“Яая даа байз, хөгжих юмсан” гэж бид хэчнээн ч жил санаашрав. Бодлого бодож, мөрөөдөж, хэрэлдэж хэлэлцэж, хөтөлбөр төсөл боловсруулж 20 гаруй жил тэлчиллээ. Үндсэндээ улс орон маань ямар байхыг цоо шинээр зураглаж эхлэсэн. Тулгуур төвүүдээ хөгжүүлье, аймаг, сумууддаа амьдрал залгуулъя, аж үйлвэрийн паркууд бий болгоё гэж зөндөө л ярьсан. Зүгээргүй, төсвийн жаахан орлогоосоо бага ч болов хөрөнгө оруулалт хийж, гадаадынхныг татаж, дотоодынхноо тойлсоор “буурай” гэгдсэн шошгоноосоо ангижирч чадсан маань асар том алхам болсон юм.

ТӨЛӨВЛӨГДСӨН МӨРӨӨДЛҮҮД

Яг юу хийх, ямар ажил, төсөл хэрэгжүүлэхээ шийдээгүй байхдаа Засгийн газар дэлхийн санхүүгийн зах зээлээс дааж давшгүй өр зээл босголоо гэсэн шүүмж Чингис бондыг өлгийдөн авсан. Улмаар энэ нь бондын хөрөнгийн зарцуулалтыг үр ашиггүй болгосон гэх “гал цогтой” дүгнэлт дагалддаг. “Зам, гудамж руу цацаж хаясан мөнгөөр яаж зээлээ хүүтэй нь төлөх вэ” гэсэн асуух өгүүлбэр мөнхүү шигтгэнэ. Гэвч энэ мэт шүүмжлэл дайгчид наад зах нь 2010 онд УИХ-ын 36 дугаар тогтоолоор батлагдсан дунд хугацааны “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрийг санахгүй, зарим нь ч хэргээр “мартсан” байж мэдэх юм.

Энэ хөтөлбөрт зах зээлийн тогтолцоонд шилжиж эхэлсэн үеэс өнөөг хүртэл боловсруулж ирсэн хөгжлийн бодлогыг багцлан, бүхий л томоохон төсөл, зорилтуудаа багтаасан. Асар өргөн цар хүрээтэй энэ хөтөлбөрт бидний байнга ярьж, зорьж, мөрөөдсөн аймгуудаа нийслэлтэйгээ автозамаар холбох, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулдаг, экспортлодог болох, евро стандартаар экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг орлох үйлдвэрүүдийг байгуулах, цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдээ барих зэрэг бүх ажлууд бичээтэй байгаа. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсүүдийн хөгжлийн стратеги гэх мэт бодлогын зорилтууд, “Хотууд”, “Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл”, “Хөдөөгийн хөгжил”, “100 мянган айлын орон сууц”, “Барилгын материалын үйлдвэр” мэтийн “эл дол” болтлоо хэлэлцэгдсэн төслүүд ч шингээтэй бий.

ДАВАН ТУУЛСАН БЭРХШЭЭЛ

Хөгжлийн тухай мөрөөдлүүдээ бид хэрэгжүүлж чадахгүй, олон жил ширээнийхээ шургуулганд хадгалсан. Яагаад гэвэл бидний бэл бэнчин хүрдэггүй байв. Өнгөрсөн зуунд бид социалист орнуудын тусламжаар эдийн засгийн асуудлаа шийддэг байлаа. Социалист бүтээн байгуулалт тухайн цаг үедээ бидэнд хангалттай мэт байж, монголчууд иргэншин соёлжиж чадсан ч гэлээ бие даасан, тусгаар улсын хувьд төдий л нийцтэй бус байсныг өдгөө нэгэнт мэдэх болсон. Дараа нь донор орон, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, хандив тусламжаар хөгжлийн асуудлаа шийдэх гэж оролдож ирсэн. Гэхдээ энэ эх үүсвэрүүд үргэлж хязгаартай, бас ихээхэн хатуу нөхцөлтэй, багагүй хугацаа, бэлтгэл шаарддаг, хөшүүн, зарим талаараа манай улсын зорилго эрмэлзэлд тэр бүр нийцдэггүй механизм байсан гэж хэлж болно. Зайлшгүй шаардлагатай төслөө санхүүжүүлэх гэхээр “мөнгөний эзэд” төрөл бүрийн зөвлөгөө чиглэл өгч, ийшээ ч хийж болохгүй, тийшээ ч хийж болохгүй гэхчлэн саад тотгор тавих нь элбэг. Тухайн байгууллагын санхүүжилтийн төрөл, чиглэл нь өөр байх нөхцөлд ямар ч арга байхгүй.

Гэхдээ энэ бүх бэрхшээл саадыг даван гарч, өрсөлдөх чадвараа алхам алхамаар өсгөсөөр манай улс олон улсын санхүүгийн зах зээлээс арилжааны зээл босгон, түүнийгээ өөрийнхөө бодлогоор захиран зарцуулах эрхтэй болж, анхныхаа бондыг гаргасан маань Чингис. Гэхдээ мэдээж “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг иж бүрнээр нь гүйцэлдүүлэхэд Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар хаана нь ч хүрэхгүй. Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газар УИХ-аас 5.0 тэрбум ам.долларын бонд арилжаалж, хөрөнгө босгох эрх авсан.

Тухайн үед буюу энэ эрхийг Засгийн газарт олгож байх 2012 оны эцэст Оюутолгой төслийн нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт дуусах шатандаа орж, өмнөх оныхтой харьцуулахад хоёр дахин багассан байлаа. Хөрөнгө оруулалтын газрын мэдээнээс үзвэл, 2013 онд гадаадын шууд хөрөгө оруулалт 2011 оныхоос дөрөв дахин буурсан юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бондыг зөв цаг үед, зөв үнэлгээтэйгээр босгож чадсан гэж хэлж болно.

ИТГЭЛ ДЭЭР БОССОН ЧИНГИС

Засгийн газар ердөө 1,5 тэрбум ам долларын бондыг борлуулах санал тавихад олон улсын банкууд, хөрөнгө оруулалтын томоохон сангууд гээд нийт 400 гаруй санхүүгийн байгууллагаас 15 тэрбумын хүсэлт ирсэн нь манай улсад ихээхэн итгэл найдвар хүлээлгэсний илрэл байлаа. Энэ их итгэл найдвар дээр Чингис бонд гайхалтай амжилтай арилжаалагдсан. Бондын хүү ч харьцангуй багаар тогтоогдсон. “Уол стрийт жоурнал”-д тухайн үед “Монголын Засгийн газрын бонд олон дээд амжилтыг эвдлээ” хэмээн бичиж байв. Энэ үед манай улсын зээлжих зэрэглэл ВВ- байсныг хүмүүс санаж байгаа байх. Манайхтай ижил зэрэглэл бүхий Шриланк улсын Засгийн газар 2007 онд 8.25 хувийн хүүтэй, Вьетнам 6.75, Филиппин 8.75 хувийн хүүтэйгээр олон улсын санхүүгийн зах зээлд анхны удаа үнэт цаас гаргаж байсантай харьцуулахад Чингис бондод хөрөнгө оруулагчдын олгосон нөхцөл хэд дахин сайн.

Үнэн л дээ, бонд бол өр. Тиймээс үүнийг судалгаатай, хяналттай зарцуулах явдал туйлын чухал. Гэхдээ жинхэнэ “өр шир”-тэй харьцуулах юм бол олон давуу талтай. Харьцангуй урт хугацаанд, үе шаттай төлөх боломжтой. Ашиглаж байгаа хугацаандаа өгөөжийг нь хүртэж, эргүүлэн төлөх эдийн засгийн чадавхи бий болгох тооцоотой. Дээрээс нь Засгийн газар бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд байршуулж зарцуулсан нь оновчтой удирдлага байсан гэж би хувьдаа үздэг. Ганц нэгхэн мега төсөлд бүхлээр нь үрчихгүй байхаар Засгийн газар шийдсэнээр санхүүжилтийг хүртээмжтэй болгож, үр ашиг бүхий олон төслүүдэд бусад хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах боломж олгосон.

ОРЛОГО ОЛОХ ХӨГЖЛИЙН СУУРЬ

Чингис бондын хөрөнгө бол “хөгжлийн санхүүжилт”. Албан найруулгын энэ хоёрхон үгний ард нарийн түвэгтэй гүн агуулга бий. Манай улс шиг жижиг эдийн засагтай, багашаархан төсөвтэй, хөгжиж буй улсын хувьд суурь бүтцийн бүтээн байгуулалтуудаа төсвийн хөрөнгө оруулалтаар шийдээд явна гэвэл олон жилийн хугацаа шаардана. Удаан хөгжинө л гэсэн үг. Хөгжлөө хурдасгая гэвэл урт хугацааны, том санхүүжилтээр дорвитойхон хөдөлж, суурь дэд бүтэц, улсын чанартай автозамууд, эрчим хүчний систем гэх мэтээр ирээдүйд чиглэсэн, өсөлт авчрах бүтцүүдээ бий болгох зайлшгүй шаардлагатай. Энэ бүтцүүдээрээ л дамжиж эдийн засаг эрчимжиж, улс хөгждөг. Чингис бондын зарцуулалтын талаар хүмүүс “гудамж зам, дэд бүтэц гэх мэт үр ашиггүй, зээлээ, хүүтэй нь нөхөн төлөхгүй төслүүдэд хэтэрхий их мөнгө цацсан” гэдэг. Тэгсний учир нь ердөө л энэ.

Шинэчлэлийн Засгийн газар хөгжлийн бодлогыг багцлан үндсэн хоёр чиглэлд бондын хөрөнгийг зарцуулахаар шийдсэн. Нэгдүгээрт, дэд бүтэц, хоёрдугаарт, үйлдвэржилт. Ердөө энэ хоёр чиглэл багцлагдаад “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн зорилт хангагдана гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, “орлогогүй” гэгдсэн нийслэлийн суурь дэд бүтцийн, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн, автозамын төслүүд хэрэгжихгүйгээр “орлоготой” ажлууд, үйлдвэржилтийн төслүүд хэрэгжих боломжгүй. Дэд бүтэц бол хөгжлийн суурь. Аварга том үйлдвэр барьтал өнөөх нь эрчим хүчгүй, зам ложистикгүй бол ажиллаж чадахгүй. Улсын чанартай замуудаар аймаг, тулгуур төвүүдээ нийслэлтэй, хилийн боомтуудтайгаа холбож, төмөр замын бүтээн байгуулалтуудаа хэрэгжүүлэхгүй бол бид өнөөдрөөсөө урагш нэг ч алхахгүй. Энэ харилцан хамаарлаар нь ухаж бодвол, эдийн засгийн өсөлтийг сайжруулж, зардал хэмнэн, улмаар үр ашиг дагуулдаг дэд бүтцийн төслүүдийг “орлогогүй, зээлээ төлж чадахгүй” гэх нь өрөөсгөл. Хөгжлийн суурь бүтэц чадавхижихын хэрээр үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид өртөг, зардал, цаг хугацаагаа хэмнэж, эндээс хэмнэсэн зардлаа өөр бизнест оруулан, ашиг хийх тусмаа татвар, төлбөрөөрөө улсын орлогыг нэмэгдүүлдэг. Өсөлт ингэж л бий болдог.

АЛДААГҮЙ БОЛОМЖИЙН ӨГӨӨЖ

Үр ашиг нь улсын төсөв рүү ордог болохоор дэд бүтэц, зам харилцааны төслүүдийг улсаас санхүүжүүлэх ёстой гэж зарим эдийн засагчид үздэг. Өнөөдрийн байдлаар манай улсын төсөв ийм ачаалал дийлэхгүй. Яаж ийгээд төсвөөс гаргалаа гэхэд алдагдал хэтэрч, өнөөх хүсэн хүлээсэн хөгжлөө улам удаашруулахад хүрнэ. Тэгэхээр Чингис бондын хөрөнгөөр эдгээр төслөө санхүүжүүлж, түргэн хугацаанд бүтээн байгуулчихаад, 2022 он хүртэл хүртэх үр ашгийг оролцуулан зээлээ төлөх нь яаж ч бодсон илүү дээр. Энэ хувилбарыг сонголгүй орхисон бол Чингис бондоор хийгдсэн ажлууд одоо ч төсвийн санхүүжилт хүлээгээд, баригдаагүй, байгуулагдаагүй байх байсан биз. Ч.Сайханбилэгийн Засгийн газар одоо бондоос үлдсэн хөрөнгийг хий дэмий байлгаж, сул хүү төлөөд суулгүй, үр ашигтай төслүүд рүү аль болох хурдан оруулах ёстой. Эдийн засгаа тэлж, бизнесийнхнийгээ язганатал ажиллуулж байж л Засгийн газар татвараараа орлого бүрдүүлэхээс бус хэрэглээгээ танаж хэмнэсэн зардлаараа хөгжлөө санхүүжүүлж чадахгүй нь мэдээж.