Наадам жилээс жилд үндэсний өнгө төрхөөр нүдний өмнө монголжиж буй нь юутай бахархалтайв. Наадамчид ямар ч дарамт хавьчлага, айдас хүйдэсгүй, үндэснийхээ түүхийг дураараа бахдан омогшиж, үндэснийхээ хувцсаар гангарч, үндэснийхээ зан заншлыг дээдэлж буйг хараад Монголоо хүчээр оросжуулж асан социалист нийгмийн бие төлөөлөгч би бээр догдлов. Монголоо ийм болохыг үзнэ чинээ санасангүй. Бид чинь наадмаар “коммунизм мандтугай” гэсэн лоозон, суут удирдагчид гэх хэдэн хүний аварга том хөрөг толгой дээрээ бариад бурхан шашин, үндэсний үзэл, баячууд, хувийн өмч, наймаачид сөнөтүгэй гэж ура хашгирч, өвгөд өтгөсөөс үндэстэй болгоныг тас цохъё гэж хийрхсэн сүржин парад гишгэж явлаа. Гэтэл хүүхэд минь та нар өөрсдийнхөө наадамдаж буйг хар. Хичнээн эрх чөлөөтэй, хичнээн элбэг дэлбэг. Оросыг дагасан жилүүдэд наадам ийм болж байгаагүй юм шүү. Хахарсан айраг, улаан ус, өөхөн тосонд хайрсан гашуун хуушуур зодолдох шахам оочерлож байж олж амсандаа их хөөрдөг сөн. Туулсан 20-н жилээ бид муулаад л байна. Хамгийн гол нь бид бие даасан эрх чөлөөтэй ардчилсан орны иргэд болжээ. Одоо сайн явах, муу явах биднээс-өөрсдөөс шалтгаална.

Орчин үеийнхэн урьдын маниас тэс өөр иргэд болж байна. Урьдын бид чинь ямар ч бэрхшээл зовлонгүй хэмээн нийгмээ, өөрсдийгөө хөөргөн магтаж явлаа. Тэгвэл одооныхон өөрсдийгөө дандаа шүүмжилдэг болжээ. Сүүдрээ харж биеэ засах, гишигсэн мөрөө эргэж харах чинь өөдлөхийн тэмдэг. Цаг үеэ дагаад өвгөн би бээр ололт амжилтаа үл өгүүлэн өгүүлэхэд манай наадамд  засууштай согог бишгүй үлдсэнийг сануулъя гэж зориглов. Аливаа юм боловсронгуй болох тусмаа өө сэв нь улам тодорч, улам гаж муухай харагддаг. Нилэнхүйдээ дор орчихсон найгүй орчноос ямар ч бүдүүлэг заваан юм ялгардаггүй. Барьц алдсан тийм нөхцөлд урам хугараад үг нэмэрлэхээс цөхөрдөг. Харин эдүгээ бидний амьдрал бузгай монголжиж, гаднаас тулгасан харь ёс заншил хумигдсанд урамшиж хөөрсөндөө үг нэмье гэж шийдлээ.  

Сурын харвааг наадамчид, гадны зочид, жуулчид зогсож байгаад үзчих боломжтой аж. Харин эзгүй хээр өртөө газар ана мана өрсөлдөж буй хүлгүүдийн жинхэнэ хурд эрчийг наадамч олонд харах боломж байдаггүй. Хурдан хүлгүүдийн оргил агшин эл хуль талд үзэгчгүй өнгөрөөд, барианы газар тэсэж ядан хүлээсэн наадамчид эцчихсэн өрөвдөм морьдын муухан цогоо, хатираа, шогшоо үздгийг өөрчлөх арга олох сон. Хүй долоон худагт хурдан морины монгол уралдаан үзэх гэж догдлон очсон алс холын жуулчид урам нь хугарсан янзтай харагддаг. Тэд хурдан морины монгол уралдаан дахиж үзэхгүйгээр үл барам, хариад нутаг нэгтэндээ “тийм дэмий юманд валютаа бүү үр” гэж зөвлөх вий. Гадны жуулчид олон морьтон-наадамчдын тоосонд булагдаж, бие засахаас эхлээд эвгүй байдалд ордог. Монгол наадмыг дэлхийн стандартад хүргэх гэж чармайх авч мөнгөгүйн гачаал яах ч аргагүй. Яваандаа мөнгөжиж сайхан болгоно гэдэгт итгэнэм.  

Дүрэмгүй, шүүгчгүй, дэвжээгүй, хугацаагүй бөхийн барилдаан хойшид бүр болохгүй нь. Спортын алив тэмцээн шүглээр эхлээд шүглээр зогсдог. Өвөрмөц дохио зангаа хэргэлдэг заншил ч бий. Хоёр бөх ноололдож байснаа жаахан цуцахаараа засуулын зөвшөөрөлгүй барьц тавилцаад, ташаа тулж, баахан хаахалзах юм. Тэр хоёрыг хэн тэгж үзэгчдийг чилээгээд амар гэсэн юм бэ. Ингэж амарч байхдаа хэн нэг нь нөгөөгөө араас нь дайрч барьж аваад, өргөөд шидчихвэл яах вэ. “Эхэл” гэсэн дохио өгөөгүйтэй адил “зогс” гэсэн дохио өгөөгүй. Хоёр бөх сайн дураараа золгодог, эсвэл нэг нь дайрдаг, нөгөө нь ухарч зугтаагаад, гүйцэгдэж унах болбол наадамчдын өвөр дээр шалавхан гараад суучихна. Хил хязгааргүй дэвжээ, цаг хугацаагүй барилдаан наадамчдыг гадаад дотоодгүй залхааж байна. Барилдаан будилбал шүүдэг засуул цэцүүд шийдвэрлэх чадваргүйдээ арчаагүй мунгинаж, цаг барж, чилээхийг гадныхан тэсэж ядан хүлээж, “монголчуудын үндэснийхээ наадмыг зохион байгуулж буй царайг хараач” гэж шоолж байх вий гэж зовмоор.

“Би дийлсэн, чи ойчсон” гэж будилсан хоёр бөхөө албаар хэрэлдүүлээд ч байгаа юм шиг. Тэд хэрэлдээд хэн нэг нь “за би ойчсон юм байна” гэхгүй нь тодорхой. Сумо бөхийн шүүгчид шийдвэр гаргахад “Би ойчоогүй” гэж уйлаад дэвжээнээс буухгүй сумочин гарвал япончууд яах бол. Лав л манайхан шиг уйлж буй бөхийн дэргэд нутгийнхан цуглараад, хөөрхөн цуглаан маягийн юм өгдөөж, наадамчдын сэтгэл зүйгээр наадахгүй биз.

Бярдан мурьж, мушгиж, мордож хөөгөөд эцэст нь давхар ачиж, нисэлттэй шидэхэд гайны вандан таараад дахиж барилдаж байх юм. Сумо, чөлөөт, жүдо гэх мэт бөхийн дэвжээн дээр вандан байхыг би хараагүй. Монгол наадмын бөхийн дэвжээн дээр юу ч байж мэднэ. Дэвжээн дээр бөөн бужигнаан. Хэрүүл энүүхэнд, зодоон гарахгүй бол дээдийн заяа.

Хоёр бөхийн нэг нь нөгөөгөө элдээд л байна. Нөгөө нь ухарч зугтаасаар үзэгчид рүү тулчих нь. Хичнээн ч удаа үзэгчдийн өвөр дээр гарч суу, хамаагүй.  Монгол бөх спорт юм бол зугтаадаг бөхийг торгуулиар айлгах сан. Хязгаартай дэвжээнд бол дэвжээнээс гарч торгуулахгүйн тулд ингэж шившигтэй ухарч зугтааж наадам гутаахгүй. Ухардаг бөх учраа бөхийнхөө нервээр жинхэнэ наадахын зэрэгцээ наадамчдын уурыг бардаг. Ухарч ухарч (залхсан үзэгчид нэг харахнаа) учраагийнхаа ард гараад хаяж байдаг.

Огт хөдлөхгүй тэврээд зогсчихдог уяа бөхчүүдийг идэвхтэй барилдуулах ямар ч дүрэм байхгүй. Учраагаа унтуулж байгаад хаяна. Ямар ч сонирхолгүй, тийм барилдаан үзсэндээ харамсмаар. Засуул шүүгчид барьц сонгуулах гэж бөөгнөрч заваарах нь хурд ритмтэй өнөөн цагт дэндүү ядаргаатай. Бөхчүүд нь шүүгчидтэйгээ маргаад салахгүй их удна. Ам нь хөдлөөд л хэрэлдээд л ийш тийшээ яваад л. Хүний эрх, эрх чөлөө, ардчиллаар цэц булаалдаад байна уу гэмээр харагдана.

Хөгшин бөхчүүд дэвжээн дээгүүр хэлхийлдэн майжигнаж, барилдаан таглаад зогсчих юм. Ямар үүрэгтэйг бүү мэд. Барилдаан ид өрнөж буй чөлөөт бөхийн дэвжээн дээгүүр дуртай нь тэгж сэлгүүцвэл ямар асуудал үүсэх бол. Төсөөлөөд нэг үз дээ.

Бөхчүүд хөлсөө арчих алчуураа засуулдаа бариулаад, боломж гарсан үедээ өөрөө юм уу засуулаараа асгарах хөлсөө арчуулдаг болбол хөлсөө гараараа эсвэл бугуйгаараа шудраад баймгүй. Ерөөсөө хоёр бөхийг нэг засуул шүүвэл яасан юм бэ. Өөрийн бөхийг түших, өрөөлийн бөхийг түлхэх гээгүй юм бол хоёр засуулын хэрэг юун. Засуулд малгай барьж зогсохоос өөр үүрэг байгаа юм уу. Харин барилдаан будилбал хоёр засуул МАН, АН шигээ хэрэлдэж гарна. Үүрэг нь тэр л байх. Өөрийн засаж буй бөхийн буруу байсан ч намчирхана гэх шигээ талцан өмөөрч гарна.

Эртний уламжлал шинэ цаг үеийн хурд айзамтай тохирохоо болих нь бий. Тэгсэн тохиолдолд боловсронгуй болгох шаардлага зайлшгүй гарна. Өөрлөгдөшгүй юм гэж ертөнцөд үгүй. Хоцрогдсон зан үйл шинэчлэгдэж хөгжих тавилантай. Үндэсний төрхийг нь улам тодруулбал өөрчлөхөд яадгийм.

365 хоногт наадмаас ондоо цэнгэлгүй хээр талын малчдад хонины морио жороо мориор юүвэлж, хиртэй уранхай хувцсаа тайлж, шинэ хувцас өмсөөд жилд ганц удаа наадамдах юутай сайхан. Тэд жилдээ ганц удаа гоёж, сэтгэл сэргээдэг наадам өндөрлөхөөс айж, цугларсан дээрээ салмааргүй хүсэлд автдаг тул бөхчүүдийг удаан барилдаж, бах тав ханатал уйдаа тайлж, зугаацуулаад өгөөсэй гэж битүүхэн хүснэ. Эрчүүд сайхан морь, гоё эмээл хазаарт нүд хужирлаж, хүүхнүүд алт сувд торгон дээл шохоорхож, гуанзгийн хоол зооглож, бараа бараагаа хардаггүй шахам залуус гэргий нөхөр болох нэгнээ сонгох оргилсон дур хүслээр наадам олон хоног сунжраасай гэж хүсдэг эртний хүмүүсийн наадмаас өнөөгийн наадам өөр хөг дэг, хурд айзмаар явагдахаас аргагүй болжээ. Ирэх жилийн наадам хүртэл амьд байвал уулзъя гэж хэлэх шаардлага эдүгээ арилсан байна. Дээдсийн минь ганцаардсан уйтгарт амьдрал эдүгээ том хотуудын соёл иргэншлээр солигдож эхэлжээ.     

Наадмын нээлтээр эхэлсэн уртын дуу хоёр өдөр нэг ч мөч тасарсангүй. Сүүлдээ уяа бөх, уртын дуу хоёр бүр залхаачихав. Гадны зочид уйдаж ядраад наадмын дэвжээ орхиж харагдсан. Уртын сайхан дуу маань эцэстээ цахиртсан чихний чийр болох нь харамсалтай. Хэдхэн дуу хэдхэн дуучны хуучирсан пянзыг жилийн жилд дахин дахин эргүүлээд байх нь тэвчээр бүр барна. Ядаж шинэчилж болдоггүй юм байх даа. Барилдааны уулга алдам хурц агшинд дуу хуур давхар сонсдог бөхийн хорхойтон баймгүй.

Тайлбарлагч нарыг бас яалтай. Тайлбар болгондоо Хүннү гүрэн байгуулагдсаны 2020 жилийн ой, их эзэнт Монгол улс тунхагласны 805 жилийн ой, үндэсний эрх чөлөөний 100 жилийн ой, ардын хувьсгалын яруу алдарт 90 жилийн ойн баяр наадамд барилдаж буй далай даян аварга тэр аймаг тэр сумын уугуул тийм хязгаарлагдмал хариуцлагатай компаний бөх тийм мэх хийлээ гэх гэсэн чинь нөгөө барилдаан нь аль эрт дуусаад, дараачийн даваа эхэлж байж ч магадгүй. Тонгорлоо, угсруулаад этлээ, хавсарлаа, мурилаа, тойгдлоо, давхар ачаад давлаа гэж хурдан түргэн товч тодорхой мэдээлэхийн оронд тэр олон ой, тэр урт гуншин, аймаг сум, компанийг, мэх болгоны завсар тоочиж яаж багтах вэ. Тайлбарлагч үзэгч хэн хэндээ яршигтайг өчнөөн жил наадам тайлбарлаж буй хүмүүс өөрсдөө анзаардаггүй нь хачин. Энэ жилийн наадамд ямар ямар түүхэн ой тохиож буй, хэдэн бөхөө ямар цолтой, аль нутгийнх гэдгийг хэдэн цөөхөн монгол уг нь андахгүй.

Засахад гарын дор иймэрхүү зохимжгүй өө сэвийг арилгахад хөгжил нь хүчээ авсан өнөө үед юухан байхав. Наадам улам сайхан болох төрхөө олжээ. Уруудаж бус, өөдөлж яваа улсад үг нэмэх урамтай.

2011-07-13