Аугаа уран зургууд
Уран зургийг харах яруу найраг гэдэг билээ. Аугаа уран зургууд олон төрхтэй. Хамгийн жижиг нь атганд багтахуйц бол хамгийн том нь ордон, сүмүүдийн асар уужим таазаар хөвөрдөг. Уран зургууд мөн өөр олон талаараа, байгаль дэлхийн өчүүхэн нарийны дүрслэлээс хуйларсан хийсвэрлэл, дур булаасан дотно хөргөөс түүхэн цаг мөч, домог, уран зохиолын илэрхийлэл гээд олон янз. Энэхүү номон дох уран зургууд хүн төрөлхтний зуун зууны яруу тансаг мэдрэмжийг төлөөлж буй юм. Зарим нь үйл явдал өгүүлж, таны алс холын газар нутгууд руу аваачих бол зарим нь гоо сайхныг магтан дуулна, харин бусад нь тэсвэрлэхийн аргагүй айдас, аймшигт үзэгдлүүдийг харуулна. Гэхдээ аль нь ч давтагдашгүй онцгой.
Аугаа уран зургууд олон төрхтэй. Хамгийн жижиг нь атганд багтахуйц бол хамгийн том нь ордон, сүмүүдийн асар уужим таазаар хөвөрдөг. Уран зургууд мөн өөр олон талаараа, байгаль дэлхийн өчүүхэн нарийны дүрслэлээс хуйларсан хийсвэрлэл, дур булаасан дотно хөргөөс түүхэн цаг мөч, домог, уран зохиолын илэрхийлэл гээд олон янз. Энэхүү номон дох уран зургууд хүн төрөлхтний зуун зууны яруу тансаг мэдрэмжийг төлөөлж буй юм. Зарим нь үйл явдал өгүүлж, таны алс холын газар нутгууд руу аваачих бол зарим нь гоо сайхныг магтан дуулна, харин бусад нь тэсвэрлэхийн аргагүй айдас, аймшигт үзэгдлүүдийг харуулна. Гэхдээ аль нь ч давтагдашгүй онцгой. Уран зураг үзэх нь хүний хувийн мэдрэмжээс ихэвчлэн шалтгаалах ч гэлээ энэ нь илүү их мэдлэг хэрэг болохгүй гэсэн үг биш тул урлагийн бүтээлийн тухай та хэдий чинээ ихийг мэдэж, хэдий чинээ нарийвчлан харна төдий чинээ ихийг олж үзэж, нүд, сэтгэл тань баясах болно. Аугаа зургууд ихэнхдээ далд, нууцлаг утга агуулсан байдаг ч хэрвээ түлхүүрийг нь олох юм бол утга учрыг нь тайлж болдог.
Эл номын ачаар та уран зургийн талаар гүнзгий ойлголт эзэмшиж, нэгэн гайхамшигт ертөнцийн үүдийг сөхөх болно. Аугаа уран зургийг “унших” нь, зүйрлэвээс, урт холын аянд мордохтой адил бөгөөд хүнд эцэс төгсгөлгүй баясал, асар их таашаал авчирдаг. Таны ер бусын аялалд амжилт хүсье.
О.1743, Зотон, тосон будаг, 69.9*90.8 см, Үндэсний галерей, Лондон, Их Британи
ВИЛЛИАМ ХОГАРТ
Лондонгийн тансаг байшингийн уужим өрөөнд чинээлэг худалдаачин, гүн хоёр тус бүртээ ашигтай байхаар гэрлэлтийн тохиролцоо хэлэлцэж байна. Худалдаачин (улаан хантаазтай) гүн Үрэн-Таран хэмээх (өөдөөс нь харан сууж байгаа), нэрнээсээ л бараг мэдэгдэж байгаачлан, хамаг хөрөнгөө үрсэн сурвалжтаны хүүтэй охиноо гэрлүүлэн язгууртан болохыг сонирхож байна. Сүйт залуу (цэнхэр хувцастай) энэ бүхнээс залхсан байдалтай харагдаж байгаа бол хуульч охины чихэнд юм шивнэж, харин нягтлан төлөгдөөгүй төлбөрийн данс бүртгэл гүнд сарвайж байна. Ийнхүү тааламжгүй нөхцөл байдлаа гэрлэлтээр шийдэх эмгэнэлт дүгнэлт гаргаж байгааг Хогарт харуулжээ. Мөнгөний төлөө гэрлэлтийг ёгтлон харуулсан энэхүү тааламжгүй боловч хошин үзэгдлээр хүний сул дорой байдал, ёс суртахууны уналтыг үзүүлжээ.
Шинэлэг ёгтолсон дүрслэл
Хогартын ёжтой зургууд сэдэв, хэлбэрийнхээ алинаар нь ч шинэлэг байдаг. Ганц зургаар биш харин хүүрнэсэн цувралаар тэдгээр нь XVIII зууны үеийн Лондонгийн иргэд, тэдний эд зүйлд шүтсэн байдал, хорон сүйтгэсэн хандлагын талаарх түүний егзөр үзэл, доог тохуу хийх дур хүслийг харуулдаг.
“Гэрлэх тохиролцоо” цуврал зураг түүний бусад бүтээлийн нэгэн адилаар театрын тайзтай төстэй орчинд яг л тайзан дээр жүжиг тоглогдож байгаа мэт байдлаар сонирхолтой түүх хүүрнэдэг. Эхний зурагт энэ үйл явдлыг огтхон ч сонирхохгүй байгаа мэт залуу хос нуруу нуруугаа харуулан сууна. Энэхүү ирээдүйгүй эхлэлээс араар тавилт, бэлгийн замын өвчин, залхуурал, амиа бодсон байдал, хүчирхийлэл, үхэл бүхий айдас хүрэм үйл явдлууд өрнөдөг.
Зураг хошин, хоржоонтой зохиомжтой, сайн гүйцэтгэлтэй. Дүрүүдийн царайнаас өгсүүлээд ханан дахь зураг, цонхоор харагдах үзэгдэл зэрэг сэтгэл татам хангалттай олон нарийвчлалтай. Тэрээр түүх болон хөрөг зургуудаас хангалттай орлого олдоггүй байсан тул ийм зургийн хэв маяг өөртөө хөгжүүлжээ. Гэсэн ч уг цувралын Гэрлэх тохиролцоо болон өөр таван зургийг хүмүүс эхэндээ тийм ч нааштай хүлээж аваагүй юм. Зураг нь зарагдахгүй байсан тул тэрээр зурсан дүрсүүдээ сайн чанарын барлал, захиалгын хэвлэбэр хэлбэртэй болгосон нь харин хамаагүй олон хүнд хүрч, нэлээд орлого оруулжээ.
Цаг хугацаанд хуучирдаггүй зоримог сэдвүүд, таагүй ч ба хамаагүй эцсээ хүртэл үргэлжилсэн цуврал хэлбэртэйгээсээ болоод Хогартын ёжтой зургууд өнөөг хүртэл хүмүүсийн сонирхол татсаар байгаа юм. Сэдвүүдийг нь зүйрлэж үзвээс тэдгээр нь өнөөгийн савангийн дууриудын XVIII зууны үеийн хувилбар байсан ажээ.
ВИЛЛИАМ ХОГАРТ
1697-1764
Шинийг сэдэгч зураач, барлагч Хогарт Британийн урлагийг хэвлэлийн хэрэгслээр нийтэд түгээхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр мөн зохиогчийн эрхийг санаачилжээ.
Сийлбэрчин, модон барлагчид дагалдан хийснийхээ дараа 23 настайдаа тэрээр Лондонд өөрийн хувийн хэвлэлийн бизнес эхлүүлжээ. Тэрээр мөн Лондонгийн Мартинс Лэйн гудамжинд байдаг Сэр Жэймс Торнхиллын төлбөргүй академид уран зураг судалсан юм. 1730-аад оноос Хогарт чинээлэг өрхүүдэд зориулан “хүүрнэсэн зургууд” хэмээх албан бус байдалтай байгаа бүлэг хүний хөрөг зурдаг болсон ч дүрслэлүүд нь захиалагчдаа хангалттай магтаагүйгээс амжилт муутай байв. Чухам тэр үеэс Хогарт ёжилсон зургийн хэв маягаа олж эзэмшжээ. Бүтээлүүд нь олон нийтэд асар таалагдсаны улмаас тэр ч зэгсэн чинээлэг болсон. Тийнхүү тэр хувийн ивээн тэтгэгчгүй Британийн анхны бие даасан уран бүтээлч болсон юм. Хогартын бүтээлүүдээс о.1731 оны Харлотын явдал, 1735 оны Рэйкийн явдал, о.1743 оны Моод маягийн гэрлэлт нар нь илүү алдартай.
Хогартын зураг бүр яг л гэмт хэргийн үзэгдэл мэт харагддаг. Үзэгчийг мөрдөгчийн нүдээр гүйлгэн харж, уран зураачийн үлдээсэн учгуудыг олохыг урьдаг юм.
ТОМ ЛАББОК, ИНДЭПЭНПЭНТ, 2008
Тогтоож ажиглахуй
ТҮЛХҮҮР
ГҮН ҮРЭН ТАН. Хиймэл үс зүүсэн, булцгар төрхтэй гүн Үрэн-Таран худалдаачны охиныг сурвалжит гэр бүлдээ оруулах гэж байгаагийн төлөө нэлээд их хөрөнгө шаардаж байгаа нь эргэлзээгүй. Энэхүү нөхцөл байдал дээр хэдэн зуун жилийн өмнөх сурвалжийг харуулсан ургийн модыг гүн бардмаар заасныг хошигнон харуулжээ. Түүний өөрийгөө бөөцийлсөн байдлыг тулайтсан хөлөө гэр бүлийн сүлдээр чимэглэсэн тавиур дээр тавьснаас харж болно. “Баян хүний өвчин” гэдэг тулайг хэт их хоол хүнс, дарс хэрэглэснээс тусдаг гэж үздэг байв.
ХОТЫН ХУДАЛДААЧИН
Зохиомжийн төвд бэр болох гэж буй охины эцэг - тод улаан хантааз өмссөн худалдаачин гэрлэлтийн гэрээг харан сууж байна. Охиныхоо урдхантаа суусан тэрээр нүдний шилээ барин гэрээг харж байна.
БАРИЛГЫН АЖИЛ
Цонхоор цаана асар том барилгын ажлын тавцан харагдаж байна. Энэ нь гүнгийн шинээр бариулж буй харш бөгөөд үүгээр түүний бодлогогүй үрэн таран байдлыг харуулжээ. Барилга дуусаагүй байгаа нь гүн мөнгөөр тасарсныг харуулж байна.
ТӨЛӨХ ӨР
Нягтлан нь Үрэн-Таран гүнд шинэ харш бариулсантай холбоотой байж болох төлөх өрийн төлбөрүүд гардуулж байна. Төлөх өрийн бичгийг гэрлэлтийн гэрээтэй хамт харуулснаар Хогарт хоёр эцгийн хоорондох наймааг тун ч ёжтой харуулжээ.
ХҮРГЭН БОЛОХ ГЭЖ БУЙ ЗАЛУУ
Туниагүй виконт ирээдүйн эхнэрээсээ илүү толин дахь өөрийнхөө тусгалыг илүү бахдаж байх шиг байна. Хамгийн сүүлийн үеийн Франц загвараар хувцасласан гүнгийн хүү эх газарт өмнө нь хөл тавьсан нь эргэлзээгүй. Эцгийнхээ нэгэн адил тэрбээр зугаа цэнгэлийн амьдралаар замнагч бөгөөд хүзүүн дээр нь “Франц улаан бурхан” буюу тэмбүүний ул мөр болсон хар толбо харагдаж байна.
БЭР БОЛОХ ГЭЖ БУЙ ОХИН
Өөрийгөө өргөмжилсөн нөхөр нь болох гэж буй залууг бодвол илүү даруухан хувцасласан охин Бурман-Амт хэмээн онож нэрлэсэн хуульчийг анхааралтай сонсож байна. Энэ нь хуульчийн увайгүй занг цухас харуулна. Цувралын сүүл хэсэгт хуульч түүнийг эргүүлдэхийг бид харах болно.
МЭДУЗА
Залуу хосын голд, цаад ханан дээр Караважогийн 1597 онд зурсан Мэдузатай нэлээд адилхан зураг харагдана. Могойн үстэй энэхүү Герегийн домгийн мангасаар тохироогүй хосд тохиох гэж буй азгүй явдлыг илэрхийлжээ.
НОХОД
Залуу хосын азгүй холбоог зүүн доод буланд байгаа хооронд нь дөнгөлсөн хоёр нохой илтгэнэ.
АРГА БАРИЛ
Хогарт авьяаслаг барлагч байсан бөгөөд Гэрлэх тохиролцоогоо доор харагдаж буй хэвлэлд ашиглажээ. Бар хийхийн тулд дүрсийг зэс хавтан дээр буулгадаг ба түүнээсээ хар цагаан хуулбарууд гаргадаг. Хэвлэлийн процессоос шалтгаалан дүрс нь эсрэг талаараа буужээ. Ингэж хэвлэхэд өнгөтэй гардаггүй улмаас ууссан хэсгийг өөрөөр бүтээх хэрэгтэй болдог. Тиймээс барлагч ууссан хэсэг бүтээхийн тулд давхарлал хэмээдэг, хоорондоо маш ойрхон шугамнууд үүсгэн илүү хар хэсгийг нь дүрсэлдэг. Харин цайвар хэсэгт илүү бага давхарлал хэрэглэх буюу хоосон үлдээдэг байна.
Доорх зурганд Хогартын Моод маягийн гэрлэлтийн хоёр дахь үзэгдлийг харуулсан байна. Зурагт шинэхэн хосууд тус тусдаа үдшийг өнгөрүүлсний маргааш өдөр гэртээ байгааг харуулжээ. Виконт суудалдаа лаглайхад халааснаас нь өөр эмэгтэйн малгай цухуйсныг нохой нь чангаажээ. Эхнэр нь харин харагдахгүй байгаа хэн нэгэнд хурдан гарахыг сануулан дохиж байх шиг байна. Хөмөрсөн сандал тийм учиртай бололтой. Зүүн талд үйлчлэгч төлөгдөөгүй байгаа нэхэмжлэлүүд барин аргаа барсан бололтой гараа савчин гарч байна.