Б.Болдсайхан эмчийг тойруулж нисгэсэн боршувуу
Эх орончийн дүртэй хэтэрхий мэргэн жараахайнуудын захиалгат мэдээллээс олон нийт залхах тийшээ хандлаа.
Харин сүүлийн үед нэр татуулах арга шинээр нэвтэрч үүнд МАХН, АН сүрхий гаршлаа. МАХН-ынхан анх Ц.Элбэгдоржийг “Засгийн газрыг чинь огцруулахгүй” гэж хошгируулаад УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуулиас нэрийг нь татуулж байв. Дараа нь нийслэлийн ИТХ-ын нөхөн сонгуулийн тойргоос Лу.Болдыг шүүхийн шийдвэрийн тусламжтайгаар татуулж байлаа. 2008 оны УИХ-ын сонгуульд энэ аргыг хэн хэрэгжүүлж байгаа юм бүү мэд, Сүхбаатар дүүрэгт туршиж эхэлжээ. Б.Болдсайхан эмчийн нэрийг татуулж байгаа гэсэн өчигдрийн мэдээ сүүлийн үед захиалгагүй мэдээллийн өлсгөлөнд нэрвэгдэж буй сэтгүүлчдийн хувьд сенсаац байлаа. Тэрээр ИЗН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа юм. Харин эмч Б.Болдсайхан өөрөө энэ мэдээллийг эрс няцааж, хоосон яриа, эсвэл бусдын захиалга байх гэв. Үнэхээр ч татуулж байгаа гэх мэдээлэлд “монгол хэлний дүрмийн бусдаар үйлдүүлэх хэв”-ийг ашигласныг бодоход Б.Болдсайхан эмч өөрөө нэрээ татах гээгүй бололтой юм. Ямар ч гэсэн ийм яриа өчигдөр сэтгүүлчдийн чихийг мялааж, зарим хэвлэлийн байгууллагууд Б.Болдсайхан эмчийн хуваарьт цагийг цуцлах эсэхийг нэр дэвшигчийн менежерээс лавлаж өнжив. Манай нэр дэвшигч нэрээ татахгүй шүү дээ гэсэн менежерийнх нь хариултад зарим нь “намаар нь татуулах юм аа” гэж давхар хариулт ч өгсөн сурагтай. Энэ “бор шувуу”-г нисгэсэн эзэн нь тодорхойгүй ч, нэг зүйл энд тодорхой байна. ИЗН-аас нэр дэвшигч эмч Б. Болдсайхан гурван мандаттай Сүхбаатар дүүрэгт ялах магадлалтай өрсөлдөгчдийн тоонд орж иржээ. Хэрвээ тэр рейтингээрээ нэр дэвшигчдийн цээжинд гарч ирээгүй бол МАХН, АН-ынхны амьсгаа өндөрсч цаг заваа үрэхгүй л байсан шүү дээ.
Бидэнд олдсон мэдээллээр Бүгд найрамдахчуудын хүрээлэн, Жинлүүр төв, ОХУ-аас ирсэн судлаачид нийслэлийн тойргуудад судалгаа хийжээ. Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийнхэн зөвхөн намуудын рейтингийг судалсан байна. Түүгээр бол Сүхбаатар дүүрэгт МАХН, АН, ИЗН эхний гуравт жагсчээ. Нэр дэвшигчдийн хувиараа, эсвэл аль нэгэн нам авчирсан эсэх нь мэдэгдэхгүй оросуудын сургийг гаргаж чадсангүй. Харин “Жинлүүр” төвийн энэ сарын 9-15 нд хийсэн судалгаанаас Сүхбаатар дүүргийнхийг хүргэж байна.
Энэ судалгаанаас харвал тус дүүрэгт МАХН хамгийн өндөр рейтингтэй, тэр нь С.Баяр, Сү.Батболд нарынх бололтой. Харин АН-ын рейтинг МАХН-ын дараа хоёрдугаарт байгаа ч, нэр дэвшчигчдийнх нь рейтинг эхний дөрөвт багтаагүй байна. МАХН-ын хувьд тус торйогт хоёр мандатад ялахын тулд Ц.Мөнх-Оргилыг Баянгол руу шилжүүлсэн. Хэрэв тус намын одоогийн хоёр нэр дэвшигч М.Чимгээгүйгээр Ц.Мөнх-Оргилтойгоо сонгуульд орсон бол Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нарын санал хуваагдах байлаа. Тус намынхан энэ тойргийн гуравдахь нэр дэвшигчийг нөгөө хоёрынхоо саналаас хуваалцахгүй байгаасай л гэдэг утгаар сонголт хийсэн. Ийм сонголттой нэр дэвшигч бүхий тойрог МАХН-д ч, АН-д ч хэд хэд бий. Сүхбаатар дүүргийн хувьд Ц.Мөнх-Оргил яваа гээд МАХН-ынхны санаснаар болсонгүй. МАХН-ынхны ялалт авчирна гэж тооцоолсон Сү.Батболдын рейтингтэй Б.Болдсайхан, М.Энхсайхан нар айлсаад буучихжээ.
Хэрвээ “Жинлүүр”-ийн энэ судалгаа ханатай л бол АН-ын нэр дэвшигчид өрсөлдөгчдөөсөө саахалтын зайтай явна. Энэ бүхнээс үзвэл эмч Б.Болдсайханы нэрийг татуулах сонирхол МАХН, ҮШН, АН-ын аль алинд байна. Учир нь тус тойрог гурван мандаттай. Хэрвээ эмчийн нэрийг татуулж дөнгөвөл МАХН-ын хоёрдахь нэр дэвшигч ялалтаа бараг халааслах, дөрөвдүгээрт яваа М.Энхсайханы хувьд гуравдахь мандат дээр орж ирэх магадлал өндөрсөнө. Харин өмнөө яваа дөрвөн хүнтэй өрсөлдсөнөөс гурвыг гүйцэх гэж зүтгэх нь АН-ын нэр дэвшигчдийн хувьд илүү амар болно. Магадгүй намууд хоорондоо биш, нийлж нэгийгээ балбадаг сонгуулийн шинэ арга гарч ирсэн бололтой юм.
Г.Отгонбаяр