Шинжлэх ухааныг өмөөрөхүй (IV)
Аль ч нийгэмд шинжлэх ухааны нэр баригчид санасныг бодвол олон. Албан ёсны шинжлэх ухаанд хамрагсад үүнээ гуйвуулах явдал элбэг. Лысенко генетикийн ухааныг сөргөж мичуринизм гэгчийг гаргаж ирсэн. Ерөнхий санаа нь ялааг сайн тэжээсээр байгаад заан шиг болгож болно гээд байгаа юм. Хэдхэн жилийн өмнө хоёр швейцарь эрдэмтэн тасалгааны температурт халуун цөмийн урвал явууллаа гэж баахан шуугисан.
Боловсрол. Бүдүүлэг нүүдэлчдийг богино хугацаанд бичиг үсэгтэй төдийгүй нийтээр дунд боловсролтой болгож чадсан нь ХХ зууны Монголын хамгийн том ололт байлаа. Өчигдрийн дундад зууны хоцрогдсон нүүдэлчин ганцхан үе өнгөрөхөд орчин үеийн сэхээтэн, багш, эмч, инжинер, хуульч, эдийн засагч, технологич, профессор, химич, физикч болж чадсан нь юутай бахархал. Ийм аугаа үсрэнгүй амжилтыг энэ богино хугацаанд үзүүлж дөнгөсөн өөр ард түмэн олонгүй л байх. 1950-1990 оны хооронд гадаадад 50 мянган мэргэжилтэн бэлтгэгдсэний 16 мянга нь дээд мэргэжлийн байв. Үүнээс хойшхи 20 жилд дахиад түүнтэй дүйцэхүйц олон боловсон хүчин дэлхийн өнцөг булан бүрд бэлтгэгдэж байна. 1990 онд дотоодод 18 мянган оюутан байсан бол одоо бараг 130 мянган оюутан суралцаж байна. Улаанбаатар хотын хүн амын 10 гаруй хувь нь шинжлэх ухаанд суралцаж буй оюутнууд. Бараг л оюутны хот. 10 мянган хүнд ноогдох оюутны тоогоор АНУ-ын өмнө, дэлхийд нэгдүгээр байр эзэлж байна, манай Монгол! Тоон үзүүлэлтээр ийм өндөр боловсролтой орон мухар сүсэгт бүрэн идэгдэж хүний нийгмийн мянган жилийн өмнөх сэтгэлгээтэй байж болох уу? Болдог юм байна. Судлууштай сонин парадокс!
Манай боловсролын тогтолцоо хоцрогдсон ард түмнийг гэгээрлийн их замд гаргаж ирсэн бол одоо энэ нь тодорхой үе шатаас эхлээд гэгээрсэн ард түмнийг мухар сүсгийн харанхуй руу түлхэх машин болжээ. Энэ орныг бараг бүрэн эзлээд байгаа энэхүү солиорол, солиорлыг даган хуйлрах үй олон бол манай боловсролын системийн зэрэмдэг бүтээгдэхүүн юм. Хүүхдийг хар нялхаас нь эрдэмтэн болгохоор бэлддэг манай сургалтын тогтолцоо хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг хоцрогдсон ард түмэнд гэрэл гэгээ болон их амьдрал руу дуудддаг байсан байх. Харин техник технологийн тодорхой эрэмбэд хүрсэн, хотожсон, иргэншсэн нийгэмд “эрдэмтэн бэлтгэх” программын эцсийн бүтээгдэхүүн нь мухар сүсэгт баригдсан хоосон толгой.
Марксист сурган хүмүүжүүлэх ухаан гэгч нь ердийн сурганаас тэс ондоо юм байдаг. Маркс ангигүй тэв тэгш нийгэм хүсч байсан. Энэ төсөөлсөн нийгмийн иргэд нь универсаль өв тэгш, чадахгүй мэдэхгүй юмгүй супер баатрууд байх ёстой аж. Маркс коммунизмын үеийн иргэнийг өглөө загас барьдаг, өдөр нь үйлдвэрт ажилладаг, орой нь суралцдаг, үдэш нь шинжлэх ухаан урлагийн шүүмж бичдэгээр төсөөлж байв. Бүр ингэж бичиж байсан. Зөвлөлтийн сурганы систем яг энэ загвараар хийгдсэн нь манайд шууд хуулагджээ. Өв тэгш хүмүүжил боловсролын тухай МАХН-ын их хурал бүрээр заавар гарч байсныг ахмад үеийнхэн маань мартаагүй байж магадгүй. Гэтэл хүн гээч бодьгал хоорондоо ижилгүй, бараг давтагдашгүй онцлогтой, хүйснээсээ авахуулаад хүсэл сэтгэлгээ чадвар нь шал өмнөө олонлог гэдгийг ердийн эх эцэг мэднэ. Ингээд манай сургалтын программ, бүтэц, арга зүй, үнэлэмж, хандлага нь энэхүү универсаль эрдэмтэн бэлдэх зорилготой учраас эцэст нь ихэнх тохиолдолд зэрэмдэг бүтээгдэхүүнтэй хоцордог. Дунд сургуульдаа нуль онц сурч байсан хүүхэд амьдралд төдий л хөлөө олдоггүй нь манай сургалтын доголдлыг харуулна. Өв тэгш болохоор бэлтгэгдэж буй хүүхэд шинжлэх ухаан бүрээс зуурч нэлээд гүнзгий мэдлэгтэй болох ёстой аж. Программ нь тийм юм. Тэр дундаа яагаад ч юм математикийг ихэд шүтнэ. Тоо л бодоод байвал амьдрал хөнгөрчих юм шиг. Гэтэл ердийн мах цуснаас бүтсэн хүний амьдрал интеграл диференциалиас нэлээд холуур. Товхийсэн мужаан болоод подхийтэл амьдрах гэж байгаа хүүхдэд насан туршид нь огт хэрэг болохгүй.
Солгой хоолойтой мань мэтийг самбарын өмнө дуулуулж, ямар ч дүйгүй хүүхдээр ундааны шил зуруулж үйл иддэгсэн, дунд сургууль. Өчнөөн жил өгүүлбэр зүй, тусагдахуун, байц ч гэх шиг хачин юм монгол хэлний хичээлээр үзсэн, 30 жил бичлээ - лав л ямар ч байц надад хэрэг болоогүй. Тэр тусагдахуун нь хэлний нарийн судлалд хэрэгтэй л биз, инжинер тэрүүгээр яах юм бэ? Гэтэл эх хэлээрээ зүгээр л аятайхан хүнд ойлгогдчихоор захиа бичиж, өргөдөл гаргаж, шүүхэд нэхэмжлэл биччиж чадах хүн огт бэлддэггүй. Хүүхэд хүссэн хүсээгүй хүний нийгэмд орно. Энд хамгийн чухал юм бол бусдад өөрийгөө ойлгуулах, бусдыг ойлгох чадвар. Өөрийгөө нийгэмд зөв илэрхийлж чадахгүй бол хэний ч амьдрал өөдлөхгүй. Монгол сурагчид өөрийгөө илэрхийлэх аргыг амьдралаас олдог болохоос лав л системтэй сургалтаар биш. Тиймдээ ч юун түрүүн худалч болдог биз. Тодорхой шинжлэх ухаанд сургаж байна гээд ёстой зэрэмдэглэнэ дээ. Хэт хүнд, хэт олон талын, хэт мэргэжлийн хандлагатай сургалт хүнд тогтоогддогүй төдийгүй амьдралд ямар ч хэрэг болдоггүй. Хүнд ойлгомжгүй хэцүү бэрх л бол мундаг гэсэн ойлголтоор шинжлэх ухааны энгийн суурийг аль л хэцүүгээр нь чирнэ. Би л лав Пифагорын теоромыг дээд сургуульд орж байж ойлгосон. Гурвалжингаа дөрвөлжин болгож зураад заагаад өгчихсөн бол хэн ч ойлгочихоор юм байж л дээ.
Манай нийгмийн мухар сүсгийн уг суурийг чухам дунд сургуульд тавьж байна. Нийгэмд юун түрүүн үнэ цэнэтэй ХҮН хэрэгтэй. Энэ хүнийг гэрбүл, орчин, цэцэрлэг, сургууль бэлдэж өгөх учиртай. Энэ хүн нь нийгэм дэх өөрийн байр суурийг эзэлсэн байх ёстой. Юунд ч авъяас чадваргүй хүн гэж хорвоод үгүй. Аль нэг юм хийхдээ гаргууд л байж таарна. Сургалтын систем тухайн хүүхдийг тэрхүү чадвартай юм руу нь хөтлөн цаашид яаж юугаар амьдрахыг нь чиглүүлнэ. Анхан, дунд шатны боловсролын гол зорилго энэ. Нэгэнт хүүхэд ирээдүйд хүний нийгэмд амьдрах учир эргэн тойрныхоо тухай цэгцтэй анхдагч ойлголттой болох хэрэгтэй. Хүүхэд болгоныг бүх юмыг мэддэг чаддаг болгох гээд ямар ч үр дүнд хүрдэггүйг сүүлийн 60-аад жилийн сургалтын систем маань харууллаа. Тэгээд ч манай нийгэм эрдэмтэн доктороор дүүрлээ. Чулуу аваад дуртай зүг рүүгээ нүдээ аниад шидэхэд л аль нэг докторын толгой хага. Ийм олон оюутан, оюунтан, доктор профессортой болчихоор хэн гарч хог асгах юм бэ! Тэр олон докторыг чинь хэн тэжээх юм бэ!?
Нийгэм өөрчлөгдөөд хориод жил боллоо. Өрнийн сургалтын системийг шууд хуулж хэрэглээд үр дүнг нь үзвэл үзэх хугацаа өнгөрлөө. Универсаль хүн бэлддэг марксист сургалтын системээс яагаад салж болдоггүй юм бэ? Шинэ нийгэмд энэ тогтолцоо таарахгүй болохыг арьс махан дээрээ бид мэдэрсээр л байна. Энэнээс болоод дээд мэргэжлийн дипломтой бол хоол бэлэн гэсэн ойлголт хүмүүсээс салдаггүй, иймээс хэрээс хэтэрсэн олон оюутан эрдэмтэнтэй болж сандал хадах хүнгүй боллоо. Энэ систем чухамдаа шинжлэх ухаанаар даажигнаж байна. Нийгэм солиорч, мухар сүсэгжиж, псевдо шинжлэх ухаан эрчээ авч буйн бүх биш гэхэд ихээхэн хувь нь боловсролын системд байна. Монгол хэлээр шинжлэх ухаанд хүрэхэд учир дутагдалтай. Хэл нь муудаа биш, цөөн хүн хэрэглэдэг учраас өнөөгийн мэдээлэлд дарагдсан ертөнцөд монгол хэлээр юм шүүх бололцоо хязгаарлагдмал. Норвег, фин, тай, румын хэл ч хязгаарлагдмал бололцоотой. Урьд бид төвд хэлээр дамжуулж байсан. Саяхан болтол орос хэл хорвоотой харилцах гүүр байлаа. Одоо орос мартагдаад англи орж ирж амжилгүй завсрын хэлгүй даадаа болчихоод байгаа нь бас нэг шалтгаан юм. Үнэндээ англи байтугай солонгос, хятад, японоор наймааны хэлтэй болж байгаа ч шинжлэх ухаанд нэвтрэх гүүр болохуйц хэлний боловсрол дэндүү дутаж байна.
Жич: Дэндүү урт болчихлоо. Гэтэл хэлэх гэсэн санаа минь бүрэн гарч чадсангүй. Манай нийгмийн сэтгэлгээнд гарч байгаа энэхүү гажиг, үүнийг засаж сэлбэх талаар хүн хүнд олон бодол бий байх. Миний л бодоход ийм байна. Гажиг сэтгэлгээтэй нийгэм урагшлах дэвжих талаар ярих нь дэндүү ахадсан зорилт мэт. Төөрөлдөж мунхран мухар сүсэг ид шидэнд итгэсэн зуу зуун мянган ангаахайнууд бэлэн хоол нэхэн, болж бүтэхгүй болгоноо өөрөөсөө бусад бүх юманд тохон ид шидээр бэрхшээлээс гарч амьдралаа дээшлүүлнэ гэж горьдох боллоо. Миний бодоход зовлон бэрхшээлийн цаад шалтгаан нь хүмүүс өөрснөө юм. Түүнээс хохирогч нь биш. Будда сургахдаа зовлонг биш зовлонгийн шалтгааныг арилгах ёстой гэсэн. Шашин ч бидэнд шал өөр өнцгөөс шал өөр учир шалтгаанаар ирж нөхцөж байх шиг. Аймаар том ид шид! “Шашныг өмөөрөхүй” гэж өгүүлэл бичье гэж бодлоо. Шашныг лам хувраг болон элдэв ид шидтэн, бөө удган, зайран, үзмэрч, мэрэг төлөгч нараас өмгөөлж хамгаалах хэрэгтэй юм шиг. Шашныг шашны эдгээр дайснуудаас хамгаалах ёстой байх. Урлагийг ч үзэл суртлаас хамгаалах хэрэгтэй юм шиг. Энэ талаар та бүхэнд санал байвал bbaabar@gmail.com хаягаар бичээрэй.