Х.Тэмүүжингийн шинэчлэл новшийн бол, О.Баасанхүүгийн санал бүр илүү новшийн
Санаандгүй явж байгаад сайхаан эхнэртэй болчихлоо гэж үг байдаг юм гэсэн. Тэрэн шиг МАН санаандгүй сууж байгаад өөрсдөө огт нүүдэл хийхгүйгээр улстөрийн илүү сайн хожилд хүрч болох таатай байрлалд оччихлоо.
“Тоосго сугалах” нь засгийг танхимаар нь унагах дасгал
Санаандгүй явж байгаад сайхаан эхнэртэй болчихлоо гэж үг байдаг юм гэсэн. Тэрэн шиг МАН санаандгүй сууж байгаад өөрсдөө огт нүүдэл хийхгүйгээр улстөрийн илүү сайн хожилд хүрч болох таатай байрлалд оччихлоо. Ийм өгөөшийг эрх баригчид өөрсдөө тэдэнд шидэв. Тэр нь Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах О.Баасанхүү гишүүний санал юм. Хуулийн шинэчлэлээ зогсоох саналыг засгийн хамтаргчаас нь гаргаж болж байхад, “хамт зогсооё” гэсний төлөө сөрөг хүчнийг буруутгах нь утга багатай. Эрх баригч-олонхи сонгуулийн амлалтынхаа нэгэн гол баганыг өөрсдөө нураая гэж байхад, улстөрөө илүүд үзэхээс өөр эрх мэдэлгүй цөөнх энд буруугүй. Тийм учраас Хуульзүйн сайдыг огцруулахыг МАН хүсч “бүлгийн шийдвэр” гаргалаа л бол Х.Тэмүүжингийн эсрэг 26 кноп бэлэн байна. Харин хүсэл зоригоо дага гэвэл Х.Тэмүүжин гэж хувь хүнийг нь, хуулийн шинэчлэлийг нь дэмжих шалтгаанаар МАН-аас хэдэн гишүүн О.Баасанхүүгийн саналыг эсрэг кноп дарахыг мэдэхгүй. Хамгийн гол нь МАН хүсэл зоригоо дага гэж гишүүддээ зөвлөхгүй, бас бүлгийн шийдвэр гэж албан ёсоор гаргахгүй. Гаргалаа ч зарлахгүй байх. Яагаад гэвэл 2016 оны сонгууль ойртож байхад явж байсан хуулийн шинэчлэлийг зогсоосон “ял”-д унах, ядаж л хэвлэлийн тийм мэдээтэй түүхэнд үлдэхийг МАН хүсэхгүй. Анхнаасаа л МАН бол босоо удирдлага бүхий хатуу сахилга батын, АН нь лидер дагасан нэгдэл байлаа. Одоо энэхүү онцлогоо хоёулаа гээсэн ч, “үхсэн буурын толгойноос амьд ат айдаг” зарчим МАН-д нь арай илүү бий. Тэгэхээр тэд далд зохион байгуулалтын дор огцруулахыг саналыг л дэмжих байх. Муу, муухай байлаа байлаа гэхэд арай ч аманд нь орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхэх хэмжээний тэнэг хүмүүс улстөрд сөрөг хүчин болж тоглохгүй шүү дээ.
Гэхдээ том зургаа харж, засгийн лидерүүд нь зангидаж чадвал МАН-ын 26-гаас хавьгүй олон кноп, парламентын гуравны хоёрын санал Х.Тэмүүжингийн талд байна. Бололцоотой эдгээр кнопыг багцалж чадах эсэх нь АН-аас л хамаарна. ИЗН-ын хоёр, бие даагч гурав, эвслээс сайд байгаа Д.Тэрбишдагва, Ч.Улаан, М.Сономпил нар танхимын зарчмаа бодоод огцруулахын эсрэг санал өгөх байх. Н.Алтанхуягийн засгаас авах ёстойгоосоо авсан эдгээр найман гишүүн дээр АН ирцээ бүрдүүлж, 34 гишүүдээ багцалж чадвал тэдэнд хангалттай буюу нийт 42 санал эерэг зогсч байна. Харин АН 34-үүлээ багцлагдах уу, үгүй юү гэдэг л хамгийн сонин. Магадгүй АН-ын зарим гишүүн эргэж, эсрэг санал өгч, бүр кнопоо андуурч, эсвэл санал хураалтаас хоцорч ч болзошгүй. Тэдгээр тохиолдолд тэднийг орлох саналыг засгаас юм аваагүй ч, зарчмаа барихаа ихэд ярьдаг Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, Г.Уянга, З.Баянсэлэнгэ нараар нөхөх бололцоотой. Эндээс бүхнээс харвал саналыг нь О.Баасанхүү гаргаж, МАН цөөнхийн хувьд дэмжих нь тодорхой ч, Х.Тэмүүжингийн огцох, эс огцрох хувь заяа гагцхүү зөвхөн АН-ын гарт л байна. Тэд бүлгээрээ нэгдэж хүсвэл авч үлдэнэ, бутарч санал хураалтад оролцвол огцруулж хувь нэмрээ оруулна. Сүүлийн үеийн улстөрийн үйл явдлуудыг харахад дотроо талцаж бутарсан ч буцаж нэгдэхдээ АН нь илүү манвертай байгаа. Харин тэгж зангидаж чадах, бүх фракцдаа хүлээн зөвшөөрөгдсөн лидер АН-д байгаа, үгүйг сайн мэдэхгүй юм.
Ойрмогхоны хэд хэдэн үйл явдлын зангилаа, эхлэл нь Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудал боллоо. Давхар дээлээр авсан эвслийн бүлгийн завсарлага дуусахаас өмнө Хуульзүйн сайдын асуудлыг хэлэлцэж таарна. Хэрвээ эрх баригчид Х.Тэмүүжингээ авч үлдэж чадахгүй бол, дараа нь орж ирэх “давхар дээл” дээрээ ч олонхи болох магадлал нь бүр л багасна. Тэр цагт Засгийн газар танхимаараа унаж ч болзошгүй, бас Х.Тэмүүжинд эсрэг санал өгсөн эвслийн намууд дараагийн засагт багтах бололцоогүй болно. Яагаад гэвэл Х.Тэмүүжингийн огцролтыг дагаад АН дотор ч, АН ба эвслийн намуудын дунд ч зөрчил явна. Тэр нь намжиж амжаагүй байхад давхар дээлийг дан болгох төслийг эцэслэх хуулийн босготой. Энэ мэтээр үйл явдал энэ долоо хоногт улстөрчдөд өрнөлттэй, хэвлэлийнхэн сонирхолтой өрнөх бололтой. Тэр дундаас том зураг, том эрх ашгаа олж хардаг нь хэр олон байхыг мэдэхгүй юм.
Хэрвээ би буруу сонсоогүй бол Ерөнхийлөгчийн шахалт, сайд Х.Баттулгын дэмжлэгээр Х.Тэмүүжин 2012 оны сонгуулиар АН-ын жагсаалтын гуравдугаарт бичигдсэн юм гэнэ лээ. Ингэснээр АН ялсан тохиолдолд хийх хуулийн шинэчлэлийн төслөө бүх тойрогт танилцуулах бололцоо гарсан. Энэ нь тойрогт АН-ын нэр дэвшигч, улсын хэмжээнд АН ялахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь гарцаагүй. Энэ хэрээр нийгэмд хуулийн шинэчлэлийн хүлээлт үүсгэсэн. Түүнчилэн ардчиллын нэрээр 20 жилийн турш улстөрд яваа “өвгөн партизан”-уудын толгойн хэсэгт Х.Тэмүүжин гэх шинэ үеийн төлөөлөл гарч ирсэн нь сонгуулийн үеэр АН-ыг, намын жагсаалтыг нь илүү гоё харагдуулж байлаа. Сонгуулийн ялалтынхаа дараа “хэнийгээ хэдэд багтаах намын жагсаалтыг гаргасан хүмүүсийн улстөрийн мэдрэмжийг магтъя” гэж АН-ын зарим лидерийн хэлсэн үг хэвлэлийн хуудаснаа одоо ч бий. Тэгэхээр хуулийн шинэчлэл бол АН-ын хувьд аль хэдийнэ бандан тас, сонгуулиар амлачихсан. Хийхгүй бол ялагдана. Хийж эхэлснээ гүйцээхгүй замын дунд зогсоовол бас л сонгуулийн амжилтаас нь чангаана. Эндээс логикийн хувьд АН-д хоёр сонголт гарч ирж байна. Нэгд Х.Тэмүүжинтэй хамт хуулийн шинэчлэлийн амлалтаа унагах, хоёрт хоёуланг нь авч үлдэх. Хэрвээ өнөөдөр ганц нэг хүний хүсэлтээр Х.Тэмүүжинг огцрууллаа гэхэд 2016 онд намаараа ялагдах бодитой эрсэдэл АН-ыг угтана. Огцруулаад өөр хүнийг томиллоо гэхэд гарман дээр морио сольсон газарчин хэзээ ч зорьсондоо хүрдэггүй юм. Х.Тэмүүжингийн одоо хийж байгааг нь муучилж зутан гэвэл, дараагийн хүн нь бантан зуурна. Нийлээд эцэстээ жонхуу л болж дуусна.
Улстөрч Х.Тэмүүжинг орхиж, хуулийн шинэчлэлийг зогсоохын нийгмийн хор холбогдол гэвэл илүү олныг тоочиж болно. Х.Тэмүүжинг огцруулах нь улстөрчдөд, улстөрд хэрэгтэй бол түүнийг дагаад хуулийн шинэчлэл зогсох нь нийгэмд хортой, хохиролтой. Х.Тэмүүжингийн хийж байгаа шинэчлэлд буруу ташаа зүйл байхыг үгүйсгэхгүй. Америкийн загварыг шууд хууллаа, багш хүний үзлээ, улстөрийн үзэл бодолтойгоо хэт холиллоо гэх шүүмжлэлүүд ортой ч байж магадгүй. Тэгэхдээ энэ нь хийхгүй, эхлүүлэхгүй байснаас л дээр. Хийж эхэлсэн шинэчлэлийнх нь, батлуулсан хуулиудынх нь үр дүн амьдрал дээр хараахан гарч эхлээгүй байна. Гэтэл гишүүн О.Баасанхүү хийж байгаа ажил, шинэчлэлээс нь тэс өөр, хувийн гэмээр, эцэслэж нотлогдоогүй асуудлуудаар огцруулах санал оруулсан нь өөрөө шинэчлэлийг гараан дээр нь багалзуурдах гэснээс ялгаагүй харагдаж байна. Уг нь жижиг чулуугаар том чулууг доргиодог л гэдэг байсан юм. Одоо бол жижиг чулуугаар том чулууг хагалж болдог болсон бололтой. Чулууг эрх ашиг гэдгээр “орлуулж” жижиг эрх ашгаар том эрх ашгаа унагадаг болжээ хэмээн орчуулж ойлгохыг хүсье.
Том эрх ашгийн өөр нэгэн жишээ гэвэл хэрвээ Х.Тэмүжинтэй хамт хуулийн шинэчлэл унавал Ерөнхийлөгчийн эхлүүлсэн, хамгийн их ярьдаг шүүхийн шинэчлэл ч зогсоно. Учир нь хуулийн болон шүүхийн шинэчлэл хамт явж байж эрхзүйн шинэчлэл болно. Түүнээс бус, хуулийг нь шинэчлээгүй байхад түүнийг нь хэрэглэж шийдвэр гаргадаг шүүхийг мянга шинэчлээд нэмэргүй. Хэчнээн мундаг эмч байгаад өвчнийг дарах эмгүй бол өвчтөнийг эдгээхгүй шүү дээ. Түүнтэй адил сайн хууль, шударга тогтолцоогүйгээр нийгмийг эмчлэхгүй, шударга ёс тогтоохгүй. Шүүхийн шинэчлэлд гацалт үүсгэх нь АН нэгэн цагт рейтингээс нь зүүгдэж хэд хэдэн сонгуульд ялсан Ерөнхийлөгчөөсөө одоо доош зуурч хамт унагаж байгаатай адил юм.
Том эрх ашгийн бас нэгэн жишээ нь Засгийн газрын тогтвортой байдал алдагдана. Улстөрд зарим боломж хяслан дагуулж ирдэг. Улстөрд нэг тоосго сугалах нь алсуураа байшин бүхлээрээ нурахын эхлэл болдогийг МАН-ынхан илүү мэднэ. Хувь заяаны шоглоомоор тийм зовлонг мэдрүүлсэн нь өнөөдөр засаг барьж, биеэрээ мэдэрсэн тэр үеийн Ерөнхий сайд нь сөрөг хүчний намын дарга болжээ. М.Энхболдыг Ерөнхий сайд байхад түүний танхимын дөрвөн ч сайдыг огцруулах санал гарч, гурав нь огцорч, эцэст нь танхимаараа унаж төгссөн саяхны түүх бий. Засгийн газар гэж танхимын зарчим дор зангидагдаж байдаг механик нэгдэлд нэг завсар гарахаар түүгээр танхимаараа ч гоожиж болдгийн жишээ энэ. Ганц М.Энхболд гэлтгүй 1996-2000 онд АН ч энэ зовлонг хангалттай мэдэрсэн. Гурван Засгийн газраар туг тахьсан хуучин шархан дээрээ давс үрүүлж эхлэх үгүй нь одоо Х.Тэмүүжинг огцруулах эсэхээс ихээхэн хамаарна. Зарчмын хувьд давхар дээлээ тайлахтай яг адилхан. Дан дээлтэй болоход илүү олон сайд огцрох ч, агуулга алсуураа ач холбогдол нь ганц сайдыг сугалж огцруулахтай яг адилхан. Одоо Хуульзүйн сайдыг огцрууллаа гэхэд дараа нь огцруулах нийгмийн хүлээлт нь Х.Тэмүүжингээс хавьгүй илүү зарим сайдыг оруулахад төвөггүй унана. Яагаад гэвэл жишиг эхэлсэн учраас. Согтуурах нь галзуурлын дасгал гэж үг байдаг даа. Түүнтэй адил улстөрд “тоосго сугалах” нь Засгийн газрыг танхимаар нь унагаах дасгал л болдог. Чухамдаа энэ нь л МАН Х.Тэмүүжинг огцруулахыг дэмжих, АН хамгаалж үлдэхийн шалтгаан болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн Засгийн газрын тогтвортой байдлыг дарангуйлах устгах вакцин нь ч, дархлааг дэмжих вакцин нь Х.Тэмүүжин болжээ.
Эцэст нь нэгэн зүйлийг зориуд онцлоход Х.Тэмүүжингийн хуулийн шинэчлэл зарим хүнд новшийн мэт мэдрэгдэж байж болох л юм. Гэхдээ том зургаа харвал О.Баасанхүүгийн үйлдэл нь хавьгүй олон хүнд илүү новшийн харагдаж байгаа. Бараг үнэн шүү.