Б.Болдсайхан: Тэр өдөр Монголд төр байгаагүй
-Та энэ жил УИХ-ын сонгуульд ИЗН-аас нэр дэвшсэн. Ялагдал гээчийн “амт”-ыг хэр хүлээж авсан бэ?
-Миний нэр дэвшсэн нь зарчмын асуудал байсан. Юуны эсрэг, ямар шугамын хаана нь байна вэ гэдгээ илэрхийлэх гэсэн юм. Түүнээс биш Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын хамгийн хөрөнгөтэй хүмүүстэй жирийн эмч өрсөлдөөд ялах магадлал мянганы юмуу арван мянганы нэг хувь байсан л даа. Манайхны төр “түшилцэх” гэж, дарга болох гэж нэр дэвшдэг ойлголтыг эвдье гэж бодсон. Хамгийн гол нь сонгож буй хүмүүсийнхээ төлөө үйлчилдэг байх ёстой гэдгийг л илэрхийлэхийг зорьсон. Жорлонгийн цаасан дээр нэрээ бичээд тараасан гэж хүмүүс намайг их шоолж байсан л даа. Клинтон ялагдаад хэлсэн үг, Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшигчидийн үгийг ч сонссон байх. Тэд сонгогчдодоо хандаад “Та бүхэнд үйлчлэх бололцоо олгооч ээ” л гэдэг. Манайхан шиг байхгүй, нам төр нь мэдэгдэхгүй, байшин ч юм уу, багана ч юм уу нэг юмыг “түшилцэх” гэж, түшмэл болъё гэж гуйдаггүй юм. МАХН хүн амины хэрэг үйлдсэн шүү дээ
-Хүмүүс таныг яагаад ИЗН-ыг сонгосон юм бол гэж боддог. Өнөөдөр МАХН, АН хоёрыг бараадахгүйгээр улс төрийн мөр хөөнө гэдэг их бэрх болсон цаг байна шүү дээ?
-Үнэн, үнэн. Бодитой улстөрд орно гэвэл ийм л байдалтай байгаа. Хүнийхээ хувьд би идеалист зан араншинтай. Тийм учраас улстөрд амжилт олдоггүй байх л даа /инээв/. Өнөөдөр манай сонгууль ардчилсан сонгуулиас илүү сүлжээний бизнес болж хувирчээ. Энэ болгоныг шүүмжлээд бичдэг атлаа дээрх хоёр намд элсэх нь зохимжгүй байсан юм. Бодит амьдрал миний идеал, бодлоос ихээхэн өөр юм гэдгийг ойлгож байна. Өөрийн намынхандаа АН-тай ойр шадар байж, нэгдэж нийлье гэдэг бодлоо хэлж байгаа.
-Журмын нөхөд тань хэр хүлээн авч байна вэ?
-Өнгөрсөн сонгуулийн цохилтын дараа өөрөөр харах болсон. Сонгуулийн өмнө манай нам Засгийн газрын хоёр гишүүнтэй, газраас тасарчихсан байлаа. Одоо хөрсөн дээрээ бууж байгаа гэж бодож байна.
-Дээрх хоёр нам чинь эвсчихлээ. Хамтарсан Засгийн газар байгуулаад л. Тэр нь нийгмийн шаардлагаар зөвшөөд байгаа хэрэг үү, эсвэл хуйвалдаад, бүлэглэлүүд ашиг сонирхлын тохиролцоо хийгээд байна уу. Энэ талаар юу бодож байна?
-Жирийн иргэн, эмч хүний нүдээр харж хэлье. Аль нь ч биш байх аа. Элбэгээ даргын хэлсэн л онох байх. МАХН төр барьж байхдаа хүн амины хэрэг үйлдсэн шүү дээ. Иргэдийнхээ эсрэг зэвсэг хэрэглэсэн. Үүнээсээ айсан. Нийт массаараа хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгийг ойлгосон. Орон гэрээ ч шатаалгалаа. Нөгөөтэйгүүр, хууль бус аргаар төрийн эрхийг авлаа.
-Сонгуулийн луйвар булхайг нь хэлж байна уу?
-Бидний нүдэн дээр, гадаадын ажиглагчдын харцан дор бүх луйврыг хэрэглэн төрийн эргэлт хийсэн. Латин Америк, Африкийн орнууд шиг танк, пуужин хэрэглэлгүй төрийн эргэлт хийв. Том гэмт хэрэг шүү. Үүнээсээ айсан юм. Айсандаа цочир ааш гаргаж, эсэргүүцсэн иргэдийнхээ амь насыг Улаанбаатар хотын төв гудамжинд, ГХЯ-ны үүдэн дээр олон зуун хүний өмнө золбин нохой агнаж байгаа шиг бүрэлгэлээ. Энэ үйлдлээсээ өөрсдөө ч үхтэлээ айсан даа. Ийм учраас нөгөө талаас юу ч хэлсэн хүлцэнгүйгээр дагахад бэлэн байв. Нөгөөдүүл ч үүнийг нь ашигласан. Бас ашиглагдсан. Ийм л процесс болсон болохоос бус үсэрч, дэвхэрч хөгжих гээд зөвшилцөөгүй. Монголын түүхийн дөрөв дэх том бололцоо гэж хэлээд байгаад нь итгэхгүй байна. Дэлхийн санхүүгийн хямрал эхэлчихсэн байх үед ингэж хэлэх нь инээдтэй сонсогдож байлаа. Одоо хар, үсэрч дэвхэрч байгаа нь хаа байна. Засгийн газраа ч бүрэн байгуулж чадаагүй явна.
-Энэ Засгийн газрын хурдыг хэмжицгээе. С.Баяр анх гарч ирэхдээ их эрч хүчтэй байсан санагдана. Одоо назгай байдалтай байна. УИХ ч гэсэн эмтэрхий тогоо шиг байх юм?
-Энэ нь хоёр талтай. Засгийн газрыг толгойлж байгаа хүн нь хүчтэй лидер гэдгийг ойлгож байна. Гэхдээ сэтгэл нь амраад назгайрчээ. Ажлаа ч хийхгүй байгаа юм шиг байна лээ. Ялангуяа эхний 100 хоног буюу эхний зургаан сард маш их ажилтай баймаарсан. Засгийн газраа бүрдүүлээд, монголчуудын дөрвөн жилийн амьдралыг төлөвлөх гээд л. Ялсны дараахь гэмт хэргүүдээсээ мултрах аятайхан арга олсондоо санаа амраад л назгайрсан биз.
-Нөгөө талаас?
-АН-ын хамгийн том алдаа нөгөө талаас гарч ирж байна. МАХН-ыг иргэдийн төлөө ажиллуулахын тулд шахаж шаардаж, хянаж байх сөрөг хүчин үгүй болов.
-Морио хурдлуулах ташуур үгүй болов гэж болохоор?
-Ер нь хорвоогийн бүх юм хар цагаантай, тэнцвэртэй байдаг. Цагийн зүү ч гэсэн. Энэ тэнцвэр алга боллоо. Одоо бодитой сөрөг хүчин гэвэл С.Оюун гишүүн л байх нь. Ганцхан хүн. МАХН-тай эвссэнээрээ АН сонгогчдынхоо өмнө том гай л авчирна. Энэ Засгийн газар дэлхийн санхүүгийн хямралаас улс орноо яаж авч гарах вэ гэсэн ямар ч төлөвлөгөө боловсруулсангүй сууж байна. Манайх байтугай Япон эдийн засгийн ухралтад орж байгаагаа мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт Герман мэдээлсэн. Дэлхийн хамгийн баян 20 улс цуглаад хэрхэхээ зөвлөлдөж байхад манайх юу ч хийхгүй байна.
-Долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоотой бүхнийг төр нягталж, иргэдийнхээ төлөө ажиллаач. Барьж, хорьж байгаа хүмүүсийг өмгөөлөх дуу хоолой бол АН байх болно гэж Ц.Элбэгдорж мэдэгдэж байлаа. Н.Алтанхуяг шадар сайд болохоосоо өмнө энэ дуу хоолойг бид үл тасална гээд байсан. Одоо таг чиг болов?
-Энэ дуу хоолой тасраагүй. Харин Н.Алтанхуягийн хувьд дээрх үгийг сайд болох гэж л хэлсэн биз. Одоо нэг ч үг дуугарахгүй байна. Нөгөөтэйгүүр, одоо өөрөө өөрөөсөө шаардаад байх нь утгагүй болж байгаа юм. Хүн алаад гарын цусаа угаагаагүй байгаа хүмүүсийн өвөрт ороод эмлүүлж байгаа хойно яая гэхэв.
-Нэгэнт эвсч хамтарсан Засгийн газрыг яаж хөдлөхийг харахаас өөр бид яахав. Энэ Засгийн газраас иргэн хүний хувьд та юуг хүсч байна. Юу шаардах вэ?
-Энэ Засгийн газраас шаардах их хэцүү.
-Яагаад?
-Энэ Засгийн газар дотроо байтугай УИХ-аас ч ямар ч хяналтгүй боллоо. Яг л 2000-2004 оны үе давтагдаж байна. Парламент доторхи далан хэдэн хүн нэг Засгийн газар байгуулчихаар хэн нь хэнийгээ шаардах вэ. Ийм Засгийн газраас юм шаардахад төвөгтэй.
-Тэд хамгийн сайн хяналт бол нэг кабинетад цуг ажиллах явдал. Хамгийн үр дүнтэй систем гэж мэдэгдсэн?
-Шинээр юм бодож олдог юм бол өнөөх Америк, Англи, Японы парламентыг ийм “болгоод” үз дээ. Тэд юугаа хийж 200, 300 жилийн турш сөрөг хүчинтэй яваад ирсэн юм бол. Ардчиллын үнэ цэн нь сонгогчдын талыг төлөөлсөн сөрөг хүчин нь хянахдаа байдаг байх. Ийм л байсан юм бол 1990 оны хувьсгал ч хэрэггүй байж. АН-ын энэ алхмыг ямар ч худал үнэн үгээр гоёчилж хэлээд, энд тэнд нь шархны лент наагаад, уруулын будаг түрхээд ч зөвдөхгүй. 1990 оны ардчилсан хувьсгалын зорилгоос ухарсан. Гэхдээ би энэ намын гишүүн бус ч АН-д итгэдэг. Монголд түүхэн өөрчлөлт хийсэн голдиролоосоо буцаж гарахгүй. Энэ засагт байх эсэх, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, энэ дөрвөн жилийн хугацаанд яаж байх вэ гэх зэргээр огт өөр болох байх. Э.Бат-Үүл шиг, Ц.Элбэгдорж шиг хүн байхад зайлшгүй өөрчлөгдөж таарна.
-Одоогийн намын дарга нь энэ өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах байлгүй?
-Саяхны “Сант марал”-ын ТОП-10-ын жагсаалтад Алтантуяагийнх нь нэр байхгүй л байна лээ. Элбэгээ даргынх хоёрт явах жишээтэй.
-Энэ Засгийн газар ажлаа эхэлж амжаагүй байтал, нөгөө олон “толгой”-гоо ашиглаж эхлээгүй байтал дайрлага дайрлаа гэдэг шиг дэлхийн санхүүгийн хямрал нүүрлэлээ?
-Үгүй шүү дээ. С.Баяр бид их үсрэлтийнхээ өмнө ирлээ гэж хэлж байх үед энэ хямрал эхлээд нэг жил болчихсон байсан юм. “Лэйман брадерс” чинь тэр үед дампуурчихсан байсан. Одоо харин санхүүгийн хямрал эдийн засгийнх болон даамжирч байна.
Хоёрхон долоо хоногийн настай үг хэлдэг Ерөнхий сайд байж болохгүй
-Тэгвэл үүнийг яагаад олон түмэнд хэлдэггүй, анхааруулдаггүй байв?
-Яг зөв. Маш сайн эдийн засгийн зөвлөхүүдийн үгийг сонсохгүйгээр шал худлаа эдийн засгийн шалтгаан хэлж, хуйвалдаанаа далдлах гэж яах гэж худлаа ярив. Хоёрхон долоо хоногийн настай үг хэлдэг хариуцлагагүй Ерөнхий сайд байж болохгүй. Үсэрч хөгжинө гэдэг үгийг нь хэлж дуусаагүй байтал Сангийн сайд нь бид хөрөнгө оруулалтаа зогсооно гээд эхэлсэн.
-Та бид хоёрын ярианд долдугаар сарын 1-ний хэрэг явдал үе үе хавчуулагдсаар ирлээ. Энэ талаар таны үгийг сонсъё?
-Өнөөдөр Орост ямар ч ардчилал байтугай ардчилалтай төстэй зүйл алга байна гэж дэлхийд ярих боллоо. Манайх яг энэ байдал руу орлоо. Хоёр том нам нь эвсчихээр юу ч дуугарах аргагүй болов. Хэдэн зуун хүнийг барьж хориод, яллаж эхлэв. Хоёр чулуу шидээд таван жил,хоосон вискиний шил барьж явсныхаа төлөө долоон жилийн ял авч байна. Таван чулуу шидээд таван жилийн ял авдаг хуультай юм байж. Тэгвэл хотын төв гудамжинд таван хүнийг буудаад алчихсан хүмүүсийг яах юм бэ. 500 жилийн ял өгөх үү. Энэ хэргийг үйлдсэн, үйлдэхэд дарга нь байсан хүмүүс одоо телевизээр яагаад баатар болчихсон инээгээд ханиагаад, хөгийн хөгийн ярилцлага өгөөд яваад байна вэ. Үүнийг ойлгохгүй байна. Дараагийн миний хэлэх үгийг заавал цохон тэмдэглээсэй гэж бодож байна.
-Юуг вэ?
-Тэр өдөр Монголд төр байгаагүй юм шүү. Миний бие тэр үеэр 22 цаг 40 минут хүртэл болсон явдлыг хараад зогсч байлаа.
-Төр байгаагүй гэж юуг хэлээд байна вэ?
-Тэр үед Монгол Улсад Ерөнхий сайд байгаагүй. С.Баяр гэдэг хүн манай нам руу дайраад байна, манай намынхан тэдний эсрэг жагсаад авраач ээ гэж бусдыг турхирч ядан намынхаа байранд хоргодсон МАХН-ын дарга байсан болохоос бус Монгол Улсын Ерөнхий сайд биш байсан. Иргэдээ биш намын байшингаа хамгаалж байсан хүн. Монгол Улсын Засгийн газар байгаагүй. Онцгой байдлын комисс чинь Өмнөговьд ч билүү хаа нэгтээ хоёр ямаа халуурахад л хуралддаг биз дээ. Бүх цэрэг, цагдаа, гаалиа дуудаад бөөн юм болдог. Тэр өдөр хуралдсангүй. Шадар сайд нь хаана юугаа хийж явав, бүү мэд. УИХ нь ч байгаагүй. Ядахдаа байнгын хороо нь ч хуралдаж болно оо доо.
-Ерөнхийлөгчийн хувьд?
-Ганцхан Ерөнхийлөгч гэдэг хүн 23 цагийн үед байх аа, зурагтаар гэнэт гарч ирсэн. Өмнө нь Монголд болж байгаагүй процесс болж байхад Монголын төр байгаагүй юм. Монгол Улсын Ерөнхий сайд гэж байсангүй. Танай нам ингэсэн, тэгсэн гэсэн хоёр намын даргын хэрүүл л байлаа. Ийм атлаа төв гудамжинд иргэнээ буудах болохоор төрийн хутга, буу, нударга нь гарч ирж байгаа юм. Чулуу шидсэн хүүхдүүдийг шийтгэхдээ л нөгөө байгаагүй төр амь орчихсон гарч ирэх жишээтэй. Үүнийг бид асуух хэрэгтэй. Бүтэн өдрийн турш Монголын төр байгаагүйн хариуцлагыг хэн хүлээх вэ. Цагдаа нарыг хүн буудаж байхад ч байгаагүй юм. Эс үйлдэхүй гэдэг хариуцлага энд байгаа биз. Ерөнхий сайд, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институц, УИХ яагаад ажлаа хийгээгүй юм бэ гэдгийг хууль хяналтынхан гээд хэн ч эс асууж байна. Үүнийг одоо болтол ойлгохгүй байна. Үүнийг тэсэхгүй явсаар өнөөдөр хэлж байна. Монголын төр завсаргүй, тасралтгүй ажиллах ёстой биз дээ. Н.Багабанди гуай Н.Энхбаярыг 11 цагт тангараг өргөх гэж байхад 10.20 цагийн үед өрөөндөө одон медаль хүртээгээд л зогсч байсан даг. Гэтэл тэр өдөр бас төр байхгүй байв. Үүнийг манай сэтгүүлчид бусдаас асуугаарай, хүсч байна. Ер нь гадаадын экспертүүд авчирч мөрдөх ажиллагааг нь хийлгэх хэрэгтэй байх.
-Виски хулгайлсан хүүхдүүдийг бичлэгээр баримтжуулаад дор нь барьж аваад яллаж дөнгөж байна. Хүн буудсан нөхдийг одоо болтол илрүүлэхгүй байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн том асуудал байна?
-Тэр үймээн, утаа униарын үеэр би тэнд харж байсан. Нарийндаа яривал ихэнх вискийг нь буцааж шидсэнээр л тэр их гал дүрэлзсэн. Хүмүүс цонхоор нь гаргаж ирсэн вискиндээ сонингийн цаас дүрж шатаагаад буцааж шидэж байсан юм. Түүнээс биш “Аль кайда” шиг мундаг бүлэг вагон дүүрэн молотов бэлдэж ирээд шидэж байсныг би хараагүй.
-Та тэнд хэзээ очсон юм бэ?
-Би 16.30 цагаас 22.40 цаг хүртэл байсан. Манай найз нар над руу утасдаад цэрэг оруулах гэж байна гэхээр нь явж байлаа. Би бүгдийг нь ажиглаад л зогсч байсан.
-Арай чулуу шидсэн юм биш биз?
-Би чулуу шидээгүй. Харин нулимсан.
-Нээрээ юу?
-Нээрээ байлгүй яахав. Гудамжны хүүхдүүд энд тэнд өнхөрч хэвтээ вискийг бариад гүйж байсан. Хүмүүс болиулж байв. Гэтэл төв гудамжинд хүн буудсан этгээдийг одоо хэн ч танихаа болив. Гэрчүүд цагдаагийн машин байсан гэдгийг тодорхойлоод байдаг. Цагдаа нар хүнийг нохой шиг алж явах үед Монголын төр хаана байсан юм бэ гэж дахин асуумаар байна. Монголын төрийг хамгаалах ёстой асар басар нь галзуурчихсан хүүхдээ, хөгшдөө, хөршөө ноцоод явж байсан. Эзэн нь байдаггүй, нохой хорих хүн сураггүй. Буудах тушаал өгөөгүй юмаа гэхэд Монголын төр нохойгоо хориогүйн төлөө хариуцлага хүлээх учиртай. Ингэх ёстой атлаа уучлаарай ч гэж хэлсэнгүй. Бүр хариуд нь барьж аваад шийтгэж байна. 30 мянгаар нь буудсан ч нугалж, хугалж чадаагүй ард түмнийг 200-аар нь хориод мохоохгүй ээ. 200 хүүхэд шүү дээ. 20 нас гэдэг чинь хүүхэд нас. Ажигласан бол тэнд буй хүмүүсийн олонхи нь эмэгтэйчүүд байсан. Цагдаа нарыг жадалсан гээд байгаа үзүүртэй хашааг зургаан хүүхэн сугалж буй зургийг “Гамма”-гийн гэрэл зурагчид авсан байсан. Тэднийг АН-аас, “Буян”-гийн Жагаа бэлтгээд явуулсан гэхэд хэн итгэхэв дээ.
-Энэ бүхэн чинь нийгмийн бухимдал, тэсрэлтийг л илэрхийлж байгаа хэрэг гэж олон хүн өгүүлдэг. Үнэхээр тийм. Үймээн самууныг хэн нэгэн бодож зохиогоогүй, удирдаагүй гэж бодож байна?
-Тухайн үеийн болсон явдал олон жилийн үйл явдлын үр дүн байдаг. Зуднаар мал үхэх хоёр өдрийн цасных биш. Зун нь ган болсон, малчин өвс тэжээлээ базаагаагүй, оторт гараагүй гээд олон шалтгаан бий. Долдугаар сарын 1-ний хэрэг явдал үүнтэй л адил. Өнгөрсөн арваад жилийн турш төрд ажиллаж байгаа эрхмүүдийн дампуурсан үйл ажиллагаанд олон түмэн тэсэхээ байснаа л илэрхийллээ. Сонгох эрхийг нь яаж доромжилж, үгүй хийж байна вэ. Төрийг луйвраар, хууль бусаар авснаараа өөрсдөө улс төрийн хоригдол болох ёстой. Энэ бүхэнд л дургүйцэж, хэдэн арван мянгаараа цугларлаа шүү дээ. Ж.Батзандан, О.Магнай нар өмнө орой нь хуралдаад л ийм олон хүнийг цуглуулсан юм бол үнэхээр чадалтай залуучууд болох гээд байна. Тийм биш. Тэдний жагсаал цуглаанд 20, 30-хан хүн л цугладгийг хүмүүс мэднэ. Харин тэд ийм олон хүн цуглуулж чадвал үнэхээр мундаг хувьсгалчид гэж нэрлэж болно оо. Тэдэнд тийм чадал даанч байхгүй.
-Сонгууль булхайтай болсныг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлсэн, нийгмийн бухимдал байсан, системийн хямралын үр дүн гэдэг өнцгөөс хараад одоо хоригдож, яллагдаад байгаа залуусыг өршөөж болдоггүй юм уу. Байшин шатаадаг нь гэмт хэрэг боловч нийгэмд эвлэрэл бий болгох үүднээс чингэвэл ямар вэ?
-Өршөөж болдоггүй юм уу гээд арчаагүй гуйх ёсгүй шүү. Таны асуулт дотор чинь хариулт нь байна. Нийгмийг бухимдуулсан тэр хүмүүст харин өөрсдөд нь хариуцлага тооцъё л доо. Мөн тэр өдөр нийгмийн хэв журмыг сахиулж чадалгүй, эзэнгүй байсан төр өөрөө хариуцлага хүлээх ёстой. Доромжлуулж доромжлуулчихаад тэсвэрээ нэг өдөр алдсан хүмүүст хариуцлага тооцох ёсгүй ээ. Нэг вискиг хэдэн төгрөгөөр үнэлээд зургаан жил өгөөд байгаад хуульчдыг гайхаж байна. Хэдэн тэрбумаар нь хулгайлсанд нь бага ял өгдөг байж. Манай хуулийн систем ямар олон нүүртэй, ялзарсан байна вэ гэдэг нь гарч ирж байна. Хууль гэдэг харь гаригийнхан, эсвэл бурхан хүрч ирээд зохиогоогүй байлтай. Тэр вискиг хулгайлсан гэж тооцъё л доо. Тэгэхэд долоон жилийн ял оноож байгаа хуулийг би иргэн бүрт хандаж бүү дага гэж хэлмээр байна. Ийм зарчимтай хууль бидэнд хэрэггүй.
-Дагахгүй бол аваачаад л хорьж орхино шүү дээ?
-Тэгвэл тэр нийгмийн хувьсгал, төрөө эргүүлдэг процесс чинь чухам ийм зүйлээс болдог байхгүй юу. Долдугаар сарын 1-ний талаар бичиж байгаа сонин цөөн байна. Харин бид хоёр өөр өнцгөөс харах гэж оролдож байна л даа. Төрийн ялзрал, дарамт, хүмүүсийн цөхрөл бухимдал зэргийг ажих юм бол харин ч үүнээс илүү зүйл болох байсан юм. Иргэд маань гайгүй тэгсхийгээд өнгөрлөө.
-Та түрүүн төр эзэнгүй байсны төлөө хэн хариуцлага хүлээх юм бэ гэж асууж байна гэлээ. Үүнд хариулах нэг ч эрх мэдэлтэн гарахгүй байх аа?
-Яг үнэн. Энэ асуултыг бид хоёр дарга нарт тавиад ямар ч утгагүй. Бүгдээрээ нэг бүлэг болчихсон парламент байна. Тэдний зөвхөн шөнийн хар дарсан зүүд л болох гээгүй бол. Эрхзүйн хувьд утгагүй болж байгаа биз.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ӨГЧ БОЛНО
-Тэгээд энэ асуултыг хэнд тавих хэрэг вэ?
-Ийм учраас би иргэддээ тавьж байна. Танай сонины уншигчдад тавьж байна. Бас сэтгүүлчдэд зориулж байна. Та бүхэн улстөрчдийг рекламдагч биш байгаасай гэж бодно. Одоо хүртэл энэ асуултыг яагаад төрөөс асуухгүй байна вэ. Анхаарлын тэмдэг тавьж байгаад хэлье. Тэгэхдээ хүрэх юм бол Монгол Улсын Засгийн газрыг олон улсын шүүхэд хүн амины хэргээр өгч болно.
-Энэ асуулт нийгэм дунд яваад л байсан. Хүмүүсийн сэтгэлзүй сонин юм. Олимп ч боллоо. Наймдугаар сарын 14-нд олимпийн алтан медалийн өнгө зүсийг хараад л бүгд мартаж орхисон. Одоо сүүмэлзэх төдий л байна. Үүн дээр нь эрх баригчид тоглолт хийсэн л дээ?
-Хүмүүсийн сэтгэлд дүүжин байх ёстой. Долдугаар сарын 1-нээс хойш бид хүн л болсон хойно инээх, мишээх хэрэгтэй байв. Азаар олимп ч тохиолоо. Гэхдээ Ерөнхий сайд тэр үеэр олны өмнө гарч ирээд “Би” Ерөнхий сайд Баяр байна “ураа, ураа” гээд хашгирч байхад нь долдугаар сарын 1-нд чи хаана байсан юм бэ гэж асуух ёстой байсан юм. “Би азтай Ерөнхийлөгч” гэж орилж байхад нь үүнийг бас асуух байсаан. Асуугаагүй нь бидний буруу. Долдугаар сарын 1-нд золбин нохой шиг буудуулчихаад нэг сарын дараа өмнө нь алга ташаад зогсч байгаагаараа л бид тэднийг толгой дээрээ байлгаж байна. Тэд ямар зодолдож, ноцолдож медаль авсан юм уу. Бид авсан болохоос. Гэхдээ би нэг зүйлд итгэж байна. Дэлхийн газрын зурагт байхгүй байсан улсаа байгуулаад, бүтэн зууны турш хэдэн арван мянгаараа буудуулсан ч хугарч, нугарч үзээгүй энэ ард түмэн удахгүй сэргэнэ ээ. Ирэх дөрөв, найман жилд өөдөлнө, дэвжинэ. Монголчууд эрх чөлөөний агуу их мэдрэмжтэй. Төв Азийн цээжинд олон мянган жил оргилж явсан болохоор жирийн нэг нь ч ноён зантай, язгууртан араншинтай шүү. Япон, солонгосуудын 95 хувь нь боолын, гүйцэтгэгч сэтгэхүйтэй бол монголчуудын 95 хувь нь өөрөө өөртөө эзэн гэсэн язгууртан сэтгэлгээтэй байдаг юм. Өнөөдөр 200 хүүхдийг хориод, 200 бүсгүйг уйлуулаад ялласан ч бөхийнө л гэж байхгүй шүү.
-Та сонгуулийг сүлжээний бизнес шиг болжээ гэсэн. Сонгуульд өрсөлдөж байсны хувьд нарийн ширийн луйвар булхайг нь гадарладаг, доторлодог болсон байх?
-Монгол Улс жижгэрээд баг юмуу хороо болж байгаа юм. Том хороо гэхэд л 2000 сонгогчтой. Үүний 500 нь МАХН-д бүртгэлтэй байдаг юм байна. 300 нь АН-ынх. Хороо, хэсгийн дарга нь МАХН-ынхан байх жишээтэй. Нөгөө 500 хүнээ түлээ нүүрс, гурил будаа, тусламжийн бараа, комиссын хувцсаар аргална. Сонгууль болохоос өмнө цагаан сар, Мартын найман, цэргийн баяр, сонгуулийн өмнө, сонгуулийн дундуур, сонгуулийн шөнө мөнгө өгдөг юм билээ. АН-ынхан ч бас яг ийм. Бусад 500 хүнийг нь дээрх хоёр нам яг сонгуулийн үеэр хувааж, худалдаж авна. Үлдсэн 700 хүний 500 нь сонгуулийг огт тоохгүй, саналаа ч өгөхгүй. Үлдсэн 300 нь бие даагч, ИЗН, БНН-д саналаа өгөх жишээтэй. Энэ байдлыг хэвээрээ байгаасай гэж улстөрчид хүсдэг юм биш байгаа. Төрийн удирдлагад байгаа 300 орчим хүн юу ч болж байсан мөнхөд суудалдаа суухын хүслэнд автжээ.
-Үе залгамжилсан гэдэг шиг үү?
-Одоо ч байгаа шүү дээ. Аав хүү, авгай нөхөр, найз хүүхэн гээд бүх зүйлээрээ холбоотой байгаа биз. Бид Зимбабве энэ тэрийг шоолдог. Адилхан байдалтай байна.
-Танд эд нараас, энэ байдлаас салах цаг ирнэ гэсэн найдвар байгаа юу?
-Байгаа. Тун ойрхон. Ерөөсөө энэ өвөл болж ч мэднэ.
-Тэр нь юу байх вэ?
-Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Мэдээж хоёр том намын нэр дэвшигчид өрсөлдөнө. АН-аас Алтантуяа нь гарч ирвэл сонгогдохгүй. Өөр хүн байх ёстой.
-Хэн байх ёстой гэж?
-Э.Бат-Үүл шиг, Элбэгээ шиг ард түмний хүсэн хүлээсэн идеалтай лидер байх ёстой. Тэр хүн дөрвөн жилийн өмнөх М.Энхсайханы унасан шалбааг дотор унахыг хүсэх үү. Үгүй. Тийм учраас тэр хүн намынхаа дарга болох хэрэгтэй. Үүний тулд шалтаг бас хэрэгтэй. Шалтгаан ч байна.
-Үүний тулд яах вэ?
-Намаа Засгийн газраас гаргах хэрэгтэй. Ингэж байж л Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөнө.
-Ингэхгүй бол ялагдал хүлээнэ гэж та хэлэх гэж байна уу?
-Ингэхгүй бол утгагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд орох ч хэрэггүй болно.
-Энэ бол зөвхөн АН-ын ч асуудал биш. Монголчуудын хувь заяаны асуудал гэвэл болох уу?
-Тийм. Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн ийм шалтаг, шалтгаанаар түрүүн өгүүлсэн утгагүй байдлаа АН засах боломжтой. Үүгээрээ би АН-ыг магтаж яриагүй, Монголын ардчиллыг бодож өгүүлж байна.
-Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн парламентын сонгууль шиг луйвар булхайтай, бантан болж хувирах вий гэхээс айж байна шүү?
-Давтагдана аа.
-Тэгвэл таны итгэл найдвар талаар болох нь?
-Тийм учраас л АН энэ завхарсан Засгийн газраас салах хэрэгтэй. МАХН-ыг үргэлж буланд шахаж, зарц, үйлчлэгч шиг ажиллуулбал зүгээр. Бидний толгой дээр сандайлахгүй болно. Улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн гээд бүгдийн цусыг сорохоо болино. Зөв зүй тогтолдоо энэ өвөл орох байх аа.
-Түүнийг чинь харан байж больё?
-Болно оо…
-Сонгууль гэснээс НИТХ-ын сонгуулийг удахгүй дахин явуулна. Ахин ирц хүрэхгүй бол яах вэ?
-Мэдэхгүй. Би сонирхохгүй байна. Хэдий нэр дэвшсэн ч гэсэн ингэж бодож байгаа. Орон нутгийн сонгуулийн талаар өөр бодол надад байдаг юм.
-Ямар бодол гэж?
-Орон нутгийн сонгуульд намууд оролцох ёсгүй. Сум, хороогоо сайхан болгоход намууд ямар хамаатай юм бэ. Орон нутгийн сонгуулиар өнөөдөр ямар их улстөржиж байна вэ. Улаан цагаанаараа үзэлцээд л. Бие биеэ алахаас буцахгүй болжээ. Атга будааны төлөө юугаа ч худалдахаас буцахгүй байна. Орон нутгийн өөрөө удирдах ёс, сонгуулийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Намаас нь салгамаар байна. Аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд батламжлах хэрэггүй. Иргэд өөрсдөө л мэдээд шууд сонгодог болоосой. Иргэдийн сонгосон хүнийг хэн нэгэн хүн батламжлаад байх утгагүй. УИХ-ын сонгогдсон гишүүнийг Ерөнхийлөгч батална, батлахгүй гээд байвал яах вэ.
-Үүнтэй л адил гэсэн үг үү?
-Яг ийм агуулгатай юм л даа. Одоогийн энэ намаар гардаг системээр хэнбугай нь ч гарсан онцын ялгаагүй. Том намууд дундаасаа намын бүлгээ байгуулаад, дундаасаа хотын даргаа сонгоно биз. Ингэж хотын даргаа сонгохын үр дүнг бид амсч байна. Дэлхийн хамгийн бохир, утаатай, түгжрэлтэй, стресстэй хот болж хувирлаа. Яагаад гэвэл тэр хүн иргэдийн өмнө хариуцлага хүлээдэггүй учраас тэр л дээ.
-Ярилцлага өндөрлөх боллоо. Та уншигчдад хандаж юу өгүүлэх вэ?
-Би Монголын ирээдүйд маш хүчтэй итгэдэг. Бид багаар бодоход найман сая монгол угсаатны өмнө асар том хариуцлага үүрч яваа. Их томоор яривал дэлхийн түүхэнд гарсан том өөрчлөлтийг хийж явсан ард түмний нэр бидний үед арилбал дэлхийн түүхэнд шившиг болно. Ийм учраас би Монголынхоо сайхан ирээдүйд маш их итгэдэг ээ. 20 жилийн дотор бид сансрын хурдаар хөгжинө.
-Ерөөл бат оршиг.