Өмнө нь Дэлхийн аваргад тоглосон байдал:

Испани 1 – 0 Нидерланд
2010 он, шигшээ тоглолт (нэмэлт цаг)

Чили 0 – 0 Австрали
1974 он, хэсгийн тоглолт

Испани 2 – 0 Чили
1950 он, хэсгийн тоглолт

Испани 2 – 1 Чили
2010 он, хэсгийн тоглолт


ИСПАНИ

Цом хамгаалагч Испани өнөө цагийн хамгийн хүчирхэг баг. Тун хатуухан сугалаа татаж өмнөх Дэлхийн аваргын шигшээ тоглолтонд тулсан Нидерланд, хэсэгтээ Швейцарт хожигдсны дараа хүндхэн тоглолт хийсэн Чилитэй таарсан юм. Нэг ялгаа байгаа нь Нидерланд суларсан бол, Чили чангарсан. “Улбар шарууд” хичнээн суларлаа гээд амархан хожигдох баг биш бол, Чили ямарч баг эмээхээр байна. Бразилын дасгалжуулагч Сколари хэсгээс гараад “Европын багтай таармаар байна” гэж хэлсэн нь учиртай.

Испани чангахан хэсэгт орсон сүүлийн тохиолдол 1998 он. Өмнөх Дэлхийн аваргын дөрөвдүгээр байрт Болгар, хамгаалалтын хүчирхэг зэвсэгтэй Парагвай, тухайн үеийн Африкын бүх одод бүрдсэн Нигеритэй нэг хэсэгт ороод хасагдах шатанд шалгараагүй. Болгар туайн үедээ Европын грандуудын нэг Стоичков, Лечков, Иванов, Костадинов, Балаковтой, Парагвайд хаалгач Чилавэрт, хамгаалагч Гамарра, Аяала гээд тухайн цаг үеийн шилдэгүүдтэй байлаа. Чилавэрт Өмнөд Америкын бүх цаг үеийн хамгийн шилдэг хаалгач юм. Харин Нигери улс Африк тоглогчдын Европт гарах замыг зассан гавьяатай. Зөвхөн Өмнөд Америкаас биш, Африкаас од төрүүлж болох юм байна гэдэг замналаар олон клуб, буяны байгууллагууд сургалт, шалгаруулалт явуулж өнөө цагийн одод Дрогба, хоёр Түрэ тэргүүтэй тоглогчид төрөн гарсан түүхтэй. Тухайн үед Арсэнал, Интэр, Милан, Аяксын тоглогчидтой Нигери нэгээр, Парагвай  хоёроор гарч байлаа.

Сүүлийн гурван том тэмцээнд босоо байгаа “ялагдашгүй Армада”-гийн суурь 2008 оноос эхэлсэн. Барсэлонагийн эрин үеийг шууд шигшээ багтай нь холбож болно. Барсад 1990-ээд оны шигшээ багийн “уураг тархи” Гуардиола байсан бол Луис Арагонэс Испанийн шигшээг удирдаж байлаа. Чадварлаг хагас хамгаалалтын суурь дээр хурдтай довтолгооны бүс бүтэн талбайн нэхэлт хийж байсан нь клуб, шигшээ аль алинд нь амжилт дагуулав. Чадварлаг тамирчид нэг баг болохоороо тус тусын чадвартаа найддаг нь, амжилт гаргах боломжийг хумидаг бол, Испанийн одууд хувийн чадвараа, багийн чадварт шингээж чадсан нь ингэж олон жил сайн тоглох суурь болсон.Тухайн үед Испанийг зогсоох тун хүнд байлаа. Дэлхийн аваргад Швейцар, Чили, Парагвай, Нидерландтай хүндхэн тоглолт хийв. 2012 оны Европын аваргаар шигшээ тоглолтоос бусад нь мөн л хүндхэн болж, Итали, Хорват нийлж байгаад хэсгээс мултлах дөхсөн. Хорватууд 88 дахь минутанд гоол алдахаасаа өмнө, хэд хэдэн боломжуудыг алдаад байсан юм. Энэ жилийн сугалаа хэсгийн тоглолтоос эхлээд чанга байх нь ойлгомжтой. Ялангуяа Чилиэс ирэх тоглолт тун сонирхол татаж байна. Сүүлд Германы үндсэн багийг 90 минутын турш нэхэлтээс гаргахгүй байсаар дуусгасан. Германы хэвлэлүүд “Бид 1-0-ээр хожсон хэдий ч, тоглолтын хувьд үнэхээр алууллаа” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Илт довтолгооны тоглолттой Чили, Испаний эсрэг нэхэлт хийж, харилцан довтлож тоглох нь сонирхол татаж байна. Дээр нь хамгаалалт муу байгаа Нидерланд, хүссэн хүсээгүй довтлох нь ойлгомжтой болж байна.

Испани (4-2-3-1)



Сэлгээний 12 тоглогчийг таамаглавал

Хаалгач: Пэпэ Рэина (Наполи, Ита), Давид Дэ Хеа (Манчэстэр Юнаитэд, Анг)
Хамгаалагч: Раул Албиол (Наполи, Ита), Даниэл Карвахал (Реал М, Исп)
Хагас хамгаалагч: Хави Мартинэс (Байерн М, Гер), Сэск Фабрэгас (Барсэлона, Исп), Хэсус Навас (Манчэстэр Сити, Анг), Санти Касорла(Арсэнал, Анг), Иско (Реал М, Исп), Кокэ (Атлэтико М, Исп)
Довтлогч: Алваро Нэгрэдо (Манчэстэр Сити, Анг), Пэдро Родригэс (Барсэлона, Исп),

Өнөө цагийн хүчирхэг бүрэлдэхүүн Испанид бий. Хаалган дээр Реал, Барса, Манчэстэр Юнаитэд, Наполигийн хаалгачид байна. Энэ улиралд сайн байгаа Валдэсийг, Дэлхийн аваргаар гараанд тоглож магадгүй гэж байсан ч, харамсалтай нь Ла Лигийн тоглолтонд гэмтсэн. Жилийн өмнө Дэ Хеаг гараанд тоглуулна гэж байсан Дэл Боскэгийн бодол сүүлийн нөхөрсөгүүдээс харахад өөрчлөгдсөн байх талтай. Тэгэхээр Икэр Касильяс сүүлийн том тэмцээндээ гараанд тоглох байх. Хамгаалалтын бүст Аспиликүэта нэмэгдэж баруунд тоглоно. Сэлгээнд Атлэтико Мадридын Хуанфран, Реалын Арбэлоа, Карвахал нар бий. Пуйол гэмтлээс салахгүй байгаа учраас зодог тайлж, Пикэ, Рамосын хослол төвд тоглоно. Сэлгээнд нь Байерн Мюнхэний Хави Мартинэсийг дасгалжуулагч тоглуулж байгаа. Мартинэс төвийн хагас боловч, Гуардиола түүнийг ард тоглуулаад байгаа нь шигшээ багт давхар нөлөөлсөн нь энэ юм. Мөн Раул Албиол. Зүүнд Хорди Албад өрсөлдөгч алга. Арсэналын Начо Монреал сэлгээнд бий. Гэхдээ Монреалыг авч явахгүй шалтгаан байгаа нь Аспиликүэта. Хагас хамгаалалтын бүс сайн тоглогчид ихтэй, дээр нь хагасууд дээр түшиглэж тоглодог Дэл Боскэ, хамгаалагч, довтлогч цөөхөн авах нөхцөл болж, дээр нь Испанийн хагасуудаас Мартинэс төвийн хамгаалагч, Фабрэгас төвийн довтлогч хийдэг нь нөлөөлсөн. Хамгаалалтын байрлал бүрт хоёр тоглогч авч явдаг бол, Дэл Боскэ жигүүрийн хамгаалалтанд Аспи, Алба, Карвахалыг аваад Рамос жигүүрт тоглодог учраас нөөцөндөө бодоод, төвд Пикэ, Рамос, Албиол нарыг аваад Мартинэсийг шаардлага гарвал арагш татаж тоглуулах тооцоотой байж магадгүй. Хэрвээ ингэхгүй бол хагас дээр олон сайн тоглогч Дэлхийн аваргыг өнжих гээд байдаг. Энэ жил Испаний үе солигдох онцгой үе тохиож байгаа нь Кокэ, Иско, Тиаго Алкантара, Карвахал гэсэн залуу тоглогчдыг заавал авч явах шаардлага тулгарч, Касильяс, Шави, Иниеста, Алонсо, Касорла нарын сүүлийн дэлхийн аварга болж байна. Иниеста, Касорла нар хоёр жилийн дараа Еврод тоглож болох юм.

Хаалгач, хамгаалагчийн бүрэлдэхүүн багтаж шингэхгүй байгаа бол урагшаа бүр ч шигүү болно. Алонсо, Бүскэтс уламжлал ёсоор хамгаалалтын урд тоглоно. Гол нь Шавиг хамтад нь тоглуулах уу, урагшлуулах уу гэдэг дээр л асуудал яригдана. Арын дөрвөлсөн гинж захаараа хурдтай, чадвартай учраас Бүскэтс, Алонсо хамтдаа тоглохоос өөр аргагүй. Испаничууд хамгаалалтанд олон хүн тоглуулах дуртай биш. Жигүүрт Иниеста, Силвагийн хослол голдоо Шавитай тоглоод урд нь, Атлэтикогийн Диего Коста. Довтолгооны хагас хамгаалагчдын сэлгээнд Хэсус Навас, Сэск Фабрэгас, Санти Касорла, Хуан Мата, Пэдро Родригэс, Иско, довтлогчийн сэлгээнд Фэрнандо Торрэс, Давид Вилья, Алваро Нэгрэдо, Фэрнандо Льорэнтэ, Робэрто Солдадо гээд Европын нүүр царай болсон том багийн гол тоглогчид байна. Сүүлд Атлэтикогийн Адриан Лопэс ч дийлдэхээ болилоо. Тэгэхээр гарааны тоглогчдод багахан өөрчлөлт орж болох юм. Испанийн “алтан үе” залгамж халаагаа энэ Дэлхийн аваргаар өгнө гэж дээр хэлсэн. Гэхдээ багийн гол суурь өөрчлөгдөхгүй. Касильяс, Алонсо, Шави нар халаагаа өгч, Рамос, Пикэ, Силва, Фабрэгас нар суурь болно. Шавигийн байрлалд Тиаго Алкантара хангалттай нөхөж чадах аа, шигшээ багт ч, клубын хэмжээнд ч харуулсан. Харамсалтай нь өвдөгний гэмтэл нь Дэлхийн аваргын өмнөхөн эдгэх учраас багтахгүй байх талтай. Ямарч байсан өнгөрсөн жил Европын залуучуудын аваргаар, үеийнхэндээ тасархай гэдгээ харуулсан. Кокэ хагас хамгаалалтанд зайлшгүй байх ёстой олон талт тоглогч. Мөн л  өнгөрсөн жилийн залуучуудын Европын аварга, энэ жилийн клубын тоглолтууддаа харууллаа. Аваргуудын лигийн шигшээд үлдсэн багийг гарааны тоглогч. Жигүүр, довтлогчийн ард, төвийн хагас дээр бүгдэд нь сайн тоглодог. Кокэ, Иско нарыг багтааснаар Хуан Матаг үлдээж магадгүй. Учир нь өнгөрсөн жилийн Confederations cup –т Мата, Солдадо нарыг туршсан боловч сайн тоглоогүй. Мата хувийн ур чадвар сайн боловч, багийн чадварыг бий болгох тал дээр Испанийн шигшээ болон Чэлсид тактикын хувьд “зөрөөд” байх шиг. Гурван сард Италитай хийсэн бүрэлдэхүүнд түүнийг багтаагаагүй нь улам баталгаатай болгож байна. Тиаго Алкантара, Мата нар дээр Илларамэнди, Икэр Муниан, Кристиан Тэлло, Марио Суарэс, Хави Гарсиа, Исаак Күэнка гээд ирээдүй гэрэлтэй байна даа.

Довтолгоонд Диего Коста нэгдүгээр сонголт. Эх орноо биш Испанийг сонгож, Бразилд асар их дарамтанд тоглоно. Италитай хийсэн анхны тоглолтондоо сайн байгаагүй ч, дэлхийн аваргын өмнөх хоёр нөхөрсөг дээр яах нь тодорхой болно. Дэлхийн аваргын өмнө Боливи, Салвадор гээд сулхан багуудтай нөхөрсөг тоглолт хийхээр болсон нь тактик, тоглогчдоо турших сонголт байсан болов уу. Бусад багууд шиг тэнцүүхэн эсвэл өгөө аваатай үзчих багуудыг сонгоогүй нь ийм учиртай байх. Коста дээр ердөө ганц довтлогч Нэгрэдо нэмэгдэх болов уу гэж харагдаад байна. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. “Хуурамч 9” дээр Фабрэгас тоглохоор гурван довтлогч болно. 2012 оны Еврод Торрэс, Нэгрэдо, Льорэнтэ нарыг авч явсан ч, сүүлийн хоёрыг бараг ашиглаагүй. Фабрэгас, Торрэс нар ээлжлээд, Нэгрэдог Португалтай тоглоход туршиж үзээд болоогүй. Ер нь нэг довтлогчтой тоглодог, ийм олон чадварлаг хагасуудтай багт талбайд гарахгүй олон довтлогчийн хэрэг бий гэж үү. Нас харьж байгаа Торрэс, Вилья нарын оронд багтахаа больсон хагасууд нэмэгдэж магадгүй. Авахдаа тулвал Торрэс, эсвэл яагаад Адриан Лопэс байж болохгүй гэж. Испанийн хагасууд сүүлийн нэгийн жилийн дотор гэнэт олуулаа гараад ирлээ.


НИДЕРЛАНД

Энэ жил илт суларсан бүрэлдэхүүнтэй байгаа баг бол Нидерланд. Дээр нь гэмтэл бэртэл сүүдэр мэт дагаж байна. 2000 оны дундуур яаж багтаанаа гэж бодмоор баахан одууд нэгэн зэрэг гарч ирсэн. Роббэн, ван дэр Ваарт, ван Пэрси, Шнаидэр, Афэллай, Хунтэлаар, Хаитинга, дэ Ионг, Элия, Кюит, Кастэлэн, ван дэр Мэидэ гээд урсч өгнө. 2008 оны Европын аваргаар дасгалжуулагч ван Бастэн ид үедээ байсан Роббэн, ван Пэрси нарыг сэлгээнд суулгаж байв. Гараанд багтахгүй болоод л тэгсэн. Бага зэргийн гэмтэлтэй байсан ч, дараагийн тоглолтуудад үндсэн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй. Энди ван дэр Мэидэ гэж сүпэр од гарч ирсэн ч, Интэрт очоод хөлбөмбөгийг зугаа цэнгээнээр соличихсон. Яг одоогоо дээрх одуудаас Роббэн л өндөр түвшиний тоглолт үзүүлж байна. Ван Пэрси, Хунтэлаар нар энэ улирал гэмтлээс болоод орон гаран тоглолт үзүүлсээр. Дасгалжуулагч Ван Гаал арга мухардаад, сүүлийн хэдэн жилээ Түркт өнгөрөөх болсон Кюитыг шигшээд дуудахад хүрэв. Хэрвээ дээрх одуудын тал нь том багуудад тоглож байсан бол багийн гол суурь болох ёстой. Дээр нь сайн хамгаалагч гарч ирэхгүй удаж байна. Жонни Хаитинга ид үедээ байж, багийнхаа хамгаалалтын ноён нуруу болох ёстой цаг үедээ форм нь муудсан. 2004 онд хамгаалалтанд Хаитинга, довтолгоонд Роббэн гээд хорин нас шүргэж яваа хоёр залуу гарч ирж байлаа.

Нидерланд (4-3-3)



Сэлгээний 12 тоглогчийг таамаглавал

Хаалгач: Мишэл Ворм (Сванси, Вэйлс), Яспэр Силлэссэн (Аякс, Нид)
Хамгаалагч: Дарил Янмаат (Фэйеноорд, Нид), Жэффри Брума (ПСВ Аиндховэн, Нид), Стэфан дэ Ври (Фэйеноорд, Нид), Иетро Виллэмс (ПСВ Аиндховэн, Нид)
Хагас хамгаалагч: Дирк Кюит (Фэнэрбахчэ, Түр), Стин Схаарс (ПСВ Аиндховэн, Нид), Марко ван Гинкэл (Чэлси, Анг), Сием дэ Ионг (Аякс, Нид)
Довтлогч: Клаас Ян Хунтэлаар (Шалкэ 04, Гер), Мэмфис Дэпаи (ПСВ Аиндховэн, Нид)

Энэ улирал Роббэнээс дутуугүй сүпэр байсан Холланд тоглогч бол Ромагийн Кэвин Строотман байлаа. Руди Гарсиагийн багт Пьянич, Строотманы залуу хослол Сэри А-г байлдан дагуулж байсан ч, харамсалтай нь Строотман дөрөвдүгээр сарын эхээр Парматай хийсэн тоглолтонд хүнд гэмтэл авч Дэлхийн аваргыг өнжих болсон. Том биетэй, хүчтэй, алсаас сайн цохидог, солгой ялангуяа түүний такл хийдэг чадвар онцгой. Строотманы дараа хаалгач Тим Крул гэмтсэн ч, азаар хурдан хүрээд ирсэн. Дэлхийн аваргыг өнжих нь бараг тодорхой боллоо гэсэн мэдээ сайтуудаар гарч байсан юм. Түүнийг Ювэнтус Буффоныхоо залгамжлагчаар тодруулаад байгаа.

Хамгаалалтын бүс рүү орвол танихгүй нэрстэй таарна. Төвийн хамгаалалтанд Астон Виллагийн Рон Влаартай хэн тоглох нь тодорхойгүй байна. Фэйеноордын Бруно Мартинс Инди, Аиндховэний Жэффри Брума нар голлох нэр дэвшигчид. Баруун хамгаалалтанд тоглох ПСЖ-гийн Грегори ван дэр Вил хамгаалалтын багийн хамгийн алдартай тоглогч. 2010 оны Дэлхийн аваргаас хойш шигшээ багийн гараанд тогтмол тоглож байгаа хэдий ч, клубын замнал сайнгүй байна. Францын олны танил биш хамгаалагч Кристоф Жаллэд нэг хэсэг даруулаад байсан бол энэ жилээс байр сууриа буцааж авах болсон. Гэхдээ гэмтлийн улмаас олон тоглолт өнжсөн. Зүүнд Блиндээс илүү сонголт алга. Блинд зүүнээс гадна төвийн хагас дээр тоглодог учраас төв рүү ороод Виллэмсийг зүүн хамгаалалтанд тоглуулах боломж бий. Строотман гэмтсэн нь Блиндийг төв рүү оруулж магадгүй гэсэн шуумыг гаргасан.

Строотманы гэмтэл төвийн бүсийг тэр чигт нь хөдөлгөөнд орууллаа. Ван Гаал янз бүрээр туршсаар байна. Дэ Гузман, Схаарс, Класи, ван дэр Ваарт, дэ Ионг нар ээлжлэн тоглож байгаа ч, ван дэр Ваартыг урдаас татаж, хойно тоглуулах магадлал өндөр болж байна. Ваарт довтлогчийн ард тоглодог дэлхийн хэмжээний тоглогч боловч, нас ахихын хэрээр араас найруулга хийх болсон. Энэ нь шигшээ багт ашигтайгаар туссан. 2006 онд Шнаидэрыг гурван хагас хамгаалагчийн дунд тоглуулж, араас найруулагч хийлгэж үзсэн дасгалжуулагч ван Бастэн байлаа. 22 настайдаа хамгаалах байрлалд Коку, ван Боммэл нартай сайн хоршиж байсан. Ваарт харин ч голд биш захад нь тоглох учраас илүү боломжтой. Мэдээж арагш суусан нэг хагас дээр дэ Ионгийг тоглуулах байх. Эсвэл нас чацуу Аиндховэний Стин Схаарс байж болох юм. Иорди Класиг яагаад сонгосон бэ гэхээр Фэйеноордын төвийн хагасыг авч яваа залуу тоглогч. Түүний сайн тоглолт багаа лигт хоёрдугаар байранд бичүүлж байна. Хэрвээ Схаарс, Класигийн оронд гарвал дэндүү хөгшин бүрэлдэхүүн тоглоно. Харьж яваа од биш тоглогчоос, ирээдүйтэй залуусыг сонгох таамаг байна. Дээр нь ван Гаал Дэлхийн аваргын дараа халаагаа Хиддинкт өгөх учраас залуу тоглогчдыг илүүтэй дэмжихээ мэдэгдсэн. Чэлсигийн Марко ван Гинкэл гэмтлээс ирсэн нь сайн мэдээ. Гэхдээ бүтэн улирал бараг тоглолт хийгээгүй нь гараанд гарахад саад болж буй. Яваандаа ван Гинкэл, Строотманы гоё хослол үүсэх байх. Ван Гаал, ван дэр Ваарт нарын ярилцлагаас харахад: Хамгаалалт чухал биш, гол нь довтолгоо” гэж хэлж байхыг бодвол төвийн хагас дээр залуусыг тоглуулж магадгүй. Ингэвэл Ваарт дээр Класи, дэ Гузман, Лэрои Фэр, ван Гинкэл нар нэмэгдэх боломж бий.

Довтолгоонд, баруун жигүүрт Роббэн мундаг байгаа. 2004 оны Еврогоор зүүнд бужигнуулж байгаад Чэлсид очоод баруунд гялалзах болсноор, энэ байрлалдаа тогтсон. Моуриньогийн оноосон байрлал. Зүүнд Шнаидэр гараад, төвийн ганц довтлогчоор Робин ван Пэрси байна. Шнаидэрийн байрлалд олон сонголтууд байгаа ч, ялгараад гараад ирсэн нь алга. Түркт сүүлийн хэдэн жилээ өнгөрөөх болсон Кюитийг хүртэл шигшээд дуудаж үзэв. Нарсинг, Лэнс, Клаасэн, Боэтиюс, Дэпаи нарын сонголт ард нь хүлээж байна. Эндээс Мэмфис Дэпаиг онцлох хэрэгтэй. 1994 оны хүүхэд боловч Аиндховэний мэргэн бууч, жигүүрийн тоглогч гэхэд төгсгөл сайтай. Ван Гаал гараанд гаргаж сюрприз барьж магадгүй л юм. Өөр нэг хувилбар байгаа нь, Хунтэлаарыг ван Пэрситэй хамт гаргаад 4-4-2-оор тоглох. Энэ бол довтлоод өгье гэсэн багт байж болох сонголт. 

Тааруу хамгаалалт, чадвар муутай төвийн хагастай Нидерланд, хэрхэн тоглох нь Луи ван Гаалаас хамааралтай болж байна. Ядаж байхад Строотманаа алдсан, ойрд байгаагүй сулхан бүрэлдэхүүнтэй Дэлхийн аваргад ирж байна.


ЧИЛИ

Бразилчууд хүртэл хэсгээс гараад Чилитэй тоглохыг хүсэхгүй байгаа. Гуравдугаар сард Германтай хийсэн тоглолт, тэдний хэр чансаатайг харуулсан. Тэрний өмнө Англи, Бразилтай тэнцүүхэн тоглож, Английг хожоод байсан юм. Анх хэсгийн багууд тодроход, Чилийг хэсгээс гарахгүй гэж үзэж байсан боловч, Дэлхийн аварга ойртох тусам Чилийн боломж Нидерландаас дутуугуй болсон юм. Нуруу намтай хурдтай учраас урагш дарамталсан тоглолтыг үзүүлж, нэхэлтийг өндөр түвшинд хийж байгаа. 3-5-2 гэсэн хувилбараар тоглох магадлал тун өндөр байна. Германыг ингэж шоконд оруулсан тоглолт тэр бүр гараад байдаггүй. Шваинштаигэр, Лам урагшилж чадахгүй хамгаалалтанд тусалсаар таарсан. Талбайн энд тэнд гарсан “гал унтраах” ажил хийсэн гэж хэлсэн ч болно. Юун довтолгоон зохион байгуулж удирдах. Өзил, Кроос нарын тоглолт гараагүй. Жигүүрт гараад ч амжилт олоогүй, багаараа 90 минутын турш дарамлуулсан гээд хэлчихэж болно. Хувь тоглогчдын чадвар өндөр тулдаа хамгаалалт тэссэн юм. Яг ийм тоглолт Чилиэс гарвал хэсгийн тоглолт аймар юм болно.

Чили (3-4-1-2)



Ийм нөхцөлд дөрвөн хагас хамгаалагчийн хоёр жигүүрт Ювэнтусын Исла, Виганы Бисажур байгаа нь давуу тал болж байна. Энэ хоёр тоглогч клубтээ ч, таван хамгаалагчийн жигүүрт тоглож байгаа нь шигшээ багийн хувилбарт ч зохицож байгаа юм. Ер нь бол энэ байрлалдаа шигшээ болон клубтээ олон жил тоглож байгаа нь хувилбарыг улам чанартай болгож байна. Арын гурван хамгаалагчдад хэд хэдэн өөрчлөлт орж магадгүй. Хара, Мэдэл нар гараанд тоглох нь тодорхой бөгөөд хамт хэнийг тоглуулах нь эргэлзээтэй байна. Силва хамгаалах чиглэлийн хагас бол Эухэнио Мэна зүүн хамгаалагч. Маркос Гонсалэс гэсэн сонголт ч байж болж байна. Силва сүүлд Германтай тоглоход гарснаас харвал нөгөө хоёроосоо магадлал арай өндөр. Мэна орж ирвэл Мэдэл төвийн байрлалдаа дахин тоглож, Хара баруунд гараад олон хөдөлгөөн гарна. Харин Гонсалэс (190 см) орж ирвэл нуруу эрс өндөрсөнө. Гонсалэсгүй Чилид180 см-ээс дээш өндөр хүн бараг байхгүй. Энэ нь хоёрдугаар давхар алуулна гэсэ үг. Гонсалэсийн сул тал нь урагш шахсан нэхэлтийг сааруулах талтай. Ийм л шалтаанаар Силва сонгогдох боломж өндөр.

Хамгаалалтын урд тоглох хоёр хагас хамгаалагч чухал үүрэгтэй. Тоглолтын онцлогоос болж хурдтай, шалмаг хослолыг үүсгэж Арангуис, Гутиеррэсийг сонгох байх. Арангуис төвөөс баруун руу чиглэсэн тоглолтыг хийдэг нь зарим тохиолдолд Ислаг орлоно. Гуттиеррэс таслах, байрлал нөхөх үүрэгтэй. Видалыг энэ удаа довтолгоонд ойрхон тоглуулж магадгүй. Дээр нь Санчэс арагш татаж найруулгад оролцож, хоршсон тоглолтыг хийж болох юм. Дөрвөн жилийн өмнө “хүүхдүүд” байсан Видал, Санчэс нар дэлхийн хэмжээний од болтлоо өсчээ. Чилийн сөрөг довтолгоо ямарч хамгаалалтыг сэт цохиод гарна. Варгас Валэнсиад гарааны довтлогчоор тоглож байна. Довтлогчийн залгамж халаа Манчэстэр Юнаитэдэд хоёр жилийн өмнө очсон Анхэло Энрикүэс бий.

Ювэнтусын Артуро Видал, Барсэлонагийн Алексис Санчэс гээд хоёр том одтой. Хамгаалалтын олон талт тоглогч Гари Мэдэл нэхэлтийн арын хэсэгт чухал үүрэгтэй. Багийн ахлагч, хаалгач Клаудио Браво, Реал Сосьедадад сайн тоглож, дэд ахлагч болоод дэвшсэн. Гэмтлээс болоод ид үеэ өнгөрөөсөн Давид Писарро Фиорэнтинад гялалзаж байна. Чилид юу л бол юу л байна. Сайн дасгалжуулагч, олон жил хамт тоглосон бүрэлдэхүүн, дэлхийд танигдсан одууд. Тоглолтын хуваарь ч гоё таарч, эхний тоглолт Австралитай.


АВСТРАЛИ

Австралийн тухай хэн ч ярихгүй байгаа нь хэдхэн жилийн өмнөх хүчирхэг Австрали биш болсонтой холбоотой. Ямар хувилбараар тоглох, ямар тоглогчид гараанд тоглох нь тодорхой биш шилжилтийн үе тохиож байна. Сүүлд Эквадортой хийсэн нөхөрсөг дээр хамгаалалт сайн байгаа нь харагдсан. Ийм хэсэгт орсон юм чинь арагш суусан хамгаалалт буюу “автобус” зогсоохоос өөр аргагүй. Довтолгоонд чадварлаг тоглогчид хомс байгаа нь сөрөг довтолгооны эрчийг унагаж буй. Харин хоёрдугаар давхар аль ч багаас илүү тоглоно. Гол нь хоёрдугаарт давхарт тоглох чөлөөт цохилт,  урагш тоглох тал дээр асуудал байна. Нөгөө гурав нь Австралийг урагшлуулахгүй байнгын нэхэлт хийх нь ойлгомжтой. Эндээс яаж гарах вэ гэдэг л дасгалжуулагчийн гол ажил байх.

Австрали (4-2-3-1)


 
Хаалгач бол сонголттой. Ливэрпүүл, Боруссиа Дормундын хоёрдугаар хаалгачид Брэд Жонс, Митчэлл Лангэрак нараас залуу хаалгач Раяныг сонгосон. Чэлсигийн Марк Шварцэр шигшээ багаасаа зодог тайлсан. Грек гаралтай дасгалжуулагч Ангелос Постэцоглу хэсгээс гарах боломж бага байгаа учраас залуусыг хаалган дээр ч, талбай дээр ч илүү туршиж магадгүй юм.

Төвийн хагас Миллиган, Жэдинак нар хамгаалалт, довтолгоог холбох гол хүмүүс. Жэдинак Кристал Паласт сайн байгаагийн дэр сүүлийн гурван жилийн Австралийн шилдэг хөлбөмбөгчин болсон. Тони Пулисын хамгаалах хувилбарын гол хүн, Австралид ч яг энэ байрлал, хувилбараар тоглоно. Тим Кэхиллыг голд тавьсан нь хамгаалалтанд туслуулах гэж. Кэхилл тоглолтын онцлог хамгаалалт, хүчний тоглолт. Хэрвээ ийм хамгаалалт гарвал нэвтрэхэд хүнд болох биз. Жигүүрт Байер Лэвэркүзэний Крус, Утрэхтийн Оар нар тоглох магадлалтай. Том Рогич, Дарио Вудошич гээд Серб гаралтай тоглогчид сэлгээнд бий. Крус гэмтэлтэй байгаа нь сэлгээний тоглогчдыг хөдөлгөөнд оруулж буй. Хамгаалалтын арын дөрвөл тийм ч муугүй харагдаж байна.

Сүүлийн жилүүдэд Австралийн лиг хүчирхэг болж, Дэл Пьеро тэргүүтэй одууд тоглох болсон. Дээр нь Азийн бүст орсон нь, тогтмол хүчтэй багуудтай тоглох нөхцөл бүрдсэн. Далайн орнуудтай нэг бүст байхдаа Самоаг 31-0-ээр хожиж байсан түүх бий. Энэ нь олон улсын хөлбөмбөгийн хамгийн олон гоолын зөрүүтэй тоглолт болсон юм. Хамгаалалт голлосон, хүчний тоглолттой Австрали тийм ч амар хожигдохгүй. Булангийн цохилт, чөлөөт цохилтоор тэднийг гүйцэх баг хэсэгт нь байхгүй. Хэрвээ аз таарвал хэсгээс ч гарч болох юм.