Бүх хүн одонтой болох тийшээ хандаж дээ янз нь. Болох л юм. Гэхдээ одонгоор гангарах тусам хөгжил ухраад ядуурал өсөөд байдаг. Бүгд одонтой мөртлөө хоцрогдсон ард түмэн байснаас нэг ч одонгүй хоцрогдсон ард түмэн байх нь нэрэнд цэвэр сэн. Одонтойчууд олширч одонгүйчүүд цөөрөх тутам одонгүй хүний дотор харанхуйлсаар. Одонгүй хоцорсон хүмүүс цөөрөх тусмаа жагсаал суултдаа хүрч нэрээ хөөднө. Аргагүй хөөрхий. “Улсын одонгүйчүүд” хэмээн шаарлагдаж, хэдүүлхнээ тунавал ёстой эвгүй. Ганцаараа одонгүй үлдчих вий гэж айх нь зөв. Тэгвэл үр хүүхэд, ач зээ нартаа юу гэж хэлэхэв? “Ерөнхийлөгч танаа! Одон өгөөч!” гэж насны эцэст хэвлэлийн бага хурал хийж, ямар сайндаа телевизийн дэлгэцэнд ичсэн нүүрээ улалзуулан өмөлзөж суухав. Энэ бол инээд биш ханиад. Уг нь ард түмэн минь хоорондоо ав адилхан байвал сайхан сан. Хүн амаа ингэж  алагчлан хямруулах тэнэг бодлого юунд хүргэдэг бол?  

Одон тэмдгийг Манжаас бус Оросоос сурсан. Орос ахын зааврыг орхих ёсгүй гэсэн хатуу үзэлтэй партизанууд шүд зуусаар. Шүд зуух нь ч бас аргагүй. Оросжихын төлөө оросжоогүйгээ тонилгочихсон улс юм чинь орос зааврыг шүтсээр дуусахаас өөр яахав. Орос зааврыг орхивол ахан дүүсийнхээ нулимс цус амиар оросжсон нэг үе буруудна. Тэгэхээр шүд зуух нь аргагүй чааваас. Коммунист үзэл бидний тархины бор хальснаас арилахгүй дэг ээ. Орос ахдаа алуулж, шулуулж байсан ч мөргөсөөр насыг барна. Үхсэн хойноо сүнс нь орос ахдаа мөргөдөг бол уу, яадаг бол? Хоёрхон хөрштэй. Хойш харж арчаагүйтээд, урагш харж боргосоор нэгэн зууныг барсан. Дэлхийд ийм муухай хоёр нүүртэй ард түмэн биднээс ондоо байдаг бол уу? Шившигтэй хоёр нүүртэн болохыг бид өөрсдөө санаачлаагүй. Хэт их гүрэн хэт ядмаг биднийг уяаны нохой болгоод дохио зангаагаар хуцуулж сургасныг даян дэлхий мэднэ. Онц сайн хуцсаны энгэрт дохуурхан одон медаль гэгч алаг төмөр зүүж эхэлсэн түүхтэй. Орос одонгууд дуурайлган монгол одон үйлдвэрлэж, орос одонгийн нэрийг орчуулан монгол одонгоо нэрлэв. Цусан гавъяаны одон гэх аймаар нэртэй одон анхдагч нь байх. Цэргээс халагдаж хөдөө харьсан залуу айлын бүсгүйд сээтэн хаяхдаа, “Танай нохой энэ шүдээрээ” гэж аман дахь алтан шүдээ заагаад, “Миний энэ шилбэнээс хазвал” гэж хромон гутлаа үзүүлээд, “Би танай нохойг яг энэ цаг мөчид” гэж бугуйн цагаа харуулаад, “Энэ буугаараа” гэж нагаанаа гаргаад, “Энэ рүү нь буудна” гэж зүрхэн дээрээ зүүсэн медалиар гайхуулж байсан гэдэг. Одон зүүх синдром ингэж үүссэн түүхтэй. Энэ синдром ардчиллын үед арилах нь байтугай улам хүч авсаар биднийг ертөнцийн доог тохуу болгох нь. Болгох нь ч гэж дээ, болгодгоо аль хэдийнэ болгожээ.    

Бүх мэргэжил гавъяат цолтой. Гавъяат багш, эмч, эдийн засагч, гавъяат малчин, тариачин, урлагийнхныг бол яриад ч яахав. Гавъяат цэвэрлэгч гэж бий юү? Бий байх аа бий байх. Яагаад байж болохгүй гэж? Цэвэрлэгч чинь хамгийн бага цалинтай, хамгийн бохир хөдөлмөр.  Одоо “гавъяат дарга” цол бий болгох гээд УИХ үзэж тарж байна. Удахгүй “гавъяат өвгөнт” цол гарах байх. Бүгд одонтой болбол гоё байх аа: Дээрэмдүүлж буй нь одонтой, дээрэмдэж буй нь одонтой. Хөлдөж буй нь одонтой, хөлдөж үхсэн нь одонтой. Гудманд унтаж буй нь одонтой, сэрээд шээж буй нь одонтой. Гавлуулж буй нь одонтой, гавлаж буй нь одонтой. Хоосорч буй нь одонтой, хоосолж буй нь одонтой. Өлбөрч буй нь одонтой, ялзарч буй нь одонтой. Мөргөж буй нь одонтой, мөргүүлж буй нь одонтой. Хаустай нь одонтой, хар гэргүй нь одонтой. Хууль зохиогч одонтой, хууль завшигч одонтой. Нэг үгээр нарсныхан бүгд одонтой, нарныхан бүгд одонтой.

Одонгийн хур буусаар ахул ийм ирээдүй ойрхон. Одонгийн хур буулгахгүй гэвэл одонгүйчүүдийн гомдлыг яах вэ? Ерөнхийлөгчид бултах зам алга. Хүн бүр энгэрийн инээдэмтэй энэ алаг төмрүүдийг тоохоо боливол Ерөнхийлөгч ерөнхийлөгчийнхөө ажлыг хийх сэн. Нэгийг нөгөөгөөс албан ёсоор ялгаж дугаарласан ийм эрээн төмөр уг нь коммунист Оросын эрхшээлд орохоос өмнө Монголд байгаагүй гэсэн. Ийм тэнэг юмтай ухаант хүмүүн ХХI зуунд зууралдаж байх ч гэж дээ. Ёо ёо толгой өвдчихлөө. Ийм эдгэрдэггүй солиоролд орос ах нар минь тэнэг биднийгээ яах гэж ховсдов доо. Бид орос гипонозоос гарч чадахгүй нь. Нэг бол одоо бүх хүндээ одон өгье . Одонгүй хүн нэг ч үгүй болчихвол одонтой нь хэндээ гайхуулах юм бэ? Нөгөө бол бүх одон медалийг хайлуулъя. Хүний амь аварсан, олондоо онцгой ашиг гаргасан хүнийг урамшуулах нь эрүүл ухаан. Мөнгөөр шагнахгүй юу. Монгол хүнд мөнгө хэрэггүй гэж арай бодоогүй биз дээ. Хүн ядуу байх харамсалтай. Мэхлэгдсэн ядуу хүн байх бүр ч харамсалтай.
                                                                                                                         2010