Ухаалаг төр дарга нарыг цөөрүүлнэ гэж бодохоос өндөр цалинтай, дураараа дургигч, ажил саатуулагч ихэмсэг дарга нарыг шүүмжилж явсан өвгөний хүсэл биелэв. БНМАУ-ын хот, аймаг, сум-нэгдэл, сангийн аж ахуй бүрд дарга хэмээх хар мянган “хувалз” үүрэлсэн нүсэр намын хороо, захиргаад эзэрхийлээд, хүнд сурталд живснээс хөгжөөгүй. Эцэст нь замын бөглөө бул хар чулуудыг буйгаар нь зайлуулах тавилантай ухаалаг төрд шилжих санаа төрдөг байна. Даргын арми хэрэггүйг олж харж устгахаар хувьсгал өрнүүлж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорждоо талархахын хамт өтөлсөн болохоос үхсэн биш чадлаараа дэмжих болно оо.  

Өвгөн зохиолчийн дэмжлэг бол үг. Соён гэгээрүүлэх үг. Ухаалаг төртэй болоход амархан гэж Ерөнхийлөгч та хэлэв. Үнэн. Гагцхүү ухаалаг төрийг чинь хэн ажиллуулах юм бэ? Япон хүн үү, сингапур хүн үү? Үгүй ээ монгол хүн. Хуулиа сахих гэж тэмцэх нь байтугай өөрөө алхам тутамдаа зөрчдөг, цагийн үнэ цэнийг мэдэрдэггүй, арын хаалгадах 70 жилийн нугаршгүй зуршилтай залхаг монгол тэр нарийн дэгтэй ухаалаг төрийг чинь жолоодох болж байна. Мөн Монголын нийт хүн амыг ухаалаг төрд бэлтгэхэд маш их сургалт шаардлагатай. Бид хүмүүжил, дадал, зуршлаа үндсээр нь өөд татаж, ухаалаг төрд дор бүрнээ биеэ бэлтгэх цаг ирлээ. Миний үгийн үр дүн гэж юу базаах вэ, гэхдээ хандиваа нэмэрлэе гэсэн сэтгэлийг минь бодно биз. Монгол хүн хуулиа алхам тутамдаа чанга сахьдаг болохын төлөө би бичиж ирсэн, хойшид ч бичих болно. Бүх хүн хуулиа чанд сахивал ажил ямар сайхан бүтэх бол гэж би мөрөөдөж амьдарсан хүн. Миний мөрөөдөл явж явж энэ ухаалаг төр чинь юм шиг байна.

1990 оны ардчилсан хувьсгал дарга нарын армийн торгон оройг огцруулж дөнгөсөн авч бие бүрэлдхүүн нь хөндөгдөөгүй. Бүтэн үлдсэн бие нь 24 жил ардчиллыг саатууллаа. Хувьсгалгүйгээр энэ ялзарсан том мах бодийг ариусгаж чадахгүйг Ерөнхийлөгч та харжээ. Ажил хэрэгч иргэд минь, бизнесменүүд минь нэгдсэн хүчээр даргагүй болцгооё. Дарга нарын ачааг хүн бүхэн үүрдэг. Тэдний гайг бүгд эдэлдэг.         

Өдгөө байдал ямар байна? “Том төрөөс ухаалаг төр өөд” гэх сэхээрэл төрж буй энэхүү эгзэгтэй агшинд ухаалаг төрийн ирээдүйн чөдөр болох нөхөд урсгалыг сөрөөд даргын сэнтий өөд довтолж буйг хар. Дажгүй залуу  гараад ирэв үү гэж горьдохоор, тэгсгээд яс цусны нь гүнд нуугдах даргад шунасан хүсэл тачаал танигдаад урам хугалчих юм. Нам дамжаад албан тушаал хөөцөлдөхийг яана. Энэ нь сүүлийн  жилүүдэд бизнес хөөснөөс дарга болсон нь хялбар агаад ашигтай нөхцөлийг төр барьж асан нам буй болгосноос даамжирсан билээ.

Саяхан МАН-ын хэсэг залуус намынхаа их хурлын өмнө бид дарга болох гээгүй намаа шинэчилж, хүн амаа баян чинээлэг болгох дан ганц зорилготой гэх эрүүл саруул уриа цуурайтуулж байснаа намынхаа хурлын дараа зарим нь дарга болгосонгүй гэж өширхөөд хяналтаа алдаж шившиг болов. Нам шинэчлэгдэх нь өнгөрсөн. Тиймээс ард түмний амьдралыг дээшлүүлэх тухай яриад хэрэггүй боллоо. Одоо бидэнд гагцхүү М.Энхболд тэргүүтэй хотын фракцыг татаж унагах л үлдлээ гэсэн хорсол заналаа ичгүүргүй цацахдаа тулсан. Бага хуралд багтаасангүй, удирдах зөвлөлд сонгосонгүй, ерөнхий нарийн бичгийн дарга болгосонгүй гэх нууц хүсэл нь тэднийг ингэж хөөдөв. Эх оронч хийрхэл нь албан тушаалын ганц утсанд торж явдгаа тэд харуулсан.    

Р.Амаржаргал гишүүнээсээ татгалзаж сөрөг хүчний инээдийг хүргэв. Нэг сонинд УИХ-ын дарга болгосонгүй гэж ийм алхам хийлээ гэж бичжээ. Тэр өөрийгөө зөвтгөж утга авцалдаагүй олон долоон шалтаг тоочсон. Гэм буруутай улс төрчдийн өмнөөс гэм буруугүй цэвэр тунгалаг тэр бээр хариуцлага хүлээж буй юм гэнэ. Нэг л үнэмшилгүй. Намынх нь зарим өөдгүй нөхөд хавчиж гомдоосон байлаа ч үнэхээр шударга гишүүн аваас төр засгийн толгойд гарсан хариуцлага хүлээдэггүй гэмтэнтэй гудамжнаас бус парламентдээ сууж байгаад аль ч намын хамаагүй шударга гишүүдтэй хүч хавсран тэмцвэл боломж өндөрсөх бус уу. Түүнийг жирийн иргэний бус УИХ-ын гишүүний зангаргаар хариуцлагагүй явдалтай тэмц гэж сонгосноос зугт гэж сонгоогүй. Сүхбаатар дүүргийн 8-р хорооны иргэн би бээр ингэж үзэж байна. Түүнийг сайд болгох гэж сайдуудаас өө хайгаад, бөө мөргөл шүтдэг гэх нэг сайд сөрөг хүчин болон Ж.Батзандан гишүүнд онилогдож байх шиг.      

Хувь хүмүүсийн асуудлыг орхиё. Ер нь яагаад монголчууд даргад дуралдаг болсон юм бэ? Яагаад Монголд том төр үүсээд байдаг юм бэ? Даргад дурлах бидний өвчин хорт хавдар шиг эдгэхгүй өвчин биш гэх өөдрөг үзэлтэй бай. Маний үеийн дарга нар гол төлөв нийгмийн өмчийг хулгайд алдахгүй гэж ард түмнээ сэрдэх ажил эрхэлдэг байв. Аймаар хартай байж чадвал дээд талдаа итгэл олж дэвшинэ. Социалист өмч үнэндээ шамшигдаж байлаа. Хулгайчид нь ажилчин, малчин, сэхээтэн. Манаач нь дарга нар байж. Дарга-манаачийн армид алба хаахаар бид бүхэн тэмүүлсний шалтгаан эх оронч үзэлдээ бус гагцхүү өндөр цалин, унадаг унаа, тусгай хангамж байв. Нийгмийн гэх гарын дор хулгайлагддаг дэл сул өмч эдүгээ ардчиллын буянд өөрийн гэсэн эзэнтэй болж дарга гэгч өндөр цалинтай манаач нарын арми үүрэггүй болжээ. Ажилчин, тариачин, сэхээтэн гэх нийгмийн хулгайч давхрага өөрсдөө хувийн өмчтэй болсноор хумслахаа арай хумьж, харин хардаж сэрдэж явсан дарга нар юун манаа манах, өөрсдөө татвар төлөгчдийн мөнгөнөөс хусахаар өлссөн цөөвөр мэт ухаангүй дайралдаг болов. Социалист өмчийн манаач-дарга өдгөө татвар төлөгчдийн мөнгөнөөс хусдаг хулгайч болж хувирсан нь тэд угаас эх орончид биш байдгийг нотолж байна.  

Одоогийн хэлээр хувийн бизнес, бидний ярьж байснаар ариун цагаан хөдөлмөрөөр хөлжих гэсэн оролдлого бүхнийг нам толгойтой Төр Засаг татвар авилга хүнд суртлаар хавчаад, төрийн албан хаагч буюу дарга нарын цалинг нэмж, хүүхдийг нь үнэгүй сургаж, орон сууцжуулж, даргад хорхойсдог монгол архаг хуучийг сэдрээж орхисон юм. Даргаас давах ашигтай бизнесгүй маний үеийн ялзрал ийнхүү  эргээд ирсэн билээ. Зах зээлийн өрсөлдөөнөөр монгол хүний гавалд бие даан баялаг бүтээх хүсэл, уран санаатайгаа хамт уугьж эхэлмэгц тэнэг Төр Засаг түүн рүү нь ус асгаж унтраагаад даргын бизнесийг асаачихсан. Ингэсэн нөхцөлд яс мах цусандаа даргад донтой монголчууд урьдын бидний адил тийшээ сад тавилгүй яахав. Өөрөө юм бүтээж биеэ ядраахгүй атлаа өндөр цалин хүртэхдээ монгол хүн нугасгүй юм чинь Төр нь данхайхгүй яахав. Ингээд баялаг бүтээх бизнесменгүй, төрийн албан хаагчдын Монгол орон болжээ. Мөнгө идэхэд гайхалтай сайхан боломж олгодог эрх дархтай өндөр сэнтий боловсрол чадвартай залуусыг даллан дуудлаа. Дээр дурдсан даргад дурлагчид энэ дуудлагад ховсдуулсан хөөрхийс.

Улсын төсвийг хуурайлж, хүн амаа хоосруулагч хүнд суртлын нүсэр аппаратыг устгах цаг болсоон. Ажлын садаа-энэ олон дарга нарыг ялзарсан сэнтийнээс нь хуу татаж гаргаад, хувиараа баялаг бүтээх орон зайг нь хууль эрхийн таатай орчноор хангаад, төрийн оролцоог тэндээс хөөн зайлуулах хэрэгтэй. Дарга нар дотор ухаантай авъяастай боловсролтой амархан баяжих чадвар бүхий шилдэг сэхээтэн олон бий. Даргамсаг ихэмсэг бүдүүлэг араншин нь ялдамхан ажил хэрэгч бизнесмэнд дорхноо хувирна. Тэдний овсгоо нийгмийн баялаг түвэггүй болно. Тэд авилгачийн замаас гарч ард түмэндээ баялаг бүтээгч буянтан болно. Тэд ингэж элбэг чадна. Даргын зам хөөснөөс бизнес хөөсөн нь таатай агаад ашиг нь хамаагүй илүү тийм орчин Монголд цэцэглээсэй. Даргын арми баячуудын арми болохыг үзэх юмсан.   
                                                                                                          
2013-12-13