Ц.Элбэгдорж, яагаад...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарт уучлал үзүүллээ. Тэд татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр шүүхээс ял сонсоод хоригдож байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарт уучлал үзүүллээ. Тэд татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр шүүхээс ял сонсоод хоригдож байсан юм. Ерөнхийлөгчийн энэ үйлдэлд зарим иргэд таатай хандсангүй. Дургүйцэж, уурлаж, бухимдаж байна. Зарим нь тааралдвал түүхий өндөг шидэхээс ч сийхгүй болоод явчихлаа. Одоо улс төрийн шилдэг тоглолтууд финалд өрсөлдөх болно. Ерөнхийлөгч ямар “тэнэг” юм бэ... Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол ийм шийдвэр хэзээ ч гаргахгүй байсан. 2016 оны сонгууль дөхсөн, эдийн засаг элгээрээ хэвтчихээд засаг барьж буй намынх нь нэр хүнд шаварт уначихаад байгаа цаг үед тэр муу гадаадын гурван баагий ер нь хэнд хамаатай юм бэ. Аавын хөвгүүд ордоггүй газар биш хатаж л байна биз. Тэнд чинь халаасны хулгайч, дээрэмчдээсээ эхлээд төрийн тэргүүн нь хүртэл ороод гардаг газар. Улс орон даяар зүхүүлэн улаан нүүрээ улалзуулан байж уучлал үзүүлэхгүй байсан. Гэтэл , Ц.Элбэгдорж яагаад...
Ер нь энэ хүний хэлсэн үг бүрийн араас, явсан газар бүхэн дуулиан шуугиан дэгдэж байдаг нь ямар учиртай юм бэ. Ингээд түүний хийсэн хачин жигтэй алхмуудаас тоочих гэж оролдъё. 1990 онд Ардчилсан хувьсгал ялалтад хүрч Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч социалист нийгэм унасан тэр үе. Манайхтай адилхан ардчилал ялсан улс орнууд Коммунист намаа хааж, зарим дарга нарыг нь буудан хороож байлаа. Тухайн үеийн МАХН-ын удирдлагууд ухаалаг шийдвэр гаргаж байр сууриа тавьж өгсөн. Гэвч МАХН-ыг хаах тухай ярилцаж эхлэхэд Ц.Элбэгдорж эсэргүүцээд болиулчихсан юм. Тайван замаар хувьсгал хийсэн бол тэр чигээрээ л тайван замаар ардчиллыг хөгжүүлэх ёстой, ямар ч хүч хэрэглэсэн шийдвэр гаргаж болохгүй гэж. Үүнийхээ горыг тэр, түүний нам олон жил амссан. Харин гадаад ертөнцөд бол Монгол хүчирхийллийн бус замаар нийгмийн шилжилт хийсэн хэмээн дүгнэдэг.
1994 онд бас нэг сонин юм болж билээ. УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржид улсын нууц задруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэв. Дээр дооргүй шуугиан дэгдлээ. Гэтэл мань эр “Би УИХ-ын гишүүнээсээ өөрөө татгалзаж байна. Шалгуулчихаад ирье. Харин дахиж ирэхдээ бид олуулаа болж ирнэ ээ... ” гээд гараад явсан. Одоо хүртэл сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзаж эрүүгийн хэрэгт шалгуулчихаад ирье гэдэг хүн гараагүй л байна. Дараагийн нэг цочмог алхам бол Монгол Улс цаазын ялгүй болсон явдал юм. Сонсохоос ч зүрхшээм аймшигт хэрэг үйлдсэн яргачид цаазын ялгүй болоод энэ хорвоод тоос хөдөлгөж байгаа. Тэдний зарим нь Өршөөлийн хуулиар шоронгоос суллагдаад ахин гэмт хэрэг үйлдсэн байсан. Дахиад л бөөн шуугиан хэл ам. Ерөнхийлөгчийг олон хүн энэ талаар шүүмжилдэг. Ялангуяа ах дүү, амраг саднаа бусдын гарт хөнөөлгөсөн ар гэрийнхэн нь уйлан хайлан ярьдаг. Тэднийг харсан хэн ч халширмаар байдаг. Харин Монгол Улс цаазын ялгүй улс орон болсон нь хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоож яваа гэж олон улсын төвшинд үнэлэгддэг. НҮБ дээр дэмжлэг авдаг. Дипломат төвшинд энэ бол том алхам юм гэнэ лээ. Гэхдээ манайд бол Ерөнхийлөгчид шууд хасах оноо. Түүнийг новш болж харагдуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн шийдвэр байлаа. За дараагийн айхтар шийдвэр бол бас л уучлал. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт үзүүлсэн уучлал юм. Хэдхээн жилийн өмнө түүнийг сүр хүчтэй Ерөнхийлөгч байхад өөрөө бол гудамжинд лааз өшиглөж явах үедээ “Намбарын Энхбаярыг улс төрд орж ирэхээс өмнө Монголын улс төр цэвэрхэн байсан юм шүү” гэж мэдэгдэж байсан атлаа. Өнөөх нь шоронгоос гаруутаа л “Би лав Ц.Элбэгдоржоос уучлал хүсээгүй “ гэж мэдэгдсэн. Бас “Тавантолгойг Ц.Элбэгдорж, Сү.Батболд тэргүүтэй нөхөд хувааж авахын тулд намайг шоронд хийх зайлуулах жүжгийг тавьсан” гэсэн утгаар ярьсан. Яг ийм үед би лав түүнтэй тааралдсан бол “хохь чинь ээ” гэж хэлмээр байлаа. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр. Яах гэж уучлал үзүүлсэн юм бэ. Харин үүнийхээ тайлбарыг тэр “Монголын төр шийтгэж чаддаг бол уучилж бас чаддаг байх хэрэгтэй” гэсэн байсан. Ц.Элбэгдоржийг дагасан дуулиан, үе үе гаргадаг цуутай шийдвэрүүд түүнд гай л дагуулдаг баймаар. Яах гэж ингэж түүгээр явсан гайг үүгээр дуудаж өөр дээрээ гал дүрэлзүүлдэг юм бол. Капла нарт уучлал үзүүлчихээд тэрбээр твитер хуудсандаа “УУЧЛАЛ: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу? Монголдоо би хайртай”, “ Уучлал бол гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч өөрөө хүсэлтээ гаргасан хүнд үйлчилдэг шийдвэр. Харин төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцна” гэж бичжээ. Мэдээж үүнийгээ гадаад ертөнцөд Монголын нэр хүнд унаж, хөрөнгө оруулалт байхгүй шахам болчихоод байгаа энэ үед уучлал үзүүлэх нь улсынхаа нэрийг аварсан хэрэг болно гэж тайлбарлах байх. Харин нөгөө талаас нь гадаадын иргэн болохоор уучлал үзүүлж байна. Манай иргэдээс ч бас татварын хэргээр ял эдэлж байгаа хүмүүс бий шүү дээ гэнэ. Харин Ерөнхийлөгч татварын хэргээр ял эдэлж байсан Монголын гурван иргэнийг уучилсан байна. Яг энэ өдрүүдэд УИХ-ын дарга З.Энхболд Японд айлчилж байгаа. Тэрбээр саяхан Японы бизнесмэнүүдтэй уулзах үеэрээ “Монгол бол хөрөнгө оруулахад таатай улс. Монголд хөрөнгө оруулахыг урьж байна” гэж гуйх мэдэгдэхийн завсарт хэлж л байна. Тиймээ, бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ тэд манай улсын хууль дүрмэнд захирагдаж ажиллах ёстой. Хэрэв манай улсын хуулинд татвар төлөөгүй иргэнийг цаазлах ёстой гэж заасан л бол цаазлах ёстой. Тиймээс хэтэрхий чангаруулж баталсан энэ хуулиндаа өөрчлөлт хийх цаг болжээ. Энэ үйл явдал Татварын хууль хэтэрхий чанга байгааг харуулж засч залруулахыг сануулав бидэнд. Энэ үйл явдал Монголд хөрөнгө оруулахаас айсан зарим этгээдийн айдсыг үргээв. Энэ үйл явдал Ерөнхийлөгчийн рейтингийг унагаахад дажгүй хэдэн баллын хүчтэй цохилт өглөө, бас.