Засгийн газрын “зарж идэх” тактик
Засгийн газар Оюутолгой төсөл дэх төрийн мэдлийн 34 хувийг зарахаар шийджээ. Энэ нь өнгөрөгч баасан гаригт Уул уурхайн сайд Р.Жигжидийн УИХ-д өргөн мэдүүлсэн “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслөөс тодорхой боллоо. Төсөлд “ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр” гэсэн шинэ агуулга нэмж оруулахаар заажээ.
Засгийн газар Оюутолгой төсөл дэх төрийн мэдлийн 34 хувийг зарахаар шийджээ. Энэ нь өнгөрөгч баасан гаригт Уул уурхайн сайд Р.Жигжидийн УИХ-д өргөн мэдүүлсэн “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслөөс тодорхой боллоо. Төсөлд “ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр” гэсэн шинэ агуулга нэмж оруулахаар заажээ. Тусгай төлбөрийг зөвхөн “стратегийн ач холбогдол бүхий” ордуудад хамааруулах аж. Ингэхдээ “төрийн эзэмшлийн хувь, хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлэхээр талууд тохиролцсон тохиолдолд” ноогдуулахаар тусгасан байна. Нэгтгэн дүгнэвэл, энэ “тусгай төлбөр” гээч нь зүгээр л төрийн мэдлийн хувийг худалдан борлуулах үнэ болж таарч байгаа юм. Энэ үнийн хувь хэмжээг Засгийн газар тогтоох бөгөөд лиценз эзэмшигчийн орлогын 5.0 хувиас хэтрүүлэхгүй байх үүрэгтэй юм байна.
Эдийн засгийн өнөөдрийн хүндрэлийг гадаадын хөрөнгө оруулалт зогссоноос болсон гэж учир мэдэх, мэдэхгүй хүн бүр хэлэлцэж байна. Хөрөнгө оруулалт зогссоны шалтгааныг хуулийн орчин тогтворгүй, улс төрийн байдал найдваргүй, муриа хулхиа ихтэйгээр тайлж байгаа. Улс орон мөнгөгүй, долларгүй, эдийн засаг царцчихсан биш бүр хөлдчихсөн, хөрөнгө оруулагчид эргэж ирэх нь гонж болчихсон байна. Ийм байтал ашигт малтмал, эрдсийн салбарын суурь хуулийг улам тогтворгүй болгож, тодорхой бус “тусгай төлбөр” гээчийг гаргаж ирж байгаа нь “даарин дээр нэмсэн давс” мэт шийдэл болохоор харагдаж байгааг дурдахаас аргагүй. Хөрөнгө оруулагчид энэ төлбөрийг өөрсөддөө ашигтай гэж хардаг юм аа гэхэд, орд газрууд, тэдгээрийг ашиглаж байгаа компани бүрээр нэг бүрчлэн “тусгай төлбөр”-ийг тохиролцох зохицуулалт тэдэнд шинэ эрсдэл бий болгоно.
Хөрөнгө оруулагчид аль хэдийнээ дайжаад гарчихсан болохоор энэ хуулийн үр дагавар бидэнд “Занданшатарын хууль” шиг илэрхий мэдэгдэхгүй байж болох юм. Гэхдээ сайн нөлөө үзүүлэхгүй, ирээдүйд орж ирэх хөрөнгийн урсгалыг хаагаад тэгнэчихвэл улс орны эдийн засагт бүр их хохиролтой тусах нь ойлгомжтой. Хамгийн гол нь Монголын төр, засаг хуулиа дахиад л өөрчиллөө гэсэн мэссэж гадаад ертөнцөд ямар байдлаар хүрэхийг таахад бэрх.
Магадгүй, олон нийт Шийдлийн Засгийн газарт асар өндөр найдлага хүлээлгэсэн нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчийг хийхэд хүргэв үү? Эсвэл тэр социологийн судалгааны стандарт бус арга хэрэглэн, үүрэн утасны мэссэж үйлчилгээгээр санал асууж, “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх” зөвшөөрлийг ард түмнээсээ нэгэнт авчихсан болохоор одоо бандан тас гэж сэтгэв үү? Яаж ч харсан ашигт малтмалын том төслүүд дэх төрийн хувь оролцоог зарж борлуулах энэ хуулийн төсөл гагцхүү орлого, мөнгө олж, өнөөдрийн хүндрэлийг туулахад чиглэсэн нь тов тодорхой байна.
Харин Оюутолгойн хувьд асуудал арай өөрөөр яригдана. Хөрөнгө оруулагчидтай манай улс 2008 оны хямралын “шархан дээр” гэрээ байгуулсан. Тэндээс 34 хувийг авч үлдсэнийг зарим маань “хэлэлцээний ялагдал” гэж тооцох нь ч бий. Нөөц баялгийн хэмжээ, цаашид өсөн нэмэгдэх магадлал, дэлхийн хамгийн том зах зээлд ойр орших газарзүйн байрлал зэрэг олон хүчин зүйлийг тооцсон үнэ цэнээрээ аль ч аварга ордыг дагуулахгүй Оюутолгойн хувьд урт хугацааны, тогтвортой өсөх бодит үр өгөөж нь нэгэнт тооцогдчихсон зүйл. Одоо ч орлого, ашиг өсч байгаа энэ төслийнхөө хувьцааг зарах замаар төсвийн алдагдлаа нөхөх гэх нь улс төрийн хувьд юу юм гэхээс эдийн засгийн утгаараа “шал далий” санаархал гэж хэлж болно.
Хоёр дахь шатны хөрөнгө оруулалт буюу далд уурхайн ашиглалтын бэлтгэл ажлаа зогсоочихоод байгаа Оюутолгой төслийг урагш хөдөлгөх шаардлага бий. Нөхцөл байдалтай уялдуулан, “Рио Тинто” далд уурхайн санхүүжилтэд авах зээлийн нөхцлийг хөрөнгө оруулагч банкуудтай тохирч чадаагүйгээ Монгол Улсын Засгийн газраас болсон гэсэн нээнтэг үүсгэн, үүгээр далимдуулж төрийн мэдлийн хувьцааг шилжүүлэн авах арга саам гаргаж байна уу гэсэн хардлага бас байна. Хятадын эдийн засаг удаашран саарсны сиймхийгээр хөрөнгө оруулалтаа огцом хумьж “Рио Тинто” өөртөө давуу байдал бий болгоод байгаа нь маргаангүй юмдаг.
Олон улсын тендер нь зарлагдаад, ялагч нь тодорчихсон Тавантолгойн төслийн тухай Монгол Улсын сайд М.Энхсайхан “бүтэж ч магадгүй, бүтэхгүй ч байж магадгүй” гэсэн үл ухагдах үгсийг давтаж, АН-ын дарга З.Энхболд ажлаа бараг эхлүүлж ч амжаагүй шахуу түүнийг “үгэнд орохгүй бол хална” гэж хэвлэлээр анхааруулсны дараа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “том төслүүд дээр бүлэглэлүүд зодолдож эхэллээ” гэж гасласан. Хэрэвзээ энд өгүүлж буй “зодоон”-ы шахалтанд орж Засгийн газар ийм шийдвэр гаргаж байгаа бол улс орны нийтлэг эрх ашгийг тооцсон эсэх нь үнэхээр эргэлзээтэй.
2015.02.09 №05 (260)
Ariunbold
иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Овоо
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Монголчууд
Ашигт малтмалын газрын луйвар
хэнхэг
Зочин
Зочин
Иргэн
ЗОЧИН
Зочин
зочин
Зочин
Монголчууд