МҮХАҮТ реформын шинжтэй лобби хийж байна
ЖДҮ эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбох талаар хэлэлцлээ
Монголчууд том эдийн засаг, том бизнес төслүүд ярьсаар удаан хугацаанд зогсолт, гацалт үргэлжилсээр магадгүй “тэг зогсолт” хийж болохуйц дүр зураг харагдаж байна. Бизнес дэхулс төрийн нөлөө, оролцоо ихэсч, гадаадын хөрөнгө оруулалтын талаар ч тэгтлээ сайн сайхан мэдээлэл дуулдахаа болив.
Харин бизнес эрхлэгчдийн төлсөн татвараас бүрддэг улсын төсөв хэрүүлийн алим, “хэрэгтнүүдийн” голомт байсан хэвээр. Угтаа бизнесийнхнээс авсан мөнгөөрөө бизнесийн орчныг дордуулж болохгүй, хувийн хэвшлийнхнийг дарамтлах тэр хүчийг тэжээж тэтгэж буйгаа саяхнаас л ухаарах болжээ. Гэтэл бизнесийн үйл ажиллагаа нь хүний зүрхний цохилт адил тасралтгүй үргэлжлэх ёстой. Гэхдээ үр ашигтайгаар. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага, эсвэл клуб байх, тэр нь төртэй хамтарч ажилладаг байх шаардлагатай. Манайд энэ үүргийг одоогоор МҮХАҮТ гүйцэтгэж байна.
Саяхан тус байгууллагаас нэгэн чухал бөгөөд томоохон ач холбогдолтой, цар хүрээтэй чуулганыг зохион байгууллаа. Энэ нь Худалдааг дэмжих байгууллагын Удирдлагын түвшний 32 дахь чуулган юм. Азийн 23 орны удирдах түвшний 36 төлөөлөгч энэ чуулганд оролцож “ЖДҮ бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Эдийн засгийн интеграци, үйлдвэрлэлийн сүлжээ, бүс нутгийн хэмжээн дэх үйлдвэрлэл хоорондын худалдаа, түгээлтийн сүлжээг өргөжүүлэхэд худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг, оролцоо маш чухал. Монгол Улсын Засгийн газраас бүс нутгийн хэмжээнд нийлүүлэлт, зохицуулалтын орчин бий болгоход онцгой анхаарч, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, худалдааг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Мөн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, ЖДҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн хууль, бодлогын баримт бичгүүдийг хэлэлцүүлж, батлахыг эрмэлзэж байна. Үүний зэрэгцээ зөв технологи сонгох, нутагшуулах, норм нормативыг нийцүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих чиглэлээр хийж буй ажлуудынхаа талаар мэдээлсэн.
Худалдааг дэмжих байгууллагуудын удирдах түвшнийхнийг урьж оролцуулсан энэ чуулган Монголын үйлдвэрлэгчдэд олон улсын өртгийн сүлжээнд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд нь туршлага хуримтлуулах чухал ач холбогдолтой. Япон, Индонез, Филиппин, Тайланд, БНХАУ, Сингапур, Малайз зэрэг орны гадаад, дотоод худалдааг дэмжих байгууллагууд, худалдааны яамны төлөөлөл оролцож үнэтэй санал зөвлөмжүүдийг өглөө. Манай улсад Худалдааны яам байдаггүй учраас Худалдааг дэмжих байгууллагын үүргийг МҮХАҮТ биелүүлж, энэ хүрээндээ дээрх нэр хүндтэй чуулганыг зохион байгуулж хурлыг даргалсан нь олзуурхууштай.
Энэ үеэр уг чуулганыг даргалсан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Дижитал технологийн хувьсгал даяаршсан нийгэмд хөгжлийг түргэсгэх боллоо. Ингэснээр орон зайн нөлөөллөөс үл хамаарч бизнес эрхлэгчид өрсөлдөх чадвараа, бүтээмжээ нэмэгдүүлж хэрэглэгчдэд хүрэх боломжийг эрэлхийлж, олж авч чадаж байна.ийг газар сайгүй өрсөлдөх, илүү бүтээмж, үр өгөөжтэй байх, шинэ хэрэглэгчдэд хүрэх боломжийг олгож байна. Энэ үйл явц нь жижиг, том бизнесийн аль алинд нь инноваци, сошиал маркетинг, технологийн дэвшлийг авчирч, үр өгөөж гарч байгаа ч ЖДҮ эрхлэгчдэд мэдлэг, туршлага, хөрөнгө санхүү дутмаг хэвээр, шинэ сорилтыг дагуулж байна. Энэ талаар бид туршлагаа солилцон хуваалцаж, жижиг худалдааг дэмжих талаар саналаа хэлэлцэхээр болж байгаад баяртай байна” гэв.
Чуулга уулзалтад ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В. Энхболд “Ази дахь худалдааны хөнгөлөлт болон бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа. Мөн энэ үеэр зочид, төлөөлөгчид Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзаж, бүс нутгийн хэмжээнд Азийн худалдааг хөнгөвчлөх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг нэмүү өртөгийн сүлжээнд хэрхэн хамруулах зэрэг асуудлаар санал солилцож байв.
Жижиг дунд бизнес нь дэлхийн эдийн засагт, ялангуяа хөгжиж байгаа орнуудын эдийн засагт голлох үүрэгтэй. Дэлхийн банкны гаргасан мэдээллээс үзвэл, хөгжиж байгаа орнуудын ДНБ-ий 40 хүртэл хувь, нийт ажил эрхлэлтийн 60 хүртэл хувийг жижиг дунд бизнес эзэлж байгаа бол Азийн орнуудын хувьд ДНБ-ий 30-53 хувь, ажлын байрны 5-97 хувь, экспортын 10-30 хувийг эзэлж байгаа аж. Харин манай улсын хувьд “2018 оны байдлаар ДНБ-ий 17.8 хувь, нийт ажлын байрны 67 хувь, экспортын 2.3 хувь болж байгаа бөгөөд жижиг дунд бизнес нь хот хөдөөгийн иргэдийн, түүний дотор эмэгтэйчүүдийн орлогын эх үүсвэрт голлох хувь нэмрийг оруулдаг” гэсэн тоо дурдагдсан нь чуулганд оролцогчдын сонирхлыг татаж байлаа. Цаашид МҮХАҮТ энэ чиглэлээр судалгаа хийх томоохон институт байж бизнес эрхлэгчдийг том, жижиг гэж ялгаварлахгүйгээр эрхийг нь хамгаалпаг, төрийн дэмжлэгт хамруулдаг, бодлого боловсруулахад санал бодлыг нь тусгадаг байх талаар олон чухал ажлыг төлөвлөж байгаагаас гарааны үйл ажиллагаа нь энэхүү чуулган боллоо гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл зах зээлээ өргөтгөх, шинэ мэдээллээр хангах, зөв хөгжих реформын эхний алхам нь худалдааны хөнгөлөлт, ЖДҮ эрхлэгчдээ нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын нөлөөллийг түшиглэхэд энэ чуулган үр нөлөөгөө өгнө гэж найдаж байна.
Тиймээс тулгамдсан асуудлаа хамтдаа шийдвэрлэх, зөв лобби хийхэд суралцах талаар нэлээд өгөөжтэй арга хэмжээг зохион байгууллаа. Цаашид бизнесийнхэн дотроосоо шийдвэр гаргах эрх мэдэлд нэгнээ лоббидохоос илүү бүс нутгийн байгууллагуудтай үзэл бодол, зорилго, арга барилаа нэгтгэж эдийн засгийг тэлэх реформыг эндээс эхэлж авлигаас ангидаар амжилтад хүрэх гарц нээлээ гэж үнэлж болох юм.