Хийгээгүй хэргийнх нь төлөө ял зэмд унагахыг тэвчиж чадахгүй ээ!
90 оны ардчилсан хувьсгалаар мөр зэрэгцэн жагсаж явсан зарим андууд маань өнөөдөр ардчилал, эрх чөлөөг "устгах тэмцэл"-д нэгдэн Дарангуйлалыг уухайлан дуудаж байна.
90 оны ардчилсан хувьсгалаар мөр зэрэгцэн жагсаж явсан зарим андууд маань өнөөдөр ардчилал, эрх чөлөөг "устгах тэмцэл"-д нэгдэн Дарангуйлалыг уухайлан дуудаж байна.
Дорлигжав "ерөнхийлөгчийн засаглал" буюу "чанга гар" хэрэгтэй гэнэ. Энэ санааг дэмжих хүн цөөнгүй болсон нь Ерөнхийлөгч Баттулгын уулзалтын үеэр харагдаж байна. Манай олон партизанууд "чанга гар" хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгчөөс шаардангуй байна. Уг нь тэд 90 онд "төр төмөр нүүртэй" гэхэд маш их хилэгнэж талбай дүүрэн жагсаж байсан юмсан.
Ерөнхийлөгч Баттулга, одоогийн задарсан,нялхарсан, "дирко өмсдөг шахуу болсон" залуусыг цэргийн социализмын хүчээр хүмүүжүүлнэ гэнгүүт эцэг эхчүүд удтал нижигнүүлэн алга ташиж байна. Хүүхдүүдээ хүмүүжүүлж дийлэхгүй болохоор төрийн "чанга гар"-аар далайлгах нь. Уг нь 20 жилийн өмнө цэргийн хугацаат албыг нэг жил болгож, залуусын сурч боловсрох, бизнес эрхлэх бололцоог олгоно гэхэд эцэг эхчүүд дуртай байсан юмсан.
Дорлигжав, Баттулга нар, ардчилал, эрх чөлөө хүссэн нийгэмд нь хүргэсэнгүй гэж үздэг болсон юм байх аа. Үүгээр зогсохгүй ардчиллыг өнөөгийн нийгмийн завхралын шалтгаан гээд "бодчихож".
Ардчиллаас "буцах"-аар шийдсэн Дорлигжав, Баттулга тэргүүтэй партизануудыг хараад, 28 жил зүхэл, хараалын үгээ барж суусан хөгшин коммунистууд бөөн баяр! Хөгшин коммунистуудын хараал, зүхэлд "өлгийдүүлж" өссөн залуу коммунистууд бөөн баяр!
Зөвлөлтжсөн үндэсэрхэг үзэлтэн, "моодорхог" хас тэмдэгтнүүд бөөн баяр. Хүргэнээ хятадаар ярьсных нь төлөө хутгалж "гэдсийг нь хүүлж" алсан нөхөр Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдаад бөөн баяр! Бас болоогүй ардчилагчдын эсрэг "террор" явуулах сүлжээ байгуулна гээд солиорч сууна. Коммунистуудын терророос айгаагүй ардчилагчдыг айлгана гэж бодоод байгаа юм уу? Чааваас!
Мазохизм, садизм хосолсон захиргаадалтаас авдаг таашаалаа санасан "бага дарга" нар бөөн баяр! Дээдэхдээ зад загнуулж авдаг таашаал нь мазохист, доодхоо зад дээрэлхэж авдаг таашаал нь садист байсан юм, захиргаадалт чинь!
Ардчиллын дайснууд Ардчилалыг хийгээгүй хэргийнх нь төлөө ял зэмд унагаж буйг Дорлигжав, Баттулга нар ойлгохгүй царайлаад, "хийтэй этгээдүүд"-ийг өөгшүүлээд байгаагийн цаад зорилго юу юм бол?!
Төр нь коррупци, авлигад нэвт автчихсан үед "чанга гар"-тай болно гэдэг чинь "чанга дээрэмчин","эрх мэдэлтэй тонуулчид"-ын засаглал тогтоно гэсэн үг. Авлигатай төр, чанга гар хоёр нийлэхээрээ "ДЭЭРЭМЧДИЙН ДАРАНГУЙЛАЛ" болдог!
Ли Куан Ю "Азийн орнуудын удирдагчдын шунал, авлига, ёс суртахууны доройтлыг хараад бидний дотор муухайрч байлаа" гэж дурссан байдаг. Дорлигжав биш юмаа гэхэд Баттулга үүнийг уншсан байлгүй.
Өнөөгийн нийгмийн завхралд Ардчилал ямар ч буруугүй!
Социализм нийгэмчлэн хураачхаад байсан монгол хүний эрх, эрх чөлөөг Ардчилал эргүүлэн өгсөн юм. Ингэхдээ, эрх чөлөөтэй хүмүүсээс бүрдэх нээлттэй нийгэм өөрийнхөө алдаа онооноосоо суралцан улам бүр төгөлдөршиж, сайжирч байдаг зүй тогтолтой гэдэгт итгэж найдсан юм.
Түүнээс биш "диваажин"-д хүргэж өгнө гээгүй. Олдсон эрх чөлөөгөө ашиглан тууштай хичээл зүтгэлийнхээ үйлээр хүмүүс, өөрсдөө тэр сайн нийгмээ бүтээх замыг л нээж өгсөн.
Гэтэл хүмүүс мөнөөх олдсон эрх, эрх чөлөөг арилжааны зүйл болгочихсон. Сонгох эрхээ худалддаг болсон. Итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдэх эрхээ борлуулдаг болсон. Шаардах, хянах эрхээ үнэ хүргэдэг болсон. Жагсах, цуглах эрхээ зардаг болсон. Хэвлэн нийтлэх эрхээ захиалагчдын хөлсөнд өгдөг болсон. Сүүлдээ уур бухимдлаа үнэ тохиролцож байх шив дээ!
Ер нь зарахгүй эрх, эрх чөлөө гэж бараг үлдээгүй. Хүн салшгүй эрхээ "бие" мэт үнэлдэг болсон.
Иргэд нь ардчиллаар олдсон салшгүй эрхээ үнэлээд эхлэнгүүт олигархууд үнэ хаялцан аваад эхэлсэн. Одоо, саналаас нь авхуулаад уур бухимдал хүртэл бүгдийг нь худалдаж авдаг болсон. Ийнхүү олигарх болоод "саналаа үнэлэгч"олон түмний хооронд клиентлист буюу "нууц амраг"-ийн холбоо тогтсон.
Энэ нуудгай явдлын уршгаар нийгэм завхарчхаад байгаа юм. Ардчиллаас болоогүй!
Олигарх, олон түмний нуудгай явдлын гайгаар, сонгууль бүрд олигархууд ялж байгаа шүү дээ! Ялсан олигархууд гарч ирээд төрийн эрх мэдлээр бизнес хийн улам бүр баяжиж байгаа биз дээ! Төрөөс олсон мөнгөөрөө эргээд дараагийн сонгуулиар сонгогчдын саналыг үнэ хаялцуулан худалдаж аваад ахиад ялж байгаа биш үү?!
Ахиад ялмагцаа төсвийн мөнгө, уул уурхайн баялгаа булаацалдан бие биеэ "ална хядна" гээд ичих ч үгүй УИХ-ын индэр дээрээс орилолдож байгаа биз дээ! Төр нь хүүхэд, залуустаа "нарсныхны ёс суртахуун"-ыг үлгэрлэн үзүүлж ичихгүй заваарч байгаа биз дээ!
Улстөрчдийн ичгүүр сонжуургүй байдал л энэ нийгмийг завхруулж байгааг үнэндээ бүгд мэдэж байгаа шүү дээ! Монголд "дээдэс нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй" гэдэг л болж байгааг бүгд харж байгаа шүү дээ!
Ардчилал, үүнд ямар ч хамаагүй. Ардчилал монголчуудад эрх, эрх чөлөөг өгсөн. Түүнийг яаж ашиглах нь монгол хүний хариуцлага!
Ардчиллыг хийгээгүй хэргийнх нь төлөө ял зэмд унагахыг тэвчиж чадахгүй! Ардчиллыг үндэсгүй буруутгаж "ДЭЭРЭМЧДИЙН ДАРАНГУЙЛАЛ" тогтоохыг зөвшөөрөхгүй!