Монгол Улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтаар 21 аймагт хуваагддаг. Үүнээс газар зүйн байршил, хилийн зурвасын хувьд хамгийн онцлогтой аймгийн нэг нь Баян-Өлгий. БНХАУ-ын Шинжаан-Уйгартай, ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улстай хиллэдэг эл аймгийг 1940 онд байгуулах шийдвэр гаргаснаас хойш өнөөг хүртэл хүн амынх нь дийлэнх олонхийг казах үндэстэн бүрдүүлж, Монголын баруун хязгаарт төвхнөж, суурьшсаар ирсэн түүхтэй. Өдгөө 110 мянган хүн амтай, үүний 93 хувь казах үндэстэн, үлдсэн хувийг дөрвөд, урианхай, тува, халх ястангууд эзэлж байна.

Монгол, Казахстантай хил залгадаггүй ч хоёр улсын хамгийн баруун болон зүүн цэг хооронд 40 км-ээр алслагддаг нь ч энэ аймгийн бас нэгэн онцлог нь. Газар зүй, хүн амын амьдралын хэв маяг, зан заншил нь өвөрмөц, харьцангуй өөр ч Монгол Улс гэсэн ганцхан нэр томъёо, нэг дээвэр, нэг бүтцэд хамаарч, харьяалагдаж ирсэн тус аймагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан ажлын томилолт хийлээ. Хаврын чуулган хөшгөө нээсэн өдрөөс хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хуулийн байгууллагын санал, Үндсэн хуульд дахин гар хүрэх эсэх сэдэл тэргүүтэй ирэх наадмаас, ээлжит сонгуулийн цикл хүртэл үргэлжлэх улс төрийн уур амьсгалд онцгой оролцоотой Төрийн тэргүүний тухайд чухамдаа яагаад Өлгийг зорьж, хоёр хоног ажилласныг гурван шалтгаанд үндэслэж тайлбарлах гээд үзье.

1.

Ерөнхийлөгчийг Өлгийд ажиллахтай зэрэгцэн казах түмний Наурыз буюу "Шинэ өдрийн баяр" тохиосон нь гэнэтийнх байсангүй. 2009 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д анх бүртгэсэн, 2010 онд НҮБ-аас "Олон улсын баяр" гэсэн шийдвэр гаргасан Наурызид Ерөнхийлөгч биечлэн очиж, оролцсон нь нэг талаараа Монгол төрийн хүндэтгэл, нөгөө талаар "Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн" гэсэн Үндсэн хуулийн заалтын илрэл байв. Ахмадаа, уламжлалаа хүндэтгэж, бие биенээ зорьж очин зочилдог, эв нэгдлийг эрхэмлэдэг нь энэ баярын хамгийн гол онцлог.

Улаанбаатарт улс төрийн цаг агаар шуургатай байгаа шиг Баян-Өлгий аймаг дотроо амаргүй цаг үетэй нүүр тулсаар удав. Гэдэг нь тодорхой шалтгааны улмаас Ерөнхий сайд захирамж гаргаж, аймгийн Засаг дарга асныг албан тушаалаас нь чөлөөлснөөс хойш гурван сарын хугацаа өнгөрч байна. Дараагийн Засаг даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлж, батламжлах хүртэл үүрэг гүйцэтгэгчээр орлогч нь ажиллаж буйгаас бусдаар Баян-Өлгий албан ёсны удирдлагагүй яваа гэсэн үг.

Албан ёсны удирдлагагүй байна гэдэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймагтаа бүтээн байгуулалт төвлөрүүлэхээс эхлээд аж ахуйн шинж чанартай ажлууд удааширч, гацаанд орохын шинж. Хөгжлөөс чангааж, хашааны гадна үлдэх эрсдэлтэй. Тийм атал өнөөг хүртэл, тэр дундаа гурван сарын хугацаанд дараагийн Засаг дарга нь тодроогүй байгаа нь их, бага гэлтгүй хэмжээнд улстөржилт байгаагийн л бодит жишээ. Ийм нэгэн цаг үед Улсын Ерөнхийлөгч нь өөрөө ирж, Наурызын баярт оролцонгоо уг асуудлаа зогсоож, эв нэгдэлтэй байхыг сануулсан нь Өлгийг зорьсон эхний шалтгаан байлаа. Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ч Ерөнхийлөгчийн албан томилолтын бүрэлдэхүүнд багтсан нь Засгийн газар талаасаа ч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар ч аймгийн удирдлагын томилгоонд ач холбогдол өгч эхэлсний дохио.

2.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн өндөр албан тушаалтны хувиар Наурызын баярт оролцсон нь анхных биш. Ерөнхий сайд байхдаа буюу 2018 онд Өлгийд ажиллаж, Наурызын баярт оролцож байсан удаатай. Тухайн үед аймгийн Нэгдсэн болон хүүхдийн эмнэлгийн барилга, цэцэрлэг, Төрийн үйлчилгээний нэгдсэн байр, үерийн далан барих зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна. Ховд голын төмөр бетон гүүр, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн авто замын ажлыг ч энэ үеэр давхар шийдвэрлэжээ. Үүнээс таван жилийн дараа буюу Ерөнхийлөгчийн хувиар ирж ажилласан нь тухайн бүтээн байгуулалтууд бодит хөрсөн дээр хэрхэн буусныг харах бас нэгэн шалгалт байв.

Санаж байгаа бол гурав хоног үргэлжлэн орсон борооны улмаас Өлгий хотын 530 өрхийн 2500 гаруй хүн үерт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа хороо нь усанд автсан нь одоогоос таван жилийн өмнөх үйл явдал. Энэхүү сургамжаас үүдэж, Өлгийг тойруулан бүхэлд нь үерийн далан татсанаар дахин ийм эрсдэл үүсэхгүйг орон нутгийн удирдлагууд нь хэлж байна.

Лав 50 ортой хүүхдийн эмнэлгийг 2020 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулснаар зөвхөн өнгөрсөн онд гэхэд 2600 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулатори, эмгэг судлал гэсэн гурван хэсгээс бүрдсэн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг энэ ондоо багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөж. Үүнийгээ ч Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд уламжилж, шаардлагатай санхүүжилтийг суулгаж өгөхийг уламжлана лээ. Ингэснээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нийт хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ мэдэгдэхүйц сайжирна.

Эндээс ганцхан зүйлийг харж бас ойлгож болохоор. Нэг Ерөнхий сайд нь ирээд асуудлыг шийдэхээ амладаг, тэгээд буцдаг. Дараагийнх нь гарч ирээд үгүйсгэдэг, эсвэл шаардлагатай хөрөнгийг нь төсөвт суулгадаггүй, он дамжин хуваарилсаар сунжруулдаг, эцэстээ төсөв ч үгүй, барилга ч үгүй үлддэг Монгол төрийн уламжлалт "сэтгэхүй" түрүүчээсээ ой санамжтай болж буй нь яамай. Ямар ч байсан буух эзэнтэй, буцах хаягтай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт Баян-Өлгийд биеллээ ийн олжээ.

3.

Төрийн тэргүүний Өлгийг зорьсон гурав дахь шалтгаан маш энгийн бөгөөд тодорхой. Ерөөсөө л Эзэн Богд Чингис хааны эш хөргийг гардуулахад чиглэсэн байв. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чинадад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон монгол хүн, айл өрх бүр Их хааныхаа эш хөргийг дээдлэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг албажаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хооронд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимаас гадна Төрийн байгууллагууд шат шатандаа залж эхэлсэн.

Гагцхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан зарлигийнхаа хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар болон баруун хилд болон аймгийн төвд үүрэг гүйцэтгэж буй хоёр ч цэргийн ангид Чингис хааны эш хөргийг гардуулсан нь цаагуураа томоохон агуулгыг хөндөж буйтай агаар нэг юм. Үндсэндээ бид Их хаанаараа бахархаж, омогшиж ирсэн ч үүх түүхийг өгүүлэх, үнэ цэнийг илтгэх үнэлэмжийг өөрсдөдөө бий болгож чадсан нь үгүй. Энэ хооронд Чингис хаан тэргүүтэй цөөхөн хэдхэн суутнуудыг өв уламжлал, оршин байсныг илтгэл ховор, нандин олдворыг гаднын зарим нь өмчирхөж, тэдний нэрээр өөрсдийнхөө үнэлэмжийг дээшлүүлж ирсэн нь бишгүй. Гагцхүү тэрхүү ойлголтыг халах, цаашлаад Төв Ази төдийгүй дэлхий нийтэд Их Монгол Улсыг үндэслэгч Эзэн богд Чингис хааны үр хойч гэдгээ өдөр бүр санах, оюун санаандаа хадах хамгийн том дархлаа нь эш хөрөг болох буй за!

Хоёр нийгмийн шилжилтийн үед, XX зууны төгсгөлтэй зэрэгцсэн ерэн оны ардчилалтай хамт Эзэн богд Чингис хаан, их хөлгөн "Нууц товчоо"-гоо сэргээсэн монголчууд, XXI зуунд хөшөө цогцолборыг нь сүндэрлүүлээд зогсохгүй, Төр нь төдийгүй иргэд нь хоймортой дээдлэн залж эхэлсэн нь нийт монголчуудын оюун санаанд хийж буй асар том дэвшил бас өөрчлөлт юм.

UZEG.INFO