Казахстанд хандаж байгаа шигээ дотно биш. Үүний төлөө монголчууд дээрх хоёр оронтой барьцах нь утгагүй юм.
Яагаад гэвэл бид бусдад найз байж чаддаг билүү?
Хятадуудаас илүү бид дайны хүнд цаг үед хойд хөршдөө тусалсан гэх нь аанай л өөрсдийгөө хэт дөвийлгөсөн бардамнал. Даруухан байя л даа. Бодит үнэнийг өгүүлэх аваас дэлхийн II дайнд хамгийн их хохирол үзсэн улс бол Орос, Хятад хоёр. Оросууд 27 сая, хятадууд 7.5 сая хүнээ дайнд алдсан байдаг. Гитлерийн холбоотон Японы дөрвөн сая хүнтэй армитай Хятадууд бараг найман жил зууран тулалдсан нь Оросын Алс Дорнодыг амсхийлгэсэн нь худлаа биш.
Си Зинпиньд хэрхэн хөл алдаж байгааг зөвхөн хоёрдугаар дайнтай холбон ойлгож мэдээж болохгүй. Оросын аврал Хятад болоод байгаад л учир нь байгаа юм. Ялалтын баярын урьд орой Москвад газардсан Си Зинпинь тэр оройдоо Путинтай уулзаж 40 гаруй баримт бичигт гарын үсэг зураад амжлаа. Оросын хөдөө, аж ахуйд туслах зорилготой хөрөнгө оруулалтын санг байгуулснаа зарлан эхний ээлжинд 20 тэрбум доллар амлалаа шүү дээ. БРИКС-ийн орнуудын Хөрөнгө оруулалтын санг албан ёсоор байгуулснаа Путин мөн Ялалтын баярын өмнөхөн чангаар зарласан.
Энэ бүхэн дэлхийн улс орнууд хүйтэн дайны үеийнх лүгээ байдалд дахин орж хэрхэн талцан хуваагдаж буйг нотолсон хэрэг явдал биш гэж үү. Өмнө нь Ялалтын 65 жилийн ойд оролцон цэргийн баг бүрэлдэхүүнээ Улаан талбайд алхуулж асан Америк, Их Британи, Францчууд энэ удаа ирсэнгүй. Европоос Серб тэргүүтэй цөөхөн орон Москвад уригдсан бол Азийн орнууд гол зочид нь байсан. Тэгэхээр Оросуудын ирээдүйн бодлого эргэлт буцалтгүй Азид чиглэснийг энэ бүхэн харуулж байгаа хэрэг хэмээн ойлгогдож байна.
Тэгэхээр бид өөрсдийгөө дахин хичээх хэрэгтэй болж. Учир зүггүй “тэнгэрт амьдардагаа” больж бүтээлч, эх оронч болох хэрэгтэй байна. Гэхдээ хуурамч бус. “Монголын ЗА андгайр буй за” гэдгээ санаж мөрдөж, сахиж сэрж явах цаг болж. Одоохондоо Оросуудын хувьд хоёрдугаар эгнээнд байгаа нь их юм. Энэ бол Элбэгдоржийн бус Монголын зиндаа, хэр хэмжээ. Бид бусдад ингэж л үнэлэгдэж байна аа гэсэн үг. Эхлээд өөрсдөө өөрсдийгөө, тэгээд бусдыг хүндэлж сураад хариу нэхэх нь ядаж шударга болно. Ялалтын баяр ямар сүр жавхлантай болов. Тэнд бүх зүйл байх ёстой байрандаа, эдлэх ёстой эрэмбэ зиндаандаа байлаа.
...Этот День Победы порохом пропах
Этот праздник с сединою на висках
Эта радость со слезами на глазах
День Победы День Победы
День Победы...
Москва-Улаанбаатар /2015.05.09/