Сьера Леонд удаан хугацаагаар үргэлжилсэн иргэний дайныг зогсоох зорилгоор НҮБ-ын энхийг сахиулах цэрэг орсон юм. Саяхан НҮБ-ын ажиллагаа амжилттай өндөрлөснийг тэмдэглэв. Сүүлийн жар гаруй жил НҮБ нь дэлхийн өнцөг булан бүрд энхийг сахиулж дайны гал дүрэлзэхээс сэргийлж байв. Сьера Леонд хийсэн ажиллагаа нь хамгийн амжилттайгийн нэг гэж тэмдэглэж байна. НҮБ-аас энэ ажиллагааг сайшаасан тогтоол гарсанд олон орны хүчин зүтгэлийг дурьдаад Монголын энхийг сахиулах цэргийг бүр ганцааранг нь онцлон магтсан байна. Зааны ясан эрэгт энхийг сахиулахаар хамгийн түрүүн уригдлаа.

    Урьд нь Олон улсын цэргийн ажиллагаанд багтан Ирак, Афганистанд үүрэг гүйцэтгэсэн монгол цэргүүд мөн өндрөөр үнэлэгдсэн. Монгол цэрэг өнөөдөр дэлхийн олон оронд энхийг сахиулж дайны түймэр унтрааж яваа нь асуудлын зөвхөн нэг тал юм. Монгол орныхоо нэр сүрийг гаргаж, монгол цэргийн сүр жавхааг гайхуулж яваа нь бүр жижигхэн асуудал. Хамгийн гол нь тэд бүрэн эрхт бүгд найрамдах улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж яваа юм.

    Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал нь хоёр туйлт хүчний харьцаан дээр олон жил тогтож ирсэн. 1920-иод оны үед хоёр хөршид хоюуланд нь иргэний дайн дэгдсэнээс болж өмнөөс Сю Шүжан, хойноос Унгерн орж ирсэн. Аль алин нь төв засгийн газрынхаа зөвшөөрөлгүйгээр иргэний дайны халиагаар ингэсэн билээ. Нэгийг нь нөгөөгөөр нь хөөлгөж, хоорондын зөрчилийг нь ашиглаж байж Монгол улс үлдсэн юм. Харин хориод оны дундуур хоёр хөршийн хоорондын харилцаа сайжрахын хэрээр Монгол улсын тусгаар тогтнолыг Дорнод Хятадын төмөр замаар арилжчихсан хэрэг ч мандаж л байсан. Гагцхүү 1928 онд Хятад Зөвлөлтийн харилцаа эрс муудсаны хүчинд мөн л бүтэн үлдсэн. Явсаар арай гэж 1946 онд хоёр хөршөөрөө тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлаа хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Дундаа жийргэвч бүстэй байх гэсэн сонирхол нь ийм алхамд хүргэсэн. Хүйтэн дайны үед илүү хүчирхэгийнх нь талд зогсон газар нутгаа цэргийн полигоноор ашиглуулсаар 1990 онтой золгосон билээ. 1988 он гэхэд хоёр хөршийн харилцаа сайжрангуут Монголыг зөнд нь орхичихсон.

    Хүйтэн дайн төгсөж Монгол улс ардчилсан нийгэмд шилжин, гадаад дотоод бодлогоо өөрснөө шийддэг болонгуут авсан хамгийн анхны арга хэмжээ нь “гурав дахь хөрш” гэсэн бодлогыг зарлан тунхагласан явдал юм. Дэлхийн хамтын нөхөрлөлд бат нэгдэж, орон болгонтой найрамдан нөхөрсөг хандах тухай тунхаглал болой. 1997 онд цэргийн номлолоо бүрэн өөрчлөн монгол цэрэг эх орноо олон улсын гадаад олон тулгуур дээрээ түшиглэн хүчний харьцааг зөв тэнцвэртэй барьж байхаар боллоо. Мөнхийн хөрш Орос, Хятад хоёрын Монгол руу хандсан ашиг сонирхол, улс төр эдийн засагт эзлэх байр суурь бол тэртээ тэргүй байх зүйл. Чухам энэ оролцоо ашиг сонирхолын дундуур “гурав дахь” хөршийн ашиг сонирхол оролцоо тэнцвэрийг хадгалахуйц хэмээжээгээр мөн оршин байх нь Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолыг хадгалах үндсэн баталгаа юм гэж үзсэн хэрэг.

    Эдийн засгийн хувьд өнөө болтол Монгол улс хүчний тэнцвэр тогтоож чадаагүй явна. Орос нь Монголын эрчим хүчийг үндсэндээ бүрэн хяналтандаа байлгадаг. Шатах тослох материал тэднээс зуун хувь хамааралтайгаас гадна бэлэн цахилгаан эрчим хүч ч тэдний гарт. Төмөр замын сүлжээ ч мөн Оросын хяналттай. Хамгийн том үйлдвэр болох Эрдэнэт, Монросцветмет мөн оросуудтай хамтарсан. Нэг үгэндээ өнөөгийн эдийн засгийн стратегийн бүх салбар Оросоос бүрэн хамааралтай юм. Хятадын хувьд гадаад худалдааны тэн хагасыг дангаар эзэлдэг тэд стратегийн бус бараг бүх салбарт хяналтаа тогтоогоод байгаа билээ. Цаашид энэ хамаарал улам өсөн нэмэгдэх болно. Гэтэл гурав дахь хөршөөр хүчний тэнцвэр буй болгох “сайхан санаа” маань даруй хорин жилийн турш хий тунхаглалын шинжтэй явж ирлээ. Өнөө болтол аль ч хөрш бус орны дорвитой хөрөнгө оруулалт орж ирээгүй байна.  

    Оюутолгойн ордын ашиглалт нь дангаараа өнөөгийн Монгол улсын эдийн засагтай дүйцэнэ. Энэ бол Өрнөдийн анхны дорвитой хөрөнгө оруулалт юм. Ашиглалтад ороогүй байхдаа л Монголын эдийн засгийн чадавхийг жил болгон давхарлан өсгөж байна. Гурав дахь хөрш гэхээр шууд тэр улс гэж заах орон байхгүй л дээ. Гэхдээ гурав дахь хөршийн манлайлагч болох АНУ, Японы дорвитой хөрөнгө оруулалт байхгүй л байсаар байна. Гурав дахь хөршийн эсрэг, ялангуяа тэдний хөрөнгө оруулалтын эсрэг байнга дэгдэж байгаа гүтгэлэг, үгүйсгэл, доромжлол, цуурхал, самууныг би л лав цаанаа захиалагчтай зориудын үйлдэл гэж хардаг. Хятад иргэн, орос хүнийг сонжсон сүржигнэл сонсож байсан болохоос тэдний хөрөнгө оруулалт, томхон тоглоомд шүүмжлэлтэй болон магтсан цунами ганц ч гардаггүй шүү дээ. Сүхбаатарын цайрын орд, Сэлэнгийн төмрийн орд, Монросцвет зэрэг аварга үйлдвэрлэлийн тухай муу сайн юу ч сонсогддоггүй, байгаа эсэх нь мэдэгддэггүй. Тэгсэн мөртөө 68 хувийн татварыг нь ганцаараа төлсөн, 2009 оны үзүүлэлтээр улсын хэмжээгээр хамгийн их татвар өгч Эрдэнэтийн урд гарсан Бороо гоулд компанийг яаж боорлодог билээ?

Урдаас хүнсний ногоо оруулахгүй өөрснөө тарина, эсвэл хойноос сүү оруулахгүй өөрснөө саана гэдэггүй мөртөө нүүрсээ өөрснөө ухаад цагаан хэрэм давуулж шидээд байхад дөнгөлгүй яахав, өрнөдийн банк санхүүгийн “эдийн засгийн алуурчид” зайлцгаа, бид тоогоо өөрснөө бодчихоно, Лондонгийн хөрөнгийн бирж гэдэг бол аюул занал тэрний оронд Элдэв-Очирын нэрэмжит кино театртаа бид өөрснөө мөнгө босгоно гэцгээж буй нь өвчтэй хүний яриа гэхээсээ өрнийг түлхэх гэсэн даалгавартай явуулга гэмээр. Мэдээж хоёр хөршийг үргээх, хясан боох бодлого байж таарахгүй, гагцхүү зориудаар тэнцвэрийг алдагдуулах, эсбөгөөс хүчний ийм тэнцвэр тогтоолгохгүй гэсэн тодорхой бодлого цаанаасаа яваад байгаа учраас гуравдахь хөршид ижил хандахгүй байнаа л гэж байна. Дундын тоглоом, нөөц хөзөр, жийргэвч бүс болсон жижигхэн Монголд ядаж байхад дээр нь өөр тоглогч оруулж ирэх сонирхол яаж ч бодоод манай хоёр хөршид байхгүй. Юу үнэн, энэ л үнэн юм даа.

    Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хамгийн  ноцтой зүйл бол Монголыг вакуумжуулах явдал. Орос Хятад хоёр ийм бодлогыг Хойд Солонгост сүүлийн 20 жил явуулж байна. Үхүүлэхгүй, гэхдээ сэхээхгүй. Тэдний авир үзэл суртлаас болоод өрнийн хөрөнгө оруулалт байхгүй, хоёр аварга хөрш нь болохоор Америк, Японы эсрэг боргодог нохой байлгахаар бодон гол зогоогоод тэсвэрлэх хэмжээнд нь тэжээдэг боловч босч өндийх бололцоог нь хааж вакуум орчинд байлгаж байна. Оросын, Хятадын, Солонгосын, Өрнийн, Японы, Америкийн эсрэг өдгөө Монголд дэгдээд байгаа хийрхэл нь явж явж хэн нэгний зориудын урьдаас бодсон тоглоом байж болох юм. Хүний нохой идэхээр хэнд ч үгүй байг гэж бодож болноо доо. Оросын алс ядуу районтой нь хиллэдэг Монгол, Хятадын гадаад худалдааны мянганы нэг хувийг эзэлдэг Монгол энэ хоёр орны хувьд төдийлөн ач холбогдолтой биш. Харин геополитикийн хувьд завсраа өргөс шаалгаж байх хэрэг юун.  
    Хүчний тэнцвэр барихад манай цэрэг арми эдийн засагтайгаа харьцуулахад хавьгүй дорвитой үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр мэргэжлийн төвшингөөр олон улсын жишигт хүрсэн ганц салбар гэвэл монгол цэрэг л байна. Арван жилийн турш дэлхийн өнцөг булан бүрд ажилласнаар мэргэжил боловсролоо дагаад сэтгэлгээ нь хүртэл эрүүл саруул болжээ. Монголын тогтвортой ардчилал, монгол цэргийн чадвар мэдрэмж хамтын нөхөрлөлийн орнуудад зохих ёсоор үнэлэгдэж, өнгөрсөн жил Монгол улс НАТО-ын нэгдүгээр зэрэглэлийн түнш орон боллоо. Нэгэнтээ дэлхийг түймэрдэж явсан монгол цэрэг өнөөдөр дайны галыг унтраалцаж, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж яваа нь жинхэнэ бахархал мөн. Мөхөх үндэстэн урьдын дурсамжаараа амьдардаг, сэхэх үндэстэн маргаашаа мөрөөдөж өнөөдрөөрөө амьдардаг. Олон улсын тавцанд Монгол улсын ашиг сонирхлыг илэрхийлж, хүчний тэнцвэрийг бодитоор буй болгон сахиж яваа монгол цэрэг өөрийн баярын өдөртэй боллоо.

    Монгол цэрэг гэдэг бол хоёр мянганы өмнө цагаан хэрмийг давж явсан, найман зууны тэртээ Адриатын тэнгис хүрсэн, дөрвөн зууны өмнө эх орноо хамгаалж явсан, зуун жилийн өмнө Ховдын цайзыг буулгаж авсан, жаран зургаан жилийн өмнө дэлхийн дайнд оролцож байсан, өдгөө дэлхийд энхийг сахиулан төрлөх эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж яваа дайчид юм. Монгол цэргийн үйлс бадраг, өлмий бат оршиг!
2011.03.14