Шинэ сайд нарын гуравны нэг нь УИХ-ын гишүүд
МАХН-ын их хурлаас ийм шийдвэр гаргажээ. Засгийн газарт байх УИХ-ын гишүүдийн тоог хязгаарласан төрийн хууль, аль нэгэн намын дүрэм одоогоор байхгүй.
Нэгд, М.Энхболдын танхим 18 гишүүнтэй. И.Эрдэнэбаатар, Ц.Даваадорж нараас бусад 16 нь УИХ-ын гишүүн. Хэрэв одоогийн Засгийн газрын бүтцийг 18-аар нь хадгална гэвэл тэдний гуравны нэг болох УИХ-ын зургаан гишүүн л С.Баярын танхимд багтах боломжтой. Шинэ Засгийн газар эрхэлсэн сайдгүй, Хэрэг эрхлэх газрын дарга нь сайдын статусгүй байна гэсэн хувилбар яваа сурагтай. Ингэвэл үлдэх 15 сайдын тав нь парламентын гишүүд байж таарах нь.
Хоёрт, Төрийн шинэтгэлийн үзэл баримтлал бол МАХН-ын л шийдвэр. Төрийн хууль биш. Тэгэхээр “гуравны нэг” гэсэн хязгаар зөвхөн МАХН-аас томилогдох сайд нарт үйлчилж болох юм. Одоо МАХН-аас 11 сайд бий. Тэд бүгд УИХ-ын гишүүн. С.Баярын Засгийн газрын хувьд аль намтай эвсэхээс хамаарч МАХН-д ногдох сайдын тоо тодорхойлогдоно. Жишээ нь, 18 сайдын 12 нь МАХН-ынх байлаа гэхэд тэдний дөрвийг УИХ-ын гишүүдээс сонгож болж байна. Хэрэв “гуравны нэг”-ийн зарчим нийт танхимд үйлчилнэ гэвэл МАХН-д ногдох УИХ-ын гишүүн-сайдын квот бүр цөөрнө. Дээр нь эвссэн намынхаа боловсон хүчний давхар албан тушаалын талаар нэмэлт зөвшилцөл хийх шаардлага МАХН-д гарна. Эхлээд эвсэх намаа тогтоно, эвсэхгүй ч гэсэн бусадтай нь ойлголцоно, эцэст нь сайд нараа сонгоно.
С.Баяр УИХ-ын гишүүдээс суулгах сайдын цөөхөн суудлынхаа нэгийг М.Энхболдод зориулахаа ил мэдэгдсэн. Ерөнхийлөгчөөс шахаж байгаа гэх Ц.Мөнх-Оргил, Д.Тэрбишдагва нарыг хоёуланг нь биш юмаа гэхэд нэгийг нь авч таарна. Намын дарга болоход тулсан, цаашид парламентаас түших “Элсний 13”-ынхаа гавьяаг нэг сайдаар ч болов үнэлнэ. Төсөв хэлэлцэж байгаа энэ үед Сангийн сайдыг өөрчлөх эргэлзээтэй. “Гуравны нэг”-ийн босго С.Баярын өөрийнх нь дэмждэг, энэ Засгийн газрын харьцангуй нэр хүнд сайтай Гадаад хэргийн сайд Н.Энхболдод ч халгаатай тусч байна. Нэгийг солиллоо гэхэд нөгөө нь бас л УИХ-ын гишүүн байх сайдын алба ч байна. Жишээ нь, өөр хуульчгүй юмшиг л Хуульзүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны даргын албанд Д.Одбаяр, Ц.Мөнх-Оргил нар л ээлжилж байх юм. Тэд хоёулаа Элснийх. Гэхдээ нэг нь намын даргадаа, нөгөө нь Ерөнхийлөгчид илүү элэгтэй нь улстөрийн үйл явдлуудаас харагддаг. С.Баяр намын өмнөх удирдах зөвлөлд Д.Одбаярыг нэр дэвшүүлсэн. Дараа нь Ц.Мөнх-Оргилыг нэр дэвшүүлсэн намын даргын саналтай Д.Одбаярыг өрсөлдүүлж сайд болгосон гэдэг. Ц.Мөнх-Оргилын тухайд Н.Энхбаяр, Ц.Нямдорж нартай 2000 оноос тогтооосон харилцаандаа үнэнч яваа. Тийм ч учраас намд элсээд дэд сайд, нэр дэвшээд УИХ-ын гишүүн, албан тушаал ахиад сайд, огцроод байнгын хорооны дарга гэсэн улстөрийн карьертай яваа. Саяхны үйл явдлаар “Элсний 13” дотроо Д.Одбаяр нь С.Баярт, Ц.Мөнх-Оргил Ерөнхийлөгч Н.Энхбаярт ойр байсан гэх мэдээ бий. Намын дарга, Ерөнхий сайдыг салгаж, М.Энхболд, С.Баяр нарын аль нэг нь Цагаан байрандаа үлдвэл дараагийн Засгийн газрын тэргүүнд Ч.Улаан, Ц.Мөнх-Оргил хоёроос өөр сонголт байгаагүй гэдэг юм билээ. Үйл явдал, амлалт, шахалт, өр төлөлт энэ мэтээр УИХ дотроос голдуу явна. Гэтэл эвсэх намын тоо, амлах сайдын суудал хязгаартай. Харин өөрийгөө сайд гэж харж байгаа 70 гаруй амбийц ганцхан С.Баярыг ширтэж байдаг.
Намын дарга болох, Ерөнхий сайдаа авах нь С.Баярт тийм хүнд байгаагүй байх аа. МАХН-ын шинэ даргын хүнд өдрүүд одоо л эхэлж байна. Тэр өөрийн толгойгоор явах, өрөөлийн өрийг төлөх, эв нэгдэл талаасаа алтан дундажийг олох гэсэн гурван сонголтын өмнө зогсч байна. Засгийн газарт байх УИХ-ын гишүүдийн тоонд квот тогтоосон нь МАХН-ын даргыг бүр хүнд байдалд орууллаа.