Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын гамшгаас болж хоёр жил наадмаа хийгээгүй монголчуудын хувьд энэ жил ихээ хөл хөөртэй наадахаар зэхэж байна. Эрх баригч МАН, Засгийн газрын зүгээс өнгөрсөн жил хийж чадаагүй улс хувьсгалын 100 жилийн ойг 101 жилийн ойтойгоо хамтатган тэмдэглэхээр болсон нь баяр наадмыг улам өргөн дэлгэр болгож байгаа. Тэгш ойтой баяр учраас улсын наадамд уламжлал ёсоор 1024 бөх зодоглож, шинэ аварга, арслангууд төрнө гэсэн хүлээлттэй.

Монгол түмний баяр наадмын хамгийн том цэнгүүн нь үндэсний бөхийн барилдаан, шинээр төрж буй аварга, арслангуудаа шинжин хэлэлцэх явдал юм шүү дээ. Үндэснийхээ хувцас, гоёлоо өмсөж, баяр хөөр болсон түмэн Төв цэнгэлдэхийг тойрон багширч, наадмын хуушууранд дугаарлах, асрын дороос хүчит бөхчүүдийнхээ уран, хурц барилдааныг дурандан уухай хадааж суух нь баяр наадмын хамгийн тод томруун дүр. Соёолонгийн тоосонд орох гэсэн морьтон түмэн машиндаа суугаад Хүй долоон худаг руу уралданхан давхилдаж, зам зуурын тоосонд даруулах ч бас монгол наадмын содон өнгө, нэг төрлийн хүндлэл юм даа.

Энэ бүхэн өмнөх хоёр жил үргэлжилсэн хөл хорио, иргэдээ бүх нийтээр нь /12-оос дээш насны/ хамруулж чадсан  вакцинжуулалтын нөр их ажлын үр дүн юм. Харьцуулахад манайхаас урьтаж хил, гаалиа нээсэн, хорио цээрийн дэглэмээ сулласан Азийн бусад улс орнууд энэ жил коронавирусын гуравдахь том давалгаанд өртөж, эдийн засгийн томоохон сүйтгэл амсаад байгаа. Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсууд ердөө сарын өмнө хатуу хөл хорионоос гарч байх жишээтэй. Харин манай улсын хувьд өнгөрөгч намраас эхлэн хорио цээрийн дэглэмээ суллаж, сургууль соёлын байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг шат дараатай нээж эхлүүлсний үр дүнд эдийн засаг аажмаар сэргэж, иргэдийн сэтгэл санаа ч гэсэн айдас, түгшүүрээс ангижирсан нэг жилийг бид ардаа орхиж байна.

Хэдийгээр цар тахлын аюул бүрмөсөн арилаагүй ч халдварын тархалт өдрөөс өдөрт хумигдаж, бид ч гэсэн өдөр тутмын амьдралын хэмнэлдээ шилжээд, нийслэл хот маань түгжирдгээрээ түгжирч, нийслэлчүүд маань бухимддагаараа бухимдаж, шүүж тунгааж, шүүмжлэн хэлэлцэх олон асуудалтай суугаа нь цар тахлын дараах бас нэг “амьсгаа авалт” юм даа. Амьд явбал улсын наадам үзнэ гэдэг.

Өнгөрсөн тавдугаар сард Хонконгод гарсан халдварын дэгдэлт, хатуу хөл хорионоос болж өдөрт хэдэн арван мянгаараа гадагшаа дүрвэж эхэлсэн, Шанхайд тогтоосон урт хугацааны хөл хорионы улмаас хүнсний гачигдалд орсон иргэд гудамжиндаа гарч жагссаад эмч, цагдаа нартайгаа тулсантай харьцуулахад монголчууд гадаадад гацсан иргэдээ бүгдийг нь эх орондоо аваад ирчихсэн, агаарын болон автозам, төмөр замын хилээ нээчихсэн, бүр аялан жуулчлагчдыг эх орондоо урин дуудсан төрхтэйгээр энэ жилийн наадмыг угтаж байна. Манайд ирдэг жуулчдын хамгийн их үзэх дуртай зүйл нь монгол наадам юм шүү дээ. Үзэх, үзүүлэх юмс маань харин улам л өргөн дэлгэр, үзэмж төгөлдөр байгаасай.

inews.mn