Хямрал хэзээ яагаад гардаг, цаад шалтгаан нь юу зэргийг эдийн засагчид судлаад судлаад ойлгодоггүй. Энэ талаар маш олон таамаглал бий боловч аль нь ч батлагдаггүйгээс гадна нийтээр хүлээн зөвшөөрөгддөггүй. Хямрал өөрийн үечилсэн давтамжтай байж магадгүй ч гэж зарим нь үздэг. ХХ зуунаас хямрал дэлхийг хамарсан шинж чанартай болжээ. Үүнээс хамгийн алдартай нь 1929, 1973 оны хямрал. Хүн төрөлхтөн даяаршиж бүгд биенээсээ хамаардаг болоод ирэхээр нэг үхрийн эвэр мянгыгаа доргиодог болж л дээ.

Судлаачид хямралын явцын үе шатыг тогтоожээ. Энэ нь бол харин нэлээд хүлээн зөвшөөрөгдсөн томъёолол. Эхлээд бэрхшээл үүсдэг байна. Бэрхшээл нь өсөлтийн, уруудлын гэж хоёр янз. Ухаан нь манайд барилгын салбар хөгжөөд эдийн засаг халаад эхлэхээр материалын тээвэрлэлт, ажиллах хүчний бэрхшээл хар аяндаа үүсч байсан өнгөрсөн жилийн явдал байна. Энэ бол өсөлтийн бэрхшээл. Мөнгөний дутагдлаас болоод барилгын салбар уналтанд орж материалын илүүдэл гарч зах зээлд борлогдохоо болиод эхэлж байгаа одоогийн явц байна. Энэ бол уруудлын бэрхшээл. Уруудахаар эдийн засгийн хурдац удааширна, компаниудын орлого багасна, инфляци байх төвшингээсээ дээш гарна гэх мэт. Энэ хүртэл хямрал биш уруудалт. Англиар еconomical recession. Бэрхшээл цаашаа хүндэрвэл санхүүгийн хямрал буй болгоно. Ялангуяа банк болон бирж дээрх санхүүгийн зах зээлд энэ нь илэрхий ажиглагдаад эхлэнэ. Юун түрүүн банк, даатгалын компаниуд олноороо дампуурна. Энэ цаашилбал хөрөнгийн зах зээлийн хямрал болно. Санхүүтэй хамаагүй компаниуд олноор дампуурч улмаар биенээ уруу татна. Шинжээчид өнөөгийн дэлхийд санхүүгийн хямрал болсныг нотлоод энэ нь цаашлан хөрөнгийн зах зээлийн хямрал руугаа орж байгааг анхааруулж байна.

Өнөөгийн ертөнц биржээс маш хамааралтай болсон. Одоогоос бараг 100 жилийн өмнө ийм байсан юм чинь, өдгөө хүн төрлөхтний хөрөнгө тэр чигээрээ биржийн наймаа. Бирж дээр баримжаа харж болдог хэдэн том илтгэлцүүр бий. Америкт бүртгэлтэй тодорхой том компаниудын хувьцааны дундачийг харгалзсан Доу Жонс гэх мэт. Насдак, Никкэй, FTSE, Хэнгсэн гэх мэт цаана нь нэлээд бий. Эдгээрээр биржийн байдлын хандлагыг ажиглаж болно. Бирж нураад сүйд болбол араас нь эдийн засгийн хямрал эхлэнэ. Банкууд дампуурах төдийгүй тэднээс бүх зах зээл хамааралтай байдаг тул том жижиг компаниуд үй олноороо дампуурна. Ингэхээр нийгэмд ажилгүйдэл өснө. Энэ бол нийгэм мөнгөгүйднэ гэсэн үг. Өлсгөлөн, ядуурал, гэмт хэрэг мэдээжийн хэрэг хамгийн түрүүний дагуул нь. Хүмүүс орон гэргүй болж нийгэм сэтгэл зүйн асар том даралтанд орно. Үүний үр дүн болж улс төр баримжаа чиг байтугай ерөөсөө үндсэн зарчмаа алдаж эхлэнэ. Ийм байдлын шууд үр дүн бол дайн. 1929 оны хямрал чухам ийм дарааллаар явсаар аймшигт сүйрэлд хүрсэн билээ. Дараалал угаасаа логик шинжтэй, угшираад л байвал гарцаагүй дайнаар төгсөх нигуртай. Нэгтгэвээс: бэрхшээл – уруудалт – санхүүгийн хямрал – хөрөнгийн зах зээлийн хямрал – эдийн засгийн хямрал – дайн.

    Одоо манай дэлхий санхүүгийн хямралаас хөрөнгийн зах зээлийн хямралд орох шатандаа явна. Хоёр гурван сарын дотор энэ нь нэлээд гүнзгийрч аюулын харанга дэлдлээ. Хямрал 1929 оны адил мөн л АНУ-аас эхэлсэн. Дэлхийн хамгийн том, хамгийн нөлөөтэй эдийн засаг л бусдыгаа уруу татана л даа. 1998 оны Азийн хямрал Зүүн Азидаа бужигнаад л дууссан. Бүс нутгуудаар зөндөө л хямрал болж байсан боловч бүхнийг хамарч байгаагүй. Харин дэлхийг тэр чигээр нь хамарсан эдийн засгийн хямрал сүүлийн 80 жилд гурав дахь удаагаа ирчээд буй нь энэ.  

    Цар хүрээний хувьд 1929 оныхтой дүйцэхүйц, заримынх нь хэлж буйгаар түүнээс ч том энэхүү хямрал цааш яаж даамжрахыг хэн ч хэлж чадахгүй. Юутай ч хамгийн багаар бодоход хагас жил үргэлжлэнэ гэж ихэнх судлаачид үзэж байна. 1929 онтой харьцуулахад өнөөгийн дэлхий хавьгүй даяаршиж илүүтэй соёлжиж иргэншсэн. Үүний зэрэгцээ бүхнийг хамарсан эдийн засгийн хямрал ямар аюул зовлон, үхэл өнчрөл дагуулсныг биеэр амсаж туршлагажсан. Иймээс өнөөдөртөө биржээр “явж байгаа” хямралыг гадагш халиулж эдийн засгийн болгохоос хамгаалж дэлхий даяараа хамтран ажиллаж байна. Үүнд ялангуяа тэргүүлэгч орнууд онцгой үүрэг рольтой юм. АНУ-ын Засгийн газар 700 тэрбум доллар, Хятадын Засгийн газар 580 тэрбум доллар гаргаснаас гадна олон орны Засгийн газар дампуурч байгаа голлох санхүүгийн институциудыг худалдан авч байна. Нью-Йорк хотын Бэнк оф Юнайтэд Стэйтс нэртэй жүүдийн хувийн банкыг хамтарч дампууруулах гэж байж дэлхийг хөмөрчихтэй шахсан 1929 оны хямралын сургамж бэлээхэн байна. Юутай ч дэлхийн 3-р дайнд хүргэчихгүй байхыг дор дороо ухамсарлаж байгаа. Иймээс сүйрэлээс өөрийгөө хамгаалах механизмыг хүн төрлөхтөн олно гэж бүрнээ найдаж байна.

Дэлхийг хамарч буй энэхүү санхүүгийн хямрал Монголд огт нөлөөлөөгүй бишээ. 1973 оны хямралыг монголчууд огт мэдээгүй өнгөрсөн. Энэ нь ЗХУ-ын нефтиэр хамгаалуулсан социалист системийн бамбайн дор байснаас тэр. Коммунист ертөнцийн эдийн засаг дэлхийнхээс тусдаа байлаа. Харин одоо монголчууд дэлхийн хаанаас л бол хаанаас хамааралтай. Ялангуяа гадаад худалдааныхаа хагасыг хийдэг Хятад, шатахуунаар бүрэн хамааралтай Орос хоёроос бүр онцгой. Иймээс хямралаас огт ангид байна гэж үгүй. Нөгөө талаас түүхэндээ анх удаа монголчууд хуримтлалтай болжээ. 1990 онд Засгийн газрын тогтоолоор мөнгөний ханшийг хоёр дахин унагаж байхад нийгмийн тун цөөн хэсэгт хамаарах тун ч жаахан хуримтлал аюулд учирч байв. Тэр үеийн хамгийн том хадгаламжтай хүн 30 мянган доллартай байсан гэдэг. Өнөөдөр монголчуудын зөвхөн дотоодын банкинд хадгалуулсан хуримтлал 1.3 тэрбум долларт хүрч байна. Энэ бол бахархал юм. Олонхи нь бага хадгаламжтай, цөөн хүн их хадгаламжтай байна гэсэн “шүүмж” гарч байна билээ. Хаана ч тийм л байдаг, ер нь тэгээд ихээс нь авч багад нь өгөх гээ юу? Авилгачид, хулгайч нар баригдахаасаа айгаад дотоод банкинд мөнгөө тавьдаггүй юм шүү дээ. Хямралын дийлэнх нь хүмүүсийн сэтгэл зүйд байдаг. Иймээс энэ их хуримтлал буй болгосон хүмүүс алив сураг чимээнд маш соргог. Дээрх “шүүмж” ч цочрол өгнө. Өмчөө хамгаалах зөн. Энэ утгаар нь авч үзвэл Монголын эдийн засаг өмнөхөө бодвол хавьгүй соргог, сэрэмжтэй, амархан цочирдог болсон байгаа. Ингэхээр дэлхийг хамарч буй санхүүгийн хүндрэл нийтээр шахам өөрийн өмчтэй болсон нийгэмд шууд цочирол өгч л таарна. Зөвхөн энэ утгаар нь бодсон ч өнөөгийн Монголд дэлхийн санхүүгийн хямрал нөлөөлөхгүй байна гэж үгүй.

    Гэвч манай эдийн засаг бүх нийтийн хямралд бага өртөх магадлалтай юм. Энэ нь гол нь хоцрогдлоос болж байгаа хэрэг л дээ. Хоцрогдол заримдаа сайн талтай.  Холбооны систем IV үедээ орж байна гэж ярьдаг. Монгол II үе, бараг л III үеэс нь холбоожиж эхэлсэн учраас урьдах хөрөнгө оруулалтыг хэмнэчихсэн гэсэн үг. Тэрэн шиг бирж хөгжөөгүй учраас тэндээс хамааралтай иргэд маш цөөн. Биржүүд баларч энд тэндгүй хувьцаа аймаар унаж байгаа нь дундаж монгол хүний хувьд сонины мэдээлэл төдий юм. Засгийн газар нь ч хөрөнгөө бирж дээр тавиагүй, хувьцаа худалдаж аваагүй. Монголын арилжааны банкууд хэтэрхий жижиг, түүнээс гадна олон улсын стандарт хангаагүй байдаг тул гадны банкнаас хамаарсан хамаарал бараг нойль. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарсан компани байхгүй. (Саяхан анхных нь гарсныг эс тооцвол) Яагаад гэвэл хүсдэг боловч шаардлагыг нь хангаж чаддаггүй.

    Мэдээж одоо Монголын эдийн засагт нэлээд хүндрэл ажиглагдаж байна. Инфляци 30 хувь гарлаа. Төгрөгийн ханшийг барихын тулд төв банк нөөцийнхөө үлэмж хэсгийг зарцуулж байна. Түүхий эдийн үнэ навс унаснаас болоод орлого эрс дундарлаа. Эдийн засгийн өсөлт илт саармагжиж байна. Банкууд мөнгөгүй болж эргэлт аймаар удааширч байна. Гэхдээ энэ бол хямрал биш. Эхэнд өгүүлсэн уруудлын бэрхшээл. Ер нь яаж ч бодоод 10 шахам хувийн өсөлттэй яваа эдийн засгийг хямралд орчихсон байна гэхгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл хямрал болтол хол байна.

Нөгөөтэйгүүр энэхүү тулгараад байгаа бэрхшээл уруудалт нь дэлхийн санхүүгийн хямралаас гэхээсээ сүүлийн 6-7 жилийн “тос дааварласан” үед хийсэн алдааны хариу юм. ДНБ хэдхэн жилийн дотор хэд нугарч нэмэгдсэн нь бидний шургуу хөдөлмөрийн үр дүн биш, түүхий эдийн үнийн эрс өсөлтөөс болсон. Улс гэнэт баяжсан. Ингэхээр нь гуравдагч ертөнцийн ядуу буурай орнууд ийм үед ямар авир гаргадаг, тэр болгоныг давтсан. Улаанбаатар хотын төсөв 10 жилийн дотор 10 дахин нэмэгджээ. Улсын төсөв ч бараг тэгж нэмэгдэх шахсан. Үндэслэлгүйгээр цалин тэтгэмж нэмэх нэг төрлийн уралдаан болов. Шинээр гэрлэсэн хөгшчүүл ч урамшил авч гарлаа. Хүүхэд гаргах биологийн процесс руу улс мөнгөө цацах далим олов. Хээл хахууль авилга хэд дахин нэмэгдсэнийг тооцоолж үзвэл яах бол? Авилгын эцэг болсон хүнд суртлыг болдогсон бол чононоос дутуугүй хэмлэх юмсан. 10 жилийн өмнө зэсийн үнэ одоо “шалан дээр уначихаад” байгаагаас хоёр илүү дахин бага байсан, болоод л байсан.  Одоо болохоо байчихсан байгаа биз? Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туун, шинээр үйлдвэр уурхай байгуулах алтан боломжоо алдсан. Даамжирсан өвчин нь 68 хувийн гэнэтийн татвар ч гэх шиг улс орноо хоролсон марзан шийдлийг ч буй болгосон. Үүнээс болж зөвхөн алтнаас боломжит 500 сая доллар алдсан байхаар яахав? Иргэдийн тансаглал замаа алдаж гар утас хүнийхээ тоо руу дөхөв. Улаанбаатар дэлхийн хамгийн жипжсэн хот болов. Бүх Солонгос жилд 50 ширхэг форд эксклюшн борлуулж байхад зөвхөн Улаанбаатар 100-г худалдан авч баярхана. Хөнжил хөл хоёрын урт харьцаагаа алдсан шүү дээ.

    Гээд дэлхийн санхүүгийн хямралын Монголд тусаж буй муу нөлөөнөөс сайн нь илүү гэж бодогдох юм. Энэ солиорол дахиад таван жил үргэлжилсэн бол яана?! Биднийг гэнэт цочоож сүйрлээс аварлаа шүү дээ. Японы нэг дундаж тосгон, Хятадын багашаархан хоттой дүйх энэ жижиг эдийн засгийг аргацаагаад хямрал дундуур аваад гарахад харьцангуй хялбар байх. Засгийн газар анх удаа эрүүл ч юм уу гэж харахаар бодлого явуулж эхэллээ. Хэмнэлтийн горим ярьдаг болж. Анх удаа хуримтлалтай болсон иргэдийн мөнгөний цаад хариуцлагыг даахаар боллоо. Хуримтлалтай болж чадсан нь монголчуудын хувьд анхных гэсэн үг шүү. Банкуудыг мөнгөжүүлэх тухай ярьж байна. Төсвөө танана гэж хүртэл дугарлаа.  Гадны хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэлээ. Энэ болон бусад арга хэмжээг цаг алдалгүй аваад байвал бид хямралыг алдагдал багатай даван туулах бүрэн боломж байна. Юутай ч хямралын сураг биднийг гэнэт хүйтэн усаар шүршиж сэхээ авахууллаа. Юманд эрүүлээр хандах дохио өглөө. Энэ бол том ололт! Ер нь аз даа!

    Хямралын эсрэг хүн төрлөхтөн нэгдэн ажиллаж байна. Засгийн газрууд манай танай гэлгүй хамтарч байна. Улс орон болгонд “эерэг”, сөрөг хүчнүүд хамтарч тэмцэж байна. Яагаад гэвэл хямрал нийтийн дайсан. Саяхан Обама ялагдсан Маккэйнтэй уулзаад тэдний намыг хамтарч ажиллахыг урин Засгийн газартаа оруулна гэж амаллаа. Хамтаараа сууж яваа завь хөнтөрвөл танай манай гэлтгүй бүдээрээ үйнэ гэдгийг ойлгож байна. Ийм үед популизм биш эрүүл ухаан л аврана. Дайрч ороход хүмүүсийг хөөргөхийн тулд популизм хэрэгтэй байдаг л даа. Харин одоо бид хамгаалалтын үед байна. Амьдрал нулимсанд хууртдаггүй гэгчээр хямрал популизмд автахгүй.

2008.11.30