Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2010 оны Дэлхийн аваргаас хойш, хөлбөмбөгийн томоохон тэмцээн болгоны өмнө өөрийн гэсэн анализ хүргэсээр ирсэн билээ. Монголын хөлбөмбөгийн олон улсын тоглолтууд ч үүнд багтаж байгаа. Энэ удаа Дэлхийн аваргаас өмнө 32 багийн анализийг хэсэг тус бүрээр та бүхэнд хүргэе гэж бодлоо. Та бүхэн таалан соёрхоно уу.

Өмнө нь Дэлхийн аваргад тоглосон байдал:

Бразил 1 – 0 Хорват
2006 он, хэсгийн тоглолт

Бразил 4 – 0 Мексик
1950 он, хэсгийн тоглолт

Бразил 5 – 0 Мексик
1954 он, хэсгийн тоглолт

Бразил 2 – 0 Мексик
1962 он, хэсгийн тоглолт

Камерун 0 – 3 Бразил
1994 он, хэсгийн тоглолт

Хорват 0 – 1 Мексик
2002 он, хэсгийн тоглолт


БРАЗИЛ

Дэлхийн таван удаагийн аваргууд өмнө нь 1950 онд эх орондоо Дэлхийн аваргыг зохион байгуулаад мөнгөн медаль хүртсэн юм. Тухайн үед шигшээ тоглолтонд Уругвай 2-1-ээр хожиход, цэнгэлдэхэд байсан 200 000 үзэгч уйлахыг хараад хожсондоо харамссан гэдэг. “Хамгийн том оршуулгын газар ороод ирсэн мэт сэтгэгдэл төрсөн” гэж хожлын гоолыг оруулсан алдарт  Гижжиа хэлсэн байдаг. Тэгвэл энэ удаа Бразилд хөлбөмбөгийн хамгийн том арга хэмжээ дахин зочлохоор боллоо.

Бразил нь XVI зууны үед (яг 1500 он) нээгдсэнээсээ хойш Португалын колон байсан бөгөөд голдуу хоригдлуудыг цөлдөг нутаг байжээ. Дээр нь Африкын баруун эргээс маш олон боолчуудыг авчирдаг байв. 1840 онд Чарльз Гудиер каучукыг боловсруулах технологийг хөгжүүлсэн нь Амазонкын шугуйг санаанд оромгүйгээр өөрчилсөн юм. Тухайн үед каучукыг гаргаж авдаг гүгэлтэй хэмээх мод зөвхөн Амазонкын борооны ойд ургадаг байсан тул Амазонк мөрний эрэг дээрх, ширэнгэн дундах Манаус хотын хөгжлийг дээд цэгт нь хүргэжээ. Хээнцэр нь хэтийдсэн хот Өмнөд Америкын бөглүү нутагт сүндэрлэн босч засаг захиргааны ордон харш, дуурийн театр хамгийн гоёмсог нь байв. Гэвч 1876 онд Хэнри Викхам гүгэлтэйн үрийг Бразилаас хууль бусаар хил давуулж чадсанаар зүүн өмнөд азид каучукын тариан талбай олноор бий болж, Бразил улс, Манаус хот зах зээлээ алдсан юм. Бразил улс албан ёсоор1889 оноос тусгаар тогтнолоо олж кофе, каучук, мод, элсэн чихэрийн бизнесээр хурдан хугацаанд хөгжсөн боловч эдийн засаг нь байнгын савалгаатай байлаа. Дээр нь дайны дараа гэнэт хөлжсөн мөнгөөрөө нутгийн төв хэсэгтээ шинэ нийслэлтэй болох төсөл хэрэгжүүлсэн нь тоймгүй их гадаадад өртэй болох нөхцөл болжээ. Ихэнх хөгжил далайн эргээ дагасан Рио дэ Жанэиро (хуучин нийслэл), Сан Пауло, Рэсифи, Салвадор, Порто Алэгри хотуудад төвлөрч байсан учраас нутгийн гүн рүү төвлөрөл үүсгэх шаардлага тулгарчээ. Тиймээс дэлхийн хоёрдугаар дайны дараа гэнэт баяжсан улс, шинэ нийслэл хотыг улсын төвдөө бий болгох ажил эхэлсэн. Өөр нэг шалтгаан нь эх газрын гүн дэх бүс нутгуудын хөгжлийг дэмжих явдал байжээ. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд тавд ордог (ОХУ, Канад, БНХАУ, АНУ-ын дараа) учраас нутгийн гүнд байрлах шинэ нийслэл рүү тээвэрлэлт хийх нь хамгийн гол асуудал байв. Далайгаас дэндүү хол, сайжруулсан зам, төмөр зам байхгүй Манаус хот шиг Амазонк мөрнөөр тээвэрлэлт хийх боломж байхгүй нь нийслэлийг дагасан дэд бүтцийн томоохон төслийн эхлэл буюу гадаад өрний эхлэл болсон. Удалгүй 1973 онд Парана мөрөн дээр Парагвайтай нийлж дэлхийн хамгийн том усан цахилгаан станц байгуулахад асар их мөнгө зарав. Анх 3 тэрбум долларын өртөгтэй гэж тооцоологдсон Итаипугийн усан цахилгаан станц, эцсийн зардал нь 20 тэрбум доллар хүрч, ихэнх мөнгийг Бразил улс гаргажээ. 14 000 мегаваттын хүчин чадалтай Итаипугийн усан цахилгаан станц дөнгөж 1991 онд нээлтээ хийлээ. Иймэрхүү шалтгаанаас Бразилын эдийн засаг байнгын савалгаатай байсан хэдий ч, хөгжлийн явц сайн тал руу гаа эргэж байлаа. Энэ хөгжлийн харагдахуйц үр дүн нь хөлбөмбөгийн Дэлхийн аварга болон Олимпын наадмын зохион байгуулагч орноор шалгарсан явдал юм. Дээр нь хоёр том тэмцээн дарааллан авсан анхны тохиолдол болж, энэ хоёр тэмцээнийг хоёр жилийн зайтай зохион байгуулах нь цаашдын хөгжил болон бууралтанд том нөлөө үзүүлнэ гэж үзэж буй. Учир нь асар их мөнгө зарлагддаг спортын том арга хэмжээ нь улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлж болдог. Эдийн засгийн тооцоо муу хийгдсэнээс болж 1978 оны Аргентин, 1980 оны ЗХУ (удалгүй ямарч мөнгөгүй Зөвлөлт гүрэн бутран унасан), 1982 он, 1992 оны Испани, 1986 оны Мексик, 2004 оны Грек олон жилийн дараа хүнд байдалд орсон тохиолдлууд бий. Мэдээж спортын арга хэмжээ шууд нөлөөлөөгүй боловч том түлхэц өгсөн байдаг. Харин эсрэгээр 1964 оны Япон, 1988 оны БНСУ, 2000 оны Австрали, 2002 оны Япон, БНСУ, 2008 оны БНХАУ эдийн засгийн сайн тооцоо хийсэн учраас эдийн засгийн хувьд том үсрэлтийг хийсэн байдаг. Тиймээс Бразил цаашдаа хөгжих үү эсвэл хойш суух уу гэдэг нь 2014 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга, 2016 оны Рио дэ Жанэирогийн Олимпын наадмаас харагдах юм. Хэрвээ шинэ нийслэл, хамгийн том усан цахилгаан станц шиг сайхан сэтгэлээр хийвэл тус болохгүй нь ойлгомжтой.

Хөлбөмбөг, воллейболд түрүүлэхээс бусдыг хүлээж авдаггүй Бразилчууд,  энэ удаа аварга болж чадахгүй бол юу болохыг төсөөхөд ч хэцүү юм. Түрүүлэх магадлалтай багуудыг тэргүүлж байгаа нь, мэргэжилтнүүд энэ багийг ямар өндрөөр дүгнэж байгааг харж болно. 2002 оны аварга Луис Фэлипэ Сколариг дасгалжуулагчаар томилсон нь энэ магадлалыг улам өндөр болгоод байна. Өнгөрсөн жилийн Confederation’s cup-т түрүүлж ажлаа амжилттай эхлүүлсэн тэрээр “Арванхоёр жилийн өмнө түрүүлэхэд ур чадвар, туршлага илүү нөлөөлсөн бол энэ удаа нас залуу баг түрүүлэх нөхцөл бүрдэх ч юм бил үү” гэж багийнхаа тухай хэлсэн юм. Энэ жилийн гарааны бүрэлдэхүүнийг таамаглахад 4-2-3-1 гэсэн хувилбараар тоглох нь тодорхой байна. Гэхдээ Сколари 2002 онд 5-4-1-ээр хэний ч санаанд оромгүй тоглолт үзүүлснийг мартаж болохгүй. Ямарч багаар, ямар л бол ямар хувилбарт оруулдаг хүн бол Сколари.


Бразил - 1  (4-2-3-1)



Бразил - 2  (4-2-3-1)




Сэлгээний 12 тоглогчийг таамаглавал

Хаалгач: Жэффэрсон (Ботафого, Бра), Диего Кавальери (Атлэтико Минэйро, Бра)
Хамгаалагч: Дантэ (Байерн М, Гер), Рафинья (Байерн М, Гер), Дэдэ (Крузэйро, Бра), Фэлипэ Луис (Атлэтико М, Исп)
Хагас хамгаалагч: Рамирэс (Чэлси, Анг), Виллиан (Чэлси, Анг), Бэрнард (Шахтар Д, Укр), Луис Густаво (Волфсбүрг, Гер)
Довтлогч: Алвэс Жо (Атлэтико Минэйро, Бра) Леандро Дамиао (Сантос, Бра)

Гарааны бүрэлдэхүүний хамгийн эргэлзээтэй байрлал бол арын дөрвөлсөн гинжин хамгаалалтын урд тоглох хагас хамгаалагчид. Эхний гараагаар бол хурдтай, төвөөс санаачлага сайн гарахаас гадна, довтолгооны гүйцэтгэл маш сайн болно. Харин хамгаалалтын эрсдэл өндөр. Яагаад Паулиньо, Фэрнандиньо нарыг сонгосон бэ гэхээр өнгөрсөн жилийн Confederation’s cup болон нөхөрсөг тоглолтуудад нэхэлт маш их хийж байсантай холбоотой. Тоттэнхэмийн Сандро, Волфсбүргийн Густаво, Интэр Миланы Эрнанэс, Ливэрпүүлийн Лукас гэсэн сонголтуудаас нэг нь шигшээд багтана. Фэрнандиньо байхад Лукасын шаардлага алга. Сандро ойр ойрхон том гэмтэл аваагүй бол гарцаагүй дуудагдах байсан биз. Густаво өнгөрсөн жил Confederation’s cup-т сайн тоглож, энэ жил Волфсбүрг өнгөтэй байгаа нь шигшээд дуудагдах шалтгаан болж байна. Харин Рамирэс, Паулиньод шигшээ багтаа дарагдаад байгаа. Мэдээж ойролцоо тоглолттой учраас хамтад нь гаргахгүй. Фэрнандиньогийн оронд илүү хамгаалалтанд тусалдаг тоглогч гарч ирэх өөр магадлал байгаа нь Сколаригийн өмнөх сонголтуудтай холбоотой. 2002 онд довтолгоо бага дэмждэг Жилбэрто Силваг хамгаалалтын урд тоглуулж байсан бол Португалд Коштинья (Евро 2004), Пэтит (Дэлхийн аварга 2006) нарыг тоглуулж байлаа. Чэлсид нэг жил ажиллахдаа Оби Микэлийг төвийн хагас дээр түлхүү тоглуулж байсан юм. Тухайн жилдээ хагас хамгаалалтын албанаас Микэлээс Лампард л олон тоглолтонд оролцож байлаа. Фэрнандиньог эхний сонголт байж магадгүй гэж үзсэн шалтгаан бол түүний хамгаалалтанд сайн тоглох болсон шалтгаан, дээр нь төвийн санаачлага. Эсрэгээр жигүүрийн хамгаалагчид болох Алвэс, Марсэло нар нүүрний шугамыг дуустал тоглолт хийдэг нь Фэрнандиньог суулгаж магадгүй нэг шалтгаан болно. Хэрвээ ингэсэн тохиолдолд Давид Луис ч урагшилж болох юм. Төвийн хамгаалагчийн хувьд сүүлийн жилүүдэд байгаагүй шилдэг тамирчид цугларчихаад буй. Ахлагч Силва, Луис нарын сэлгээнд Байерн Мюнхэний Дантэ бий. Луисыг Паулиньотой зэрэгцүүлээд Дантэг гаргаж ирэх боломжийг дээр дурьдсан. Хэрвээ ингэж тоглохоор болвол сайн довтолгоон дээр хамгаалалтын гүйцэтгэл маш өндөр болж, хоёрдугаар давхарт тааруу тоглодог сул тал үгүй болно. Дээр нь Давид Луис клубтээ үндсэн байрлалдаа биш, хамгаалалтын урд тогтмол тоглож байгаа нь ийм хувилбарт шилжих боломжийг бүрдүүлж байгаа юм. Хаалгачаар Торонтод тоглож буй Жулио Сэзар. Сайн хаалгач. Нас явсан учраас баг нь гологдож байгаа ч, энэ нь тийм ч том асуудал биш.

Довтолгооны хэсэгт Виллианы сайн тоглолт, гарааны бүрэлдэхүүнд дахиад өөр сонголт байж болохыг Сколарид харуулаад байна. Урд өмнө байгаагүйгээр төвийн довтлогчийн гачаалд ороод буй Бразилд, Фрэдээс өөр сонголт даанч алга. Сүүлийн арван жилийг “бүдүүн” Роналдо л авч явсан болохоос “гоолын машин” гарч ирсэнгүй. Өмнөд Африкт Луис Фабиано тоглосон бол энэ удаа Фрэд. Тийм ч том ялгаа алга. Францаас өөр Европт тоглоогүй Фрэд, энэ улирал гэмтэлтэй цөөхөн тоглолтонд оролцсон нь Сколариг өөр бодолд хүргэсэн байх. Энэ оны гурван сард Өмнөд Африктай хийсэн бүрэлдэхүүнд Фрэдийг дуудсан боловч сүүлд нэрийг нь нэмсэн. Фрэд багахан гэмтэлтэй байсан хэдий ч, Сколариг “хуурамч 9 номер”-той тоглож магадгүй гэсэн таамгийг бий болгоод байна. Нэимар, Оскар, Халк нар хангалттай гоол оруулдаг учраас Фрэдээс өөр тоглогч нэмж болох юм. Харин хэн байх вэ? Халк байж болж байна. Тэгвэл Виллиан гараанд нэмэгдээд бүр ч гоё болно. Гол нь Халк төвд тоглохоо болиод удаж байна. Гэхдээ чадахгүй гэсэн үг биш. Робиньо гэсэн сонголт байж болох ч, Робиньогүй байх магадлал бүр ч өндөр. Өнгөрсөн жил гайхалтай байсан Леандро Дамиаог жижиг гэмтлүүд ороогоод (уг нь Тоттэнхэм авна гэж байсан), форм ч муудчихлаа. 2013 оны Confederation’s cup-т мөн л гуяны гэмтлээс болоод өнжиж байсан. Уг нь түүнийг Роналдо магтаж “Өндөр, хүчтэй, гоолтой, аль аль хөлөөрөө цохидог, 2014 он түүний жил байх болно” гэж магтаж, бразил Ибра гэдэг нэр ч түүнийг дагаж байлаа. Хоёр жил эмнэлэгийн орон дээр хэвтэж байгаад Дэлхийн аваргад багаа хөтөлсөн Роналдо шиг сүпэр довтлогч хүлээгээд хүлээгээд алга. Дээр нь Лукас Моура, Гансо, Кака, Робиньо, Пато, Фабиано, Нилмар гээд хэнийг нь тоглуулна аа гэж байсан одууд бүгд чимээгүй болчихлоо. Харин энэ улирал үнэхээр дийлдэшгүй мэт байгаа Бразил довтлогч Диего Коста, Испаний шигшээг сонгосон нь олон хүнийг дургуйг хүргэж буй. Сколари хүртэл “Ямарч хүн Бразилын шигшээ багийн өмсгөлөөс татгалздаггүй. Тэр бол Бразил хүн, үндэсний шигшээ багаа төлөөлөн эх орондоо болж буй дэлхийн аваргад оролцохоос татгалзлаа. Олон дурсамж, мөрөөдлөө эргэж харах хэрэгтэй. Бидний эх орон бол дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ баг шүү дээ” гэж хэлж үзэв. Костагийн хувьд уг нь шигшээ багтаа хоёр ч тоглолт хийсэн боловч нөхөрсөг тоглолт байсан нь олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрмийг зөрчөөгүй юм. Ямар нэгэн шигшээ багт албан ёсны нэг л тоглолтонд оролцсон бол, өөр шигшээд тоглох боломжгүй гэсэн дүрэм 1962 оны дэлхийн аваргаас хэрэгжиж эхэлсэн. Хэрвээ Коста Бразилд байвал тэднийг зогсооно гэдэг үнэхээр хүнд болно.

Бразилын хамгийн их 11 сая хүн амтай Сан Пауло хотод нээлтийн тоглолт болно. Хэрхэн тоглох нь Сколаригаас шалтгаална. Дээр нь хэсгээс гараад хүндхэн учраа бий. Чилитэй таармааргүй байгаагаа шууд илэрхийлсэн Сколари, Испани, Нидерланд гэсэн Европын багуудтай таарах нь илүү амар гэж хэлсэн. Боломжийн хэсэгт орсон ч, хэсгээс гараад дандаа томчуудтай тоглох хүндхэн шалгуур хүлээж байна. Уг нь тэднийг зогсоох багууд шөвгийн наймаас эхэлдэг байсан юм.


ХОРВАТ

Югославаас салсан улсуудаас хөлбөмбөгийн талбарт хамгийн амжилттай яваа шигшээ бол Хорват. 1996 оны Европ, 1998 оны Дэлхийн аваргын бүрэлдэхүүн хамгийн хүчтэй байлаа. Давор Шүкер, Роберт Просинечки, Звонимир Бобан, Марио Станич, Славен Билич, Алёша Асанович нарын алтан үе дууссан хэдий ч, энэ жилийн бүрэлдэхүүн тийм ч хол дутахааргүй харагдаж байна. Хамгийн том асуудал дасгалжуулагч. Хоёр жил хүрэхгүй хугацаанд гурван дасгалжуулагчийн бараа харсан Хорватыг Нико Ковач удирдаж буй. Алтан үеийн дараагийн залгамж болон ах дүү Ковачууд гарч ирэн Байерн Мюнхэнд алба хашиж байлаа. Ердөө 15-тайгаасаа шигшээ багт дуудагдсан авьяаслаг нэгэн. Сайн тоглогч байсан Ковач, багаа удирдан ердөө гурван тоглолт хийсэн бөгөөд Славен Билич дэлхийн хэмжээний баг болгож чадсан ч, түүнийг явсаны дараа энэ бүхэн байхгүй болсон. Ковач ямар хувилбараар тоглох нь одоогоор тодорхойгүй байгаа ч, 4-2-3-1, 4-3-3 гэсэн хоёр хувилбараас сонголт хийж магадгүй гэсэн таамаг байна. Багийн гол цөм хагас хамгаалалтын бүс ийм хувилбарт ороход илүү тохиромжтой байгаа юм.

Хорват  (4-2-3-1)


                                                        


Сэлгээний 12 тоглогчийг таамаглавал

Хаалгач: Даниэл Субашич (Монако, Фра), Ловре Калинич (Хайдук Сплит, Хор)
Хамгаалагч: Иван Стринич (Днипро, Укр), Домагои Вида (Динамо К, Укр), Гордон Шилдэнфилд (Панатинаикос, Гре), Шиме Врсалко (Жэноа, Ита)
Хагас хамгаалагч: Огнен Вукоевич (Динамо К, Укр), Иво Иличевич (Хамбүрг, Гер), Милан Бадел (Хамбүрг, Гер),
Довтлогч: Никица Елавич (Халл Сити, Анг) Эдуардо (Шахтар Д, Укр), Анте Ребич (Фиорэнтина, Ита)

Хаалгач хувьд Плетикосагийн хувьд 2002 оноос хойш 12 жил хаалгаа манаж байна. Хамгаалалтаас харахад Саутхэмптонд Деян Ловрен сайн тоглож байгаа бол Ведран Чорлука түүнтэй хамт гарах нь тодорхой байна. Анх Манчэстэр Сити, Тоттэнхэм клубуудэд тоглож байсан Чорлука баруун жигүүрийн хамгаалагчаар тоглож байлаа. Одоо 28-тай тэрээр залуудаа од болж Английн багууд тоглож байсан юм. 2008 оны Европын аваргын Биличийн сүпэр багт баруун хамгаалалтанд чадварлаг тоглож байсан. Хоёр байрлал руу ээлжилж тоглоод байхаар ихэнх тамирчдын нэг байранд гоц байх чадвар сулардаг нь түүнд нөлөөлсөн байж магадгүй. Төвд ч тоглодог, жигүүрт ч тоглодог сайн тоглогч олоход хэцүү. Аль нэг байрандаа сайн тоглоод, онцгой үед өөр байрлалд тоглодог бол хувь тоглогчдод ашигтай байдаг. Жигүүрийн хамгаалагчаар баруунд Срна, зүүнд Праньич. Праниьч яг зүүн хамгаалагч биш бөгөөд Билич түүнийг дөрвөн хамгаалагчтай үед довтолгоо сайн дэмждэг учраас тоглуулж байсан. Төвийн зүүн хагас, жигүүрийн зүүн хагас дээр голчлон тоглодог. Дасгалжуулагч Ковач, сүүлийн тоглолтонд байнга гаргаж байгаа нь гараанд гарах таамаг дэвшүүлэхэд хүргэж байна. Сүүлийн хэдэн жил энэ байрлалд Стринич тоглож буй. Төвийн хамгаалагч Иосип Шимунич, Исландыг нэмэлт тоглолтоор хожоод Бразил явах эрхээ халаасалсан тоглолт дуусах үед хөгжөөн дэмжигчидтэй неонаци ёслогоо хийж, тэднийг уриалан дуудсан шалтгаанаар эрхээ хасуулсан.

Хамгийн гол цөм төвийн хагас хамгаалагчид. Лука Модрич Реал тун сайн байгаа бол Ракитич Сэвильяд гол тоглогч нь болчихсон. Довтолгооны чиглэлийн хагас хамгаалалтанд бүгдэд нь тоглодог тэрээр энэ улиралд 12 гоол оруулсан. Энэ хоёр тоглогчоос хамгаалалт довтолгоо, аль аль нь хамаарна. Энэ улирал сайн байгаа энэ хоёр дээр хамгаалах чиглэлийн нэг тоглогч нэмэгдэх нь зайлшгүй. Өмнө нь энэ байранд дасгалжуулагч Нико Ковач, Модричтой тоглож байсан нь, 90-ээд оны Асанович, Просинечкигийн хослолоос илүү юм. Тухайн үед гурван хагас хамгаалагчтай тоглож байсны нэг Бобан байсан ч, довтолгоонд түлхүү оролцдог байлаа. Сүүлийн Еврод Вукоевич (гараанд), Дуимович нар Модричийн хажууд тоглосон. Харин удаа Интэрийн залуу  од Ковачич. 1994 оны хүүхэд гэхэд араас тоглолт найруулдаг. Интэрийн ирээдүй гэж яригдаж буй энэ хүү Модричтой хамт чадварлаг хослол үүсгэх боломжтой. Хэрвээ Модрич, Ракитич, Ковачичийн хослол сайн тогловол Хорватаас юу ч гарч магадгүй. Яг л 2008 оны Хорват шиг. Биличийн бүрдүүлсэн баг тухайн үед Германыг хэсэгтээ хожоод Түркт цаг дуусах минуттай зэрэгцэх үед гоол алдаж тэнцээд, цуврал торгуулийн цохилтоор хожигдож байсан юм. Ракитич тухайн үед зүүн хагас тоглож байв. Клоппын босгосон Боруссиагаас угшилтай Перишич зүүн жигүүрт тоглоно. Харин баруун хагас хэн байх вэ гэдэг эргэлзээтэй байгаа юм. Ковач довтолгооны тоглогчдыг энэ байрлалд тоглуулж үзэж буй. Магадлал өндөртэй нь Олич. Солгой хөлтэй, төв рүү чиглэсэн тоглолт хийдэг. Эдуардогийн нэр ч бий. Краньчар довтлогчийн ард тоглодог байхад, Ракитич энэ байрлалд тоглож байв. Нээлтийн Бразилтай хийх тоглолтонд торгуультай Манджукич тоглох учраас Олич төвд Срна баруун хагас дээр ирээд, Видаг баруун хамгаалалтанд тоглуулах хувилбар бий. Ингэсэн тохиолдолд сайн давхар хамгаалалт Нэимар дээр үүсгэнэ. Гарааны төвийн довтлогч Манджукич, Исланд дээр дэмий алдаа гаргаж улаан хуудас авснаар нэг тоглолт өнжинө.

Хорватын ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Ковачичаас гадна Фиорэнтинад Анте Ребич гэж сайн довтлогч, хамгаалалтанд Жэноагийн Шимэ Врсалко, Удинэзэгийн Игор Бубньич гэсэн залгамж халаа гарч ирж байна. Ловрен, Ракитич, Перишич, Вида нарт 10 орчим жил тоглох нас бий. Бүрэлдэхүүний хувьд Бразилыг дагаж гарах боломж Хорватад илүү харагдаж байгаа юм.


МЕКСИК

Дэлхий аваргад оролцох бүртээ хамгийн эвгүй өрсөлдөгч болдог, тогтмол хэсгээс гардаг баг бол Мексик. Өөрсдийн гэсэн өвөрмөц арга барил, тоглолтын хэв маягтай. Ямарч хэсэгт орсон сюрприз барьдагаараа алдартай тэд шөвгийн 16-аас цааш явсангүй олон жил боллоо. Дасгалжуулагч Мигэл Эррэрагийн хувьд олон улсын туршлага байхгүй. Урьдчилсан тоглолтонд тааруу тоглож байсан багийг аваад нэмэлт тоглолтоор эрх авсан. юм. Уламжлалт 3-5-2 гэсэн хувилбараар тоглох нь бараг ойлгомжтой харагдаж байна. Эррэрагийн дор Европт тоглодог тамирчид цөөхөн байгаа ч, 2012 оны Олимп түрүүлсэн хүчирхэг баг бий. Одоогийн Бразилын шигшээ багийн цөм болсон олон тоглогчид байхад аваргын төлөө буулгаж авсан юм. Нэимар, Халк, Тиаго Силва, Марсэло, Оскар, Сандро, Пато, Лукас, Гансо нар тоглож байлаа. Тэгэхээр тэднийг дутуу үнэлж болохгүй.

Мексик (4-2-3-1)


                                                        

Довтолгоонд “гоолын машин” Пэралтатай хамт Манчэстэр Юнаитэдийн Эрнандэс  тоглоно. Пэралта зөвхөн Америк тивдээ тоглодог боловч шигшээ багтаа номер нэг довтлогч болчихоод байна. Нэг хэсэг дэлхийг шуугиулж байсан Жованни Дос Сантос тоглолтын онцлогоосоо болоод сэлгээнд сууж магадгүй. Эсвэл Олимпт тоглож байсан шиг хоёр довтлогчийн нэгээр гарах боломж бий. Төвийн гурван хагас хамгаалагч хамгаалалтанд тун сайн туслахаас гадна довтолгоонд ч туслалцаа үзүүлдэг байх зайлшгүй шаардлагатай. Ингэж байж хувилбарын хэрэгжилт чанаржина. Тийм ч учраас Хэрардо Торрадо олон жил Мексикийн төвийн хагас дээр тоглосон юм. Хавиер Акино, Эктор Эррэра гээд Европт тоглодог хоёр хагас хамгаалагч дээр нэг хүн нэмэгдэнэ. Эсвэл бүр Жованни Дос Сантосыг энэ хоёрын урд тоглуулаад довтолгоонд хүч нэмж магадгүй. Эррэрагийн хурдтай шилжилт төвөөс баруун руу чиглэнэ. Акино, Вильярреал маш сайн тоглож байгаа бол, Мэдинаг зоригтойгоор төвд тоглуулж магадгүй. Дасгалжуулагч Мигэл Эррэра зоримог алхам хийж төвийн гурван хагас дээр довтолгоонд түлхүү тоглодог тамирчдыг тоглуулж үзсэн. Хоёр жигүүрийн хагас хамгаалагч энэ хувилбарт чухал үүрэгтэй. Хамгаалалт, довтолгоонд тогтмол оролцдог учраас гүйлтийн тэсвэр сайтай байх ёстой. 27 настай боловч аль хэдийн 100 тоглолтонд оролцоод амжсан Байер Лэвэркүзэний Гуардадо зүүнд тоглоно. Ер нь Мексикүүд шигшээ багтаа удаан тоглодгоороо алдартай. Баруунд Агилар. Нуруу намтай, хурдтай учраас арын хамгаалалтын бүс 3 эсвэл 5 байх тохиолдол их байдаг. Хамгаалалтын гол хүн цагтаа Барсэлонад гялалзаж явсан Мексикийн “амьд домог” Рафаэл Маркэс бий. Уламжлалт нягт, шигүү тоглолтоо хадгалж чадах юм бол тэд юуг бүтээж магадгүй. Маркэсийн хоёр талд Рэйес, Морэно хоёр тоглох болов уу. Португийн Рэйес (189 см) гараанд багтвал тогтмол сул тал болдог нуруу өндөр болно. Нуруу намтай учраас чөлөөт цохилтын үед хиймэл отон тоглолт их хийдэг нь эрсдэл өндөртэй. Мексикүүд сэтгэл зүй өндөр байдаг сүүлийн том тэмцээнүүдээс харагддаг.

Европын багуудтай сайн тоглодог Мексикүүд сүүлийн гурван дэлхийн аваргад тивийн багууддаа хожигдоод байна. Бразилын шигшээ багтай хамгийн сайн тоглодог баг бол тэд. Сүүлийн жилүүдэд Дэлхийн аваргад л таарахгүй байгаа болохоос Олимп, Confederation’s cup (өнгөрсөн жил хожигдсон), Өмнөд Америкын аваргад тогтмол хожиж байна.

КАМЕРУН

“Номхрошгүй арслангууд” 1990 онд хэсгээс гарсанаас хойш Дэлхийн аваргад тааруухан тоглож байгаа. Уг нь хамгаалалтын тоглогчдын нэрс сайн байгаа хэдий ч, сүүлийн нөхөрсөг тоглолтонд Португалд бут ниргүүлсэн. Уг нь тэр чигээрээ хамгаалалтын мэргэжилтнүүд бий. Сүүлийн арван жилд ихэнх тоглогчид нь Европт тоглох болж, улмаар тактикын тоглолтонд дассан нь Африкын хурдтай, хүчтэй, “өлсгөлөн” тоглолтын арга барилыг бууруулсны сонгодог жишээ Камерун болж байна. Дээр нь Европууд “хар тивийнхэнтэй яаж тоглох учраас сайн олчихсон. Тиймээс илүү зохион байгуулалт, багийн тоглолттой Гана Африкаас хамгийн сайн тоглолтыг үзүүлж байна.

Камерун (4-2-3-1)  

  


Камерун дандаа Аваргуудын лигт тоглодог дундаж багуудын гарааны хамгаалагчидтай. Төвийн хамгаалалтын сонголт тун эргэлзээтэй байна. Португалд бут ниргүүлэхэд Н’Кулу, Шэджү хоёр болохгүй байгаа нь харагдсан. Шалкэгийн Матип илүү сайн хамгаалагч боловч, түүнийг төвийн хагас дээр тоглуулж үзээд байх шиг. Төвийн хамгаалалтанд Шэджү, Нүнкэү гээд боломжийн сонголтууд байгаа нь Матипыг урагшлуулах нөхцөлд хүргэсэн байх талтай. Бут ниргүүлсэн хамгаалалтын дараа  дасгалжуулагч Финкэ бодлоо өөрчилсөн байж магадгүй. Энэ улиралд Шалкэд гялалзаж, тогтмол гараанд тоглож байгаа Матипыг төвд тавьчихвал асуудал үндсэндээ шийдэгдэнэ. Аваргуудын лигт хасагдах шатанд шалгарч, Бүндэс лигт медалийн байраа баталгаажуулсан Шалкэгийн гол хамгаалагч залуухан Камерун залуу болчихоод байгаа. Түүнтэй хамт Н’Кулу гарах магадлал бий. Түркт боломжийн байгаа Шэджү, Нүнкэү нар сэлгээнд бий. Зүүнд Тоттэнхэмийн харьяаны Бэнуа Ассу-Экотто тоглох бол Аллан Нём баруунд тоглоно. Ассу-Экотто бол Премьер лигийн шилдэг зүүн хамгаалагчдын нэг. Төвийн хагас руу орвол Барсагийн Алекс Сонг бий. Сайн довтолгооны хагас байхгүй нь төвийн гурван хагас зэрэгцэж тоглох нөхцөлд хүргэж байна. Стэфан Мбиа, Жан Макун гэсэн сонголтууд Сонгийн хоёр талд бий. Энэ гурван тоглогч хамт гарвал довтолгооны дэмжилт сулрах талтай. Гурвуулаа хамгаалалтанд сууж тоглодог. Ард нь Эно гээд боломжийн сонголт ч байна. Герман дасгалжуулагч Фолкэр Финкэг Энод талтай байгаа нь төвийн хагаст өөрчлөлт оруулж болзошгүй. Ингэсэн тохиолдолд Мбиа баруун хамгаалагч, төвийн хамгаалагчийн аль нэгэнд тоглож болох юм. Хамгаалалт, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн сонголт Финкэд хангалттай байна.

Төвийн довтлогчоор багийн ахлагч Самүэл Это’О байгаа ч, жигүүрийн чадварлаг тоглогчид дутагдалтай байна. Баахан адилхан нөхдүүд. Лориенд Абубакар гэж авьяаслаг довтлогч тодорсон бол, Барсэлонагийн Б багийн Жан Донгу шигшээд дуудагдаж эхэлсэн. Чубо-Мотинг, Идриссу, Моканджа нар нэмэгдэнэ. Абубакар, Это’Огийн нэг талд нь гарах боломж бусдаасаа илүү байгаа юм. Германд төрсөн Чубо-Мотинг зүүнд гарч магадгүй. “Яаж Самүэл Это’О шиг болох вэ?  гэж мөрөөддөг Африк хүүхэд бүрийн адил Чубо-Мотинг ч энэ замыг туулж, Это’Огийн зураг өрөөгөөр нь дүүрэн байсан гэдэг. Ахмад довтлогч Пьер Вэбог энэ удаа авч явахгүй бололтой.

Камерун энэ удаа тийм ч сайн хаалгачтай биш. Шарл Итанж Ливэрпүүлийн академиас гарч ирсэн боловч Хиллсборогийн хүндэтгэлийн үйл ажиллагаан дээр инээсэн шалтгаанаар багаасаа хөөгдөж тэрнээс хойш сайжирсангүй.

Хамгаалагчдаа сайн зохион байгуулж чадах юм бол Фолкэр Финкэгийн баг амархан “боорцог” биш. Герман дасгалжуулагчийн баг одоогоор хэсгээс гарах магадлал хамгийн муу байгаа ч, бага магадлал нь тухайн нь үед хэрэгжих ч юм бил үү.