“Худлаа ярьснаас дуугүй байх нь
хамаагүй тансаг яруу найраг.”

Өөрийн нүүр номноос


Байхгүй байна гэдэг хоёр үгийг  Монгол хэл сурч байгаа гадныхан гайхдаг. Гайхах ч аргагүй. Байгаа юм уу? Байхгүй юм уу?

Уг нь байгаа ч одоогоор алга байна гэсэн санаа гэдгийг ямар ч Монгол хүн ойлгоно л доо. Гэтэл бид яг энэ ухагдахуунаар их олон зүйлийг ойлгоод байх шиг. Бурханы тухай одоо ярья. Бурхан гэж байгаа юм уу гээд бодвол “байхгүй байна” гэдэг шиг юм болж явчихна.

Загалмайд хадуулж байхгүй болж Хэрээст нэртэй болсон шашинд  бол түүний эцэг ертөнцийн эзнийг ёстой л байхгүй мөрлөө байгаа гэж үзнэ.

Буддын шашинд бол хүн бүрийн дотор бурхан байгаа, гэхдээ өөрөө олж сэрээж чадвал байна, чадахгүй бол байхгүй байна гэж үздэг.

Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хүмүүс маш олон байдаг. Бидний бүгд таньдаг их хурлын гишүүд дунд  ч байхгүй “байдаг” хүмүүс олон.

Зарим хүн амьд сэрүүн байхдаа нэг их анзаарагддаггүй, анзаарагдсан ч хүнд тээртэй, ааштай, юм шиг хирнээ жинхэнээсээ байхгүй болчихоороо үгүйлэгддэг хүн байхад, харин өнгөрч одохоороо огт санагдагдаад байдаггүй хүн ч бас бий.

Шагжмуни, Бурхан багш хэмээн нэрлэгддэг Сидхарт Гаутам хэмээх Энэтхэг хүн, түүний ном  2500 жилийн өмнө байсан ч өдий хүртэл түүнийг мартаагүй нь гайхмаар ажээ. Жирийн хүнийг өөд болоход хэдэн жил, заримыг нь бол хэдхэн хоноод марчихдаг билээ. Ленин багш маань зуугаад жил л яригдлаа.

Аав минь амьд байхад би нэг их тоож ойлгодоггүй байлаа. Мэдээж хүндэлнэ гэхдээ л ингээд л байж байх юм шигээр бодож тунирхах, ялархах маягтай явтал гэнэт нас барахад нэг асар том хана туурга алга болчих шиг болж… Би одоо яанаа гэж өөрийгөө өрөвдөж байснаа бодохоор арчаагүй санагддаг. Монгол тулгатны 100 эрхэмд орж байсан Х.Баттулга аавыгаа яриад уйлж суусан. Бид бүгд адил байхад нь тоохгүй явсаар байхгүй болсон хойно нь уйлдаг. Уйлсан хүнийг бүү асуу гэдэг. Өөрийгөө л яллаж байгаа нулимс…

Одоо ч миний хүүхдүүд намайг төдийлөн тоохгүй байгаа ч үхсэний дараа л би тэгэхэд яах гэж аавыгаа гомдоов доо гэж халаглаж, түшээд тулаад сүйд болдоггүй байсан ч бас нэг л том түшиг тулгуур, ядаж гайхуулах хүнгүй болсондоо харамсана. Хүн гэгч ийм муухай хувиа хичээгч ажээ.

Хүн хамгийн ойр байдаг хүнээ огт хайхрахгүй хэрнээ хаа холын өөртөө бараг хамаагүй хүнийг бол шүтэж хайрлаж байдаг ажээ.

Яагаад гэвэл тэр алсад байгаа хүн түүнд ямар ч өөгүй хүршгүй шүтээн мэт болоод тэр. Тээр хол, байхгүй юм шиг “байж” байдаг болоод тэр. Бурхан шиг тийм хүнд хариу үйлдэл хийх уурлах ямар ч шаардлага байхгүй учраас тэр.

Нэг олж уншсан юм санаанд орж байна. “Нэгэн гэгээрэлд хүрэхээр шамдан бясалгал хийдэг хүн ганцаар завиар усанд хөвж бясалгах дуртай байжээ. Тэр хий хоосонд умбаж өөрийнхөө гүнд төвлөрч байна гэж итгээд нүдээ аниад хөвж явтал нэг завь түүний завийг мөргөж орхиж. Өнөөх хүн  тэгш амгалангаа алдаж, уур нь дүрсхийж, нүдээ нээж хэрэлдэхээр зэхтэл өнөөх завь хоосон  байжээ. Тэгээд тэр бодож. Хэрэв энэ завин дээр хэн нэгэн байсан бол тэр хэрэлдэх байж. Энэ завь хоосон учраас тэр тайвширсан бөгөөд үүнээс улбаалан энэ их уур гэгч миний дотор л байж байсан байна шүү дээ. Тусах тусагдахуун бол уурыг бий болгогч биш харин миний доторх уурыг л гаргагч юм байна. Би хэн нэгэнд уураа л гаргадаг болохоос миний дотор тэр уур үргэлж нуугдаж байдаг юм байна” гэдгээ ойлгосон гэдэг.

Ийм болоод хүн тэр арвин уур уцаараа хамгийн ойрын хүндээ гаргаж явдаг аж. Бид бүдээрээ уур хүргээд байгаа тусагдахууныг л уур бий болгоод байна гэж эндүүрч тэр мууг харахаар л уур хүрээд байх юм, бодохоор л уур хүрээд байх юм, тэр нэг юм үхэж далд ороосой гэх авч үнэн хэрэгтээ тэр үхээд ч нэмэр байхгүй, таны дотор байгаа тэр хилэн бас нэг өөр тусагдахуун хайж эхэлнэ. Ялангуяа ойр дотно байсан хүмүүс л хамгийн их дайсан болцгоодог нь үүнтэй холбоотой.

Тиймээс ер нь байхгүй юм шиг “байх” бас нэг сайн талтай аж. Тэгээд ч уух усны ойр нь дээр, удам төрлийн хол нь дээр гэсэн мэргэн үгтэй.

АНУ-ын нэрт зохиолч Ж.Д.Селенжер ёстой жинхэнээсээ байхгүй байсаар хорвоог орхисон нэгэн. Оросын нэртэй драматур, зохиолч нийтлэлч А.С.Солженицын 1945 оноос 1953 оны хооронд шорон цөллөгт тарчилж байгаад 1974 онд “ГУЛАГ архипилаг” номноосоо болж нутгаасаа хөөгдөж   АНУ, Швейцарь, Франц орнуудад  амьдарч байхдаа Нобелийн шагнал хүртэж асар их нэр хүндийг олсон. 1990-ээд оноос  эргэж ирээд нэг их сүйдтэй талархал хүлээлгүй  байсаар 2007 онд л Путинээс Төрийн шагнал хүртээд 2008 онд нутагтаа ясаа тавьсан билээ.

Ялангуяа манайхан хажуудаа байгаа хэнийг ч агуу гэх  дургүй улс бөгөөд харь хаа холын одыг бол шүтэн биширнэ. Яагаад гэвэл тэр байхгүй “байгаа” од учраас тэр. Дэргэд нь байсан хэн нэгэн мандаад сүйд болвол… Аа энэ муу хэдэн жилийн өмнө хэн байлаа даа би мэднэ ш дээ…хэмээн муулах буюу аль болох муу талыг нь ёстой даравч далдайтал, булавч бултайтал гаргаж ирээд сэтгэл нь цаддаг зантай улс.

Ч.Галсан гэж лут том хүн бий. Тэрбээр Герман улсад амьдарч олон ном  Герман хэл дээр гаргаж, Монгол зохиолчийн нэрийг дэлхийд гаргасан ч буцаад нутагтаа ирэхэд нь хэн ч нэг их тоохгүй л байна. Тэр зохиолч зарсан номноосоо олсон орлогоор мод тарьж өөрийгөө баясгаад сууж байдаг тухайгаа ярилцлага өгсөн байна билээ. Ганцаардсан сэтгэлээ олон болгож байгаа нэг хэлбэр шүү дээ. Одоо тоохгүй ч өнгөрсөн хойно нь л бараг “алтан цээжтэй мөнгөн бөгстэй” хүн байсан мэтээр бичиж ярьж хөшөө дурсгал босгож сүйд майд болж мэднэ. О.Дашбалбарыг амьдад нь бараг галзуу, согтуу гэж байсан ч одоо болохоор түүний “Амьддаа бие биенээ хайрла” гэсэн үгийг хүн бүр л ишлэх болж.

Ингээд бодохоор байхгүй юм шиг “байх” нь дээр шиг.

Ийм зүйлийг уншаад тийм шүү дээ гэж бүгд хүлээн зөвшөөрөх ч тэгсгээд мартаж аанай л муу үгээ хэн нэгэнд хаяглан шидэж, дургүй хүрмээр хог гэж уурласаар өрөөл бусдаас өө хайсаар насыг барна. Тийм болохоор хүн гэгч хүссэн ч эс хүссэн ч нэг л нууцлаг, тайлагдашгүй байх хэрэгтэй болж байх шиг. Илэн далангүй байх өөрт амар ч өрөөл бусдад бас л нэг их таалагддаггүй бололтой Өөрөө өөрийгөө нүцгэлж харуулсан анхны ном гэх Жан Жак Руссогын “Наминчлал”  хамаг байдгаа илэн далангүй бичсэн ч харин ч бүр мандах байтугай энэ чинь миний л адил нэгэн байна гэх бодол хүн бүрт төрж нэг их шуугиан тариагүй гэдэг. Гэхдээ бас зарим хүмүүс түүнийг өнгөрсөнтэйгээ ижилсэж, өөрөөр хэлбэл би ийм үнэнч наминчлагч гэж харуулах талдаа бичсэн болоод тэр хүний нүгэл түүний л нүгэл биз гэж бодогдсон талтай гэж бичих нь бий.

Тийм болохоор “нүглийн нүдийг гурилаар хуурч” суух нь өнөөх л байхгүй юм шиг байх ухаан бололтой.

Угаасаа тийм зантай, угаасаа өөдгүй хүн дээ, угаасаа авъяастай юм тэр чинь …гэж ярьдаг бас л өнөөх далд ухамсарт буй “уг” чанарыг хэлдэг бололтой. Урыг нь харахаар удмыг нь хар ч гэдэг. Ухамсарлаж ойлгож байгаа хэрнээ удахгүй таг мартаад байдаг өнөөх л уг чанар буюу далд ухамсарт шингэсэн чанар бололтой юм.

Угаавч уг нь хар болоод л уншсан ч сонссон ч ухаарах нь байтугай хариу үйлдэл хийсээр дуусдаг улсыг яагаад ч нэмэргүй билээ. Ер нь сайхан, хэцүү хоёр эрэг ус шиг хамт явдаг бөгөөд муу муухай дадал хамгийн амархан үйлдэгддэг болоод л өдөр бүр сайныг бодож хийж дадуулах тухай бүх шашин сургадаг билээ.

Тэгээд ч ийм юм бичээд байдаг нь өөрийнхөө угийг угаах гэж оролдохын хажуугаар ухаарах нэгэнд бас тус болох гэж тэр ээ.

Эцэст өгүүлэхэд, В.Шекспирийн алдарт үг “To be or not to be”-ийг “Орших уу, эс орших уу” хэмээн орчуулсан нь нэг л хол дуулддаг. Уг нь бол Хамлет үйлдэх үйлдэхгүйн заагт, үнэн худлын завсарт эргэлзэх үедээ хэлдэг үг болохоор өнөөх л байх байхгүйн тухай философи юмсан.

Аливаа зүйлс байх, байхгүйн  завсарт оршдогоороо хоосон чанартай бөлгөө!