Уудам нутагтаа гэм зэмгүй мөр мөрөөрөө амар амгалан амьдарч асан цөөхөн монголчуудыг гаднаас нь хагалан бутаргагчид, дотроос нь салан тусгаарлагчид түйвээж цус урсгасан аймшигт самуун бишгүй учирчээ. Тэр ч бүү хэл цусан далай махан овоо хийсэн эмгэнэлт түүх ч бий.

Анхны богд Өндөр гэгээн Занабазарын нэр нөлөө Халх даяар мандаж эхэлмэгц Түвдийн засгийн тэргүүн дэсрид Санзайжамц Өндөр гэгээний нэр нөлөө Монголд Далай ламын нэр нөлөөг үгүй хийх нь гэж хардаад Өндөр гэгээнийг устгуулахаар Галдан бошигтийг хатгажээ. Галдан бошигтийг Өндөр гэгээнийг устгаад бүх Монголын эзэн хаан бол гэж хорхойгий гозгонуулахаа ч Санзайжамц тооцож. Бүх Монголын эзэн хаан болох гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдсөн Галдан халх руу довтлон цус нөжтэй нь холив. Ялагдсан халхчууд Түшээт хан, Өндөр гэгээн хоёрыгоо дагаж Манж руу зугтан цагаан хэрмийн дотор орж, Өндөр гэгээний шавь Манжийн Энх-Амгалан хааны нөмөрт арга буюу шургаж амь гарчээ. Монгол эхээс удамтай шарын шашинт Энх-Амгалан хаан амь зулбан зугтаж ирсэн халхуудад ийнхүү тусалсныг буруутгах аргагүй.

Галдан цагаан хэрэмнээс зайлсангүй. Энх-Амгалан хаанд миний хоёр дайсныг хэрэмнээс гаргаж надад өгвөл би буцна. Манжид бид ямар ч гэм хийхгүй гэсэн бичиг элч удаа дараа илгээж, мөн аль хэдийнэ нас нөгцсөн Далай ламын хуурамч нэр барьж дэсрид Санзайжамцаар Энх-Амгалан хаанд элч заруулж Занабазар Чихундорж хоёрыг Галданд өг. Тэр хоёрын амь насыг Санзайжамц би даая гэж нохойтсон авч Энх-Амгалан хаан тэдэнд итгэсэнгүй.

Манжийн хилийн дотор амь хоохойлсон монгол хүн мал нутагшдаггүй, Галдангийн их цэрэг хэрмийн гадаа тэднийг тосож устгахаар сахиад зайлдаггүй, ийм хэцүү нөхцөл үүсээд удав. Эцэст нь Монгол Манж хоёр Галданг хөөхөөр хэрэмнээс гарч байлдсан аж. Нэг тулаанд Галдан ялагдаад одоо дахиж та нарын өөдөөс тэрсэлдэхгүй гэж бууж өгч амь хэлтэрсэн авч тэр нь заль мэх байв. Галдан хэрмийн гадаа халхуудыг тосож хиар цохихоор хүчээ сэлбэн отсоор байлаа.

Халхын нутгийг бүрэн эзэлсэн Галданг дарахгүйгээр хэрэмнээс гарч төрсөн нутагтаа хүн мал очиж амьдарч чадахгүйг ухаарч манж монгол цэргүүд хамтарсан хүчээр Галданг цус урсгасан олон тулалдааны эцэст даржээ. Түвдийн хатгаасаар ойрад халхын цус ингэж урссаныг түүх бидэнд тодхон харуулж буй.  Хутган үймүүлж хагалан бутаргах хорон санаа гаднаас ингэж орж ирдэг бөгөөд гадны хорон санааны зарц, идэш хоол болдог хүмүүс дотоодод аль ч түүхэн үед тасраагүй нь монгол үндэстний эмгэнэл  билээ.

Хаант орос Халхаас Ойрадыг салгаж авахаар 1912 онд халимаг Дамбийжанцанг илээсэн байдаг. Хоёр тэмээтэй бадарчны дүрээр ирсэн Дамбий жаа Оросын засгийн газрын санхүүжилтээр алт мөнгөн гулуузаар гулгиж асан гэдэг. Бүх монголчуудыг нэгтгэх зорилго бүхий эх орончдын нэрт төлөөлөл Д.Сүхбаатар Ойрадыг салган Оросод өгөх гэсэн Дамбий жааг Оростой ярилцалгүй дур мэдэн тонилгосныхоо шанг өөрийн амиар төлсөн гэх орос монгол судлаачид эдүгээ гарч ирж буй нь бодит үнэн илэрдэг жамтайг нотлож буй жишээ мөн.

Октябрийн хувьсгал гэгч төрийн эргэлтийнхээ ялалтад омогшсон коммунистууд бүх дэлхийг улаан болгоно гэж хийрхэж эхэлсэн түүхтэй. Дэлхийн жижиг үндэстэн угсаатны засан тохинох эрхийн тухай Оросын коммунист намын 1918 оны тунхгийг хэрэгжүүлэх зорилгоор дэлхийн коммунист ажилчны намуудын холбоо болох Коминтерн эрчимтэй үйл ажиллагаа өрнүүлж, олон жижиг угсаатныг том үндэстнийх нь эсрэг босгож, олон тохиолдолд амжилтад хүрчээ. Монголоос эхлээд Туваг салгаж БНТТ улс гэгчийг 1921 онд байгуулаад 1944 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан байдаг. Октябрийн хувьсгалыг экпортолж дэлхийг улаан болгох нөгөө утоп зорилгынхоо үүднээс Шинжаанд хоёр Бүгд найрамдах улс, Баргийн тусгаар БНУ байгуулах төсөл эхлүүлжээ.  

1925 оноос Коминтерний хүрээнд Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улс (БНДАУ) байгуулах төсөл эрчимтэй яригдаж эхлэв. Коминтерний Сибирь, Азийн салбарууд энэ төслийг хэрэгжүүлэгч гол хүч болж байлаа. Энэ төсөл 1925-1932 онд хэрэгжихдээ 3 сая алтан рубль залгижээ. Коминтерн санаагаа хэрэгжүүлэхийн тулд эхлээд өөрийн талыг баримтлагчдыг Монголын дээд удирдлагад олноор оруулах төлөвлөгөө боловсруулсан аж. Тэр үед БНМАУ-ын удирдлага дан халхууд мөн цөөвтөр буриадаас бүрдэж байв. Иймээс баруун Монголын Бадрах Шижээ хэмээх хоёр залууг гаргаж ирэв. Тэд Ойрадын салан тусгаарлах үзлийг тууштай баримтлагчид байлаа. Халх боловч коммунизм л ялж байвал үндэсний тусгаар тогтнол тийм чухал биш гэх радикал коммунист залуу Лхүмбэ тэдэн дээр нэмэгдэв. Тухайн үед Коминтернд таалагдаж байвал юу ч үйлдэхэд бэлэн төөрөлдөж явсан Гэндэн найдаж болох нэгэн байв.

Ингээд Коминтерний удирдагч Г.Зиновьев 1928 онд Батурин, Шмераль, Кинг, Черномордюк нарын бүрэлдэхүүнтэй Коминтерний бүлгийг Улаанбаатарт илгээв. Тэд төрийн эргэлт хийхээр Монгол руу ниссэн аж. Гэхдээ Зиновьев бүр нууц нэг ажиллагаа явуулсан байжээ. 1918 онд Москвад Германы элчин сайд Михбахыг гар бөмбөгөөр, 1920 онд анархист удирдагч Махног хутгаар, 1922 онд Бодоог гар буугаар, 1923 онд жанжин Сүхбаатарыг хороор, 1924 онд Данзанг пулемётоор, 1925 онд Ленинградад яруу найрагч Есенинийг мөс хагалагчаар тус тус хөнөөсөн Оросын хувьсгалч зүүн цуст яргачин Яков Блюмхиныг хэсэг гар хөлийнх нь хамт илгээж Ерөнхий сайд Цэрэндорж, намын дарга Дамбадорж, Жадамбаа нарыг айлган сүрдүүлжээ. Зартай алуурчны эрхшээлд орсон Монголын удирдагчид буулт хийж, Коминтернтэй хэлэлцэн тохирохоор шийдэв.

Улсын VIII их хурал тун ширүүн болж төлөөлөгч Дашням гар буугаар салан тусгаарлагч Шижээг буудсан нь оносонгүй, зүүн чихийг нь шүргээд өнгөрчээ. Дамбадорж хурлын ид дундуур Коминтерний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж зүүнтэн залуус удирдлагын 60 хувийг, баруунтан ахмадууд 40 хувийг авахаар тохирсон байна. Ингээд тохиролцоо ёсоор Золбингийн Шижээ, Өлзийтийн Бадрах, Пэлжидийн Гэндэн гурвыг МАХН-ын тэгш эрхтэй гурван даргаар тавьж, Амарыг Ерөнхий сайд, Жигжиджавыг Ерөнхий сайдын орлогч болгожээ.

Чойбалсан Баасанжав Содов Өлзийбат Содном гээд зүүний үзэлтэй залуусаар Төв Хороо дүүрсэн байна. Шижээ Бадрах нарыг хянуулахаар В.Черномордюкийг коминтерний төлөөлөгчөөр үлдээв. Шижээ Бадрах Черномордюк гэгч гурван зүүний зүтгэлтэн Монголд социализм үтэр түргэн байгуулах хэт авантюрист туршилт хийж эхлэв.

Чойбалсан Гэндэн Лхүмбэ Содном Өлзийбат Шагдаржав нарын залуус эхэндээ дээрх гурвын талд явсан авч 1930 он гэхэд тэдэнд өөр далд зорилго буйг олж мэдээд хөндийрөн салсан байна. Тэд бүгд халхууд учир Монголын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эвдэхийг яснаасаа тэвчихгүйн дээр тэд бүгд бүх монголчуудыг нэгтгэсэн Монгол улс байгуулах эцсийн зорилготой байжээ.

1932 оны 8-н сард Монголын баруун хязгаарт ЗХУ-ын улаан армийн аялан байлдах 35-р морьт корпус, механикжуулсан 19-р дивизийг тус тус оруулахаар дээд түвшинд тохирсон аж. Түүнчлэн Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улсын удирдах бүрэлдэхүүнийг Шижээ Бадрах Баасанжав Санж Бямбаа Жүрмэд Содов нарын дөрвөдүүдээр байгуулахаар шийджээ.

Гэтэл Монголын удирдлага дахь халхууд 1931 оны хавар засаг захиргааны гэнэтийн шинэчлэл хийж төлөвлөгөөг тасалдуулсан байна. Ховд Увс хэмээх хоёр аймаг болгон салгаад эдгээр аймгуудын бүрэлдэхүүнд хуучин Засагт хан аймгийн халх хошуудаас хэд хэдийг зориудаар оруулж, угсаатны бүтэцэд өөрчлөлт оруулжээ. Энэ нь Коминтернийг хүнд байдалд оруулсан бөгөөд яг энэ үеэр Япон улс Манжуурыг эзлэн авч ЗХУ-ын Алс дорнодод аюул учруулж эхэлсэн тул Сталин БНДАУ-ын төслийг зогсоож, Монголд явуулж буй ажиллагаагаа орхихыг Коминтерний удирдлагаас шаардсан аж. Гэвч тэр үед Коминтерн Сталины гар хөл болоогүй байсан учир эрс эсэргүүцжээ. Ингэж байтал зүүнтэн Шижээ Бадрах Черномордюк нарын увайгүй харгис нугалааг эсэргүүцсэн монголчууд 1932 онд бослого дэгдээв. Маш их түгшсэн Сталин тэр даруй зүүнтний алдааг засаж, Коминтерний шинэ удирдлага Сталинд захирагдав. Гэндэн Амар Дэмид Чойбалсан нар хүчээ авч удирдлага дахь зүүнтэн болоод дөрвөдүүдийг хөөн зайлуулжээ.

Ю.Цэдэнбалыг орос бүсгүйгээр урхидаж, БНМАУ-ын нам төрийг удирдуулахдаа Кремль ямар даалгавар тулгасан нь чанадаар нууцлагдсан гэдгийг монголчууд зөнгөөрөө тантдаг. Цэдэнбал 1940 онд намын дарга болмогц үндэснийхээ бичиг үсгийг хаях тогтоолд мутраа үлдээсэн хүн. Ингээд зогссонгүй Монгол улсаа ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулж, ард түмнээ оросчлох гэж ил далд тэмцсээр яваад 44 жилийн дараа Москвад гэрийн хорионд хашигдаж тэндээ хэдэн жилийн дараа үхсэн бол Шижээ Бадрах нар Москвад цөллөгт амьдарч байхдаа баривчлагдан буудуулав. Блюмхин цаазлагдахын өмнө маш дэлгэрэнгүй мэдүүлэг өгчээ. Онц нууц баримт бүхий Блюмхиний хавтас хэрэг 2017 оны намар ОХУ-ын Дотоод яамны архиваас чөлөөлөгдөх аж. Тэр хавтас хэргээс ХХ зууны буурай Монголын эмгэнэлт түүхээс нэлээд баримт сөгдөж үнэн мөн мэхлэгдсэн бидэнд илрэх нь дамжиггүй. ОХУ-ын архивт 80-100 жилээр нууцалсан баримтуудын хугацаа дуусаж, энэ мөчийг удаан хүлээсэн Оросын түүхч Н.К.Ярославский анхлан дуугарсан нь орос ах нарын ардчиллын хаялга юм. Үүнийг манай сортоотой залуу шүүрэн авч орчуулсан нь олзуурхам.    

Дээр өгүүлсэн түүхэн зурвасуудаас хагалан бутлах гадны ятгалганд  хэн нь сөгдөж үндэс угсаагаа задлах гээ вэ? гэдэг нь харагдаж буй зээ. Урвамтгай гэх гүжир гүтгэлгээр халхын ноёдыг шившиглэсээр ирсэн хэдий ч халхуудын уужуу, тэвчээртэй, хүлээцтэй даруу зан эвдрэлцэлд хүргэлгүй өдий хүрчээ. Урвагч халхууд гэгч хүчтэй ухуулга тэвчээр алдвал алдмаар зуун жилээр дэвэрсэн дээ. Энэ зохиомол түүхийн худал ташааг залруулах гэсэн оролдлого бүхнийг үгүйсгэн “халхууд эх орноо харьд найр тавин өгөгч урвагчид” гэж хагалан бутаргагчид өөрсдийнхөө шившгийг халхуудад тохоод хайр найргүй харгис хэрцгийгээр нухчин дарж ирсэн гашуун түүх саяхных.

Өвөр Монголыг Халхын урвагч ноёдын харгайгаар нэгтгэж чадалгүй алдсан гэх хүн байдаг. Өвөр Монголыг Орос Хятадын хуйвалдаанаар булааж авсныг эсэргүүцээд эсэргүүцээд дийлээгүй ар Монголын ноёдоо бид өөдгүй урвагчид гэж ясыг нь тоншсоор яваа нь амны алдас байлтай. Хоёр их гүрний хүчинд автаж мөхөстсөн эх орончдоо бодит үнэнээр нь дүгнэе гэвэл “урвагчдыг өмөөрөгч эсэргүүн” нэр зүүнэ. Ийм нөхцөлд үнэн яаж ч илрэхэв, үнэнээрээ яаж ч явахав. Манлай баатар Дамдинсүрэн, харчин бээс Бавуужав, гүн Хайсан, Дэмчигдонров нарын зэрэг олон эх оронч ноёд амь насаа дэнслэн, Халхын эх оронч Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нартай нийлж, ар өвөр Монгол хамтдаа тусгаар улс болохоор тэмцэж, алтан амиа зольсон эмгэнэл мартагдаагүй. Халхууд тэдний гавъяаг үл тоомсорлох хунишгүй зангаар бүдэгрүүлсээр ирсэн мэт харагдавч Ар Өвөр нийлэхэд дургүйцэх хэн байх билээ. Харийн хүчирхийлэл яалт ч үгүй. Ар Монголын хулчгар үхээнц удирдагчид улаан Оросын сүрдүүлгээс айж, нэгдэх гэсэн өвөрлөгчдийг баривчилж Хятадад тушаахдаа ханцуй дүүрэн нулимсаа нууж явсан ч юм билүү. Ар монголчууд өвөрлөгч эх орончдоо дахиад нааш харамгүй болтол гомдоож, хөөж гаргасан авч хүний төрсөн яс махны тасархай гэдэг яаж ч болдоггүй юм байхдаа дахиад л гал голомтоо гээд бидэн рүү тэмүүлдэг нь харийн хүчинд автсанаа хэн хэн нь ойлгож бие биедээ гомддоггүйг гэрчилнэ. Өвөрлөгчид түүхэндээ нэг ч удаа салъя гээгүй ямагт нэгдэе гэж тэмүүлж явсан улс юм шүү.

Соёлын хувьсгалын хүнд хэцүү гамшгаас зугтааж нууцаар оргож ирэгсэд олон гарсан авч бид мөн л буцаагаад тушаачихсан. Зарим нэгийг нь авсан боловч хамгийн бөглүү зах хязгаарт цөлж, тэднийг тагнаж байх туршуул тавьж дайснаа хэмээн зовоож байсан. Зугтаж ирсэн малчин голдуу өвөрлөгчдөө ингэж тамлаж байхдаа оросууд биднийг магтах нь уу гэж горьдсон нүдээр тэдний амыг харж бялдуучилж байсныг яана. Энэ бол Оросод нийтээр хүлцэнгүй долигнож явах ёстой Цэдэнбалын үе. Ингэж нулимсаа нууж явсны хүчинд ар Монгол тусгаар улс болж чадсаны дээр биднийг Орос Хятад хоёр хэн нэгэндээ бэлэглэж тэвчээгүйн улмаас бидний аз гийхэд Англи Америк Францын шахалт нөлөөлснийг үгүйсгэх аргагүй.  

Халхын ноёдыг урвагч гэж албан ёсоор гүтгэдгээ одоо боливол яасан юм бэ. Сургуулиудад тэгж заадаг болохоор албан ёсны гүтгэлэг гэхээс өөр юу гэхэв. Халхын ноёдоос хэн нь ч урваагүй, тэд гадны хүчинд автаж аргагүйдсан хөөрхийс байв. Түүхийн нуугдмал үнэнийг сөхсөний төлөө үндэстэн ястнаа хагалан бутаргагч гэж ял тулгадаг хүмүүс одоо ч интернетэд жиргэхээр хэлээ билүүдэж байгаа. Халхууд бүтэн зуун жилээр урвагчид гэж улаан Оросод урвагчдад гүтгүүллээ. Хойшид ингэж гүжирдүүлээд яваад байх уу, яах вэ? 

                                                                                                            2013-10-06