Эхлэл.
 
Би хорин зургаан жилийн өмнө танилцаж нөхөрлөсөн  түүхч, доктор Д.Өлзийбаатартай, мөн тэр цагт Монголын үндэсний телевиз, радиод хамт ажиллаж байсан, хамтарч хэд хэдэн нэвтрүүлэг хийж явсан  Хятад судлаач, орчуулагч Д.Болдбаатар нартайгаа цуврал яриа хийх тухайд Өлзийтэй нүүр номын зурвасаар ярьж суулаа.

-Болдбаатар өөр нэг яаруу ажилтай байгаа юм байх даа. Гар утас барьдаггүй хүн шүү дээ. Зөвхөн энэ нүүр номын  л зурвасаар харилцдаг юм. Ойрд таг…Уг нь гурвуулаа ярилцана гэж тохирсон л доо. Гайхалтай хурдтай хүн. Олон ангит киног араас нь хөөгөөд орчуулаад байдаг хүнд санаа зовоод яахав. Юм хумаа бэлтгэж байгаа биз…Би чиний “Монголчууд” номыг олон ч сонсож тэндээс өлгөж зарим сэдвийг асуугаад л задлах гээд байгаа ухаантай юм. Тэхдээ өнөө цагтайгаа холбож асуух гээд байгаа юм аа.

Бас болбол өмнө дурдагдаагүй албан гэхээсээ албан бус түүхүүд оруулж  амттай болгох хэрэгтэй байх. Ер нь ажаад байхад ярилцлагыг  овоо уншдаг юм байна. Богино хэсгүүдтэй болоод залхуугүй байдаг байх. Одоо залуучууд уртхан зурвас ч уншихаа байж.

-Харин тийм ээ. Тэгээд л “ Монголчууд ” номоо бичээгүй ярьсан хэрэг шүү дээ. Гэхдээ энэ удаад чи бид хоёр харилцан яримаар байна. Чи асуугаад би хариулдаг уламжлалт янзаар биш. Өмнөх З.Энхболдын номд орсон яриаг зуун мянга хол давсан хүн уншсан байна билээ. Том тоо шүү энэ…

-Харин тийм. Түүх хэдий өнгөрсөн ч ирээдүйг харах толь шүү дээ…Тэхээр өнөөдөр болоод байгаа юмны мөн чанарыг харъя гэвэл, ирээдүйгээ бас харъя гэвэл   түүхээ эргэж харах хэрэгтэй. Өөр хаанаас ч бид өөрсдийнхөө үнэнийг  олж харж чадахгүй.

-Хүн бүр түүхч болох албагүй. Чадах ч үгүй. Өнөө цагт яаж түүх давтагдаад байгаа тухай л ярих санаа юм  шүү дээ. Өөрөөр түүхийг яаж амьдралдаа хэрэглэх юм? Чи жоохон хуучин юм хумаа харчих . Хэд хоногоос тэгээд “ 61 р гудамж” цайны газар уулзаад ярилцъя. Хэн хэнийх нь гэртээ ойр. Өглөө цай унгаа.
               
-За тэгье.
 
Нэг. Манайд өнөөдөр Хэт баян, баян, ядуувтар,
нэн ядуу гэсэн дархарга л байна даа…

 
Долоо хоногийн дараа би өнөөх “Street 61” хэмээх цайны газар луу алхаж явлаа. 

Магадгүй энэ жилийн сүүлчийн намрын бороо орж байгаа байх. Эргэн тойрон манантай, гандаж шарласан модны навчис нойтон зам дээр хөглөрч, хот өглөө эрт болоод ч тэр үү  эль хуль оргино. Би талбай өнгөрч зам гарахад  Зоригийн хөшөө өөдөөс харж зогсохыг ажиж явтал утас дуугарав.
          
-Найз нь яг орж явна тун ойрхон.

Би улс төрийн намын тухай, одоо байгаа голлох хоёр намын тухай түүхэн үнэн түшиж яриулахаар явж байгаа болохоор энэ хоёр намын байрны тухай бодож явлаа.

Нэгнийх нь байрыг 2008 оны 7 сарын 1 нд шатаачихсан ч эргүүлээд бүр сайн байр хурдхан бариад авсан. ( Эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг заримдаа эвтэйхэн идэх тухай лоозунг мэт санагдах нь ч бий.)  Гэтэл Ардчилсан нам зүв зүгээр байсан Соёлын төв өргөөний хүзүүвчиндэх байраа шинээр барих юм болж нурааж хаяад одоо болтол таг. Өнөөх гэрээ засаад төрөө засах ч яасан гэр орноо нураачихаад ажиггүй яваад байдаг … Энэ өмнө харагдаж  байгаа байр  хуучний өнөөх л хэлмэгдүүлэлтийн үеийн  байшин болохоор  нүдэнд нэг л баяргүй тусах аж. Би анхнаасаа л Ардчилалын талд явсан нэгэн ч сүүлийн үеийн хоорондын зодооныг хараад хэн нэгэн бүр холоос ийм болгоод байна уу гэж бодож явдаг хүн. Энэ тухай ч түүхээс л асуух санаатай явж байгаа хэрэг.
           
Зоригийн хөшөө   хүйтэн бороо шиврэх тэнгэр өөд хүзүүгээ нугдайлган өлийж  манан дунд  ганцаархнаа  майжийгаад зогсох  нь нэг л гунигтай, ганцаардсан, цөхөрсөн дүртэй харагдах ажээ.

Энэ хүн тэнгэрээс харж байдаг бол юу гэж хэлэх бол… гэх мэтийг бодож алхсаар төдөлгүй уушийн газарт орж ирэхэд кофе ний үнэр хамар цоргиж дулаан уур амьсгал тэврээд авах шиг болж сэтгэл нэг л тайвшраад ирэх ажээ.
            
Би үүдэнд зогсоод Өлзий андыгаа харцаараа хайвал тэрээр булангийн ширээнд шинэ сонин гарчиглаад  сууж байлаа.

Цайны газар  эр эм хоёр цагаан арьстан гадаад цай ууж суух бөгөөд өөр нэг ширээн дээр настайвтар хоёр монгол  эмэгтэй өөд өөдөөсөө хараад хамт цай ууцгааж байлаа.

Бид хоёр цай захиалаад шууд л яриандаа оров. Би барьж ирсэн дуу хураагчаа ширээн дээр гаргаж тавих зуураа  эхний асуултаа тавьж суулаа.
 
Д.Т:- Чиний шинэ гарсан сонсдог номд улс төрийн намын уг чанар гэсэн нэг бүлэг байх. Тэнд улс төрийн намын үүслийн тухай нэлээд тодотгож ярьсан байна билээ. Намын үүслийг засаглалтай холбож энгийн ойлгомжтой тайлбарласан санагдсан.  Бас өнөөгийн манай намын шинж чанар холион бантан ч гэх шиг шүүмжлэлт үг хэлээд авсан байна лээ.  Өнөөдөр улс төрийн нам байгууллагын тухай ярилцвал яасан юм хоёулаа. Одоо тэгээд нам гэдэгт энэ олон нэг л дургүй огт итгэлгүй болж.
 
Д.Ө: – Засаглалд оролцох гэсэн  нийгмийн янз бүрийн төлөөллийн үзэл санаа, үйл ажиллагаа намыг бий болгосон шүү дээ. Хааны эрхийг хязгаарлахыг оролдсон хүчирхэг феодалуудын шахалт санаачлагаар Магна харти  либертариум буюу бидний хэлдгээр эрх чөлөөний харти гэдэг баримт бичиг гарснаар улс төрийн нам, эрх ашгийн бүлэглэл, тэрчлэн парламент үүссэн гэж  нийтийн түүхэнд үздэг л дээ.
 
Д.Т: -Хаан бол хэмжээгүй эрх мэдэлтэн байсан.  13 дугаар зуунаас эхлээд энэ эрх мэдлийг хуваалцахыг хүссэн бүлэг хүчин бий болсныг улс төрийн  намтай холбон ойлгох хэрэгтэй гэсэн үг үү?
 
Д.Ө: - Яг тийм. Хааны эрх мэдлийн хүрээнд нийгмийн төлөөллийг хэрхэн байршуулах вэ гэдэг асуудал үүссэн хэрэг л дээ. Хаан бол хэмжээгүй эрх мэдэлтэн, хуваарьгүй баялаг эзэмшигч. Эндээс улс төрийн тэмцэл, улс төрийн бодлого, намын эрх ашиг гэсэн ойлголтууд гарч ирнэ. Засаглалд, нийгмийн баялагийн хуваарьлахад өөрийн эрх ашгийн давуу байдлыг олж авахын төлөө тэмцэж буй бүлэг хүчин бол нам.  1265 онд Англид янз бүрийн эрх ашгийг төлөөлсөн нэгдсэн хурал бий болж хаантай эрх мэдэл хуваах болсныг анхны парламентын үүсэл гэж үздэг бөгөөд энэ парламент дотор Тори, Виги нэртэй хоёр улс төрийн нам үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь парламентын нам гэх ойлголтыг хүн төрөлхтний улс төрийн түүхэнд бий болгосон. Үүнийг би жаахан дэлгэрэнгүй ярьсан юм.

Хаанаа унагасан парламентын засаглалтай газарт бол олонх болох замаар засгийн эрх мэдлийг авахын төлөө тэмцэгч байгууллага нь нам болсон хэрэг. Хамгийн гол нь эдгээр нам нь нэг эрх ашиг, нэг зорилго,  нэг үзэл  санааны дор нэгдсэн байх ёстой. Энэ зарчим нь алдагдах буюу зөрчилдвөл тухайн нам задрах буюу ялагдал хүлээдэг, эсвэл тардаг.
 
Д.Т:- Өнөөгийн манай намуудын байдлыг харахад нэг л тийм учраа олохгүй байгаа байдалтай харагдах юм. Эрх ашиг дээрээ зөрчилдөөд байна уу, үзэл санаа нь зөрчилдөөд байна уу. Бас саяхан нийтлэлч Цэнддоо энэ бүхэн манай нүүдэлчин заншилтай их холбоотой гээд намынхаа даргатай ам мурийх төдийд л хэдэн хүн аваад “нүүгээд” явчихдаг гэж шоглон бичсэн байсан?
 
Д.Ө:—Одоо байгаа намуудад үзэл санаа, энэ үзэл санааныхаа дор нэгдсэн  зорилго энэ тэр огт байхгүй  болсон гэж би боддог юм ш дээ. Зөвхөн засгийн эрхийг авахын төлөөх үзэл бодол дээр л нэгддэг. Тэгээд засгийн эрхэнд гарсан хойноо суудлын төлөөх буюу эрх мэдлийн төлөө дайн нам дотроо хийдэг. Ийм байдалтай хорь гаран жил болов доо бид. Тийм тогтолцоог бид 90-ээд онд болгочихсон.

Д.Т: – Энэ байдал юунаас үүдээд бий болчхов. Нам гэдэг байгууллага  жинхэнэ утгаараа байхгүй гэсэн үг л болоод байнаа даа янз нь.  Уг нь нам бол нийгмийн олон давхаргын улс төр дахь төлөөлөл биз дээ. Төлөөллийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж ч бас болох юм.
 
Д.Ө: – Чи онол ярьж байна. Онолын хувьд яг л зөв. Гэтэл тэр олон давхарга нь манайд хаана байна. Нийгмийн бүтцээ бид одоо болтол тодорхойлоогүй байна. Шууд хэлэхэд  хэт баян, баян, ядуувтар, нэн ядуу гэсэн давхарга л байх шив дээ. Ядуусын төлөөлөл манай парламентад байхгүй ш дээ. Энэ утгаараа бол парламетад баячуудын төлөөлөл өөртөө ашигтай хууль үйлдвэрлээд, өөртөө ашигтай наймаа хийгээд л сууж байна. Хэдэн төгрөг гаргаж байж парламентын гишүүн болдог гэлээ, хэдэн зуун сая төгрөг гээ биз дээ. Ядууст төрд оролцох бололцоо байхгүй. Тэгсэн мөртлөө тэд нийгмийн олонхийг бүрдүүлж байгаа. Тэдэнд мөнгө байхгүй, эрх мэдэлд хүрэх боломж байхгүй, хүсэл байхгүй.  Хамгийн  аюултай нь хоолны мөнгө олж байвал юу ч хийхэд бэлэн люмпен пролетари олноор бий болж байна.
 
Д.Т: – Чи бид хоёр аль давхарга төлөөлөх вэ, ядуувтар уу.
 
Д.Ө:—Тийм ядуувтар. Дундаж давхраа, энэ давхрааг бүрдүүлдэг  олон эрх ашгийн төлөөлөл нийгмийн цөм болж байх ёстой юм шиг байгаа юм л даа уг нь. Гэтэл  манайд дундаж давхраа бий болж чадахгүй байна. Энэ давхраа бол ямарч доргилтод тэсч үлддэг, улс орон нь ямар чиг хандлагаар явахыг ч мэдэж шийдэж байдаг, хөгжиж байгаа үед нь урагш чирдэг, хүнд байдалд ороход нь түшиж босгодог их чухал хэсэг. Энэ давхаргын эрх ашиг л нам гэдэг улс төрийн байгууллагын гол хөдөлгүүр нь болж ирсэн түүх байна. Манайд ч ялгаагүй, иргэн баян бол улс баян гэдэг үг чинь учиртай үг шүү.

Д.Т:-Гадна ч ялгаагүй прекариат гэж бас хэнд ч захирагддаггүй маш дураараа,  тэгээд бас боловсролтой тийм анги бий болоод энэ твитер, фэйсбүүкээр бүр хүчтэй илрээд байгаа тухай бичих болж.

Д.Ө: -Ер нь явж явж улс төрчид чинь нийтийн сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог бий болгох, ард олныг чиглүүлж жолоодох үүрэгтэй. Тийм  ч учраас төр, засгийн эрхэнд байдаг хүмүүсийг улс төрчид гэж нэрлэдэг. Гэтэл тэд нь засаглалын эрхэнд байх мөн чанараа эрх мэдэл, түүнд дулдуйдсан эдийн засгаа бэхжүүлэх хэрэгсэл гээд ойлгодог систем тогтчихоод байгаа учраас эрх мэдэл олж авахын төлөө нэгдсэн бүлэглэлийн  нэг гишүүн нь өөрийн эрхгүй болцгоочихоод байгаа юм. Ийм системд нийт ард олны тухай бодол, үйл ажиллагаа хоёрдугаарт тавигдаж эхэлдэг шиг байна. МАН-ын түүхээс харж байхад үзэл бодлын зөрүүн дээр нь гадныхан тоглоод, түүнийг нь эвлэршгүй зөрчил болгон дэвэргэж улмаар өөрсдийнхөө санасан зүгт сайхан залаад явчихсан сургамж харагддаг. Ю.Цэдэнбалыг хар багаас нь бэлдэж байгаад нам, төрийн удирлагад ЗХУ-ын удирдлага тавьсан нь саяхны түүх. Одоо бас, бид чадахгүй юм байна, чаддагт нь налаад, тэдний заавар чиглүүлгээр явж байвал яасан юм гэсэн бодолтой улс их болсон байна уу, үгүй юу.  Хэрвээ тийм бодолтой хүмүүс олширвол  тусгаар тогтнолын асуудалтай холбогдож тавигдах асуудал мөнөөсөө мөн! Прекариат нарт өөрсдийн л эрх ашиг байхаас өөр ямарч эрх ашиг байхгүй, тэдэнд эх орон гэж байдаггүй.
 
Д.Т:-  Ардчилсан нам хэд хэдэн намын нэгдэл. Харин тэр нэгдсэн намууд анх үүсч гарахдаа өөр өөрийн гэсэн үзэлтэй байсан. Социал демократ, Үндэсний дэвшлийн гэх мэт...Харин нэгдээд өнөөх үзэл нь, нийгмийн чиг баримжааны тухай баримтлал нь бүр алга болсон. Гэтэл бас  анхны Ардын намын гишүүдийн бүрэлдэхүүнийг харж байхад их олон эрх ашгийн төлөөлөл нэгдсэн юм шиг харагддаг юм. Бас л жижиг намуудын нэгдэл шиг.  Тэгээд хувьсгал ялмагц зөрчил нь ил гараад хоорондоо тэмцэлдээд эхэлсэн түүх байх шиг. Тийм үү?
 
Д.Ө: – Тийм шүү. Чи их сайн ажигласан байна. Гурван нам 1920.6.25-нд Данзангийн гэрт цуглаж хуралдан гурван нууц бүлэг Монгол Ардын Нам гэдэг  нэртэй улс төрийн нэг байгууллага байгуулсан байдааг. Бодоо Ардын нам, Данзан Түшмэдийн нам, Хатанбаатар Магсаржав Угсаатны намыг төлөөлж, мөхсөн төрөө шинэчлэн босгож, тасарсныг залгаж, хэмхэрснийг эвлүүлэх үйлсэд амь бие, эд зөөрөө огоортол зүтгэсүгэй хэмээн тангараглаад МАН-ыг байгуулсан. Тэр тангаргийн үг их хатуу шүү. Хожим Бодоо, Данзан нарыг тангаргаас урвасан гээд буудаж хөнөөсөн байдаг. Хувьсгалт үйл хэрэг ажилтанд хүрээд засгийн эрхэнд гармагцаа нөгөө нөхдийн дотоод зөрчил ил гарч нэг нэгнийхээ аминд хүрсэн дээ. Энэ намыг анх байгуулсан 60 шахам хүн байдаг. Бодоо, Сүхбаатар, Данзан нар дараалан  нас барж намын дотоод зөрчил туйлдаа хүрээд ирэхээр үнийг ашигласан Коминтерн ёстой хөнгөхөн хоолтой таарч, өөрийн бодож санасан зүгт Монголын жолоо цулбуурыг амархаан залсан. Энэ бол түүхийн айхавтар сургамж байгаа юм даа. Харж харьцуулдаг хүн дээд түвшинд байдаг юм уу, ер нь бүү мэд.
 
Д.Т:— Олж харахгүй л байх шиг. Одоогийн намуудын зөрчлийг харахаар тэр 20-иод оны үйл явц чинь л давтагдаад байгаа юм биш үү. Ардчилсан намыг хар. Засгийн эрхийг авах тохиолдол бүрдээ бие биенийгээ үгүйсгэж, сандал ширээ булаалдсан фракц бүлэглэл болж тэмцэлдээд дараагийн сонгуульд ороод юу ч үгүй болно. Ардын нам нь фракц бүлэглэл байхгүй нэртэй ч нэг эрх мэдэлтнээ тойрсон  бүлэглэл нь бүхнийг мэдэгч эрх мэдэлтэй болоод эргээд тэр нь намынхаа нөхдөд арчуулна. Тэрэлжийн тунхаг гэж гаргаад тэгээд Энхбаяр нь босож, улмаар Х үсгийн дайн  нь юунд хүрэв... Одоо ч дуусаагүй бөөн өс хонзон. Энэ ер нь засардаг болов уу?
 
Д.Ө: – Ээдээ мэдэхгүй. Засарна гэж яривал нийгмийн тогтолцооноос л шалтгаалах болов уу. Хэрэв  өнөөгийн нэг танхимт парламентын тогтолцоо байсаар байвал намуудын энэ байдал хэзээч засагдахгүй, бидний байдал хэзээч сайжрахгүй гэж л би боддог юм. Одоо энэ чиглэлээр шүүмжлэлт сэтгэлгээ ихээхэн газар авч байна даа чи ч мэдэж байгаа. Тогтолцоо, түүнийг баталгаажуулсан Үндсэн хуулийг өөрчлөх гээд  асуудал яригдаад л байна.
 
Д.Т: – Харин тиймээ. Тогтолцооны талаарх яриа их урт удаан яриа болох учраас дараагийн удаа гэж  орхиод намуудын асуудал руугаа эргээд орьё. Одоо энэ байдлаараа намууд оршин тогтноод байх хэр хугацаа байх вэ, чи түүхч, судлаачийн хувьд юу гэж бодож байна.

Д.Ө: – Яг энэ тогтолцоо удаан үргэлжилбэл намууд нэрээ солиод л нэг юм оршин тогтноод байна. Систем нь тийм юм чинь. Ардчилсан нам дотор гэхэд л задрал явагдаж байна. Энэ задрал нь  Ардчилсан намыг тарахад хүргэх байх, өнөөгийн нөхцөлийг ажвал. Гол нь ийм юмыг хүсээд байгаа хэн нэгний нөлөө байхыг үгүйсгэх аргагүй. Энэ тухай хожим ярьсан  нь дээр байх. Бас их урт яриа болно.  Ардын нам бол өмнө нэгэнт бий болсон том инерци дээр тогтож буй нам. Нийгмийн олонхи болсон ядуу, ядуувтар давхраа энэ намд их найдлага таьдаг. Гэтэл намын дээд бүрэлдэхүүн нь эднээсээ тасарсан, нөгөө Ардчилсан намтайгаа бараг цугтаа унтаж, цугтаа сэрдэг болсон. Ардын намын тухай бас жич ярилцсан нь дээр байх. Бас л задралын амтыг үзэж яваа улс төрийн хүчин.  Ардчилсан намын хувьд, ардчилал бол манай намын үнэт зүйл гэж ярьдаг ч энэ  үнэт зүйлээ үзэл санаа болгосон том эрх ашгийн нэгдэл, түүндээ захирагдсан нэгдмэл бодлогыг энэ нам бий болгож чадаагүй. Нийгэмд анархизмыг, либертари үзлийн дор хэт хувиа хичээх үзлийн үрийг түгээдэг улс төрийн хүчин гэсэн үнэлэмжтэй л байна гэвэл хатуудсан болох уу? Чи юу гэж бодож байна.

Д.Т: - Би их дээр “Товч толь” нэвтрүүлэг хөтөлдөг байхдаа Зориг, Дөл, Бошигт гурав “Бүгд найрамдах нам” гэж байгуулаад манай нэвтрүүлгээр ярьсан нэг яриаг сая өөрийн архиваас олоод харсан их олон сонин юм байх юм.

Зориг ингэж ярьсан байна. Би тэмдэглээд ирсэн юм.

 
“Хүн бүхэн өөр өөрийн сул талтай байдаг. Хувь хүн амьдралаа дээшлүүлэхийг бодно. Нам бэхжихээ бодно. Тодорхой эдийн засгийн бүлэглэл ч юм уу, эсвэл компаниуд бэлжиж хөгжихөө бодно. Үүний хажуугаар улс үндэсний хамгийн дээд сонирхол гэж байна. Бүгдийг нь тооцох ёстой.  Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгүй.Улс үндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой.

Түүний дараа манай нийгэмд нийтлэг болсон бүлгүүдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бүлгийн юм уу компанийн сонирхол байж болно.  Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Түүнийхээ төлөө хөөцөлдөнө.

Дөрөвт нь мэдээж хувь хүнд амьдралаа дээшлүүлэх, сайхан амьдрах сонирхол төрнө. Тийм сонирхол бүх цаг үөд байж л байсан. Үүнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгүй.  Дараалал алдах юм бол ялзрах төвшинд орно.

Энэ нь бусад орны жишээн дээр xарагддаг. Улсын сонирхлоо хойш нь тавиад бусад сонирхол нь дээшээ гарч ирнэ. Тухайлбал хоёр нам болоод бие биеэ ойлгохоо больдог ийм зүйл бол хамгийн их аюултай.  Тэр нь ялангуяа манай улсын хөгжлийг хөтлөх, нөлөө үзүүлэх, дэлхийн биө биендээ нягтран орж байгаа эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа энэ бүхнийг аваад үзэх юм бол урд урдаасаа хараад суучихдаг хүн шиг ярьж чадахаа болиод юм л бол хоёр улсын дипломатууд шиг хэлэлцээр хийж суудаг, биө биенээ ойлголцох чадвараа алдсан. Энэ аюул хамгийн том аюул. Энэ нь нийгмийг хоёр хэсэг болгоод нэг нь болохоор нөгөөгөө эсэргүүцэж байдаг байнга талцсан тийм хэлбэрт орчих вий гэдэг аюул байгаа юм.” гэсэн байгаа юм.

 
Д.Ө: -Харин тийм байна. Энэ эрэмбэ аль дээр алдагдсан. Хоёр эвлэршгүй намтай болохоос айж байж, тэгвэл хоёр нам хоорондоо таарахгүй болох байтугай  нэг нам дотроо бөөн зөрчилтэй болчихлоо. Энэ нь яг өнөөх бүлэглэлүүдийн эрх ашиг хамгийн дээр гарсантай холбоотой. Ардын нам ч ялгаагүй, ямар үзэл санаан дор нийгмийн аль хэсгийг төлөөлөөд байна вэ гэдэг нь огт ойлгомжгүй болчихсон.

Д.Т:-Тийм дээ. Ардын нэртэй хөрөнгөтнүүдийн нам болоод удсан шүү дээ.

Д.Ө: -  Улс төрийн чиг баримжааны хувьд энэ хоёр намд баруун, зүүний үзэл нь холилдчихсон. Энэ хоёрт засгийн эрхэнд байх гэсэн нэг л тэмүүлэл намынх нь нэгдэл болж байдаг. Түүх давтагддаг гэсэн утгаар нь авч үзвэл намын удирдагч нарт нь их халтай тусдаг гунигт үзэгдэл байна даа. Эрх баригч нь эрхээ удаан тогтвортой барьж байхыг хүсдэг, үүнд нь бусад нь дургүйцдэг. Манай 50-60-аад оны улс төрийн үйл явц жишээнь байна. Бүр хувьсгалын эхэн үеийн байдлыг харахад бүр ч гунигтай.  Гамин, баронтой хийсэн амь өрссөн тэмцлээс мэнд гарч, хувьсгалаа ялуулж засгийн эрхэнд гарсан хувьсгалын удирдагч нар маань бие биенээ харж чадахаа байсан. Бодоогоо бол Данзан л егүүтгэчихсэн шүү дээ. Энэ хоёрын дунд эрх ашгийн гэхээсээ илүү үзэл бодлын зөрүү байсан юм. Бодоо бол Үндсэн хуульт хаант засаглал тогтоохын төлөө байсан. Данзан парламентат Бүгд найрамдах засгийн төлөө байсан. Бодоог алахад Сүхбаатар гарын үсэг зурсан, тэр их муу хүн гээд л манайхан нэг хэсэг баахан сүржигнэв дээ. Тэр үед нөгөө өргөсөн тангараг хэнийг нь ч хөдөлгөөгүй хэрэг.  Ардын намынхныг нэг хэсэг Тангарагт нөхдүүд гэж нэрлэж байсан юм шүү дээ. Сүх, Данзан хоёр нэг бодол санаатай байсан.  Ерөнхий сайд болсон Бодоо, Данзангийн санаа бодлын эсрэг явсан. Данзанг Ринчино хөнөөсөн, шалтгаан нь бас л үзэл бодлын зөрүү. Харин өнөөгийн нөхцөлд үзэл бодлын гэхээсээ эрх ашгийн зөрүүгээсээ болж талцан хуваагдаж, хагаралдаж байна. Хагарал тэмцэл хэзээч сайн юманд хүргэдэггүй. Байдлыг харж байхад Ардчилсан нэр дор нэгдсэн намууд  хожим бүгд эрх ашгийн бие даасан фракц болчхоод ардчилал гэсэн нэг лоозон маягийн урианаас өөр нэгдмэл үзэлгүй учраас эрх мэдэл, нөлөөний төлөө өрсөлдөцгөөж байна. Энэ нь тэднийг тарахад л хүргэхээс гадна тарамдмал болсон улс төрийн таатай орон зайг  гадныхан өөртөө ашигтайгаар ашиглах боломж нь ихсэнээ дээ.. Их холын түүх ярилгүй дээр өгүүлсэн Ардын намын явдал давтагдах  магадлал харагдаад байх боллоо. Одоо тэгээд бөөн өр шир яриад байгаа биз дээ. Эдийн засгийн аргаар тусгаар тогтнолд халдах гэдэг үгийг сүүлийн үед их ярьдаг болсон. Дээр нь  манай иргэдийн ихэнх нь нэн ядуу байхад юу ч болж болно. Ядуу хүмүүс чинээлэг хүмүүсээ үзэн ядаад эхэллээ. Одоо болоод байгаа өнгөт хувьсгалууд ингэж л гараад байгаа биз дээ. Энэ тэхдээ тусдаа хожим ярих нэг бүлэг сэдэв юм даа.

Д.Т: –Уг нь доошоо орохоороо овоо нэгдээд байдаг бусуу? Гэхдээ харж л байхаас даа. Ер нь шуудхан хэлэхэд өнөөдөр улс төрд орж л баяждаг бүр номтой болж дээ. Тэгээд баячуудын тухай л бид ярих болж. Одоо эд нар бүгд тавь хол гарсан жар хүрч байгаа хүмүүс биз дээ. “Жар хүрч ухаан ороод жаран нэгтэй үхнэ” гэдэг нэг үг бий шүү. Хятадууд манайхныг шоолж хэлсэн үг гэдэг байх шүү. Өтөлсөн хойноо бие биенээ шоронд хийгээд л... энэ өс хонзон яг дээр ярисан шиг гадны жоохон түлхээс өгөхөд  өнөөх хүн амын ихэнхийг эзэлж байгаа ядуучууд хөдлөөд бүр алалцаад эхлэх  вий дээ гэж санаа их зовох юм даа .... Хоёулаа ингээд өнөөдөр зогсъё. Дараагийн яриагаар энэ дундаж давхарга, төрийн бүтэц тогтолцоо, гадны улс төрийн нөлөө гэх мэтийг ярих уу? Чи ч хэлж л байсан бид ерэн оноос л яг коминтерн орж ирээд залсан шиг залагдаад явчихсан ч юм шиг гэж . Одоо ч тэр... гэсээр бид хамт цайны газраас гарсан билээ.