Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш 1900 төгрөг давсантай уралдан нийгмийг цочроосон нэг явдал бол гурван сар хүрээг үй 16 нярайд насанд хүрсэн хүний тунгаар бэлдсэн фенобарбитал гэдэг эмийг “Монос” эмийн сангийн түгээгч андууран, олгож хордуулсан үйлдэл байлаа. Яг энэ эмийг үйлдвэрлээгүй ч манай улсын урдаа барьдаг том эмийн үйлдвэр, хамгийн том эмийн сангийн сүлжээгээрээ дамжуулан монголчуудын эмийн хэрэглээний талыг нь хангадаг “Монос” шиг компанид нэг ажилтных нь хариуцлагагүй үйлдлээс ийм явдал гарч байхад эмнүүдээ ганзагын наймаачдаас авч буй эмийн сангуудын тухай юу ч ярих билээ.

Гурван сая хүрэхгүй хүнтэй Монгол Улсын эм зүйн салбарт 32 үйлдвэр, 1283 эмийн сан, 120 гаруй ханган нийлүүлэгч ажиллаж байна. Хүн амын тал нь, эмийн сангуудын гуравны хоёр (2/3) нь нийслэл Улаанбаатарт төвлөрчээ. Улсын бүртгэлд 3000 гаруй эм бүртгэгдсэний талыг нь импортолдог бөгөөд ихэнх нь ОХУ, БНХАУ, Словак, Энэтхэг, Герман зэрэг орноос оруулж ирдэг гэж холбогдох албаныхан мэдээлжээ. Харьцуулахад, таван сая хүнтэй Финланд улсад том клиникийн 24, эмийн төвийн 224, хувийн 800 эмийн сан ажиллаж, хүн амынх нь 88 хувь эрүүл мэндийн үйчилгээндээ сэтгэл хангалуун байдаг ажээ.

Монгол Улсын эрүүл мэндийн системийн зөвхөн нэг хэсэг болох эмийн хэрэглээ болон ханган нийлүүлэлтэд үүсээд буй ноцтой гажилтыг судалж үзэхэд, манай эрүүл мэндийн тогтолцоог сууриар нь өөрчлөх шаардлагатайг харж болно.


ХЭРЭГЛЭЭНИЙ ГАЖИЛТ

Эдүгээ монголчууд бид эмийг ямар ч замбараагүй, яг л талх, чихэр шиг идэж байна. Толгой өвдвөл аспирин, гэдэс өвдвөл фталазол, ханиад хүрвэл антибиотик, их ядарвал “халуун тариа” хийлгэх зэргээр эзэгтэй бүр дур мэдэн гэр бүлийн гишүүдээ оношилж, эмийн сангаас жоргүй эм авч “эмчилж” байна. Хөгжилтэй орны гудамж бүрт кофе шоп байдаг бол манайд байшин бүрт эмийн сан нэртэй ТҮЦ бий болж. Монголчууд бид жилд зөвхөн эмэнд гэхэд л 170 тэрбум төгрөг зарж байна.

Уг нь хүн өвдсөнөө мэдвэл эхлээд эмийн сан руу биш, эмнэлэгт очиж, шинжилгээ хийлгэж, оношоо тогтоолгон эмчээс жор авч, түүний дагуу хэрэглэх ёстой. Эмч нь хүрэлцэхгүй, өрхийн эмнэлэг дутагдалтай, сум, багт эмч нар хангалтгүй байгаагаас бэлэн эм хэрэглэдэг тал ч бий. Монгол эмч нар жор бичих нь хойрго, гараар бичсэн жорыг гаргаж уншихад ч бэрх болсон тухай яриа гарсаар байна. Нөгөө талаас бүх эмийн санг шууд хувьчилж, клиникийн эмийн сангуудыг нийтэд үйлчлэхгүй болгосон учир эм борлуулалт зах зээлийн арилжааны хэлбэрт бүрэн шилжжээ.

Монголд өөртөө болон эмийн санчийн дураар эмчилгээ хийж, жороор өгдөг эмийг ч загнаж байгаад авах нь хэвийн үзэгдэл болсноос олон төрлийн сөрөг үр дагавар авчирч, олон хүн хүчтэй эмээр олон жил өөрийгөө хордуулж, архаг өвчтэй болж байна. Гэтэл солонгос эмч цусны даралтын эмийг дагуулаад хоёр өөр эм, нэг нь тухайн эмийн хүний биед үзүүлэх дагавар, сөрөг нөлөөг саармагжуулах, нөгөөх нь ходоод дотрыг огцом цочролд оруулахаас сэргийлдэг эм өгч байх юм гэж эмчлүүлсэн хүн хөөрөв.

Монголд эм бол эхэндээ маш өндөр ашигтай бизнес байсан учир хувь хүм үүс хүнсний барааны адил гадаадаас ганзагаар зөөж, танил эмийн сангаараа гуйж борлуулж байсан нь арай хумигдаж, өрсөлдөөн нь нэмэгдэж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Монголчууд бид эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, эмээр биш хөдөлгөөнөөр биеэ эрүүл саруул байлгах шаардлага улс нийгэм хотжих тусам улам их болж байна.


НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГАЖИЛТ

Бүртгэлтэй, бүртгэлгүй олон эмийг дотоодын гучаад компани үйлдвэрлэж, гадаадаас 120 компани 1300 гаруй төрлийн эм, хувь хүмүүс Монголд зөвш өөрсөн, зөвшөөрөөгүй олон зуун төлийн эм, бэлдмэлийг гар цүнхэндээ хийгээд оруулж, эмийн сангуудаар дамжуулж нийтэд жортой, жоргүй борлуулж болдог орон бол Монгол Улс. Эмийн чанар, үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлтийн хяналт шалгалтыг хариуцсан төрийн байгууллага бол Эрүүл мэндийн яам биш, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар бөгөөд түүний 150 ажилтан улсын үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарын хаана нь ч хүрдэггүй нь ойлгомжтой.

Уг нь бол монгол хүнд хүрч буй, гадаадад болон дотоодод үйлдвэрлэсэн бүх эм бүртгэлтэй буюу зөвшөөрөлтэй байх хууль бий. Гэвч эдүгээ эмийн санд борлуулж буй эмийн хагас нь бүртгэлгүй. Учир нь Монголд үйлдвэрлэж буй 2500 гаруй эмийн нэр, яаж бэлтгэсэн ба хэрэглэх тухай тайлбартай нэгдсэн стандартыг (фармакопия) гаргасан бөгөөд энэ номын жагсаалтад багтаад хоёр жил болсон эмийг бүртгэдэг ажээ. Энэ номонд оруулах зөвшөөрөл өгч, улмаар улсын бүртгэлд оруулдаг эрхтэй “Фармакопийн хорооны” дарга нь өөрөө авилгын гэмт хэрэгтэй холбогдон шалгуулж, шүүхээр таслан шийтгүүлэх хүртэл хурал нь урт хугацаанд тасарч цөөн хуралдаж нэг удаад арваад эм баталдаг учир олон эм бүртгэлгүй хэвээрээ байна. Гэхдээ социализмын үеэс л үйлдвэрлэж байсан учир уламжлалаа дагаж явсаар, бүртгэлгүй ч гэсэн олны танил болсон учир зах зээл ч шаардан, борлогдсоор ажээ.

Эмийн санд байгаа эм бүртгэлтэй, бүртгэлгүй гэдэг нь зөвшөөрөлтэй, эсвэл зөвшөөрөлгүй гэсэн үг биш юм байна. Нөгөө талаас клиникийн эмнэлгийн дэргэд буй эмийн сангууд зөвхөн хэвтэж буй өвчтөнд эм өгдөг, нийтэд үйлчлэх зөвшөөрөлгүй ажээ.


ТОГТОЛЦООНЫ БА ХАНДЛАГЫН ӨӨРЧЛӨЛТ

Эмийн нийлүүлэлтийн тогтолцоог өөрчлөх, эмийн санг эмээр эмчлэх цэг, эмчилгээний нэгэн бүрэлдэхүүн гэж бусад орны адил хандах цаг болжээ.

Эмийн нийлүүлэлтийг цэгцтэй болгох, чанарыг баталгаажуулах, эмийн сангуудыг хувь хүнээс эм авахыг зогсоох, хууль журмаа биелүүлдэг болгохын тулд эрсдэлийн удирдлага нэвтрүүлэх, юуны өмнө бусдын өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан байхыг шаардах цаг болжээ. Ер нь зах зээлийн эдийн засгийн орчинд аюулг үй ажиллагаа, нийгмийн өмнө хүлээх хариуцлагын асуудлыг бүхэлд нь даатгалын байгууллага зохицуулдаг бөг өөд манай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэндийн чанарын хяналтын зарим үүргийг эрүүл мэндийн даатгал болон даатгалын бусад компани болон байгууллагад шилжүүлж болох юм.

Барилгын компани, эмийн үйлдвэр, эмийн сан гэх мэт мэргэжлийн байгууллагаас бусдын өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан байхыг шаардах цаг болжээ. Даатгалын байгууллага багахан хураамж авсныхаа хариуд эдгээр байгууллагын нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг даатгасан байдаг учир хөдөлмөр аюулгүй ажиллагаа, мэргэжлийн ур чадвар, эрсдэлийн удирдлага зэргийг байнга үнэлж, хэрэв эрсдэлтэй газар бол даатгалын хураамж өсөх байдлаар эдийн засгийн шийтгэвэр оногдуулж, байгууллагууд эрсдлийн удирдлагаа сайжруулах эдийн засгийн хөшүүрэг бий болгодог. Хэрэв эрсдэлтэй, давтан эрсдэл гаргасан газар байвал даатгалыг нь хийх компани олдохгүй, удалгүй тэр компани дампуурдаг.

Юуны өмнө Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын газар эмчилгээний төлбөрийг нөхөн олгохдоо бусад хөгжсөн орны адил тухайн өвчтөнд тавьсан онош, өгсөн эм тариа зөв байсан, эсэх, эдгэрэхэд хэрхэн нөлөөлсөн зэргийг нягталж байх шаардлагатай байна. Сөүлд зөвхөн монголчууд л мөнгөө бариад мэргэжлийн эмчтэй даатгалын байгууллагаар даатгуулалгүй ирдэг учир ямар ч эм, эмчилгээ хийсэн бүх төлбөрийг газар дээр нь хийдэг тун “ашигтай” үйлчлүүлэгч гэгддэг.

Эрүүл мэндийн өөрийнх нь эрэмдэг тогтолцоог эхлээд шинэчилье!