(наргиа)  

Хувь тавилангаараа шог зохиолчид азгүй амьтад. Эдүгээ Монголын хэдхэн шог зохиолч ямар ч орлогогүй өлөн зэлмэн явна. Нохойг сайн сойгоод үнэгэнд тавьдаг. Шог зохиолчдыг өлсгөж байгаад олигархиудын хонгийг сэт татуулах бодлого яваад байна уу?.. Үгүй юм аа. Шогчид ямар ч нийгэмд борвиороо бор навтас, шаантаараа шар навтас цувуулсан борчууд явсан. Үлгэр домогт ч тэгж гардаг. Өдгөө Монгол улсын нийт хүн амын 20 хувь өлбөрч буй. Манайд тийм олон юморист байхгүй учраас хүн амын 20 хувь үлгэрт гардаг шог зохиолчдын хэмжээнд ядуурчээ. Уг нь шог зохиолчдыг хахууль авч, халаасанд орохоос нь өмнө зохиол бичүүлбэл хэрэгтэй юм сануулж магадгүй улс юмсан. Хөгжингүй нийгэм бол шог хошин зохиолч нарынхаа угаадсыг жаахан өтгөсгөөд, уяаг жаахан уртасгаад үгийг нь сонсдог. Шог хошин зохиол сонин хэвлэлд үзэгдэхээ больсныг уншигчид мэдэж байгаа. Энэ нь хошигнох авъяасыг бүдүүлэг хараал шахсаныг харуулж буй юм.  

Нэг муу хариугүй омогшил шог зохиолчдод нуугддаг. Тэр омог нь юу вэ гэвэл ерөнхий сайд болсноос хошин зохиолч явсан нь хавьгүй давуу гэх хоосон бардамнал. Наад захын давуу тал нь шог зохиолч эх орныхоо хамгийн ядуусын түвшинд ховор зэвэр амьдардаг ч огцрох тухай толгой өвдөхгүй. Ер нь огцрох өлсөх хоёрын аль нь хэцүү бол? Шог зохиолчдод ерөнхий сайдаас давуу тал ганцгүй. Ерөнхий сайдын хэл нь нэгийг ярьж байхад, тархи нь нөгөөг бодож байдаг. Жишээ нь хоосон амлалтаа итгүүлэх гэж ядах зуураа үр хүүхэд, хамаатан садан болон нутаг нэгтнээ яаж өндөр албанд томилж, тэдэнд тендер хэрхэн булааж авч өгөх хор найруулж байдаг. Хоёр ажил ингэж зэрэг амжуулах шог зохиол бичихээс түвэгтэй нь мэдээж. Манай олигархиуд хөгжөөгүй учраас булхай нь ил. Тиймээс монгол шогчид хөнгөн нөхцөлд чанаргүй шог тэрлэдэг.      

Гэтэл ардчилагчид шог зохиолчдыг бүр баллаад хаячихав. Охорхон монгол заль мэхээр монголчлогдсон “монгол ардчилал” гэгч хошин шог зохиолын уншигчгүй нийгэм төрүүлснээр хошин шог зохиолын зах зээл сөнөчихлөө. Шогчид яагаад уншигчгүй болчихов гэвэл нийгмийг ичдэггүй болгоод хаячихаж, нөгөө монголжсон ардчилал чинь. Ичих мэдрэмжээ алдсан нийгэм инээхээ больчихдог юм байна. Бизнес шатахаар авъяас бөхдөг нь жам.

Сайд гишүүн хоёрын давхар зангараг хавсарсан өндөр сэнтийд хууль хүрч үйлчлэхээ болив. Тэнд заларч чадвал луйвар, тэр ч байтугай, хулгай хийсэн ч аюулгүй. Авилга хээл хахууль хуульгүй болчихсон өндөр сэнтийд буруу гарын олзоор баяжихад ямар ч эрсдэлгүй. Эдүгээ буруу гарын олзны төлөө чухамхүү тэр хүчирхэг “хавсарсан сэнтийн” зүг тэмүүлж байна. Их л муухай юм даа. Хамгийн шившигтэй нь тэдний луйвар хулгайг мэдэхгүй хүн нэг ч алга, ярихгүй хүн нэг ч алга. Хулгайчаараа мөн ч их дуудуулах юм. Гайхалтай нь ичиж байгаа, царай нь улайж байгаа гишүүн, сайд нэгийг ч шог зохиолч сүүлийн жилүүдэд олж харсангүй. Цагаандаа гараад уурлахаа ч байчихаж. Нэр төрөө сэргээнэ гэж заргалдахаа ч больж. Юу гэж өчдөг вэ гэвэл муусайн юмнууд миний од болсон нэр алдрыг ашиглаж, хоногийнхоо хоолтой залгадаг юм. Чааваас бичвэл бичиж л байг. Би тоож заргалдахгүй. Тоож ач холбогдол ч өгөхгүй гэж томорно. Энэ өчиг өдгөө манай эрх баригчдын гангараа болжээ. Сонинууд хулгайч аа л гэнэ. Телевизүүд луйварч аа л гэнэ. Гудамж дүүрэн авилгачид аа гэсэн жагсаал. Ичнэ цочно гэж байдаггүй ээ.



Ийм гөлийсөн замаар хэдэн жил сажилтал цөхөрсөн сонин телевизүүд дор дороо нэг нэг баян боссын томогтой бүргэд болж, дохио зангаагаар шунгадаг болцгоов. Эзнийхээ турхирсан жижиг биетнийг шүүрч чадвал үмх махаар шагнуулдаг биз. Жагсаад ч өлсөөд ч тоох хүнгүй болов. Ажил хийх ясны дургүй лазанчууд мөнгө нэхэж жагсдаг, өлсдөг болсонд олны урам хугарчээ.   

Зөрчилдөө идэгдсэн нийгэм дөжрөөд, эмзэглэхээ больсонд хээл хахууль, авилга, луйвар, хулгай даамжрав. Эмзэглэх мэдрэмжээ алдсан олон нийт ичихээ больчихдог юм байна. Муу муухайг шоолж инээнэ гэдэг нийгмийн үнэт баялаг байжээ. Хогоо зам талбайд хаяж, зорчигчдын нүүр өөд нусаа нийж, цэцгийн мандал руу цэрээ нулимж, улаан гэрлийн эсрэг улайм цайм дайрч буй биднийг хараад гадны жуулчид балтусдаг. Явган зорчигчдын замаар тоох ч үгүй явж байгаа машинтай герман, японууд зөрөхдөө шоконд ордог нь, бор гэртээ бурхныхаа өмнө мааниа уншаад сууж байсан чавганц машинд дайруулж үхсэнийг сонсоогүй учраас тэр. Ичих жигших мэдрэмжгүй болчихсон нийгэм яг л үхдэл шиг хүйтэн агаад аймшигтай.      

Шог зохиолч гэрээсээ гарлаа. Гараад хаачих нь вэ гэж асуух гээд байна уу? Шог зохиолч хулгай хийхээр гарлаа. Хошин шог зохиол бичих хөгжилтэй сайхан ажил юмсан. Хөгжөөнгүй ажлаар оролдох шог зохиолч төрөлхийн дургүй аж. Шог зохиол сөнөөд, хийх ажилгүй болсон шогчдод хулгай нь арай зугаатай юм уу даа. Хошин авъяасаа унтрааснаас хулгайч авъяасанд хувиргасан нь дээр биз дээ.     

Хулгай луйврыг жигшдэг эрүүл нийгэм хаана байна тэнд хошин шог зохиол цэцэглэдэг жамтай. Монголын шог зохиолчид худал хуурмагт дийлдээд мэргэжлээ солихоор шийджээ. Уншигч та шог зохиолч нарынхаа хулгайд амжилт хүсээч! Уг нь олигархиудын юмыг л хусмаар байна. Даанч баригдвал цагдаа, шүүх, прокурор олигариудад долигноод муусайн шог зохиолчдыг алж өгнө гэхээс хулгайд хурцалсан хуруу минь чичрээд горьгүй. Нэг ч шог зохиолчийн хулгай баригдлаа гэж өдий хүртэл телевиз, сонин, сошиал сүлжээгээр мэдээлээгүйг бодоход тэд хулгайгаа зүрхэлж эхлээгүй л яваа болтой.

Жич: 1992 онд хэвлэгдсэн “Шог зохиолч тэнэг байдаг” номд орсон эл бяцхан фельетонд хөндсөн монголчлогдсон ардчилал өдгөө 23 жилийн дараа сайжирсан эсэх? Таг мартагдсан юм цоо шинэ болдог гэх үг бий. Ялимгүй шинэчлэв.              
                                                                                                       
 2015-08-13