Сан Пауло хот 20 сая орчим хүн амтай, Бразилын хамгийн их хүн амтай хот. Гуарульос буюу Гру гэдэг нэрээрээ алдартай олон улсын нисэх онгоцны буудал нь мөн л бразилдаа хамгийн том, хөл хөдөлгөөн ихтэй. Бразил орохоор бол голдуу Сан Пауло руу нислэгтэй. Мэдээж бусад хотууд руу нислэгүүд байдаг ч, бидний хувьд хуучин нийслэл Рио дэ-Жанейро, шинэ нийслэл Бразилиа руу орон нутгийн нислэг, эсвэл машинаар явах боломжтой. Сан Пауло хотын нэг онцлог нь жил бүрийн арванхоёрдугаар сарын 22-д нар буцдаг, матрын зам дээр байдаг хамгийн том хот. Тиймээс нар буцдаг хэсэгт нэг талд нь сүүдэр тусдаггүй хөшөө маягийн юм байдгийг сонсож байсан учраас тийшээ очих талаар бодож байсан ч, манай хөтөч боломжгүй гэв. Хөтөч маань ахлах сургуулийн англи хэлний багш гэж байв.

Тоглолт эхлэх өдөр буюу маргааш нь өдрийн 12 цагт цэнгэлдэх рүү хөдлөхөөр болов. Орон нутгийн цагаар 17 цагт тоглолт эхлэх ёстой бөгөөд замын түгжрэл ихтэй учраас эрт явах хэрэгтэй гэж хөтөч хэлэв. Бразилыг замын түгжрэлээрээ алдартай гэж урд нь сонсож байсан юм. Жижиг автобусанд Мобикомын ялагчидтайгаа хамт суугаад мэтро руу хөдөллөө. Замдаа Сан Пауло хотыг São Paulo гэж бичдэг мөртлөө яагаад Сан гэж уншдаг талаар асуутал, São гэдэг нь манайхаар бол –н- үсэг, гэхдээ хамар руугаа хэлдэг гэж тайлбарлав. Манайд хамар руу хэлдэг –н- үсэг байхгүй болохоор –н- үсгээрээ орлуулахаас өөр аргагүйг ойлголоо. Өнөөдрийн тоглолт яах бол гэж асууж үзэв. Мэдээж манайх хожино гэж хэлсэн ч, энэ удаа Бразилчууд тийм ч их итгэл хүлээлгэхгүй байгаа тухай дуулгав. Манайд том нэр, том тоглогчид бараг байхгүй. Ганц Нэимар л байна гэлээ. Өмнө нь гурваас дээш том тоглогчидтой оролцдог байсан гээд Кака, Робиньо, Роналдиньо, Роналдо, Ривалдо нарыг дурьдав. Уулзсан бразилчууд ихэнх нь Нэимар л байна, залуу баг оролцож байгаа талаар ярьж байсан юм. Дараа нь гарааны бүрэлдэхүүнийг нь хартал, дөрвөн жилийн өмнөх тоглогчдоос хаалгач Жулио Сэзар л байлаа. Энэ мэтийг ярьсаар, Мобикомын ялагчид баахан юм асуусаар 20 орчим минутын дараа мэтроны буудалд хүрэв. Мэтронд ортол Хорватын хөгжөөн дэмжигчид, хажууд нь нэг гитартай бразил залуу дуу эхлүүлтэл, мэтронд байсан бүх бразилчууд даган дуулж эхлэв. Манай ялагчид бичлэг хийж зургаа авахуулж, мэдэхгүй ч гэсэн хажууд нь зогсож, дуулахыг нь харах, тоглолтын өмнөх оршил гэлтэй. Мэтро хоёр давхар дээр зогсож, бид доошоо бууж, бум бужигнасан газар руу яваад орчихов. Манай хөтөч жоохон дагуулж явж байгаад нэг том бразука бөмбөгний хажууд зогсоод, тоглолт дууссаны дараа энэ бөмбөгний хажууд уулзая гэв. Бразука гэж юу гэсэн үг вэ гэж асуухад, “бразил хүн” гэсэн утгатай гэж тайлбарлан өгч, бид өөрсдөө цаашаа явах боллоо. Цэнгэлдэхээс бараг 500 метрийн өмнө билет шалгаж хашаа руу оруулна. Энд тэнд үнэгүй билет өгөөч гэсэн олон хүмүүс зогсож, зарим нь цаасан дээр болхидуу англиар биччихсэн, хааяа нэг билет мөнгөөр нь худалдаж авья гэсэн нөхдүүд байсан юм. Билетэн дээр худалдаж авсан хүмүүсийн нэрийг бичсэн ч гэсэн зарах боломжтой байлаа. Удалгүй манай урдхан талд нэг залуу газар унасан билет олоод нэрээр нь дуудаж эзнийг нь хайгаад үлдэв. Эмэгтэй хүний нэр сонсогдож байлаа.

Цэнгэлдэх тээр тэнд харагдаж замд хүйтэн пиво, ундаа зарсан хүмүүс олон тааралдав. Бадвайзэр албан ёсны ивээн тэтгэгч хэдий боловч, brahma гээд нутгийн шар айраг зарж байгаа хүмүүс олон байлаа. Дараа нь сонсох нээ, дэлхийд борлуулалтаараа эхний аравт ордог лут шар айраг болж таарсан юм. Бас л дэлхийн аваргын ивээн тэтгэгч. Ер нь Бразилчууд өөрсдийн бүтээгдэхүүнээ олон улсын хөлбөмбөгийн холбооны ивээн тэтгэгчдийн хажуугаар их оруулсан харагдсан. Дөрвөн жилийн өмнө Өмнөд Африкт очиход зөвхөн ерөнхий ивээн тэтгэгч шар айраг л зарагдаж байсан юм. Хорватууд энд тэнд бөөнөөрөө дуулж байгаатай их таарч, ахимаг насны нэг хүнтэй шигшээ багийнхан талаар ярилцав. Гарааны бүрэлдэхүүний талаар ярилцаж байтал, зүүн хамгаалалтанд Врсальког гарна гэхийг сонсоод, Праньич гарахгүй юу гэтэл, үгүй ээ Врсалько гэж хэлэв. Үнэхээр ч Врсалько гарсан. Гарааны хамгаалагч Стринич гэмтсэн учраас зүүн хамгаалалт өөрчлөгдөх магадлалтай байлаа. Манжукич торгуулийн улмаас эхний тоглолтонд оролцохгүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Хорват 2-1-ээр хожино, эсвэл тэнцэнэ гэж хэлснээр бидний яриа өндөрлөв. Ингэж явсаар Коринтианс цэнгэлдэх хүрээлэнгийн өмнөхөн ирсэн байв.

Нээлтийн тоглолтын өмнө хамгаалалтын арга хэмжээг дээд зэрэгт бэлдсэн байлаа. Нэвтрэх хэсгээр сайн шалгуулж аваад, дотогшоо оров. 66 000 хүний суудалтай нүсэр том цэнгэлдэх биднийг угтаж, төв хаалгаар нь орж, суудлаа хайлаа. Хаалганы ард, хоёрдугаар зэрэглэлийн суудал гэсэндаа тун давгүй байв. Албан ёсны дэлгүүрээр нь ортол уламжлал ёсоор үнэтэй. Гадуур зарж байсан үнэээсээ 50 хувь нэмэгдэлтэй байсан бөгөөд ер нь дэлхийн аваргыг тохиолдуулан бразилчууд үнээ сайн нэмсэн гэж байлаа. Монголд BTF-ийн adidas-т байсан футболка хамаагүй үнэтэй, жижигхэн фүлэкогийн чихмэл авахад манайхаар 80 000-100 000 төгрөг. Жижиг савалгаатай ус авахад 4000-5000 төгрөг, 0.475 нутгийн brahma шар айраг 9000-10 000 төгрөг болж байхад, том брэнд гэдэг утгаараа бадвайзэр 15 000 орчим, жижиг кола 7000-8000 төгрөг болж байлаа. Хэдэн юмны үнэ харж аваад нээлтийн арга хэмжээгээ үзэхээр суудал руугаа явав.

Нээлтийн арга хэмжээ тийм ч сүртэй болсонгүй. Дэлхийн аваргын нээлт 20-30 минут болдог тэр зарчимаар болж, сүүлд нь We are one дууг Жэннифэр Лопэс, Питбүлл, Клаудио Лэиттэ нар дуулж, төгсгөв. Нар жаргаагүй байхад хийсэн шоу ямар л олигтой болдог биш, ард нь нээлтийн тоглолт гээд оргил хэсэг хүлээж байгаа учраас бөмбөгөө тойрч хэдэн нөхдүүд бүжиглэсээр дууссан юм. Нээлт дуусч, талбай дээрх төхөөрөмжүүдийг 20 минут орчим зөөсний дараа оргил мөч эхэллээ. Бразилийн хаалгачийн дасгалжуулагч гурван хаалгачаа авсаар талбайд гарч ирэв. Суудлаасаа босч бага зэрэг урагшилж, хаалгачдын зургийг авч байхад нэг нөхөр хажууд Виктор, Виктор гээд орилоод, араас нь Атлэтико Минэйро гэсээр клубынхээ талбайг үзүүлэв. Бразилын хоёр дахь хаалгачаар Минэйрогийн хаалгач сонгогдсон бөгөөд “манай хүн” үүнд тун их баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ бол манай багийн хаалгач, маш сайн хаалгач гээд л магтаал урсгаж, дахиад л Виктор, Атлэтико Минэйро гээд орилж өглөө. Виктор нь эхлээд гараараа даллачихаад, бэлтгэлдээ анхаарлаа хандуулав. Дахиад л орилсоор байлаа. Хаалгачид халаалт хийсний дараа, үндсэн хаалгач Жулио Сэзар руу торгуулийн талбайн гаднаас бие рүү нь чиглэсэн хүчтэй цохилтыг дасгалжуулагч хийж, дараа нь Викторын ээлж болов. Харин гурав дахь хаалгач Жэффэрсон хүнд бэлтгэлд төдийлөн оролцсонгүй. Тухайн үед Хорватын хаалгачид гарч ирэхэд, цэнгэлдэх тэр аяараа эсэргүүцэн” бүү”-лэв. Манай нөгөө талд хоёр хэсэгт хуваагдсан Хорватын цөөхөн хөгжөөн дэмжигчид, үлдсэн хэсэг нь шар өнгөөр будсан мэт байлаа. 15 орчим минутын дараа Бразилын шигшээ баг гарч ирснээр цэнгэлдэхийн уур амьсгалыг шал өөр болгов. Мобикомын буянаар сайн суудалд суусан учраас тоглогчдыг нэг нэгээр нь сайн харж авлаа. 2010 онд арай холоос үзсэн болохоор сайн мэдээгүй болоод ч тэр үү мэргэжлийн хөлбөмбөгчдийн бие бялдар үнэхээр өөр болохыг анзаарав. Хөдлөх болгонд булчин нь ялгарч байлаа. Японы алдарт тоглогч Хидетоши Накатаг Монголд ирэхэд биенд хүрэхэд чулуу шиг хатуу байсан нь бодогдож, эд нартай тогловол мөргүүлээд л унахын байна даа гэж өөрийн эрхгүй бодогдов. Ийм ойроос харж байгаагүй болохоор гайхсаар байгаад халаалтын цагийг дуусгачихсан юм. Тоглогчид дотогшоо орж, удалгүй тоглолтын өмнөх арга хэмжээ болов. Бразилын туг гарч ирэхэд цэнгэлдэх дэлбэрэх мэт чимээ шуугиантай болж, Бразилын төрийн дуулал явах мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Энд тэнд хүмүүс уйлж, нулимсаа арчиж, дэлгэцэнд харагдсан тоглогчид хүртэл, бие барьж чадахгүй асгарахад бэлэн болчихсон байлаа. Сүүлийн хэсэгт цэнгэлдэх тэр аяараа үглэх маягтай дуулах мөч үнэхээр гайхалтай. Би арай л уйлчихсангүй. Ийм үед эх орон минь өөрийн эрхгүй бодогддог юм билээ. Хэрвээ манайх дэлхийн аваргад оролцоод, төрийн дуулал явбал шууд уйлах байх.

Тоглолт эхэллээ. Хорватын хамгаалалт ямарч алдаа мадаггүй ажиллаж, төвийн хагасууд болох Модрич, Ракитич нарын чадварлаг эргэлт, бөмбөг залалт дээд зэрэглэлийн байв. Бразилчууд ч түгшиж эхлэв. Солгой хөлтэй Оличийг зүүнд, баруун хөлтэй Перишичийг нөгөө талд тавьсан нь анхнаасаа жигүүрээр тоглох нь ойлгомжтой болж, эхний гоолыг Оличийн доогуур өгсөн хөндлөн дамжуулалтаар Марсэло өөрийн хаалганд оруулав. Ийм тийшээ хартал янз бүрээр орилж, зарим нь уйлж байв. Араас нэг хүүхэн босч ирээд шүүгч рүү орилж үзэв. Тоглолт зочдын давамгайллаар үргэлжилж, хамгаалалт нэвтрэх боломжгүй мэт харагдаж байлаа. Булангийн цохилтын үед урагшилж, зураг авах үед Хорватын төвийн хоёр хамгаалагч Ловрен,Чорлука нар ямар том биетэй болохыг харав. Ловрений мөр яг л шкаф шиг. Ёстой ангайсаар байгаад таарлаа. Агаарын тулаанч гэсэн айхтар юм болдог юм билээ. Ловрен дээр төвийн хамгаалагч л ирэхгүй бол бусдыг нь арчаад гарахад бэлэн харагдав. Мексик, Чили гээд нуруу намтай багууд булангийн цохилт дээр хэцүүддэг нь ойлгомжтой. Эхний үеийн төгсгөлд Хорватын жижиг алдааг Нэимар ашиглаж, солгой хөлийн цохилтоор тооны харьцааг тэнцүүлэв. Коринтианс цэнгэлдэх дэлбэрэх мэт болж, орилж, уйлах зэрэгцэв. Үнэхээр сэтгэлийн хөдлөлтэй ард түмэн шүү. Бразилчуудын дунд сууж, эх оронд нь шигшээ багийхан тоглолтыг үзэх нь юутай зүйрлэшгүй кайф байв. Нэимарын эхний гоол л манай эсрэг талд орж, бусад бүх гоол бидний өмнөх хаалганд орсон юм.

Хоёрдугаар үеийн эхэнд гайгүй байсан ч, яваандаа Хорватын хамгаалалт бага зэрэг суларч эхлэв. Ер нь ямарч юманд тогтвортой тоглолт хэрэгтэй байдаг шиг, бүтэн тоглолтын турш нэг хэмнэлээ барьж тоглоно гээд яаж ч бодсон хэцүү. Дээр нь талбайн эздийн эсрэг. Том тоглогчид гэдэг ур чадвараас гадна, сэтгэл зүйн хувьд ч шал өөр байдаг биз. Дээр нь багийн тоглолтын баланс, сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгоно гэдэг дасгалжуулагчийн том ур чадвар гэдэг нь илт харагдаж байлаа. Ловрений Фрэдийг торгуулийн талбайд унагадаг хэсэг яг бидний урд болов. Фрэдийн жүжиглэлт тун тодорхой харагдсан ч, шүүгчид тэгж харагдаагүй бололтой. Торгуулийн цохилт гэж заав. Хорватууд бүгдээрээ шүүгч дээр шавахад, Япон шүүгч тойрч гүйсээр торгуулийн цохилтыг заах нь, тоглогчидтой харилцаж буй шүүгчийн ур чадварыг харуулав. Худлаа харсан нь үүнд хамаагүй ч, үг хэлээрээ биш үйл хөдлөлөөрөө яаж үйл явцийг чиглүүлж байгаа нь гайхалтай. Хэргийн эзэн Ловрен англиар баахан юм яриад, шүүгч рүү дайрав. Ингэж байж улаан хуудас авах вий дээ гэж айж байсан ч, мэргэжлийн тоглогчид шүүгчтэй яаж харилцахаа мэдэж байгаа байлгүй гэж бодогдов. Манайд байсан бол шууд улаан хуудас. Торгуулийн цохилтыг Нэимар амжилттай цохисноор Бразил тэргүүллийг авав. Уйлах энүүхэнд болж, дунд байсан бид хэд ч бөөн баяр болчихсон зогсож байлаа. Хорватын тоглолтын хэмнэл, нягт хамгаалалт сулрахтай зэрэгцээд, Модрич, Ракитич нарын тоглолт улам ялгарах боллоо. Модрич бол үнэхээр уян хатан, сагсчин бөмбөгөө залаад гүйж буй мэт бөмбөг эзэмшилт нь тасархай байв. Цохилт, хүрэлт зэрэг нь тасархай. Ракитичийг яагаад Барсэлона авсныг ойлгов. Хорватын төв яваандаа дийлдэхгүй байх. Бразилаас Нэимар илт ялгарч, нэгийн эсрэг хөнгөхөн аргалж байв. Оскарын гоол орох хүртэл Бразилчууд түгшүүртэйгээр тоглолтыг үзэж байсан бөгөөд Плетикосагийн хаалт хангалтгүй мэт санагдав. Оскарын гоолын баяр яг манай урд болж, урагш гүйж очлоо. Хэрвээ үзэгчидтэйгээ баяраа хуваалцсан бол хамт байх боломж өндөр байсан юм. Давид Луис үзэгчид рүүгээ харж гараа атгаад орилоход Бразилчууд дагаж орилов. Талбай дээр байдаг цоглог Луис мөндөө гэж бодогдлоо. Ойрхон байсан болоод ч тэр үү, цээж, гарын булчингууд нь бодигийн тамирчин шиг л ялгарч харагдав. Тийм булчинлаг, том биенээс гармааргүй уян хатан хөдөлгөөн гарах нь Луис гэлтгүй бүх тоглогчид намайг гайхшируулав. Мэргэжлийн тоглогчдыг ойроос харахад үгээр илэрхийлэмгүй тансаг. Оскар гоолоо оруулахын өмнөх бөмбөг туулт, өндөр чадварыг харуулж, хамгаалагчийн өмнүүр биеэ хийж, бөмбөгөө нууж, хамгаалалтын тоглогчид ч гэсэн чадварлаг бултаж байв. Мань мэт байсан бол аль хэдийн очоод унагаачихсан. Гүйлт, биеэ удирдах чадвар ч гэсэн шал өөр байдгийг тэгэхэд олж харав. Оскар тухайн үед хамгийн сайн сонголт хийж, хөлийн хоншоор хэсгээр хаалгачийн бага талд нь цохив. Хамгаалагчид хоншоордохоос өөр цохилт хийх зай, боломж өгөхгүй мундаг хамгаалж байлаа. Энэ гоол орсноор тоглолтын хувь заяа ойлгомжтой болсон юм. Хорватууд эцсийн шүгэл дуугарсны дараа шүүгч рүү очиж байгаа харагдав.

Тоттэнхэмийн коллежид суралцдаг Г.Гандэлгэртэй ярьж байхад мэргэжлийн тоглогчдын бие бялдар үнэхээр өөр, зурагтаар жижигхэн харагддаг гэж хэлсэнтэй яах аргагүй санал нийлэв. Миний нэг таньдаг ах Барсэлонад Мэссиг харчихаад мөрнийхөө хүзүү хүрэх хэсэгт товойсон булчин нь мундаг юм билээ гэж хэлэхийг сонсоод гайхаж байсан минь ч бодогдов. 2010 онд Аргентин – Мексикийн тоглолтыг үзэхэд Мэссиг ойроос харж чадаагүй дээ харамссан юм.

2014.07.03


Хорватын хөгжөөн дэмжигчид


Коринтианс цэнгэлдэхийн гаднах хамгаалалтын албаныхан


Коринтианс цэнгэлдэх рүү орохын өмнө












BTF компанийн adidas, reebok-ийн хамт олонд баярлалаа
























Тоглолт эхлэхийн өмнө


Хоёр улсын далбаа орж ирж байна


Хөгжөөн дэмжигчид


Цэнгэлдэх дотор үйлчилгээний газар


Цэнгэлдэх