Монголын сэтгүүлчид дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. Өнгөрсөн долоо хоногт мэдээллийн сайтын анхдагчдын нэг болох News агентлагийнхан 15 жилийнхээ ойг тохиолдуулаад, мөн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаад “Цахин сэтгүүл зүйн форум”-ыг зохион байгуулсан. Мэдээллийн зах зээл дээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, мэдээллийн сайтуудын төлөөлөл, төрийн байгууллага, аж ахуй нэгжийн хэвлэлийн төлөөлөгч нар оролцсон. 

Өчигдөр буюу дэлхийн хэвлэлийн чөлөөний өдрөөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбооноос “Цахим бүслэлт ба нийгмийн сэтгэл зүй” сэдвээр баснэг хэлэлцүүлэг зохион байгуулав. Аль баль нь туйлын “ажил хэрэгч”-ээр зохион байгуулагдсан авчиг хэвлэл мэдээллийн салбарт тулгараад байгаа бас нэг том асуудлыг орхигдуулсан санагдав. Тэр нь 1998 онд парламентаар баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт. Тодруулж хэлбэл, төрийн байгууллагууд хувийн хэвшлийнхэнтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа явдал.

Э.Бат-Үүлийн санаачлан батлуулсан, олон жил "тунхгийн шинжтэй" хэмээн шүүмжлүүлж ирсэн уг хуулиар хэвлэлийн эрх чөлөөний суурь зохицуулалтыг хийж өгсөн байдаг. Ердөө дөрөвхөн заалттай энэ хуулиар төрийн байгуулллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх, төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглосон. Хууль батлагдсаны дараа төрийн хэвлэл мэдээллийн хэрэсгслүүдийг бүхэлд нь хувьчилж, Үндэсний гэгддэг телевизийн ганц сувгаа олон нийтийн болгосноор хэвлэл мэдээллийн салбарт чөлөөт өрсөлдөөн, олон урьгалч байдал давамгайлах болсон билээ.

Хуулийн заалт:

1.Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.

2.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.

3.Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.

4.Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.

Гэвч сүүлийн хоёр парламентын хугацаанд эрх баригч МАН-ын зүгээс хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хууль гаргахаар удаа дараа давшиланд орж байна. Өмнөх парламентын үед Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн төслийг боловсруулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох, хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн бүтцийг тодорхойлох оролдлого хийсэн боловч тухайн үедээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, салбарын судлаачдын эсэргүүцэлтэй тулгарч, түр хугацаанд хойш тавигдаад байгаа. Гэсэн хэдий ч эрх баригчдын зүгээс Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг өөрчлөх тухай “заналхийлэл” үргэлжилсээр. Хууль тогтоох байгууллагыг төлөөлж УИХ-ын дарга нь өөрөө оны өмнө сэтгүүлчдийг цуглуулж байгаад “Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэрэгжүүлэх шаардлагагүй, хуулийн санкц байхгүй” гэдэг мэдэгдлийг хийсэн байтал салбарынхан маань ус балгасан мэт явах нь тоогүй.  

Хамгийн сүүлд “Үндэсний мэдээллийг агентлаг” гэгдэж байсан Монцамэ агентлагийг татан буулгаж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд аваачсан боловч агентлагийн дарга байсан нэг сэтгүүлчээс өөр эсэргүүцэл илэрхийлсэн хүн гараагүй. Агентлагт ажиллаж байгаа сэтгүүлчдийн хувьд орон тооны цомхотголоор ажилгүй болох вий гэдгээс өөр айдасгүй яваа нь бүр ч харамсалтай.

Уг нь бол анх 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсаны дараа л Монцамэ агентлагийг олон нийтийн болгож зохион байгуулах ёстой байсан ч үе үеийн Засгийн газрууд ямар нэг шалтаг, шалтгаанаар энэ ажлыг хойш тавьж ирсний гор ингэж гарав. Гадаад хэргийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх гээд олон айлын хаяа бараадаж, төсвөө батлуулж ирсэн тус агентлагийг сая “төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй” гэдэг хуулийн нөгөө заалтыг бариад татан буулгаад, Ерөнхийлөгчийн дэргэд гадаад сурталчилгааны агентлаг болгоод хураагаад авчихсан. Үүнээс эрх баригчид ямар үед хуулиа барьдаг, ямар тохиолдолд хуулийг өшиглөж орхидог вэ гэдэг нь ойлгомжтой болсон байх.

Ганц энэ биш, сүүлийн жилүүдэд төрийн баййгууллага, агентлаг болгон дэргэдээ хэвлэл мэдээллийн албатай, тэр нь томроод хэвлэлийн редакцийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүтэцтэй болсон. Төсвөөс цалинждаг албан бус редакциуд бий болсон гэсэн үг. Хамгийн том бөгөөд нөлөө бүхий нь УИХ-ын дарга, Хотын даргын дэргэдэх Мэдээлэл, судалгааны төвүүд болж байна. Хэвлэлийн албууд мэдээллийн эх сурвалжууд байхаа болиод өөрсдөө контентоо бэлтгэж, төлбөртэй цацдаг болсон. Товчхондоо, сэтгүүлчид, мэргэжлийн байгууллагуудын ажлын байр, цалин орлогыг төрийнхөн булааж эхэлсэн гэсэн үг. Оны өмнө Монголын сайтын холбоо шилдгүүдээ тодруулсан чинь Ulaanbaatar.mn сайт төрийн байгууллагын шилдэг сайтаар тодорч байх жишээтэй. Энэ мэтчилэн мэргэжлийн холбоод нь хүртэл хэвлэл мэдээллийн хараат бус байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалсан салбарын ганц хуулиа улан дороо гишгэчихээд хараат бус байдлын тухай ярина гэдэг шуудхан хэлэхэд эмгэнэл юм даа. Хэрэв энэ хууль нурж унавал, эргэж буцвал, төрөөс бидний редакцийн бүтэц, бодлогыг хууль гаргаад зохицуулаад эхлэвэл тэр цагт ямар юмны контентын хулгай, сошиал дайралт, боловсон хүчний хомсдол яриад сууж байх вэ?

Тийм болохоор мэргэжилт нэгт нөхөддөө хэлэхэд, жижиг асуудалдаа жижиг байж, том асуудалдаа том дуугарч сурцгаая! Ядаж л Хэвлэлийн эрх чөлөөний хуулийнхаа хэрэгжилтийг нэхэцгээе. Салбар доторх асуудалдаа нүд хурцлах нь сайн боловч "гадаадын" дайсандаа эзлэгдэхгүй байх нь хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүйд тулгамдаж буй энэ тэргүүний асуудал болчихоод байна шүү!

inews.mn