Юу ч болж байсан малийтлаа инээгээд сууж байдаг бодь хүмүүс байдаг. Өөрт нь хийгээд бусдад ч амар. Ийм хүмүүсийг буянтай хүн, амар хүн дээ гэцгээдэг. Гэтэл өчүүхэн зүйл болсон ч сүгсэлзэж, хариу үйлдэл үзүүлдэг хүмүүс маш олон. Ялангуяа манайхан ийм зантай.  

Энэ бас эртнээс улбаатай байж ч мэднэ. Түмэн газрын цагаан хэрэм гэж өмнө бий.  Тэр хэрэм тэр чигээрээ хятад хүний амиар  тоосго болгож барьсан  хэрэм гэдгийг монгол хүн бүр мэднэ. Тэр олон түмэн хятадыг айлгаж тэдний амиар хана бариулах болтол нь чичрүүлсэн улс ямар гээч аймаар улс вэ гэсэн асуулт бас л зайлшгүй гарч ирнэ.

Тэр цагаан хэрмийг бариулах гол шалтгаан болж байсан Хүннү гүрний их хаан Модун Шанью эхлээд өөрийнхөө хайртай морийг харваж алахад хэн ч элбэлцээгүй, дараа нь хайртай хатнаа харваж алахад бас л цэргүүд нь сум тавиагүй болохоор тэднийг бүгдийг хядсан. Эцэстээ эцгийнхээ морийг харвахад цэргүүдийн сум зараа мэт шавсан бөгөөд дараа  нь эцгээ харвахад мөн л зараа мэт сум арзайтал зоогдов гэж түүхэнд өгүүлдэг.

Үнэхээр ч хана хэрэм барихаас ч яахав. Бид ийм удамтай ажээ.

Саяхнаас эрэгтэй хүний үрийн шингэнд байх сперматозиодод хэдэн гега ч гэлээ дээ маш их мэдээлэл агуулагдаж байдгийг тогтоожээ.

Үүнийг удамшил гэнэ. Тэгээд ч эртнээс манайхан эцгийн талыг хардаг байсан байна. Эцэг нь уур ихтэй нэгэн байсан бол хүүхэд нь бас л тийм үндсэн хөрстэй гарна гэсэн үг, уур дороо тэр хөрсөнд ургана, ухаантай тайван нэгэн байсан бол бас л ухаан суух хөрстэй төрдөг гэж ойлгож болно. Тэгээд ч ухаан суужээ гэж ярьдаг.

Гэхдээ мэдээж өссөн орчин, сурсан сургууль гэх мэтээр өч төчнөөн хамаарах зүйл байгаа. Тэс эсрэг хүүхэд ч бас байж л байдаг. Хэнийгээ дуурайсан золиг вэ гээд үглэхийг та мэдээж олон сонссон байж таараа. Нэгэнт байлдан дагуулах тухай ярьж эхэлсэн болохоор үг хавчуулахад Гитлер гэж хар мангас цагаан хоолтон байсан гэдэг. Нэг сэтгүүлч “Яагаад та цагаан хоолтон болсон бэ" гэсэн асуултад тэрээр  “Та нар л тэр хүүрээ идэж байхгүй юу" гэж уурсан хариулсан байдаг. Ингээд бодохоор бүх юм хоёр талтай.

Өнөөгийн боловсролын систем бүхэлдээ ил ухамсар буюу англиар  conscious mind гэх тархинд элдэв мэдээлэл чихэх аргад суурилсан боловч далд ухамсар unconscious mind-ыг сэргээх, цэвэрлэх тал дээр муу байгаа тухай их ярьж, бичиж байна. Энэ талаар судалгаа тун ч бүрхэг. Далд ухамсар гэгч удамшдагаас гадна хүний 5 мэдрэхүйг хариуцаж, төрөхөөс үхэх хүртэл сэрүүн байдаг ухаан бөгөөд магадгүй үхсэний дараа ч цааш үргэлжлэн өөр нэгэн биед суудаг тэр ухааныг хэлж байгаа хэрэг юм. Зэс нь цухуйна гээд байдаг өнөөх л удам дамжсан далд ухамсарт байгаа зэс цухуйхыг хэлжээ. “Угаавч уг нь хар”, “Урыг нь харахаар удмыг нь хар” гэх мэтээр хэлсэн байдаг.
    
Эцэг нь аль болох настай, эх нь аль болох залуу бол дундаас нь гарсан хүүхэд эх шигээ эрүүл саруул биетэй, эцэг шигээ “муу санаатай” төрдөг гэх. Нээрээ ч агуу их суутнууд голдуу нас өндөр эцэгтэй байсан нь тогтоогджээ.

Бас нэг сонирхолтой юм гэвэл монголчууд “цоорно” гэж ярьдаг. Цоорхой хүн дээ гэх мэтээр. Гэтэл мөн л АНУ-ын тархинд хийсэн судалгаагаар хүн 45 насандаа тархины гол дамжуулагч зөөлөн эд нь бүрэн ажиллаж эхэлдэг болохыг тогтоожээ. Тэгээд ч аль ч улс оронд ерөнхийлөгч 45 нас хүрсэн хүн байна гэж хуульчилсан байдаг байна. Өөрөөр хэлбэл, 45 насандаа ухаан сууж байгаа хэрэг биш аливааг сэтгэн бодох дамжуулагч нь бүрэн ажилладаг болоод ухаанаа сайн ашиглаж байна гэсэн үг бөгөөд үүнээс өмнө тархи хагас дамжуулагч байсан байх нь. Зарим тохиолдолд мэдээж эрт байж болно л доо. Үүнийг манайхан “цоорох” гэдэг ажээ.

Бас монголчууд эртнээс хүнд 3 төрлийн сүнс байдаг гэж ярьсаар иржээ. Эхний сүнс сэтгэлд байдаг гэх бөгөөд дараах сүнс ясанд, удаах сүнс биед оршдог гэж үзсээр иржээ. Сүүжний ясыг их цээрлэдэг нь ясанд байх сүнс тэнд оршдог гэж үздэг ба биеийн сүлд сүнс үхэхэд алга болж сэтгэлд буюу тархинд байх сүнс гарч дараагийн аяллаа үргэлжлүүлдэг  гэх бөгөөд дараа төрөлдөө өөр сэтгэлд ордог гэж үздэг байжээ. Сэтгэл гэж яриад байдаг хэрэг дээрээ ухаан хэдий ч мөнөөх л далд ухамсрыг хэлсэн байж болох талтай.

Дээр өгүүлсэн сперматозоидоор мэдээлэл дамжиж үр хүүхдэд суудаг гэдэг нь материалист ойлголт билээ. Харин сүнс буюу хүний бүх насаараа, Буддын номоор бол өмнөх төрлүүддээ болон энэ насандаа  цуглуулсан мэдээлэл биеэс гараад өөртэйгээ адил энергитэй сүнс буюу мэдээлэлд нэгдэхийг дахин төрөл авах гэж үздэг байна. Бодоод байхад хэдэн сая зуун жилд бүрэлдэж тогтсон мэдээлэл агуулсан сүнс үхмэгц алга болдог бол яаж энэ хүн төрөлхтөн өдий болтол ухаалгаар орших билээ дээ. Үрийн шингэний тухай үг дуугарсан болохоор бас нэг түүх хавчуулъя. Ванчин бумба Чингис хаантай ирж уулзсаныг бүгд мэднэ. Харин тэрээр Чингис хаанд өгүүлэхдээ "Мөнх насална гэж байхгүй. Харин та олон эмс хатантай юм байна. Үрийн шингэн нугас тархитай адил тул хаантан та нэг шөнө нэг л хатантай хамт унтах нь зөв шүү…" хэмээн айлдсан байдаг.

Харин материалист талаасаа биш утгаар бол хүн дараа төрөлдөө энэ хийгээд урд насандаа хуримтлуусан үйлийн үр буюу хийж байсан үйлийнхээ дадал, олж авсан мэдээллээ сүнс хэлбэрээр тээж явсаар түүнээсээ хамаарч дараа төрөлдөө амьтан, хүн, эсвэл тэнгэр болдог гэх бөгөөд энэ хийгээд өмнөх  насандаа балмад танхай уур уцаар, атаа хорслоор сэтгэлийнхээ файлыг дүүргэсэн бол тэрэндээ  таарах биеийг олж л таараа. Адил цэнэг таталцдаг гэдэг бол маш энгийн ойлголт. Там там гэнэ тамтаггүй явах чинь там гэж бүгд сонссон. Тамтаггүй явдлын үр дүн далд ухамсарт гүн шингэнэ л гэсэн үг. Өвчин зовлон, уур хилэнгээс  гарсан энерги нэг газар цуглаж л таараа. Түүнийг там хэмээдэг байх талтай.

Бүх юм үүсэн устаж байдаг бодол ч гэсэн. Гэхдээ огт хоосон болж устах бус өөр хэлбэр, төлөвт шилжиж байдаг болов уу. Ийм “архив” л үйлийн үрийг буй болгож таараа.

Үйлдлээс дадал заншил, дадал заншлаас зан чанар, зан чанараас хувь заяа урган гарч байдаг гэдэг жирийн л шүтэн барилдлагын үнэн юм. Үүнийг үйлийн үр гэж ойлгож ч болно. Бид хүссэн ч эс хүссэн ч эргэн тойрноосоо, үзэгдэх хийгээд үл үзэгдэх бүхнээс хамааралтай.
    
Амьдрал бол тэмцэл гэж их ярьдаг байлаа. Социализмын үеийн гол уриа. Дайснаа л дарах, тэмцэлдэн тулалдах, хариу үйлдэл хийх өвчин. Гэхдээ тэр тэмцэл гэгч угтаа бол өөрийхөө Эго буюу биеэ өмөөрөх зантай, өөртэйгээ тэмцэх тэмцэл болохоос бусадтай алалцаад бай гэсэн үг биш билээ. Өнөөдөр ч энэ үг бас л эргэлтэд байгаа.

Манайхан өнөөдөр “байлдан дагуулах” тухай л ярих юм. Зурагтаа асаагаад эсвэл сонин гарчиглаад нэг үзээрэй “байлдан дагуулаад” л байгаа. Өөрийнхөө сэтгэлийг л байлдан дагуулсан хүн угтаа баатар юм шүү дээ. Түүнээс биш дуу дуулаад ч, кино хийгээд ч бусдыг, бүр үзэгч сонсогчдыг ялж дийлээд байлдаад бас дагуулаад байгаа юм ер байхгүй. Бэрхшээлээс шантрахгүй өөрийгөө  байлдан дагуулах тухай яриа юм.
   
Далд ухамсарын тухай Зигмунд Фрэйд анх шахуу хөндсөн гэх ч гагцхүү секстэй холбох талдаа байдаг .

18-р зууны үед Фридрих Шиллэнг гэгч Герман хүн өөрийн нэр томъёог гаргаж ирсэн гэх бөгөөд Фридрих Ниццшэ, Самуэль Тэйлор, Артур Шопенхауэр, Шекспир гэх мэт олон зохиолч яруу найрагч, сэтгэгчид ийм далд ухамсар, ухаангүй ухааны тухай буюу тэр зүгт хандсан бүтээл бичсэн байдаг. Ингмар Бергман хэмээх Швед кино найруулагч “Кино бол хүний далд ухамсрын тэр хар хонгил руу шууд яваад орчихдог урлаг …” гэж хэлсэн нь бий.

Далд ухаан логик муутай бараг логикгүй байдаг болохоор далдаас ийм үйлдэл хийгдэж байдаг байна.

Энийг харах их амархан, ялангуяа нэрээ нууж хов ярих нь ихэнхдээ өнөөх  хүмүүсийн  дотоод зан чанар илэрч  байдаг шиг байгаа юм. Нэр гэгч ил ухамсрын хаяг болохоор л хүн нэрээ хэлэхгүйгээр өнөөх араатан зангаа гаргаж байдаг билээ.

Хятадад явж байхад нэг найз маань “Эд нар идэхээс өөр юм чаддаг юм уу…?" гэж их л дургүйцсэн өнгөтэй хариу үйлдэл үзүүлэхэд хамт явсан зураач С.Саранцацралт “Битгий тэгж хэлж бай. Ийм олон хүн дотор хоолноос өөр юм бодохгүй амьтан байж байгаад дөнгөж хүн болж байгаа нь ихэнх нь шүү дээ… Бид ч эргээд  амьтан болж төрнө шүү дээ …” гэж билээ.

“Хүнээр хүн хийх” гэж хууччууд ярьдаг байсан нь үүнийг хэлжээ гэж мунхагланам.

Хэдхэн цөөхөн Монголчууд талархлын үгэнд гуйлгачин шиг байхаа больж, бие биенээ урамшуулж амьдарвал өөрт хийгээд бусдад тустай бөлгөө.

Ардчилсан нийгэм гээд л хамгийн муу муухай бүхнийг хөхиүлэн шуугилдаад байх нь хэрэг дээрээ хэлээр хийж буй нүгэл төдийгүй өөрийнхөө, эргэн тойрныхоо далд ухамсарт хог чихэж байгаа л үйлдэл билээ.

Уурлаж бухимдсан хүн өөрөө эхний хохирогч нь болоод дараа нь бусдад хор хүргэдэг. Ингэхээр эхлээд өөрсдийнхөө сэтгэлийг байлдан дагуулцгаая та минь ээ!

Уг нь бол Бурхан багшийн бясалгал л яг энэ далд ухамсрыг өөрчилдөг ч бас урд насны буянтай нь суудаг гэх тул очиж суу гэж ятгах огт тус болдоггүй ажээ. Эцэст нь өгүүлэхэд үнэгүй суудаг бясалгал уг нь манайд байж л байгаа. www.byasalgal.mn хаяг руу нэг шагайчихад гэмгүй.