БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

ЯАСАН БҮГЧИМ ЮМ, ЦОНХОО НЭЭГЭЭЧ !
Шинэ ном худалдаанд гарлаа




Ubi ius incertum, ibi ius nullum
(latin)

УИХ-ын гишүүн Н.Жанцанноров гишүүнээсээ татгалзах бодолтой, харин үүнийг хуулиар зохицуулсан заалт үгүй тул хэнд хандаж саналаа тавихаа мэдэхгүй УИХ-ын орлогч даргад учраа хэлжээ. Орлогч дарга түүнийг өвчний актаар суллаж болох юм гэсэн нь нэгэнт хуульгүй тул бантсаных биз. Н.Жанцанноров акт олоод ирлээ. Жинхэнэ тамга тэмдэгтэй! Дотоод асуудлын байнгын хороо Жанцанноров, өвчний акт хоёрыг авч хэлэлцэв. Мань хүнийг УИХ-ыг орхин одвол араас нь хүмүүс цуварч хаясаар эцэст нь төрийн дээд эрхийг барилцах хүн олдохоо болино гэсэн үзлийн уур амьсгалд болсон уул хэлэлцүүлгийн үеэр нөхөд нь түүнийг муу үг, сайхан амлалтаар хослуулан дайлж, бодлоосоо татгалзахыг уриалан шахав. Хэд хоногийн дараа УИХ энэ асуудлыг авч хэлэлцээд ганц саналын давуутайгаар “өвчний актыг хүлээн зөвшөөрөв”. Хүний өвчний байдал уул хүний хувийн нууц байдаг атал хурал дээр С.Чулуунбаатар дарга элэг уушигных нь одоогийн байдлыг илтгэх гэж сандаргав. Нэгэнт л өвчтэй зовлонтой гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байсаар байтал “ард түммийхээ итгэлийг хөсөрдүүлсэн” өөдгүй хүн болохыг нь нотолсон хорон үгээр үдэхээ зарим гишүүд мартсангүй. Ийнхүү Н.Жанцанноров “чөлөөлөгдлөө”. Яг л магадлагаагаар шоронгоос тавигдаж буй хоригдол мэт, өвчний актаар цэргээс мултарч буй байлдагч мэт, ар гэрийн зовлонгийн учир сангийн аж ахуй явахаас аврагдаж буй оюутан мэт. Тэрээр өнгөрсөн нэг жилд УИХ-аас бултаж буй дөрөв дэхь хүн. Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, Д.Сугар тэгээд Н.Жанцанноров...


ЭДИЙН ЗАСАГЧДАД ХОРЛОГДСОН ЭДИЙН ЗАСАГ


A perfect tragedy is the noblest
production of human nature.
(Joseph Addison)


Эртний Герегт гэр орноо төвхнүулэх, аж ахуйгаа хөтлөх ухаан гэсэн утгатай “ойкономиа” гэсэн нэр томьёо хэрэглэдэг байсан нь өнөөгийн бидний эдийн засгийн ухаан гээд буйтай агуулга нэг. Хүн бүрийн гэр орноо авч явах байдал өөр өөр боловч үүнд нийгмийн хөгжлийн төвшин, орчин ахуйтайгаа холбогдсон нийтлэг зүйл буйг нь нилээд хожуу ажиглан судалснаар эдийн засгийн шинжлэх ухааны салбар үүссэн бололтой. Хувь үйлдвэрлэгчийн аж ахуйгаа хөтлөж буй зүй тогтоцыг судлахыгаа бичил эдийн засаг, тухайн салбар, бүхэл нийгэм, системийн аж ахуйн зохицолдоог судлахыгаа макро эдийн засаг гээд буй бололтой. Ямар ч тэнэг идэх ухаанаа олдог болохоор хүссэн ч хүсээгүй ч бүгдээрээ орон гэр, амин биеэ тэжээх хэрэгтэй учир их бага хэмжээгээр эдийн засгийн, үр ашгийн тооцоо гаргаж амьдардаг ба орчны нөлөө хийгээд тухайн хүний овсгоо, хөдөлмөрөөс шалтгаалан үр дүн нь янз бүр гарч тэр чинээгээрээ хүмүүс баян ядуу байдаг биз...



МОНГОЛЫГ ЭРҮҮЛ УХААН АВАРНА


А ларчик просто открывался.
(Иван Крылов)

Маргаж хэрэлдэе гэсэн санаа алга, бодлоо нэмэрлэе гэж саналаа. Орчин цагийн монголын гарамгай сэхээтэн С.Эрдэнэ, С.Баясгалан нарын “Монголыг юу аврах вэ” хэмээсэн бодролыг уншаад сөргөе гэсэнгүй, саналаа нэмэрлэе гэж бодлоо. Нэгэнтээ нэрт найрагч Р.Чойном бичсэн шүлгийнхээ толгойд “...мэс заслалааар ч эдгэхгүй мэнэрсэн толгойд зориулаагүй, миний үгийг тунгаах мэргэн тархинд хандаж байна...” хэмээн анхааруулсан нь бий. Сүүлийн хэдэн жил бодож шаналж яваа зүйлээ хэлсний төлөө хэн нэгэн нэрд гарах гэсэн юм уу, хэдэн бор төгрөг олох гэсэн “ерөөлчдийн” бичлэгийн дасгал болсоор дальдичаа болсон миний бие энэ бодролоо “учрыг тунгаая гэхээсээ ухаж төнхөж амь зуудаг дугаар хорооны иргэдэд биш улс орноо яаядаа хэмээн унтах нойроо хасан шаналж яваа монголсог хүмүүст хандан саналаа хуваалцаж байна” гэчихвэл нэг их даруу бус зан гаргасан хэрэгт ойчихгүй болов уу хэмээн найдна...



МОНГОЛЫН НИЙГМИЙН
СЭТГЭХҮЙД ГАРСАН ХУВЬСГАЛ



1989-90 оны зааг дээр Монгол оронд өрнөсөн түүхэн үйл явдлаас хойш нэгэнтээ таван жил өнгөрчээ. Тэр үед болж өнгөрсөн үйл явдлыг нэг мөр болгон дүгнэх хангалттай хугацаа болоогүй байна, гэвч үүнээс хойш манай нийгэмд олон процесс эргэлт буцалтгүйгээр болон өнгөрчээ. Таван жилийн өмнө болсон тэр явдал Монголын түүхэнд гарсан хамгийн том хувьсгалын нэг байсан нь цаг хугацаа өнгөрөх тутам улам бүр мэдрэгдэж байна.

Хувьсгал гэж юу вэ? Товчоор хэлбэл хувьсгал гэдэг нь нийгмийн хөгжил дэхь гэнэтийн том чанарын өөрчлөлт юм. Хувьсгал гэдэг бол нийгмийн аажим эволюци хөгжлийн явцад цугларсан эсрэг үзэл бодлын гэнэтийн дэлбэрэлт, огцом үсрэлт. Хувьсгалыг дотор нь зорилго, арга, далайц, хөдөлгөх хүч, хэлбэр зэргээр нь янз бүрээр ангилаж болно. Үүн дотроос нийгэм-улс төрийн хувьсгал онцгой байрыг эзлэдэг. Нийгэм-улс төрийн хувьсгалыг хэлбэрийн хувьд империализмыг эсэргүүцсэн (үндэсний чөлөөлөх, колонийн дарлалын эсрэг г.м.), хөрөнгөтний, хөрөнгөтний ардчилсан, коммунист гэх мэтээр ангилаж болно...