2007 онд хөлбөмбөгийн албан ёсны клуб үүссэний 150 жилийн ойд зориулан бичсэн, Оросын хөлбөмбөгийн мэргэжилтэн, зохиолч В.И.Маловын “Хөлбөмбөгийн 100 агуу тоглолтууд” номыг Но.Энхбаяр орчуулж, Б.Батзаяа редакторлан уншигч та бүхэнд хүргэж байна. Орос хүн учраас эх орныхоо ганц хоёр тоглолтыг оруулсан тохиолдол бий. Гэхдээ монгол зохиогчтой хөлбөмбөгийн ном гарвал Дэлхийн аваргын анхны оноогоо авсан Бангладештэй 2-2-оор тэнцсэн тоглолтыг оруулах байлгүй. Д.Баярзоригийн анхны гоол, Г.Даваа-Очирын хоёр ашигтай дамжуулалт, Б.Буман-Учралын шүүгчийн мэдлийн цагтай уралдаж хийсэн гайхамшигтай гуядалт гээд бидний хувьд мартагдашгүй түүх болон үлдсэн мөч. Ингэж бодохоор Орос зохиогчийг “уучилж” болмоор. Ингээд олон зүйл нуршилгүй 100 агуу тоглолтын хэсгээс та бүхэнд хүргэж байна.

1872 ОН
“ВОНДЭРЭРС” – “РОЯАЛ ИНЖИНЕРС”


ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЦОМЫН ТЭМЦЭЭН


Хэрэв өнөө цагийн хөгжөөн дэмжигчид зөгнөлт ертөнцийн цаг хугацааны машины тусламжтайгаар өнгөрөгч хоёрдахь зууны 70 –аад оны Английн ямар нэгэн хөлбөмбөгийн тоглолтонд очиж чадах юм бол, талбай дээрхи үйл явдлыг харангуутаа л төд удалгүй инээдээ барьж дийлэлгүй хөхөрч унах биз ээ. Яагаад ингэх болов оо?

 Одоогийн хөлбөмбөгчид нь дэгжин ганган, гоёмсог футболк, богино өмд, дотуураа хамгаалалт бүхий ганган оймс өмсөх болжээ. Харин английн тэр үеийн хөлбөмбөгчид нь битүү дулаан цамц, өвдөгнөөсөө доош хүрсэн панталон буюу шуумагтай, шалбуур өмд өмсөн талбайд гарч, цөөн хэсэг нь өөр байдаг. Английн хүйтэн сэрүүн өдрүүд болохоор бүрх малгайг  хүртэл тавьдаг байжээ. Тэдгээрийн ихэнхи тоглогчид нь тэр үеийн моод болох сахал тавьсан байдаг байлаа.

 Тэр үед тоглогчдод “бүрх малгайн оронд үслэг даавуун саравчтай малгайг өмсөх хэрэгтэй” гэсэн зөвлөгөө өгдөг байсныг шударгаар хэлбэл зохилтой. Тэгсэн ч гэсэн хөлбөмбөгчид нь ерөөсөө малгайгүй байхад их л хурдан суралцаж, улмаар бүхий л хувцас хэрэглэл нь орчин үеийнтэй ижил төстэй болж ирсэн юм.

 Гэхдээ хувцасанд гол учир байгаа юм биш ээ. Орчин цагын тоглогчийн үйл хөдлөлөөс эрс тэс ялгарч байсан юм бий. Одоогийн хөгжөөн дэмжигчийн бодлоор тэд дэндүү инээдэмтэй гэмээр харагдаж байлаа. Учир нь гэвэл, том биетэй сахалтай ах нар маань талбайд гарч, хөлбөмбөг тоглохдоо, яг л өнөөдрийн жаахан хүүхдүүдийн адил тоглодог байлаа. Тэд бөөнөөрөө бөмбөгнийхөө зүгт тэмүүлэн, түүнийгээ айлын хаалга руу тууж, хөл мэдэн гүйцгээдэг байв. Ингэхдээ хүн бүр л гоол хийхийг хүснэ.

Хөлбөмбөгчдөд тодорхой тоглолтын байрлал гэж байсангүй. Бөмбөгийг тууж явах болоод өрсөлдөгчөө хуурч тойрон гарах зэрэг л илүү үнэлэгддэг байлаа. Нөгөө тоглогчдоо дамжуулалт хийх нь тун цөөн. Бөөнөөрөө урагшаа гүйхдээ ардаа ганц нэгхэн тоглогчоо л үлдээнэ. Тэгсэн ч гэсэн тэр нь ингэж үлдэж хоцрохыгоо нэг их ойшоолгүй урагш зүтгэнэ. Үнэндээ бол хамгаалагчаа бас нэг тоглогч нь дааж байсан бөгөөд тэр нь хамгаалагч, довтлогчийн хоорондох байрлалыг эзэлдэг хагас хамгаалагч буюу англиар хавбек (halfback) хэмээн нэрлэнэ.

Хоёр хэсэг болон бөөгнөрсөн хөлбөмбөгчид, нэг хаалганаас нөгөө хаалга руу гүйлдэнэ. Нэг тоглогч нь бөмбөгийг өшиглөн гүйхэд багийн нөхөд нь түүнтэй зэрэгцэн гүйнэ. Бөмбөг авч яваа хэн нэг нь сайнаар ярьвал хаалга руу бүхий л чадлаараа цохих боловч, ихэнхидээ гадуур нь цохино. Нөгөө хаалганы зүгт бас л ийм маягаар л довтолгоо эхэлнэ. Энэхүү хөлбөмбөг нь ямар нэгэн элдвийн заль мэхгүй, хязгааргүй гэнэн цайлган ч гэмээр байсан билээ.

 Дашрамд хаалганы тухайд өгүүлэхэд, 19 –р зууны 70 –аад оны дундуур хаалганд хөндлөвч гэж байгаагүй, оронд нь хоёр шонгоос нь хөндлөн хэц, уяа л татдаг байжээ. Түүнийг 1875 онд л модон хөндлөвчөөр сольж өөрчилсөн.

 1870–аад оны эхэн үед хөлбөмбөгийн талбайд шүүгч гэж байсангүй. Үнэндээ бол байсан л даа, гэхдээ тэр нь үзэгчдийн суудалд суудаг байв. Зөрчилдөөн болмогц талбай дахь тоглолтыг зогсоож, багийн ахлагч нар нь шүүгчийн саналыг сонсохоор түүн рүү очдог байв. Зөвхөн 1878 онд л индэрт байрлах шүүгчид “онцгой болоод бүрэн эрхтэй” хоёр шүүгчийг гаргаж өгсөн бөгөөд тэд хөлбөмбөгийн талбайд байх болжээ. Тэд тоглолт болоод төвийн үйл явцыг бие даан шүүцгээдэг байсан юм. Харин ерөнхий шүүгч нь чухал шаардлагатай хэмээн үзсэн зүйлийг, мөн түүний туслахуудад саналын зөрөө бий болоход л оролцдог ажээ. Мөн 1878 ондоо “Ноттингем Форест”-ийн цэнгэлдэхэд шүүгч анх удаагаа шүгэл хэрэглэж эхэлжээ.

Хөлбөмбөгийн “шүүгчийн шинэчлэл” нь ерөнхий шүүгчийг талбайд гаргаснаар дуусч, түүний хоёр туслах нь “отон тоглолтыг” тодорхойлох шугамын шүүгч болцгоосон юм. Энэ үйл явдал нь 1891 онд болсон.

 Үзэгчдийн хувьд, 1871 – 1872 онд явагдсан дэлхийн анхны албан ёсны гэгдэх Хөлбөмбөгийн холбооны Цомын тэмцээнийг үзэхээр цугларахдаа, хөндлөвчгүй хаалга, шүүгчгүй талбай, зөвхөн өмнөх талбайнхаа (хаалгачийн шугам) дотор гараараа тоглож болох дүрэмтэй хаалгачийг л үзэж байлаа. Гэвч 1872 он гэхэд, Хөлбөмбөгийн холбоо нь хөлбөмбөгийн бөмбөгний хэмжээг хатуу чандаар тодорхойлон, тогтоож өгсөн билээ...

 Харамсалтай нь ах дүү Люмьерүүд нь хориод жилийн хойно л кино гээчийгээ бий болгон зохиов. Гэрэл зураг хэдий байсан ч гэсэн гэрэл зурагчид нь хөлбөмбөгийг тэгтлээ нэг их анхааран болгоож байгаагүй ажээ. Тиймээс Английн анхны Цомын төлөөх тэмцээн нь хэрхэн яаж явагдсан тухайд бол тэр болгон олон тоогоор, тодорхой бус бичигдсэн сонины богинохон болоод товчхон мэдээ, тэр үеийнхний дурсамж төдийхнөөс л мэдэж авч болох юм. Тоглолтыг зохион байгуулагчид нь хэрхэн яаж онгод нь орсон юм шиг байсныг төсөөлшгүй биз ээ...

 Английн анхны Цомын төлөөх тэмцээнд оролцох мэдүүллэгээ арван  таван баг өгч, тэдгээрийн  арван гурав нь лондонгийнх байжээ. Тэднээс гадна дорнод Линкольнширийн вант улсаас ирсэн Донингтоны коллежийн хөлбөмбөгчид, түүнчлэн 1867 онд үүсэн байгуулагдсан Глазгогийн “Күинс Парк” хэмээх шотландын клуб өөрсдийнхөө хүч чадлыг үзэхээр ирсэн байлаа. Тэр үед хөлбөмбөг нийт Шотландыг нөмрөн авч, өөрийн гэсэн хөлбөмбөгийн холбоог байгуулах дээрээ тулж ирээд байв. Удалгүй 1872 онд бий болсон юм. Их Британий бүрэлдэхүүнд ордог – Вэйлс болон Умард Ирландын холбоо хэдэн жилийн хойно хоцорч байгуулагджээ.

 Английн Цомын төлөөх анхны тэмцээн нь нилээд удаан үргэлжилж, 1871 оны арван сарын 16 –нд эхлэж, шувтаргын тоглолт нь 1872 оны гурван сарын 16 –нд болжээ. Тоглолтууд олимпын системээр явагдсан хэдий ч, нэг их тоглолт болсонгүй. Учир нь гурван ч баг  мэдүүлэгээ өгсөн атлаа тэмцээнд оролцохоосоо татгалзан, талбайд гараагүй юм.

 Лондонгийн “Вондэрэрс” баг, шотландын “Күинс Парк” багуудын хагас шигшээ тоглолт нь нэг ч гоолгүй өндөрлөжээ. Шотландчууд маш хүчтэй багтай, эх орондоо олон жилийн туршид хэнд ч хожигдож үзээгүй, бас нэг ч бөмбөгийг хаалгандаа алдаагүй байлаа. Лондонгийн баг мөн хагас шигшээд бөмбөг алдаагүй боловч гоол хийсэнгүй. Тоглолт тэнцээгээр дуусчээ.

 Тэр үеийн тэмцээний дотоод дүрмээр бол дахин тоглолт болох ёстой байжээ. Гэвч, тийм ч их баян биш шотландчуудын хувьд лондонд байгаад байх зардлын мөнгө олдоогүй болохоор нутаг руугаа буцжээ. Ийм маягаар “Вондэрэрс” нь дахин тоглолт хийлгүй шигшээд үлджээ. Харин өрсөлдөгч “Рояал Инжинерс” гэгч “армийн” клубын үүсгэн байгуулагчид нь Британий эзэнт улсын зэвсэгт хүчний инженерийн анги салбарынхан байв.

 Шувтаргын тоглолт урьдах бүх тоглолтуудын адилаар “Киннингтон Оувал” гэгч крикетийн талбайд тоног төхөөрөмж гэгдэх хөлбөмбөгийн хаалгаа байрлуулж, талбайнхаа тэмдэглэгээг хийснээр явагдсан байна. Английн Цомын төлөөх энэ тэмцээний цом нь, том мөнгөн хундага бөгөөд Хөлбөмбөгийн холбоо нь түүнийг худалдаж авах гэж хорин фунт стерлинг зарлагдсан байлаа.

Үзэгч нэг бүр тасалбарын үнэнд шиллингээр төлбөрөө хийсэн нь өнөөгийн хэмжээгээр бодвол ердөө л хоёр мянгатай тэнцэх ажээ. Энэ мэтийн өчүүхэн боловч баримтууд нь агуу их тоглоомын ирээдүйд, ер бусын ихээр түгэн дэлгэрэх эхлэл болж, хөлбөмбөгийн бүхий л нарийн ширийнийг алдаа мадаггүй мэддэг гэгдэх шүтэн бишрэгчдийн эхэн үе байлаа.

 Анхны шигшээ тоглолтын өмнө хөлбөмбөгийн хорхойтнууд нилээд хатуухан самар болох “Эзэн хааны инженерүүдийг” давуутайд тооцож байв. Гэтэл эхний үе дөнгөж эхлэнгүүт нэг тоглогч нь болох дэслэгч Эдмунд Крессвелл эгэмээ хугалчихав. Хөлбөмбөгийн сэлгээ буюу солилцоог тэр үедээ бас бодож амжаагүй байсан болохоор, эр зоригтой дэслэгч маань өөрийнхөө багт бодитой тус болж чадахаасаа өнгөрсөн ч талбайдаа үлджээ. Ийм болохоор “Вондэрэрсынхан” бараг тоглолтын эхэнд л давуу байдалтай болсон юм. Тэгээд ганцхан бөмбөг хийснээр ялалт байгуулжээ.

Энэхүү гоолын эзэн нь бас л нэг хачин маргаантай. Чекер хэмээх нууц нэрээр гарч тоглож байсан, жинхэнэдээ бол Мортон Беттс гэгч байжээ. Энэхүү хөлбөмбөгчин нь тэмцээний эхэнд “Харроу Чекерс” багын бүрэлдэхүүнд орж мэдүүлэгээ өгч нэрээ бүртгүүлсэн байжээ. Гэтэл энэ клуб нь тэмцээнээс хасагдсан тул сайн хөлбөмбөгчин маань “Вондэрэрс” клубт орсон байлаа...

Тэгсэн ч гэсэн, 1872 оны гуравдугаар сарын 16 –ний өдөр Хөлбөмбөгийн холбооны Цомын төлөөх тэмцээнд лондонгийн “Вондэрэрс” клуб анхны аварга болов хэмээн дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн юм.

 Ийнхүү дэлхийн анхны хөлбөмбөгийн тэмцээн болоод ер нь хөлбөмбөг нь, цааш цаашдаа хурд хүчээ аван дэлгэрч эхлэжээ.

 Дараагийн Хөлбөмбөгийн Цомын төлөө тэмцээнд  мөн л “Вондэрэрс” клуб аваргын мөнгөн цомыг авсан ба энэ удаагийн шувтаргын тоглолтонд “Оксфорд Юниверсити”-ийг 2 : 0 –ээр хожжээ. Харин 1874 онд оксфордын оюутнууд өнөөх золгүй клуб болох “Рояал Инжинерс”-ийг 2 : 0 –ээр хожиж ялалтаа тэмдэглэсэн юм. Гэсэн хэдий ч дараах онд нь явж, явж “эзэн хааны инженерүүдийн” ээлж нь ирж, “Олд Итониэнс” клубыг хожин аваргалжээ.

 Дараагийн гурван жилд нь дараалан “Вондэрэрс” клубынхэн ялалтаа тэмдэглэсэн бөгөөд 1876 онд мөн л “Олд Итониэнс”-ийг, дараах жилд нь “Оксфорд Юниверсити”-ийг, тэгээд эцэст нь, 1878 онд “эзэн хааны инженерүүдийг” ялжээ. Хөлбөмбөгийн холбооны Цомын төлөөх тэмцээний анхны жилүүдэд зөвхөн лондонгийн клубүүд түрүүлж байлаа. Гэвч 1883 онд л Блэкбөрн хэмээх өөр нэгэн хотын баг анх удаагаа түрүүлж, “Блэкбөрн Олимпик” баг нь шигшээ тэмцээндээ “Олд Итониэнс”-ийг нэмэлт цагт 2 : 1 –ээр илүүрхэн ялжээ. Энэ явдал нь Хөлбөмбөгийн холбооны Цомын тэмцээнийг үзэх сонирхлыг Англи даяар дэврээж өгсөн юм. Ер нь бол  Агуу их тоглолтыг улам бүр ихээр түгээн дэлгэрүүлсэн гэхэд болно.

 Ингэхэд тус нэмэр болсон нэгэн хүчин зүйл байсан. Хөлбөмбөгийн тогтмол тэмцээн эхлэж байх үед, Англид төмөр замын нөр их бүтээн байгуулалтын ажил давхцаж байлаа. Удалгүй төмөр зам нь бүхий л томоохон хотуудыг холбож өгөв. Тухайлбал Манчестераас Ливерпүүл, эсвэл Шеффилд хүртэл явахад ердөө хэдхэн цаг зарцуулах ба тасалбар нь ч хямд байлаа. Ийнхүү өөр өөрсдийнхөө багийг дагаж явах үзэгчдийн тоо нь эрс өсчээ.

 1875 онд хөлбөмбөгийн хоёр тоглолтонд дөнгөж 10 000 үзэгч цугларч байсан бол, 1885 онд ийм тоглолтонд 13 000 болж өссөн. 1887 онд Бирмингемийн “Астон Вилла” болон Баруун Мидландс вант улсын Вест Бромвич хотоос ирсэн “Вест Бромвич Альбион” багуудын хооронд болсон Хөлбөмбөгийн Цомын төлөөх шувтаргын тоглолтонд 27 мянган үзэгч хуран цугларсан байв. Энэхүү тоглолтонд “Астон Вилла” нь 2 : 0 –ээр хожиж ялалт байгуулав.

 1895 оноос Цомын шувтаргын тэмцээн нь “Кеннингтон Оувалд” бус, харин арай илүү их багтаамжтай лондонгийн “Кристал Палас” хэмээх цэнгэлдэхэп явагдсан бөгөөд үзэгч олон “тоо томшгүй” их байжээ. Энэ жилийн шувтаргын тоглолтонд мөн л “Астон Вилла”, “Вест Бромвич Альбион” багууд өрсөлдөхөөр тунаж үлдэв. 1 : 0 –ийн харьцаатай, “Астон Виллагийн” ялалтаар өндөрлөсөн энэхүү тоглолтыг, 45 000 хүн үзэж сонирхжээ.

 Дашрамд дурьдахад, хорин фунт стерлингээр худалдаж авсан, том мөнгөн хундаган цом бүхий шагналтай шувтаргын тоглолтын дараа, оньсого мэт адал явдлын түүх дагуулж, Англи орныг тэр чигээр нь удаан хугацаагаар  цочроосон үйл явдал өрнөсөн юм. Гэвч энэ тухайд хожуу ярья. Харин “түүхэн” гэж хэлэгдэх лондонгийн “Кеннингтон Оувал” цэнгэлдэх нь эдүгээ ч хүртэл байж, урьдын адил крикетийн тэмцээн болсоор байгаа гэдгийг цохон тэмдэглэе...

 1897 онд болсон шувтаргын тоглолтонд өнөөх “Астон Вилла”  нь ливерпүүлийн “Эвертоныг”      2 : 0 –ийн харьцаагаар хожиж, 66 мянган үзэгч цугларчээ. Харин 1901 оны лондонгийн “Тоттенхэм Хотспур” баг “Шеффилд Юнайтедыг” хожсон шувтаргын тоглолтыг 110 мянган хөгжөөн дэмжигч, үзэгчид сонирхсон юм.  

 Энэ цаг үед Англи нь жинхэнэ хөлбөмбөгийн хорхойсолд автсан байлаа. Энэ эрчээрээ Хөлбөмбөгийн холбооны Цомын тэмцээнийг тогтмол явагддаг лигийн тэмцээн нэмэрлэж эхлэв.

1888-1889 онд болсон анхны тэмцээнд “Престон Норд Энд” клуб түрүүлжээ. Овсгоотой бизнесменүүд олдсон боломжыг ашиглан, хөлбөмбөгийн нэр хүндийг унагаагүй нь мэдээж. Хөлбөмбөгийн хувцас хэрэглэлийг үйлдвэрлэдэг фирмүүд ид цэцэглэн хөгжив. Энэ үеийн хөлбөмбөгчний хувцас хэрэглэлийн нэг чухал зүйл нь хамгаалагч хэрэгсэл байлаа. Бүүр 1874 онд “Ноттингем Форест” клубын тоглогч Сэм Виддовсон гэгч нь шууд цохилтоос хөлийнхөө нүцгэн шилбийг хамгаалсан, тусгай нарийхан хавтгай, зузаан ширийг оймсныхоо цаана хийж болохыг бодож олсон гэдэг.

 Мөн худалдааны фирмүүд хөгжөөн дэмжигчдийг мартаж орхигдуулсангүй. Тэдэнд зориулан жижиг дурсгалын зүйлсийг гаргаж эхэлсэн байна. Английн спирт үйлдвэрлэгч томоохон үйлдвэр нь, хөлбөмбөг сонирхогчдод зориулан цэнгэлдэхэд тоглолт үзэж байхдаа, дотроо жаахан халааж, бүлээсгэчихээр тусгай ликёр ч хүртэл гаргасан байв. Ийм зүйл нь эдүгээ ч байсаар байгаа.

Эцэст нь Хөлбөмбөгийн холбооны Цомтой холбоотой адал явдалт түүхийн талаар өгүүлье.

1895 онд Бирмингемийн “Астон Вилла” түрүүлж, цомоо аван нутаг руугаа буцав. Тэгтэл нутгийн нэгэн худалдаачин клубын удирдлагаас, Цомыг нь “прокатлаж” дэлгүүрийнхээ витринд тавихыг хүсчээ. Ингэхдээ түүнийг урьд, хожид үзэгдэж байгаагүй ихээр рекламдсан нь мэдээж.

Гэтэл хэд хоног өнгөрсний дараа, Цом ул мөргүй алга болжээ. Шөнийн харанхуйгаар түүнийг хэн нэгэн муу санаатай этгээд хулгайлсан нь лавтай. Тэр үед хөлбөмбөгийн шагналын цомыг үндэстний шүтээн хэмээн тооцдог байсан тул, тэрхүү мөнгөн хундагыг Шотланд – ярдын хамгийн шилдэг мөрдөгчид, орон даяар, эрж хайхаар болов. Бүх зүйлийг нарийн нягт шалгаж эхлэв...

Үнэт цомыг олж өгсөн хүнийг том шагнал хүлээж байгаа хэмээн эрх баригчид хичнээн амлаад ч тус болсонгүй. Энэ явдалд Англи орон даяараа л зовж шаналж байлаа. Гэвч Цомыг буцаан олж авах гэсэн найдлага байсаар байсан ч, бүтэн 15 жилийн турш түрүүлсэн багт өөр шинэ шагналыг олгосонгүй. Харин алдагдсан мөнгөн хундаганыхаа яг ижилхэн хуулбарыг гардуулан өгч байв. Ингээд 1911 онд итгэл найдварын гал бөхөж, Хөлбөмбөгийн холбооны шинэ Цомыг бий болгох шийдвэр гарчээ.

 Тэгсэн ч гэсэн алдагдсан анхны Цомын түүх, улам л сонирхолтой байдлаар үргэлжилсээр  байсан юм. Алдсанаас хойш 62 жил өнгөрсний дараа буюу 1957 онд, Бирмингемийн цагдаагийн газрын нэг хэсэг дээр, наяаад насны нэгэн оршин суугч хүрч иржээ. Тэрхүү этгээд нь хэсэг хуйвалдагч нөхдийнхөө хамтаар үнэт Цомыг витринээс хулгайлсан бөгөөд одоо харин энэхүү агуу нууцыг өөртэйгээ хамт нөгөө ертөнц рүү аваад талийчихгүйн тулд ийнхүү нүглээ намичлахаар ирсэн болохоо цагдаагийнханд ярьж, тэдний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэжээ. Тэр үедээ энэхүү Бирмингемийн оршин суугч нь “зууны дуулиант гэмт хэргийн” цор ганц амьд байгаа оролцогч нь байлаа.

 Аль дивангалавын өмнөх, үнэнхүү чин сэтглээсээ хэргээ хүлээсэн, тэгээд ийм өндөр настайг нь бодолцож үзээд, түүнийг өршөөн хэлтрүүлсэн билээ.

 1872 оны гуравдугаар сарын 16–нд лондонгийн “Кеннингтон Оувал” цэнгэлдэхэд “Вондэрэрс” багийнхний хүртсэн анхны мөнгөн хундаган цомын хувь заяа, хулгайлагдсныхаа дараа, далайн чинадыг гатлан, холын холд очиж хайлуулагдсан гунигт түүхтэй гэдэг. Гэсэн ч адал явдалт энэхүү түүх явж, явж нэг юм тодорхой болсон юмдаг...