Хаалга тогших Хойд Солонгосын тэмдэглэл-2
Тэмдэгнээс гадна өөр нэгэн бодол надад байлаа. Тэр нь жирийн нэгэн солонгос айлд орж үзэх. Хүсэлтээ Элчин сайдын яамны ажилтан Мөнхнаранд хэлэв. Тэрээр Хойд Солонгост зургаан жил болсон гэдгээрээ Элчин сайд Ломбо гуайн дараа орохоор цаг хугацааг энд өнгөрөөж яваа залуу дипломатч юм. Түүнээс ч олон жил болж байгаа нэгэн Элчин сайдын яаманд байдаг гэсэн.
Айлчлалын хоёр дахь өдрийн орой манайхан ойрхноор нь буудлынхаа нэгдүгээр давхраар явлаа. Бас л манай 1980-аад оных шиг хүнс барааны дэлгүүр нь хамтдаа юм. Герман, итали, орос бараа ихтэй. Шүүслэгээрээ алдартай өөрсдийнх нь алим, хүн орхоодойн төрөл бүрийн чихэр, хүнс харагдана. Архи дарс, шар айраг янз бүрээрээ. Тунгалаг шилэнд савласан Тайгер их содон харагдав. Манайд дандаа бор шилтэй байдаг болоод тэр биз. Өмнөд Солонгосын бүдүүн, нарийн л байхгүй болохоос манайхны хэрэглэдэг бүх тамхи байна. Үнэ нь манайхтай ойролцоо юм гэж манай “байнгын хэрэглэгчид” хэллээ. Дэлгүүрээс гараад бааранд нь задгайгаар ганц хоёр аяга шар айраг “аялуулав”. Тооцоон дээр будилуулдаг, дураараа үнэ хэлдэг гэсэн учраас бид их болгоомжтой байхыг бие биедээ анхаарууллаа. Зарим нь пиво авах бүртээ тооцоог нь өгөөд явъя гэсэн ажил хэрэгч санал гаргаж байна. Айлчлалын бэлтгэлээр манай Засгийн газар хоорондын комиссынхон ирээд нэг газарт долоон долларын хоол иджээ. Амт, порц дажгүй байсан учраас хоёр хоногийн дараа дахиад очвол өнөөх хоол нь 70 доллар болж огцом нэмэгдсэн байсан тухай манайхан хуучиллаа. Яагаад ингэдэг юм бол гэхэд, гадаад харилцаа, гадаад худалдаа байхгүй, НҮБ-ын хоригтой учраас солонгос хүн бүр валют олох даалгавартай байх гэж биднийг бодвол хэд хэд ирсэн, басхүү биднээс өндөр албан тушаалтай нэгэн тайлбарлав. Пиво нь аятайхан амттай ч, амсч үзэх нэрээр сөжүгээр нь даруулахаар шийдлээ. Тэгсэн үйлчлэгч бараг л “та захиалгадаа итгэлтэй байна уу, пиво их уусан, сөжү нэмж уувал зүгээр үү, явж чадах уу” гэж асууж байна гэнэ. Энэ нь нөгөө, “тамхи таны эрүүл мэндэд хортой” гэх тамхины хайрцаг дээрх сануулга шиг боловч боловсон анхааруулга шиг санагдсан. Манайхан бол ингэж сануулахгүй, илүү уулгахыг л боддог шүү дээ. Том буудлын орчмынх болоод тэр үү, дэлгүүр нь ч, баар нь ч тооцоон дээр яг байж бичснээрээ авлаа. Гэхдээ нөгөө вон-евро-доллар гэх дарааллаар мөнгөө авч, задгай мөнгийг нь центээр, үлдсэнийг юаниар хариуллаа. Ер нь хаана ч адил бололтой.
Өглөө нь өмнөх өдрийн танил дуунаар сэрэв. Нэгэн эмэгтэй уянгалуулаад ч байгаа юмшиг, уйлаад ч байгаа юмшиг дуулна. Залгаад баярын марш аятай хөгжим эгшиглэж байснаа бас л эвгүй, бараг гашуудлынх юмуу гэж андуурмаар аяар солигдоно. Удаан сонсвол цээжин дотор нэг юм зурж байгаа юмшиг таагүйг нь яана. Монголын радио төрийн дууллаар өглөөг угтдаг шиг лав л бидний буусан зочид буудал шинэ өдрийг энэ хоёр урлагийн номероор угтдаг бололтой.
Энэ өдөр хоёр удирдагчийн бунхныг зорилоо. Зөвхөн албаны хувцастай. Зааснаас өөр газарт зураг авахгүй гэсэн болзолтойгоор хэвлэлийнхэнд зургийн аппарат, камер зөвшөөрлөө. Тэмдэглэл хөтлөх бал хүртэл хураав. Бунхныг Кимсүсаны нарны ордон гэж нэрлэнэ. Дотор, гаднаа лут хамгаалттай. Гадна талаас л гэхэд ордныг чулуун хэрэм, ус, төмөр тор гээд гурван давхар хамгаалжээ. Ордонд хоёр удирдагчийн цогцсыг байрлуулахын зэрэгцээ тэдний гавьяа шагнал, гадаадаас ирүүлсэн бэлгээр тус бүрд нь музей байгуулжээ. Манайхаас өгсөн одон, луун хээтэй хөх гүц харагдана лээ. Бас унадаг байсан тусгай галт тэрэг, хуягласан автомашиныг нь хүртэл үзмэр болгон байрлуулсан харагдана. Бунхныг саяхнаас гадныхан болон дотоодын иргэддээ нээлттэй болгожээ. Хоёр удирдагчийн цогцсыг өөр өөр давхарт шилэн хоргон дотор яг л унтаж байгаа хүн шиг бунхалжээ. Хөргөлтийн систем орчин үеийн, арчилгаа тордлого гэж үнэхээр сайн юм. Манайхан дотроос “Ленинийх зүгээр нэг базчихсан юмшиг харагддаг. Эднийх сайн хадгалжээ. Ким Жөн Ир манайд ирэхдээ яг л ийм хүн харагдсан” гэж ярих хүн ч байлаа.
Бунхан руу явахын өмнө товлосон цагаасаа хоцорч бидний дөрвөн сэтгүүлч нэгэн сонин үйл явдалтай таарав. Гудамжаар, манайхаар бол сонгуулийн үеийн сурталчилгааны машин шиг дээрээ цагаан хоолой зоосон нэгэн микро автобус давхиж, нэгэн эмэгтэй ямар нэгэн юмыг тунхаглана. Жагсаал болох гэж байгаа юм уу гэмээр. Учрыг асуувал намын үзэл суртлын машин хааяа ингэж гудамжаар явж нам болон удирдагчийнхаа шийдвэрийг танилцуулдаг, ухуулдаг гэнэ. Айлчлалын сүүлийн өдөр, буцах замдаа өнөөх машинтайгаа дахиад таарлаа. Гэхдээ арай өөр дүр төрхтэй. Давхиж явсан машин шатахуунгүй юмуу, мэдэхгүй түрүүлчихэж. Цагаан хоолой нь ажиллахгүй. Машины хаалган дээрх солонгос ханз бодвол, “намын үзэл суртлын машин” гэх хаяг юм болов уу гэж бодоод манайхан зураг дарлаа. Хамт яваа солонгосууд ч дургүйцсэнгүй. Ер нь хойдууд зөвшөөрөгдснийг нь хийвэл их найрсаг, бас ажилсаг нь илт хүмүүс юм билээ. Мэдээж, дэглэм нь ийм, бас олон жил тогтсон хатуу дэг жаягтай учраас удирдагчдаа ихэд хүндэлнэ, шүтнэ. Ерөнхийлөгчид зориулсан урлагийн тоглолт дээр дууны болоод цэцгийн туузан дээр бичсэн үгсийг хадмалаар орчуулж харуулах юм. Тэгсэн тэнд, “амь, амьдралыг минь хариуцдаг ардаа хүнтэйдээ бид азтай” гэх үг ч байх шиг. Хоёр удирдагчийн зэс хөшөөний тухай дунд сургуулийн сурагчаас нь гаднын нэгэн жуулчин “та бүхний хувьд энэ хоёр хөшөө ямар үнэ цэнтэй вэ” гэхэд “бидний, ардчилсан солонгос хүний бүх зүрхийг нийлүүлсэнтэй тэнцэнэ” гэж хэлж байсан тухай яриа ч байдаг юм байна. Тоглолт гэснээс хэд хэдэн театртай. Танхим, тайз, дууны аккустинг энэ бол тасархай, тасархай. Лав л манайхаас илүү юм гэдэгт бид бүгдээрээ санал нэгдсэн. Спортын ордны тухайд бол ярилтгүй. Одоо дэлхий нийтийн хэвлэлээр цанын баазынх нь тухай л яриад байгаа болохоос тэнд 110, 120 мянган хүний суудалтай цэнгэлдэх байна. Сагс, гар бөмбөг гээд төрөлжсөн спортын ордонтой. Эдгээр бүтээн байгуулалт Хойдуудыг ямар хөдөлмөрч болохыг илтгэнэ. Нээлттэй болохыг хичээж байгаа, үзэл суртлын хатуу чиг шугам нь суларч яваа энэ улсын иргэд театр, спортын ордон хоёртоо л ёстой нэг хүслээрээ, өөрийнхөө хүссэнээр алга ташдаг юм болов уу гэж санагдсан.
Газар нутаг нь манайхаас арав дахин бага, хүн ам нь манайхаас арав дахин их Хойдуудад өмнөдтэйгөө нэгдэх нийлэх чин хүсэл үнэхээр байдаг бололтой. Кино, ном зохиолд гардаг хоёр Солонгосын цэрэггүй бүс буюу алдарт 38 дугаар өргөрөгт очиход энэ хүслийг нь илүү мэдэрнэ. Тус бүрийнхээ хилийн заагаас хоёр хоёр км-ийн зайтай энэ бүст Хойд Солонгосын талаас очих замд хоёр Солонгосын газрын зургийг нэгтгэн нэг болгосон зураг, “нэг Солонгосын төлөө”, “Хойч үедээ нэг эх орон үлдээе” гэх уриа таарна. Хэрвээ үнэхээр хоёр Солонгос нэгдвэл 80 гаруй сая хүн амтай, цөмийн зэсвэгтэй, төмөр зам болон далайн боомтын гарцтай, нэгдвэл магадгүй Япон, Европын холбооны өмнө ч орж мэдэх хүчирхэг эдийн засагтай шинэ тоглогч дэлхийн тавцанд шинээр гарч ирнэ. Тийм учраас хоёр Солонгосыг нэгтгэх чин болоод ил сонирхол нь их гүрнүүдэд хэр байдаг юм бол мэдэхгүй. Залуу удирдагч нь ч гарч ирснээсээ хойш “улс” гэхгүй, голдуу “хүчирхэг гүрэн” гэж ярих болсныг манай Элчингийнхэн онцолж байна лээ. Хоёр Солонгосын дайны үед манай Элчин сайд Ж.Самбуу гуай Пёньяныг орхиж гараагүй, бид өнчин хүүхдүүдийг нь асарч байсан. Үүнээс гадна түүхчид эцэслэн батлаагүй ч, Хубилай Корё улсыг маш олон удаа довтолж, эцэст нь тус улсын 31 дэх хаан Гон Мин монгол хатантай сууж хүргэн орсноор хоёр орны түүхийн сайн харилцаа эхэлсэн гэх юм билээ. Сая ч гэсэн манайхаас 10 мянган бог мал авах, газар тариалангийн салбарт хамтрах тухай яриа гарсан.
Хойд Солонгос улс бидний замаар араас явах гэж, дэлхийн хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлэх гэж чөлөөт нийгмийн хаалгыг тогшихоор бэлтгэж байна. Тэгэхдээ, зах зээлд бэлтгэлтэй, өөрийн гэсэн онцлогтой, түүнийгээ хадгалж авч орохыг илүүд үзэж байх шиг санагдсан. Ерөнхийлөгчөөс хүртэл тавих илтгэлдээ, “ардчилал”, “зах зээл” гэдэг үгийг хэрэглэхгүй байхыг хүсч байна лээ. Харин сэтгэлгээний зөрүү бол байна. Орчуулагчаар, орос англиар хэмжээндээ, бүр болохгүй бол тата-тунгаадаад ойлголцоод болоод байгаа ч, сэтгэлгээний зөрүүнд ямар ч орчуулагч нэмэр алга. Манайхаас “өмнө яваа” улсууд хийгээд бидний дунд ч ийм зөрүү байдаг шүү дээ. Тэрэнтэй л адил юм. Тэгэхээр эрх чөлөө гэдэг нэг өдөр гэнэт ирдэг, зах зээл гэж гэрээ нүүлгэж байгаа юмшиг ганц өдөр л шилжээд орчихож болдоггүй нь эндээс харагдана.
Ер нь зарим салбарын хөгжил, барилга байгууламжийн бүтээн байгуулалтаараа хойдууд манайхаас түрүүлэх нь түрүүлж явна. Гэхдээ энэ нь бидний хувьд үлгэр болох учиртай болохоос атаарах зүйл огтхон ч биш билээ. Учир нь сэтгэл байгаад зүтгэвэл бидний бүтээж босгож болох юмс тэнд байна. Харин хүсэл байгаад зүтгээд ч хойдуудын хувьд өнөө маргаашдаа ч хүрэхгүй, хүртэхгүй үнэт зүйл-эрх чөлөө бидэнд байна. Сэтгэгдэл бичихээс хэвлэн нийтлэх, бусдыг доромжлохоос хүнд гэмт хэрэгт хардах хүртэлх энд бидний хэт үнэгүй хэрэглэдэг “юм” тэнд хүний амь амьдралтай ч тэнцэж болохоор хэтэрхий үнэтэй хэвээр л байна, одоохондоо. Үнэ цэн хийгээд атаархах учиргүй ялгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, хүний эрх эрх чөлөө, өндөр шилэн байшин хоёрыг жингийн туухай дээр зэргэцүүлэн тавьж болохгүй билээ. Монголчууд бид, тэр дундаа ардчилсан үзэл санаа, АН хоёрыг нэг гэж бодож явдаг зарим хүн нэг юмыг ойлгоосой. Залуус ардчиллын хөдөлгөөнийг эхлүүлсэн нь үнэн ч, дээр байсан коммунистууд дэмжсэн. Арай учиртай коммунизм нь манайд байж, ардчилалд талтай коммунист өвгөдтэй явсандаа бид баярламаар. Хүний сайн, азтай нь Монголыг олж онож төрдөг гэдэг үг үнэхээр үнэн болохыг бас бодмоор. Үүнийг хойд нутагт очоод илүү мэдэрнэ. Манай 1990 оны ардчилсан хөдөлгөөн биш юмаа гэхэд, Баасан хатагтайн жагсаал шиг юм гарах боломж, хэвлэлийнхний хардах эрх хүртэл тэнд одоогоор байхгүй хэвээр л явна.
a
Баагы
Зочин
хххх
Осгонбаяр
Зочин
M
Зочин
Зочин
sanal
Zochin
зочин
Зочин
unshigch
Зочин
unshigch
Зочин
Зочин
Ах
тэрслүү-д
Тэрслvv гэдэг тэнэгт
zochin
Зочин
MoAX, London
Зочин
Ах
batkaa
Зочин
Батбаяр
Зочин
зочин
Зочин
Тэрслүү
Тэрслүү
goe
unshigch
ALAH NI EE
ARDCHILALiig DEMJIGCH
ARDCHILALiig DEMJIGCH
Батэрдэнэ
Зочин
МӨнхтөр
МӨнхтөр
тулга
тулга
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
иргэн
Зочин