МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүхийн институтээс 1970 онд хэвлэсэн “МАХН-ын товч түүх” номоос дараахи мөрүүдийг олж уншиж болно.

... Бүгд хурал намын өмнө үнэнч биш, зарчимч биш бөгөөд үзэл суртал, улс төрийн талаар хоцорч ажлын дутагдал гажуудалтай бөөрөнхийлөн эвлэрсэн Д.Дамба болон мөн үзэл суртал, улс төрийн хэмжээ, ажил хэрэг ба хувийнхаа чанараар тохирохгүй болсон Б.Дамдин, Д.Ламчин, Ч.Сүрэнжав, С.Балган, Д.Самдан нарыг намын удирдлагаас гаргав.

... МАХН-аас нэг хүнийг тахин шүтэх явдлын хор уршгийг арилгахын төлөө явуулсан зарчимч тэмцлийг намын эсрэг хорт зорилгоор ашиглах гэж эрмэлзсэн өчүүхэн бүлэг этгээдийн дайралтаас нам өөрийн улс төрийн шугам үзэл суртлын цэвэр ариун байдал, эв нэгдлээ туйлбартай хамгаалсан юм.

Д.Төмөр-Очироос марксизмд харш үндэсрхэх үзлийг баримтлан, нам ард түмний түүхэн ололт амжилтыг үгүйсгэн дайрч, улс төрийн талаар эрүүл бус үзэл санаа дэлгэрүүлэх намын эсрэг үйлдсэн ажил явууллагыг Намын Төв Хорооны III бүгд хурал уудлан илрүүлэхийн хамт намын эгнээний нэгдлийг сулруулах гэсэн алив оролдлогыг тас цохихын тул сонор сэрэмжээ байнга дээшлүүлэхийг намын бүх байгууллагуудад үүрэг болгов. Намын Төв Хорооны 1963 оны V бүгд хурал эрх тушаал хөөцөлдөн, удирдах ажилтны хооронд хутган үймүүлж, боловсон хүчнийг хяхан хавчсан Л.Цэндийн нам биш ажил явууллагыг Намын Төв Хорооны гишүүд, төв орон нутгийн намын байгууллагын удирдах ажилтны тавьсан өргөн шүүмжлэлийн үндсэн дээр илчлэн буруушаав. МАХН-ын Төв Хорооны 1964 оны VI бүгд хурлын үеэр Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар  урьд өмнө гаргаж байсан эрүүл бус үзэл, алдаатай бодлогоо улам гүнзгийрүүлж, МАХН түүний Төв Хороо болон намын бодлогыг марксизм-ленинизмд харш үзлийн үүднээс ямар ч ул үндэсгүй гүтгэн дайрч, намын интернационалч чиг шугамыг хянан үзэх гэсэн үл бүтэх оролдлого хийснийг Намын Төв Хорооны гишүүд, орлогчид гүнээ жигшин, нэгэн дуугаар эрс буруушааж, намын жанжин шугамыг эсэргүүцэгч эдгээр этгээдээс намын дотор хагарал гаргах зорилготой зохион байгуулалт бүхий бүлэглэсэн явууллагыг илчлэн бутцохив...

Энэ бол 1959, 1962, 1963, 1964 оны үйл явдлууд. Бидний үеийнхэн тэр үед бага балчир байсан ч энэ тухай мэдээ яагаад ч юм бидний тархи толгойд гүн орж суучихаад мэдэхгүй ойлгохгүй хэрнээ шүүн ярилцаж байж билээ. 1964 оны эсэргүү бүлгийн нэг идэвхтэний хүү манай ангид сурч байснаа өвөл нь ч бил үү гэр бүлээрээ хөдөө явчихсан, бодвол цөллөгт явж хохирсон байх. Ийм нэг баахан эсэргүү дайсныг нам-засаг дарсан юм байна хэмээн ойлгосоор 1990 оныг хүрсэн дээ.

Дээр Намын Төв Хорооны бүгд хурлын тухай мэдээний үг хэллэг, тэр жигшүүлэх үүднээс хэрэглэсэн этгээд үгс нь тэр үедээ л хосгүй оновчтой мэргэн үгс байжээ. Ийм мэдээ олж уншсан хэн ч жигшихгүй, зэвүүцэхгүй, эмээхгүй байна гэж баймгүй. Буудаж алаасай хэмээн ёстой олон хүн ерөөж байсан байх даа?

Энд би ганц номоос эшлэж байгаа боловч МАХН-ын түүхийн удаа дараагийн сурах бичгүүдэд энэ тухай давтан бичсээр байсан билээ. Гэтэл хожим юу болж орхив оо? Түүх бичлэг маань юу болж төрөл арилжав аа?



Монголын өөрчлөн байгуулалтын нэг удирдагч Ц.Намсрайн хэлсэн үг дор байна. Нөгөө Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог МАХН-ын Төв Хорооны алдарт VIII бүгд хуралд хэлсэн цогтой үгс:   

Монгол хүний оюун сэтгэлгээнээс Монголыг нь шахан хатангиртуулж, хоосон зай гаргаж, зарим талаар түүнийг нь харийн юмаар бөглөх гэж байсан нь ойлгогдлоо. Үүнийг учрыг Ю.Цэдэнбал, түүнийг тойрон хүрээлж, хамтран бодлого явуулж байсан хүмүүсээс асуух учиртай юм. Ер нь 60-аад он бол Монголын эдийн засаг, улс төр, зан суртахууныг өөр зүг хөтөлсөн зааг үе болсныг нарийвчлан тунгаан судалж тодруулах хэрэгтэй байна.

Ардчиллын улбаа байсныг энэ л үед нухчин дарсан юм. Зээл тусламжаар социализм байгуулах бодлого ч энэ л үед тодорсон. Үнэн хэрэг дээрээ захиргааны өмчийн хэлбэрийг энэ л үед өөр өнгөөр тодруулан тооцоцгоосон юм. Найрамдлыг хувийн эрх ашигт тохируулах, түүнээс ашиг хонжоо олохыг эрэлхийлэн мэрийгчдийг төрүүлэх, найрамдлаар бороохой хийгчдийг өсгөх системийг энэ л үед л тод томруун тавьсан юм.

Монголын түүхнээ 1960-аад он гэж тусдаа нэгэн өвөрмөц үе байсан гэж үзжээ. Оросчлогдох эхлэл тэр үед тавигдаж, тэр үед Цэдэнбалын хаанчлал тогтож, эхнэр нь төрийн хэрэгт хутгалдан оролцож, түүний гайгаар ардчиллын анхны үр соёлохоо больжээ  гэдгийг бодитойгоор гаргаж тавьсан байна. МАХН-ын түүхийн номуудад улиг болтол бичигдчихсэн 1962, 1964 оны намын эсэргүү явдлууд, түүний эзэд– “марксизмд харш үндэсрхэх үзэлтэн, нам ард түмний түүхэн ололт амжилтыг үгүйсгэн дайрагч, улс төрийн талаар эрүүл бус үзэл санаа дэлгэрүүлэгч” Д.Төмөр-Очир, “эрүүл бус үзэлтэн, МАХН түүний Төв Хороо болон намын бодлогыг марксизм-ленинизмд харш үзлийн үүднээс ямар ч ул үндэсгүй гүтгэн дайрагч, намын интернационалч чиг шугамыг хянан үзэгч, намын жанжин шугамыг эсэргүүцэгч” Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын бүлэглэсэн явууллагыг илчлэн бутцохисон нь шал буруу байжээ.

Гэхдээ энд гаргаж тавих нэгэн асуулт нээлттэй үлдэж байна. Учир нь үр хүүхэд, ач гуч нар нь байж байна. Тэр Д.Дамба, Б.Дамдин, Д.Ламчин, Ч.Сүрэнжав, С.Балган, Д.Самдан, Л.Цэнд нарыг яагаад цагаатгасангүй вэ?

Хэрэв Ж.Батмөнх  нар 1984 онд Цэдэнбалыг авч хаяхдаа л тэр дороо цагаатгалаа эхлүүлж, уучлалаа гуйж, юуны түрүүнд Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз нарыг шууд цагаатгачихсан бол 1990 оны хаврын үймээн самуунт үйл явдал тохиох байсан уу даа?  Ингэж эргэж харуусан ярих хүн зөндөөн байдаг юм билээ.