Тэгэхэд би Үхэж болохгүй байсан юм
Гучаад жилийн өмнө. Тэгэхэд би залуу байлаа. Боби. Миний хүү чи 7 настай байсан.
Өөдрөг жавхаатай бай.
Нүүрэндээ битгий гуниг тодруул.
Нүдэндээ бүү нулимас цэлэлзүүл.
Ээжийг битгий зовоо.
Ээжийгээ бүү гаслуул.
Нүүрэндээ битгий гуниг тодруул.
Нүдэндээ бүү нулимас цэлэлзүүл.
Ээжийг битгий зовоо.
Ээжийгээ бүү гаслуул.
Сайн байна уу? Миний хүү. Миний охин. Аав нь чамд нэг түүх хэлж өгөе.
Гучаад жилийн өмнө. Тэгэхэд би залуу байлаа. Боби. Миний хүү чи 7 настай байсан. Батка 6-тай. Туба 5-тай. Төрөө 3 настай байсан. Тэр үед аав нь жижигхэн хөөрхөн наймаа хийдэг байсан. Янз бүрийн юм хийнэ. Бараа зарна. Авна. Буцаагаад зарна. Овоо их мөнгө олдог байлаа. Өөрсдийгөө гэр бүлээ би под хийлгээд аваад явдаг байсан юм. Хааяа нэг боломж таарвал Орос, Герман, Польш явна. Тэнд бас наймаа хийнэ. Холино. Солино. Зарна. Авна. Тэгэж яваад би Москвад автомашины аварт орсон юм. Яаж яваад? Яагаад гэдгийг би ерөөсөө санадаггүй юм. Нэг сэрсэн чинь би эмнэлэгт байсан. Аавд нь орос эмч нар том хагалгаа хийсэн байсан. Би тэнд эмнэлэгийн сэхээнд 6-7 хоног ухаангүй байсан юм билээ.
Тэгэхэд аав нь үхэл сэхэлийн яг торгон ирмэг дээр зогсож байлаа. Тиймээ. Би яг тэр ирмэг дээр зогсож байсан юм. Гэхдээ би үхлээс айгаагүй. Огт айгаагүй. Одоо ч айдаггүй. Яагаад? гэвэл: Цаг нь ирвэл хэн ч адилхан. Үхнэ шүү дээ. Цаст уулын цагаан арслан байгаад ч хэрэггүй. Үхэх л болно. Үхэх цаг ирсэн бол. Сайн цагийн 1000 бурхан тойрч хүрээлээд ч нэмэргүй. Үхэх л болно. Өлгий авс хоёрыг бид нар бүгд дамжина. Өнөөдөр би үхэж. Маргааш тэр төрнө. Бид бүгд ижилхэн. Тийм учраас би үхлээс айдаггүй юм.
Хэдий тийм ч. Тэгэхэд би тэнд үхээгүй. Үхэж болохгүй байсан юм. Хэрвээ би үхвэл нь: Миний дөрвөн хүүгийн минь ээж Халамжит сайн хань минь яахав? Миний дөрвөн сайхан хүү яахав? Тэд нар минь дэндүү жоохон... Тийм учраас би яавч үхэж болохгүй. Энэ бодол намайг тарчилган зовоодог байлаа.
Тийм ээ. Яг тэгэхэд аав нь үхэл амьдралын зааг дээр зогсож үзсэн. Би үхлийн үүдэнд очсон. Хаалгыг нь татсан. Харсан. Тэгээд би буцаагаад хаасан... Тэгээд би тэнд ээжийгээ дуудсан. Ээжийгээ сэрээсэн юм. Ээждээ би хэлсэн:
“Би ханьдаа хөвгүүддээ хүүхдүүддээ хэрэгтэй. Тун их хэрэгтэй хүн. Намайг буцаагаад явуулчих” гэж ээжээсээ би гуйсан юм. Ээж бурханаас гуйсан. Бурхан намайг буцаагаад явуулсан. Энэ үнэн.
Тэнд Москвад би эмнэлэгт удаагүй. Сар болоогүй санагдана. Би өдөр бүхэн шархаа цэвэрлүүлээд боолгодог байсан. Орос эмч нар миний шарх үтэр түргэн эдгэрч байгааг хараад. Гайхан шагширдаг байлаа.
Тэд нар:
-Энэ монголыг хар даа: Яг нохой шиг түргэн эдгэрч байна шүү дээ. Гээд инээлдэнэ.
Тэгээд тэнд хэвтэж эмчлүүлж байсан бусад өвчтөнүүдэд хандаад:
-Та нар өөрсдийгөө хар л даа. 2-3 сар боллоо. Нэг их сайжирсан юмгүй. Гэцгээнэ
Тэгэхэд би тэнд Москвад маш хурдан сайн эдгэрсэн. Ээжийн минь хүссэн хүслийг бурхан анхаарсан. Тэгээд бурхан надад тусалсан юм. Тийм учраас: Аав нь үхээгүй юм. Аав нь амьдарсан юм.
Би ингэж бодож байна.
Тэгэхээр миний хүү. Чи сонс.
Эх хүний хайр нь гүн. Сэтгэх нь агуу. Сэрэх нь гайхамшиг. Тийм учраас тэр хайр юуг ч бий болгож чадна. Тэр хайранд бүх юмс оршдог. Тэр хайранд бүх зүйлс амьдардаг. Тэр хайранд амьгүй юмс амилдаг. Нар, сар, од гаригс, мод, уул ус бүгд түүнтэй ярьдаг. Тэр хайраар хүн өөрөө бүтээгдсэн юм. Тийм учраас ээж бол БУРХАН. Ээж бол ХАЙР. Эхийн хайр МӨНХ. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Тийм учраас: Миний хүү. Миний охин. Ээжийгээ хайрла. Бие биенээ хайрла. Гадна талаараа биш. Дотор сэтгэл зүрхээрээ хайрлаж бай. Энэ бол Бурханы хүсэл. Энэ бол мөнхийн хүсэл. Энэ бол орчлон ертөнцийн жам.
Аав нь ингэж бодож байна.
Миний хүү. Чи өөдрөг бай. Жавхаатай бай. Зовлон гуниг өөртөө чи битгий тээ. Нүүрэндээ гуниг битгий тодруул. Нүдэндээ нулимс бүү цэлэлзүүл. Зовлонг тойрч өнгөр. Зовлонг орхи. Хая. Чи зовбол. Ээж зовдог юм. Ээжийг бүү зовоо. Ээжийг бүү гунихруул. Ээжийгээ баярлуул. Эхлээд чи өөрөө баярла. Чамайг дагаад Ээж баярладаг юм. Хэрвээ чи баярлаж байвал. Ээжид өөр юу ч хэрэггүй.
Ээжийг бүү зовоо. Ээжийг битгий гунихруул. Ээжийгээ битгий гаслуул.
Ээжийг хайрла. Ээжийгээ баярлуул. Ээжийгээ энэрэн нигүүсэх сэтгэл оюунаар хайрла. Ингэж хайрла. Миний хүү. Миний охин. Ээжийгээ хайрла.
Би ингэж бодож байна.
Тиймээ. Миний хүү.
Зовлон үзээгүй хүн. Зовлонг ойлгодоггүй юм. Би эмнэлэгээс гараад Улаанбаатарт гэртээ ирсэн. Өөрт байсан зовлон гунигаа би тэнд Москвад орхисон. Өнөө маргаашийн юм бодож явдагаа больсон. Найз нөхөд. Таних танихгүй хүмүүс бүгдийг би мартсан. Тэд өөрсдөө алга болцгоосон. Тэр ч бас аргагүй. Тэгэж би боддог юм. Тэгэхээр ийм байна.
“Зовлонгоос ангижир. Тэгэж чадвал. Чи анх хүн болсон. Тэр ахуйд нэвтрэн орох болно” гэж Бурхан Будда хэлсэн гэдэг юм. Юу гэсэн үг вэ? гэвэл. Зовлонгоос ангижир. Тэгээд анх хүн болж төрсөн тэр цэвэр амгалан ахуйд нэвтэрч чад гэсэн үг. Цэвэр чимээгүй. Амгалан тайван. Анир гүн. Тэр орчин. Оюун ухаан хүч чадлыг сэрээдэг. Үүний дараа сэргэж сэрсэн тэр оюун ухаан асар их үнэ цэнэтэй нандин зүйл байдаг юм.
Тийм учраас: Оюун ухаанаа сэрээ. Хүч тамираа сэрээ. Нам гүм амгалан тайван бодож тунгаа. Өнгөрснийг дүгнэж бод. Ирээдүйг харж бод. Одоог ойлгож тунгаа. Товчлоод хэлбэл: Миний хүү. Чи эхлээд нам гүм. Амар тайван. Чив чимээгүй орш. Тэр орчинд бодож тунгаа. Сэрж сэтгэ. Тэгээд дараа нь ажилла. Ядартал ажилла. Дараа нь амар. Бод. Тунгаа. Дахиад ажилламаар санагдана. Ингэж амьдарч сур. Өөрөө өөртөө бүү зав гарга.
Хүн амьдралд нугарч болно. Хүн амьдралд хугарч болохгүй.
Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
2014.12.23