“Мэргэжлийн Засгийн газар байгуулъя” гэсэн өгүүлэл минь олон хүнд буруу ойлголт өгсөн бололтой тул энэ талаар тодруулж тайлбарлах гэсэн юм. АН-ын бүлгийн дарга “Хэзээ тийм юм байлаа, би л лав ийм юм хэзээ ч огт сонсож байгаагүй” хэмээн мэдэгджээ. Дарга хэзээ ч сонсоогүй болохоор л ийм юм огт байдаггүй гэсэн үг биш л дээ. Хөөрхий, сонсох эрхтний бэрхшээлтэй байж болно шүү дээ.

Мэдээжийн хэрэг, Засгийн газар гэдэг бол улстөрийн инстүүц. Бие бүрэлдэхүүн нь ардчилсан оронд сонгуулиар шийдэгддэг. Сонгууль хийсэн мөртөө гудамжнаас мэргэжилтэн авчраад л төрөө бариулчихдаг юм гэж хаа байхав. Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол хямралаас гарах гэсэн арга барагдсан түр зуурын арга хэмжээ юм. Улстөрийн эерэг сөрөг хүчнүүд хүч тэнцэхээрээ биенийгээ юм хийлгэдэггүй хориг тавиад төрийн инстүүцийг шийдвэр гаргуулахгүй сульдуулах нь элбэг тохиолддог үзэгдэл. Хаана ч тэр. Өнгөрсөн жил АНУ-ын Конгресст хүчнүүд тэнцчихээд төсөв батлагдахгүй удсанаас болоод төрийн инстүүцүүд ажиллагаагүй болон цалингаа тавьж чадахаа больж байлаа. Бельгид бүр Засгийн газраа байгуулж чадахгүй жил гаруй хугацаанд засаггүй явлаа. Иймэрхүү жишээ дэндүү олон. Улстөрийн хүчнүүдийн тэнцвэр сайн юм өгдөггүй. Улстөрийн хямрал нь шууд эдийн засгийн хямрал руу түлхдэг. Далаад оны төгсгөлөөр Англид засгийн эрхэнд байсан Хөдөлмөрийн намын дотор хагарал гарч Гадаад хэргийн сайд Дэвид Оуэнээр толгойлуулсан “гурвын дээрэмчид” гэгдсэн фракц тусгай нам байгуулан өөрсөдтэйгээ үзэлцсэнээс болж сөрөг хүчин эрх баригчидтай тэнцэн улстөрийн хямрал гүнзгийрч эдийн засгийн уналт нүүрэлсэн. Аз болоход сонгууль ойртсон байсан тул төрийн эрхэнд Тэтчэр гарч ирснээр Английн эдийн засгийг эргэж босгосон билээ.

Ардчилсан дэглэм дахь аль ч улс төрийн хүчин их бага хэмжээгээр популист байдаг. Нийгмийн ухамсар дорой, шинэ тутам ардчилж байгаа орны ард түмэн улстөрчдийн популизмаар хөөсрөх аятай хөрс болж өгдөг. Ийм газар улстөрийн хүчнүүдийн хэт тэнцвэр буй болохоор популизмын уралдаан болно. Энэ нь төрийн инстүүцийн шийдвэр гарах бүхий л арга замыг аль болохоор боож хаадаг. Эрүүл ухаан хойш тавигддаг. Хөндлөнгөөс нь ажиглахад амиа хорлох гэж байгаа сүрэг лугаа адил. Гаргах шийдвэр болгон нь зориудаар улс орноо хорлох гээд ч байгаа юм шиг. Дэлхийн дайны дараахан магадгүй хамгийн хөгжингүй орон болох бэлээхэн ирээдүйтэй байсан Аргентинд яг ийм нөхцөл бүрдсэн учир хэдхэн жилийн дотор улс орноо бүх ард түмэндээ тэгшхэн “хуваагаад” тараачихсан. Түүнээс хойш жар гаруй жил өнгөрлөө, тэд эргэж хэзээ ч сэхээгүй, ойрмогхон Аргентин эдийн засгийн дампуурсан улс болсноо зарлах шив дээ. Улс нь дампуурлаа заралчихлаа шүү дээ.

Улстөрийн хүчнүүд нь тэнцсэнээр улстөрийн, даамжраад эдийн засгийн хямралд хүргэхийн цагт мэргэжлийн түр Засгийн газар байгуулж хүнд нөхцлөөс гарсан жишээ байна. Магадгүй “мэргэжлийн” гэж буруу нэрлэсэн байж болох. Энэ нь жинхэнэдээ “мэнэжмэнтийн” түр Засгийн газар юм.

Мэргэжлийн Засгийн газар гэхээр мөнөөх дарга Батлан хамгаалахын сайдаар нэг дэслэгчийг, Эрүүл мэндийн сайдаар нэг мундаг шүдний эмчийг, Боловсролын сайдаар нэг сүрхий хичээлийн эрхлэгчийг тавих тухай ойлгоод буруушаасан байж болох. Тийм бол үнэхээр түүний зөв. Гэхдээ би “мэргэжилтэний” гэдгээс өөр утгаар хэлсэн юм.

Бид үнэхээр олон жил ийм маягийн “мэрэгжилтний” Засгийн газартай явж ирсэн. Лав л аль тавиад оноос хойш. Хөдөө аж ахуйн сайд агрономч болбол анхаарал нь Сэлэнгэ рүү яваад өгнө. Малын эмч болбол шүлхийг, мал зүйч болбол хээлтүүлгийг гоцлон анхаарч сайд өөрөө мэгэжилтэн царайлаад явчихдаг. Үүндээ хэт дассанаас болоод 1990 онд Боловсролын шинэ сайдыг “ганц удаа самбар дээр шохойгоор юм бичиж үзээгүй” хэмээн өөлж огцруулахыг шаардсан багш нарын хүчит эсэргүүцэл оволзож байлаа. Ой модны яам байгуулж ойн инжинер, Усны яам байгуулчихаад усчин эрээд давхичихана, тэр нь амар олдохгүй ээ. Бодлого тодорхойлж мэнэжмэнт хийх ёстой болохоос уг нь мод тариулах гээд байгаа хэрэг биш шүү дээ. Хуульч Дорлигжавыг хамгийн сайн сайд байсан гэж Батлах хамгаалахынхан ярьдаг. Хуульч Цагаан сангийн сайд, багш Ламбаа, сэтгүүлч Ганди эрүүл мэндийн сайд байх нь хамгийн оновчтой тохиолдол байжээ.

1998-99 онд нэг удаа “мэргэжилтний” Засгийн газар байгуулж үзсэн. Сайхан дампуурсан даа. Ямар ч улстөрийн туршлага мэдрэмж байхгүй конторын голдуу мэргэжилтэнг сайд болгосон. Мэргэжилтнүүд нэр дэвшүүтээ улстөрийн намд шинээр элсэж, популизмыг улстөрийн “мэргэжилтнүүдээс” гарамгай хийж эхэлсэн. Дорхноо улстөрийн амтанд орж удахгүй болох сонгуульд биеэ бэлдэж эхэлж билээ.

Өнөөгийн хямралаас яаралтай гарахын тулд бидэнд “мэргэжилтний” биш мэргэжлийн, бүр тодруулбал мэнэжмэнтийн түр Засгийн газар хэрэгтэй байна. Эрх барьж буй хэсэг нь дундуураа хагараад биенээ түлхэж унагаах гэж улайрах ба сөрөг хүчин нь муу тусмаа сайн гэсэн философитой улдан чангаасаар улс орныг хэдэн тийш нь тасчин таталцах хооронд эдийн засаг сүйрч гүйцлээ. Иймээс л хэнээс ч үл хамаарах хөндлөнгийн “аврах баг” зайлшгүй хэрэг болоод буй мэт.

Мэргэжлийн буюу мэнэжмэнтийн гээд байгаа нь сайн гэж тодорсон мэнэжэрийг хэлээд байна л даа. Өнөөгийн УИХ-д ч, ер нь Монголын улстөрд нийтийн бүжигт нэр нь тодорсон мэнэжэр бишгүй л нэг бий л дээ. Гэхдээ тэдний хувийн бизнес нь гайгүй яваад байгаа мөртөө бүжиг жүжиг нь хэтрээд популизмд автан улсын бизнесийг толгойгоор нь уруу харуулан тангодоод байх юм. Тэд удстөрийн тайзан дахь дараагийн амжилтаа харан дүрдээ хэтэрхий итгэсэн. Улстөрчийн хувийн бизнес бүтэлгүйтвэл авгай хүүхэд нь өлсөнө. Харин хариуцсан төрийн бизнес нь алдагдал хүлээвэл улам алдаршиж ард түмнээсээ “шудрага” гэсэн цол хүртэнэ. Тогтолцооны л харгай л даа. Хэрэв тэдэнд бүжиглэхийг нь хориод, тайз эзэмших хугацааг нь богиноор тогтоогоод, цаашдаа улстөрийн тоглоомд оролцох эрхийг нь хасаад, улсын аж ахуйн тодорхой салбарыг хувийнхаа бизнес хийдэг зарчмаар хөтлөн өөд нь татаадах гэвэл юу боллоо гэж өнөөгийнх шиг мулгуу шийдвэр гарган улс орноо хорлож явах билээ дээ.

Гэмтлийн эмнэлэгийн хэдэн сайн мэс засалчид хувиараа тоног төхөөрөмж, багаж техник олж ирээд өвчтөнд хиймэл тойг, түнх суулгаж өгдөг юм байна. Үнэ нь гурван мянган доллар. Ийм мэс засал гадаадад 15 мянган доллар, нэмэх нь замын зардал, эм буудлын үнэ. Гэтэл Мэргэжлийн хяналтынхан шалгалт явуулаад тэднийг алангаа алдав. Ер нь Мэргэжлийн хяналтын гэх байгууллагынхан бол жаргах замын садаа болсон жартгай улаан чавганц гэгчээр рэкетээр занимаалсан, улс орны эдийн засгийг хоролдог заазуур гэдгийг нь хэн хүнгүй гадарлах байх. Улсын байранд, улсын тогоор хувийн бизнес хийлээ гэж тэр шүү дээ. Энэ шалгалтынхаа тухай сонин хэвлэлд томоохон туульс хайлж дөвчигнөсөн. Мэдээж Эрүүл мэндийн яам дутагдлыг шүүрэн авсан. Эрүүл мэндийн үйлчилгээ бол ард түмний сайн сайханд л зориулагдах ёстой. Тойг, түнхэндээ тэд л сайн юм байна. Хэрэв үндсэн зорилгоо зөв ойлгоод энд зөв мэнэжмэнт хийх юм бол ална хядана гэж байхаар аятайхан зохицуулалт бодож олон эмчид ч өвчтөнд ашигтайгаар шийдэж болно. Үүнийг сайн мэнэжэр хийх болохоос тайзнаасаа буухгүй гэж чаргуулдах улстөрийн бүжигчин яагаад ч хийхгүй. Ойлгож байгаа мөртөө тэгэхгүй гээч. Саяхан орчуулагдан хэвлэгдсэн “Улс үндэстний уналт доройтлын шалтгаан” хэмээх номонд: “Улстөрчид энэ бүхнийг ойлгодоггүйдээ байдаг юм биш. Ойлголгүй эндсэн бол алдаагаа засах ёстой атал үүнийг мэдсээр байж улам гүнзгийрүүлдэг. Ганийн Ерөнхийлөгч Нкрума хажуудаа Нобелийн шагналт эдийн засагч зөвлөхтэй байсан атлаа хэлээд байхад зориуд зөрж улс орноо дампууруулсан” гэжээ.

Саяхан хүүхдийн тархины даралтад тустай барбитол эмийг аптек андуураад том хүний тунгаар хүүхдэд өгчихжээ. Сайхан сэнсаац болсон. Тархины судас өргөсгөж хүчилтөрөгчийн оролтыг нэмэгдүүлэн тайвшруулдаг бодис болохоос хор биш л дээ. Тэгсэн Шудрага өрсөлдөөнийхөн (Мэргэжлийн хяналтынхны гол өрсөлдөгч) аптекуудаас бүх барбитолыг нь хураагаад авчихсан. Өөрснөө уух гэж байгаа юм болов уу? Уг нь тэгвэл зүгээр л дээ, тархи руу хүчилтөрөгч сайн оруулдаг юм. Тархины даралттай хүүхэд энэ том хотод олон бий. Тэд эм хайгаад л, гадаад руу захиад л аргаа барж явна. Хутга шөвөгний хэрэг дийлдэхээ болилоо гээд бүх айлын хоолны хутгыг хурааж байгаа шиг л юмаа даа. Ийм тохиолдолд зөв мэнэжмэнт л тус болно.

Төсвийн хамгийн жижиг хөдөлгөөнд ч Сангийн яамны зөвшөөрөл хэрэгтэй. Бүртгэлийн тогтолцоог зөвшөөрлийнх гээд ойлгочихсон хэрэг. Энд хялбар механизм үгүйлэгдэж байна. Тавдугаар цахилгаан станцыг хаана байрлуулах талаар яг 20 жил маргасан шүү дээ. Ямар цариг тавих талаар 10 жил. Нисэхийн буудал хаана байрлах нь хамаагүй харин энэ талаар зурагтаар ухаалаг үг хэлэх нь гоё.  МИАТ-ыг хувьчлах талаар 25 жил ярьж буй ч дахиад дор хаяхад 25 жил ярилцаж таараа. Тавантолгойн тухай таванзуун толгой тавин жил маргасны эцэст нүүрс үнс болов. Энэ бүхнийг тэгээд улстөр гэх үү, хордон сүйтгэл гэх үү? Хүчилтөрөгчийн дутагдалтай мөртөө барбитол ч уухгүй ухаантай маргаан өрнүүлээд л. “Дуусдаггүй яриа”-гаа дуусгамаар юм. Яам цөөлөх, орон тоо цомхотгох нь хямралаас гарах гол хаалга биш. Цомхтголын дараах хэмнэлтийн мөнгө нь нийт төсөвтөө хичнээхэн л хувь эзлэв гэж дээ! 70-90 онд Засгийн газар 42-46 гишүүнтэй байсан мөртөө социализмаа “амжилттай” байгуулаад л явж байсан. Үргүй зардал, ухаангүй мэнэжмэнт, хавтгайрсан халамж, бодлогогүй хууль л хямралын жинхэнэ эх сурвалж шүү дээ. Нийлэхээрээ популизм! Авлига, хулгай, шамшигдууллын нэмэлт зардал дор хаяхад 50 хувь. Магадгүй Батлан хамгаалах, Гадаад харилцаа хоёрт бизнесмэн гэхээсээ улстөрийн бодлоготон хэрэгтэй байж болох л доо.

Төрд гараад ирэхээрээ л идэж уугаад салахгүй гэж үү? Ийм тогтолцоонд хэн ч гарч ирсэн иднэ. Бүгд хариуцах эзэнгүй төрийнх юм чинь. Өрөөсөн оймстой, өвдөг цоорхой бол бүр их иднэ. Өлсөөд хэнхэг болчихсон байгаа шүү дээ, чааваас. Төрд гараад ирсэн өчигдрийн гудамжны рэкетчинүүдээ хар л даа. Мэнэжмэнтийн Засгийн газарт идэж уугаад л эхлэх юм бол дор нь солих сэлгэх бололцоотой. Яагаад гэвэл тэдэнд УИХ-аар халхалсан “халдашгүй дархан эрх” гээч юм байхгүй. Үйл ажиллагаа нь ил тод, парламентаас дэмжлэгтэй мөртөө хяналттай түр Засгийн газар. Уг нь арга барагдсан л чарга л даа. Гэхдээ өнөөдөр шиг ингээд бөглөрөөд нааш ч үгүй цааш ч үгүй болсон тохиолдолд өөр илүү сайн арга байна уу, бодооч, хэлээч, хэрэгжүүлээч. Хотод элбэг тохиолддог замын таг бөглөө үүсээд удахаар хэн хэнгүй л “цагдаа ирүүлээч” хэмээн уралдан утасддаг биз дээ, айн?

Жич: Миний бие зүгээр л саналаа хэлж, өөрийн хувилбарыг дэвшүүлсэн юм шүү. Дарга нар аа, үүний төлөө намайг дахиж битгий загнаарай, битгий зодоорой.

2014.9.15