Монгол улс нүүрс, газрын тосны арвин нөөцтэй атлаа эрчим хүч, шатахууны импортод олсон жаахан ашгаа хамж өгсөөр өндийж чадалгүй өдгөөтэй золголоо. Ядуу Монголыг өдий хүртэл өндийлгөөгүй гол дарамт энэ. Манайд цахилгаан, шатахуунаа зардаг ОХУ-д монгол хүн бүхэн баярлаж амьдарсны зэрэгцээ энэ нүсэр ачаагаа алхам алхмаар хөнгөлье гэх хүсэл өвөртөлж явдаг. Үүнийг хэн ч буруутгахгүй биз. Хэрэгцээт эрчим хүчээ гаднаас өндөр үнээр авахын оронд хагас хугасыг ч атугай өөрсдөө үйлдвэрлэе гэсэн оролдлого бүрийг маань оросууд янз бүрийн түрэмгий аргаар гацаасны уршгаар бид нүсэр ачаандаа даруулсаар хэвтэнэ.

Эгийн голын усан цахилгаан станцыг (УЦС) оросууд 25 жил гацаалаа. Энэ төслийг ардчиллын анхны хараацай С.Зориг идэвхтэй хөөцөлдөж явсан гэдэг. Алуулаагүй бол энэ төслөө өдгөө гүйцэтгэсэн байж магад. Одоо энэ төслийн нэгжийн захирлаар уулын инженер геофизикч Д.Одхүү ажиллаж байгаа аж. Монголчуудад нэг зовлон байдаг. Оросод монгол хүн хатуу үнэн үг хэлэх нөхцөл тулгарвал шууд илэрхийлж зүрхлэхгүй айсандаа “хоёр хөрш” гэж Хятадыг заавал хамсруулж зөөллөдөг. Ийм хулчгар зан хойч үеийн залууст биднээс халдварлаад арилаагүйд хармаснам. Миний хүндэлдэг нэрд гарсан авъяаслаг сэтгүүлч эмэгтэй хүртэл “Эгийн голын усан цахилгаан станцыг 20 жил хоёр хөрш маань гацаалаа” гэж “Өдрийн сонин”-ы 2016-06-07-д бичжээ. Хятад саатуулах байтлаа станцаа барь гэж тэрбум доллар хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлүүлэх гэв үү. Үүнийг яагаад иш татав гэвэл би ч гэсэн Оросын дээрэнгүй авирыг үнэнээр нь хэлэхээс хулчийж насыг элээлээ. Харин одоо энэ нийтлэлдээ үзэл бодлоо нялцганахгүй шууд бичихээр зориглов. Үхэх дөхөхөөр айдас багасдаг болтой. Дал наян жил бид орос ах гэж худал налигнаж явснаас болж оросууд биднийг буруу ойлгож явсан. Одоо үнэнээ илэн далангүй шууд илэрхийлж, мөнхийн хөршдөө жинхэнэ яс чанараа таниулж айлсъя.

Сүүлийн үед би Эгийн голын УЦС, эцсийн эцэст, баригдах боллоо гэж ямар их хөөрөв өө. БНХАУ тэрбум долларын урт хугацааны хөнгөлттэй зээл хайрлаж, өндөр өртөгтэй эрчим хүч импортлох хүнд дарамт хөнгөллөө гэж өмнөд хөршдөө бүр ч их баярласан гээч. Эгийн гол урсдагаараа хэдэн жил урсаад л өртгөө нөхчих төсөл. Тэгтэл хайрт орос ах нар минь Эгийн голын УЦС Байгал нуурыг гэмтээнэ гээд зогсоочихов. Хятадын тал “Оросууд бидэнд бичиг явуулаад байна. Түр зуур санхүүжилтээ зогсооё. Та нар оросуудтайгаа учраа ол” гэжээ. Хоёр хөршийгөө эв зүйгээ олог гэж хүндэтгэсэн БНХАУ-ын энэ хандлага монгол сэтгүүлчид “Хоёр хөрш Эгийн голын УЦС-ыг гацаав” гэж хальтрах шалтгаан болж. Энэ төсөл 25 жил гацаж буйг дээр дурдсан. Хаанаас гацаадгийг бүгд мэднэ. Тайлбарлаж нурших шаардлагагүй ил дол болсон дарамт. Дэлхий дээр хаа сайгүй УЦС-ууд ажиллаж байна. Нар, салхи, усыг эрчим хүчний “эко” үүсвэр гэдгийг монголчууд мэдэлгүй хүн төрөлхтөнөөс хаягдсан амьтад гэж үздэг товарищууд бүр ч тодров. Усаар хомс Монголын говь талын ангамал хөрсөнд тасарч ширгэлгүй дөнгөн данган урссаар Байгал нуурт цутгамшаа аяддаг нэг гол дээр бэсрэг УЦС ажиллавал хил залгаа нутгийн оросууд хиарчих юм байх. 

Усан цахилгаан станц нэгд ус бохирдуулахгүй, хоёрт Эгийн голын УЦС-аас болж Байгал нуур дундрахгүй. Үүнийг захын тэнэг монгол гадарлана. УЦС барихад том усан сан-нуур тогтоодог. Эгийн голын мөнхийн урсгал, ертөнцийн хур борооны сэлбэлтээр хиймэл нуур дүүрч бялхаад, урсац урьдынхаа хэмжээгээр Байгал нуурт цутгаж төлжүүлнэ. Хурмастаас буудаг хур Эгийн голд станц барилаа гээд татарчихгүй. Тиймээс Байгал нуур усаар хомсдохгүй. УЦС элдэв химийн бодисоор ус хордуулж эрчим хүч гаргадаггүй, усны урсгалыг боож, асар өндрөөс буух аварга хүрхрээний хүчийг энерги болгодог. Бохирдоогүй ус урсдагаараа урсч, эко орчин хөндөгдөхгүй хуучин хэвэндээ мөнхөрнө. Хойд хөршийн эрдэмтэд хиймэл нуур харин ч Байгал нуурт эерэг нөлөөтэйг хүлээсэн байна лээ. Сэлэнгэ Ангар дахь олигархи О.Дерипаскагийн хувийн УЦС-уудаас манайх эрчим хүч авдаг. В.Путины найз О.Дерипаска цахилгаанаа Оростоо борлуулдаг үнээс Буриадад гурав, Монголд 9 дахин өндөр үнээр шахдаг тухай эх сурвалж мэдээлж байв. Эгийн УЦС-ыг чөдөрлөж буй гацаа Оросын ард түмэн бус Монголд цахилгаан нийлүүлдэг Оросын хувийн бизнес гэдгийг ялгаж ухаарах нь найрсаг харилцаанд зөв буй зээ.

Байгал нуурт цутгадаг гол мөрний эх болсон салаа салбарууд Монголын өндөр уул нуруудын ам болгоноос урсан бууж буй. Тэд бүгд хоорондоо нийлж томорсоор хил давдаг. Эгийн гол тэр салаануудын нэг. Тэгэхээр түүн дээр УЦС барих хил давж урсдаг гол учраас хориотой гэнэ. Улс гүрнүүдийн нутаг дамнаж урсдаг мөрнүүдэд барьсан УЦС-уудыг тоолж баршгүй. Тэр гүрнүүд бие биедээ хориг тавихгүй УЦС байгуулдаг найрсаг хөршүүд аж. Хөвсгөл нуураас эх авсан Эгийн гол ОХУ-ын хил давалгүй буцаж дунгуйраад Монголынхоо элсэнд ширгэдэг бол түүн дээр УЦС барихыг ах нар зөвшөөрнө гэх утга хэлсэн хэлээгүй илэрч байна. Ноён элчин сайд И.К.Азизов та “орос ах” гэж монголчууд бидэнд нялуурдагт дургүй гэж “Зууны мэдээ” сонины 2014-08-14-ний дугаарт ярилцлага өгч байсан. Бид та нарыг садан сүлбээтэй ах гэж мангуутсан юм биш. 40 мянгыгаа буудуулсан хэлмэгдлийн үед ямар ч хэлбэрээр хамаагүй бялдуучилж байж амиа авч гарах гэсэн арга ядалтаас “орос ах” гэх албархаг хүндлэл тархсаныг оргүй худал гэх хэцүү. Эмгэнэлт түүхээс улбаатай нялуурал үргэлжлээд буйд би ч дургүй. “Орос ах” гэх нялуурлаа ХХI зууны оросуудыг барууныхнаас ичтэл зориуд амны уншлага болговол биднийг мал биш хүн юм байна гэж магад хэмээсэн оролдлого-шинэ нялуурал байхыг үгүйсгэхгүй.

Монголд эрчим хүчээ урт хугацаанд өндөр үнээр тасралтгүй шахах орос олигархийн ашиг сонирхлын төлөө эх орныхоо УЦС-ыг гацаахаас гудийдаггүй хүйтэн санаатай монгол “ноход” бий. Чонотой нөхөрлөсөн гэрийн банхар чононд байдаггүй зэвүүн ааш гаргадаг. Улс болгон ашгийн төлөө зүтгэх нь зүй. Харьцагч орноо хохироож хожих гоё харагдахгүй. ОХУ дэлхийн хүчирхэг гүрнүүдийн эдийн засгийн хоригт орж элдвээр хэлүүлж буй эгзэгтэй үедээ Монголын ганц УЦС-ыг ямар ч үндэслэлгүй зогсоовол нэр төрд нь сайнаар бус муугаар нэрмээс болох талтай. Найрамдал-дружбаагаа сэвтээлгүй, буурай хөршдөө Эгийн УЦС төслийг зөвшөөрөх болтугай гэж залбиръя. Залбирах учир гэвэл ах нарын дургүй хүрвэл биднийг номхруулж төгсдөг. Гашуун түүхийн хөндүүр эдгэрээгүй байна.

Монгол улс оргил ачааллын үе-өдрөөр ОХУ-аас эрчим хүч нэмж илүү үнээр авахаас аргагүй болдог бөгөөд ачаалал буурсан шөнийн цагаар цахилгааны ихээхэн илүүдэл үүсч оросуудыг эргүүлж авна уу гэхэд үнэгүй бол авна гэдэг. Ингээд бид баахан эрчим хүч шөнөжингөө зарлагдаж ирэв. Энэ доголдлыг Эгийн УЦС арилгах учиртай. Хиймэл нуур байгуулахад Монгол нутагт сүйдэх ой хөвч байхгүй. Газар чөлөөлөхөд уудам нутагтай бидэнд асуудалгүй. Нутгийн иргэдээс мөнгө гаргалгүй тохилог тосгон барьж өгөх юм байна. Малчид станцаа түргэн бариач гэж шавдуулж буй. Эгийн голынхон төдийгүй монголчууд Д.Одхүүг төслөө гацаалгүй түргэн байгуулж гүйцээ гэж дэмжиж байна. Түүний нөлөөг нэмэхийн тулд УИХ-д сонгох хэрэгтэй. Сонголтын гол учир утга УЦС-даа байгаа юм. Гишүүдийн хоосон амлалт замхардаг. Эгийн станцыг Д.Одхүү бүтээвэл агуу үйлс болно. Эгийн мөнх урсгал ямар ч зардал шаардахгүйгээр хэдхэн жилийн дараа зардлаа бүрэн нөхнө гэснээ давтъя. Ийм ашигтай эко төслийг явуулахгүй яах вэ монголчууд аа. Эрвийх дэрвийхээрээ Одхүүг дэмжиж, бүгд гадагш гардаг олон голынхоо ядаж нэгний урсгалыг цахилгаан болгож ашиглая. Жилд цахилгаан, шатахуун хоёрт чухам хэдэн тэрбум доллар төлдөг вэ? Бүрхэг. Энэ их хөрөнгө эх оронд шингэвэл доллар галзуурахгүй. Ядаж хагас хугасыг өөрсдөө бүтээвэл гадагш урсдаг валют цөөрхсөн. Үүнийг яагаад зориуд гацаагаад байна аа үе үеийн эрх баригчид аа.

Манай төслийг гацаах шалтаг хайсан А.Колотов гэгч сибиряк хиймэл нуур тогтоосноос болж эргэн тойрны нь хөрсний үржил шим устаад, ургамал амьтанд аюул учирна гэж сэнхрүүлжээ. (“Зууны мэдээ” 2016-06-09). Усан сангийн хиймэл цэнгэг нуур манай хуурай уур амьсгалыг зөөлрүүлж, бороо хур элбэгшиж, хатаж ангасан хөрсийг чийгшүүлж, өвс ургамал сэргэж, ой хөвч тэлнэ. Би гол мөрнийхөө ай савуудад том жижиг тойром-олгой нуур олныг байгуулах санал дэвшүүлж, “Өөрөө тогтсон Өгий” нийтлэл бичиж байсан хүн. Миний мөрөөдөл УЦС-уудын хиймэл нууруудаар хэрэгжих заяатай ч юм шиг. Унаган мөрөөдлийнхөө үүднээс энэ нийтлэлийг тэрлэв. Оросуудад тоглуулсан төмөр замын гацааг олон жил яншсан юмсан. Одоо УЦС зогслоо гэж үглэж, орос монгол олигархиудын зэвүүг хүргэх нь шиг байна. Энэ нь зохиолч хүнд оногдсон даруухан үүрэг-ланчиг юм. Би ажлаа л хийж байна. Хөгширч үхэх гэж хэвтэж орос ахыг мууллаа гэж нэг ахмад зүтгэлтэн над руу давшлав. Улсын хөрөнгөөр эзэмшсэн мэргэжлээрээ хүн бүр нүд анитлаа хөдөлмөрлөх үүрэгтэй гэж би үздэг. 

Нар салхины эрчим хүчээр улсаа хангахад хугацаа их орох бараг үлгэр тул юун түрүү УЦС барьж, импортын цахилгаанд төлдөг асар их валютаа ирээдүйн нар салхины эрчим хүч ашиглах төсөлдөө нэмэрлэх бодлого Төр Засгийн гавалд нэг л бууж өгөхгүй юм. Харин А.Колотов таны УЦС-ын гамшгийг хүн төрөлхтөн таниад зогсоож буй тухай харанхуй монголчуудад тааруулсан ухуулгыг хүлээн авч чадаагүйдээ хүлцэл өчье. Нар салхины эрчим хүчээр Монгол улс хангагдах тухай үлгэр яригдах урт хугацаанд О.Дерипаскагийн өндөр үнэтэй цахилгаан манай руу цутгасаар байх болно. Орос олигархиудын ийм аргыг монголчууд нүүрс экспортлох төмөр замын 8-9 жилийн гацаанаас бузгай ухаарсан улс. Хаяа хатгасан Хятад руу нүүрс экспортлох өрсөлдөөнд Монгол Оросод хожигдсон. Хожигдлоосоо сургамж авъя гэж тэнэг толгойдоо сануулаад, ядуу хөршөө хохироож хожих муухайг бас зориглон хэлсүгэй. (Хятад хамтдаа адилхан хожье гэдэг).

Монгол улсын төв болон хойд бүсийн гол горхи усаа Байгал нуурт бүгд нэмэрлэдэг. Үүний хариу болгож оросууд “Байгал нууртай судсан холбоотой усны асуудал бүрийг ОХУ-аас асууж, зөвшөөрөл авах ёстой” гэж тулган шаардаж байна. Оросын энэ шаардлагаар бол Монгол горхи шандаа ашиглах толгой мэдэлгүй аж төрөх тавилантай юмсанж. Арай дэндэх байлгүй. Тусгаар тогтносон НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол өөрийн нутгийн гүнд орших нэг голынхоо урсгалыг ашиглаад УЦС барихдаа ОХУ-аас зөвшөөрөл авах ёсгүй. Эрчим хүчнийхээ дутагдлыг нөхөх, цэвэр усныхаа нөөцийг хуримтлуулах “Эгийн гол” төсөл бол Монгол улсын дотоод асуудал агаад дэлхийн бусад олон станцуудын нэгэн адил байгалийн эко системд хор учруулахгүйг гадныхантай хамтарч нотолсон. Оросын эрдэмтдийг багшаа гэж монголчууд хүндэлдэг. Гэвч төслийг 25 жил саатуулсан бүлэглэлийн далд даалгавартай “эрдэмтэд” гэгчид судалбал ямар дүгнэлт гарах тодорхой. Монголд ч Оросод ч дуртай нь гарын үсэг хялбархан цуглуулдаг болсон. Эгийн УЦС-ыг эсэргүүцэх хэдэн орос буряд Сэлэнгийн дагуухь тосгодоос олоход түвэггүй. Монголчууд дуу хоолойгоо нэгтгэж, УЦС-аа барихын төлөө тэмцэх эрхтэй. Энэ төсөл бол бидний баялаг бүтээх чухал эх үүсвэрүүдийн нэг. Гол мөрнийхөө усны 20 хувийг нутагтаа саатуулж, бүтээн байгуулалтдаа ашиглах эрх, олон улсын хэмжээнд үйлчилдэг. Үүнийг оросууд мэдэж байгаа.

Эгийн голд УЦС баривал Байгал нуурт хортой гэж ОХУ-ын гаргасан гомдлыг ЮНЕСКО-гийн Өвийн хорооны 39-р чуулганаар хэлэлцэж, Өвийн хорооны эрх бүхий гишүүн улсууд “Эгийн голын УЦС Байгал нуурт нөлөөлөхгүй нь судалгаа шинжилгээгээр нотлогдсон тул хөгжиж буй Монгол улсыг дэмжих нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлснийг хэлэхэд илүүдэхгүй биз. Эгийн гол төсөлд зөвлөхөөр Францын Трактебэл инженеринг (GDF Suez) компани ажиллаж буй. Энэ компани эрчим хүчний салбарт дэлхийд гуравт жагсдаг. Уг компаний судалгаанаас ганц дүгнэлтийг онцлоход “нөлөөлөл 1 хувиас доош бол огт нөлөөлөхгүй гэж тооцдог бол манай станц ашиглалтад орсноор Байгал нуурт 0,023 хувиар нөлөөлнө” гэсэн тооцоо гарчээ. Францын Трактебэл компани дангаараа 250 гаруй УЦС барьсан бөгөөд 650 УЦС-ын зураг тооцоо хийжээ. Байгал нуурт орж буй цутгал голуудын нийт урсгалын 18,6 хувийг Монголын Сэлэнгэ дангаараа, 31 хувийг Оросын Сэлэнгэ мөрөн, үлдсэн талаас илүү хувийг өөр голуудын цутгал эзлэнэ. Манай Сэлэнгийн 18,6 хувь цутгалын өчүүхэн хэсэг Эгийн голынх. Эгийн голын өчүүхэн цутгал Байгал нуурт сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг дэндүү үнэмшилгүй. Тэгээд ч УЦС-ын далан даваад өндөр хүрхрээ рүү буусан усны найрлагад өөрчлөлт орж бузартахгүй.

Эгийн УЦС төслийн нэгжийн захирал Д.Одхүү хэлэхдээ “ОХУ-ын зүгээс энэ ажлыг эсэргүүцэн, төслийн санхүүжилт хийж байгаа БНХАУ-ын тал руу санхүүжилтээ зогсоохыг шаардах, гуйх хоёрын завсрын агуулгатай захидал бичсэн тул ажил зогссон. Иймд Монгол улсын ерөнхий сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзах үеэрээ “Хэдийгээр Монгол улсын газар нутгаар урсч байгаа Эгийн гол нь хилийн ус биш, бидний дотоодын асуудал боловч бид сайн хөршийн ёсоор энэ асуудлаар мэдээлэл хийх уулзалт зохион байгуулъя” гэж санал тавьсан. Энэ саналын дагуу уулзалт болсон. Өөрөөр хэлбэл Монголын талын санаачлагаар болсон болохоос ОХУ-ын шаардсанаар энэ уулзалт болоогүй” гэж тайлбарлажээ. Уулзалтад ОХУ-аас Байгалийн нөөц ашиглалтын хяналтын албаны орлогч дарга А.М.Амирханов тэргүүтэй төлөөлөгчид, Хятадын Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч болон албаны бусад хүмүүс, эрдэмтэд оролцжээ. 

Д.Одхүү “Оросууд “Эгийн голын УЦС бол танай дотоод асуудал” гэдгийг хэлсэн бичлэг байгаа. Би энэ утгыг нь жиргэсэн юм. Хэрэв оросууд “ийм зүйл яриагүй” гэвэл би бичлэгийг гаргаад өгч болно. Оросууд “Энэ бол үнэхээр танай асуудал мөн. Монгол улс тэртэй тэргүй тусгаар тогтносон улс байхад бид зөвшөөрлөө гэсэн утгаар протокольд бичвэл их сонин харагдана... та бүхэн “Эгийн гол төслөө бид үргэлжлүүлнэ” гэсэн мэдэгдлээ хийгээд, “Түүнийг нь хүлээн зөвшөөрлөө” гээд гарын үсгээ зурчихъя гэсэн нь баримттайгаар үлдсэн... Ингээд л би гарч ирээд цахим хуудсандаа “Оросууд хүлээн зөвшөөрлөө” гэсэн утга бүхий ярьсан яриаг нь нийтлэхэд эргүүлээд намайг бухаж эхэллээ” гэж сонинд ярилцлага өгчээ. Үүнд гайхах юм алга. Уулзалтад оролцсон Хятад элчингийн нарийн бичгийн дарга, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч нарын нүүрэн дээр оросууд Одхүүд шууд дээрэлхэхээс нэрэлхсэн биз. Зөвхөн Давст уул бус 7000 ам км-ийг эх орныхоо цогцоос өмлөн наймаалцах навтрагад Гадаад яамны сайд асан Аварзад гарын үсэг зураагүй нэгэн. Оросын өөдөөс зөрж зүтгэвэл хэлэлцээрийг ахалсан хүн хэлмэгддэг байсан түүх хараахан замхраагүй л байна.

Орос ах нар минь та нар бусад улс гүрэнтэй харилцдаг шигээ бидэнтэй хэзээ тэгж харилцах юм бэ. Хүн биднийг хүн гэвэл бид хүн байж чадна шүү. Хөл дээрээ өндийх гэсэн бяцхан хөршөө дэгээдэхийн оронд түшихийг урьтал болгомоор. Монгол хөгжвөл хөршдөө лай бус дэм болно гэх найрсаг айлсалтын уужуу зан гаргалтай. Төр засгийн өмнөөс бичсэнгүй. Өвгөн миний хувьд ийм байна. Тиймээс Төр Засаг миний өмнөөс хариуцлага хүлээх ёсгүй шүү. Урд хөршийн тэрбум долларын зээлээр ассан эрчим хүчний эх үүсвэрийг хойд хөрш унтраасанд ЗХУ-д сургууль төгссөн хөгшин-надад таатай бус байна. Дружба-найрамдал минь аугаа буянаасаа өчүүхнийг хэлтэлж “Эгийн гол төсөл”-ийг маань явуулаад өгөөч. Дэлхийн шилдэг УЦС-уудын стандартаар Эгийн голын УЦС сөрөг нөлөөгүй ажиллана гэдэгт итгэнэм. Төрсөн нутгийнхаа гол горхины мөнхийн урсгалаас эрчим хүч хүртэх хувь заяаг бидэнд Орос хайрлаагүй Бурхан хайрласан байлтай. Орос ахынхаа өнгөрсөн ба одоох бодлогод гонсойдгоо цухуйлгамгүй ч, мэхлэгдэж холгуулдгаа мэдэх байтугай биширч мангуутдаг дүнхүү гурван сая ард түмэн даанч миний Монголынх учраас сануулахаас аргагүйд хүрдгийг минь өршөөгөөрэй. 

2016