-Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн бариад багагүй хугацаа өнгөрлөө. Хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа яагаад гацчихав аа. Хаврын чуулган завсарлахаас өмнө баталж амжих болов уу?

-Амжуулахыг л хүсч байна. Гэхдээ ингэж хүсэхгүй байгаа гишүүн байгаа эсэхийг мэдэхгүй. Уг нь энэ хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганд өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Тэр үед маш олон гишүүн намрын чуулганаар амжихгүй нь, хаврын чуулганаар хэлэлцээд баталъя гэсээр байгаа хойшлуулсан. Одоо хаврын чуулган завсарлахад 14 хоног үлдлээ. Энэ хугацаанд хэлэцүүлж батлуулахын төлөө шахна. Бид хүлээцтэй, соёлтой хандаж, энэ хуулийн төслийг хэлэлцээд явах байх гэсэн итгэл тээсээр олон сар боллоо. Одоо арай өөр арга зам руу ордог юм билүү гэж бодож байна.

-Ямар арга хэрэглэнэ гэж?

-Энэ хуулийг хэн батлуулахыг хүсэхгүй байна, түүнийгээ ил болгох хэрэгтэй. Үнэн нүүр царайгаа шууд зарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол хуулийн төслийг хэн гацаагаад байгаа нь мэдэгдэхгүй яваад байж болохгүй. Би энэ хуулийн төслийг дэмжмээргүй байна гэдгээ хэлэх хэрэгтэй. Нүүрэн дээрээ худлаа дэмжих ёстой, зөв хууль гээд байгаа хэрнээ яг хуулийн төслөө хэлэлцэх болохоор хуралдаа ирэхгүй, ирсэн ч зугтаад, ажлын хэсгээс гарч гүйгээд байж болохгүй. Би тэр хүмүүсийн зовлонг ойлгож байна. Энэ хууль гарснаар ахиухан шиг мөнгө олчихно, ийм зүйл хийчихнэ гэсэн боломжууд нь хаагдаж байгаа. Гар хөл нь тайрагдана. Тэгээд төрийн эрх мэдэлд зорьж орж ирсэн зорилгууд нь нурна. Тийм учраас хэцүү байгаа гэдгийг нь ойлгож байна. Гэхдээ энэ хэцүү бол УИХ дахь 76-д байгаа цөөхөн хүний зовлон. Түүнээс 2.7 сая хүний зовлон биш. Харин сонирхлын зөрчлүүдийг зохицуулахгүй байгаагаас болж гарч байгаа увайгүй, хууль зөрчсөн арчаагүй үйлдлүүд 2.7 сая хүний зовлон болоод байна. Ардчилал олонхийнхоо эрх ашигт үйлчлэх ёстой, олонхиороо шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа бол парламент ард олны хүсч байгаа, олонхид хэрэгтэй асуудлыг шийдэх л ёстой.            

-Сонирхлын зөрчлийг хуульчлахад парламент хойрго хандаж байна гэж олон нийт харж байгаа. Хуулийн төслийн хэлэлцүүлэг яг ямар шатандаа яваа юм бэ?

-УИХ ерөнхийдөө хойрго байна. Яахав ажлын хэсэг байгуулаад, Су.Батболд гишүүн ахлаад ажиллаж байгаа. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа. Су.Батболд гишүүн энэ хуулийн төслийг нэн даруй баталж гаргана, хурдан шийднэ гээд л байдаг. Ажлын хэсэгт орсон гишүүд нь энэ хуулийг батлах хүсэл эрмэлзэлтэйгээр идэвхтэй ажиллах ёстой. Гэтэл тэгж ажиллаж өгөхгүй байна.

-Ажлын хэсэг хэдэн удаа хуралдсан юм бэ?


-Сүүлийн нэг сарын дотор эрчимтэй ажилласан. Нийт 4-5 удаа хуралдлаа. Гэхдээ шийдвэрүүд нь хурдан гарахгүй байна. Ирц хүрэхгүй байна гээд л. Санал хураах гэж байхад ажлын хэсэгт орсон хоёр гишүүн нь гараад явчихдаг. Тэгээд л ирц хүрэхээ байх жишээтэй. 

-Ажлын хэсэг дээр зарчмын хувьд санал зөрөлдсөн асуудал гарч байгаа юу?


-Яг зарчмын асуудал дээр зөрөлдөөд байгаа юмгүй. Харин нэр томъёоны асуудал дээр л гишүүд өөр байр суурьтай байгаа. Жишээ нь, Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төсөлд төрийн албыг нийтийн алба гэж нэрлэхээр тусгасан байгаа. Гэтэл үүнийг ажлын хэсгийн гишүүд одоогоор ийм хэмжээний төгс өөрчлөлт хийж амжихгүй, чадахгүй. Тиймээс төрийн алба гэж нэрлэе гээд байгаа. Төрийн алба гэдгээрээ нэрлээд явж болно, асуудалгүй. Бас сонирхлын зөрчил гэдэг үгийг ашиг сонирхлын зөрчил гэж нэрлэе, Үндсэн хуульд ашиг сонирхол гэж байгаа гээд байна. Уг нь Үндсэн хуулийн тэр үг доошоо органик хуулиуддаа задарч явдаг юм л даа. Хууль бүр өөр чиг үүрэгтэй байдаг. Сонирхлын зөрчил дээрээ тулгуурлан ашиг хүртээд эхэлбэл энэ нь авлига болно. Авлигыг Авлигтай тэмцэх  тухай хуулиар эсвэл Эрүүгийн хуулиар зохицуулна. Энэ бүхэн цулаараа нийлж байж ашиг сонирхлыг тодорхойлж байдаг юм. Энэ бол академик шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт, ухагдахуун. Үүнийг хууль тогтоогчид албан ёсны хуульдаа оруулах ёстой. Нэг талаар зүгээр л нэр томъёоны асуудал мэт боловч хууль тогтоох үйл явц шинжлэх ухаанаас хоцорч байна гэсэн үг. Яахав хоцорсон чигээрээ ашиг сонирхол гэдэг нэр томъёогоо хэрэглээд явъя гэж байгаа бол асуудал алга. Хууль гараад амьдралд үр ашгаа өгвөл болж байна. Хамгийн гол нь яагаад энэ нэр томъёо ач холбогдолтой юм гэхээр ашиг сонирхол гэхээр өөр утгатай болж байгаа юм. Сонирхлын зөрчил бол муу зүйл биш. Хүн бүрт байдаг. Гол нь сонирхлын зөрчилтэй байгаа байдлыг зохицуулах ёстой. Сонирхлын зөрчилтэй албан тушаалтан бол тухайн асуудлаар шийдвэр гаргахгүй татгалзаад, өөр хэн нэгэн шийдвэр гаргадаг, харин тухайн хүн албан тушаалаасаа буухгүй дараагийн үйл ажиллагаагаа явуулах ёстой. Сайн хууль бол гэмт хэрэг гарсны дараа бус гарахаас өмнө асуудлыг зохицуулах ёстой. Сонирхлын зөрчлийн тухай хууль энэ шийдэлийг гаргаж байгаа. Ашиг хүртэнэ гэдэг бол сонирхлын зөрчил биш авлигын асуудал. Сонирхлын зөрчилтэй байгаад ашиг хүртээд эхэлбэл илүү хурц, хатуу хариуцлагын тухай ярих ёстой. Ийм ялгаа байгаа юм. Мэргэжлийн нюансаа олж хуульчлах ёстой. Манай хууль тогтоох байгууллага мэргэшсэн гэдгээ харуулах ёстой. Түүнээс биш нэр томъёо хөөцөлдөөд явж болохгүй.

-Төрийн албыг нийтийн алба гэж нэрлэх санал оруулсны үндэслэл юу вэ?

-Бид төрийн алба гэж нэрлээд сурчихсан. Энэ бол социализмын үеийн нэр томъёо. Төрийн алба гэдгийг хүнд, иргэнд үйлчилдэг гэхээс илүү иргэнийг айлгадаг, ичээдэг, хянадаг гэж ойлгодог байсан. Төрийн алба гэдэг нэр томъёог яагаад нийтийн алба болгоё гээд байгаа юм гэхээр төрийн энэ эрх мэдэл бол нийтийн ашиг сонирхол, тэдний эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой. Энэ эрх мэдэл нийтийн сонирхлыг байнга илэрхийлдэг. Төрийн алба бол төрийн сонирхол гэдэг юм уу хувь хүмүүс, олон нийтээс тусдаа өөр сонирхлыг тээж байдаг хүмүүс биш. Тиймээс төрийн албыг нийтийн алба гэвэл тэнд ажиллаж байгаа хүмүүс нийтийн төлөө зүтгэх ёстой гэдгийг шууд ойлгоно. Үүнд ямар ч орчуулгагүй. Одоо бол төрийн албанд ажиллаж байгаа захын хүн өөрийгөө төрд зүтгэж байна, төрийн төлөө ажиллаж, төрийн сонирхлыг илэрхийлж байна гэдэг. Гэтэл төр гэж юу юм. Бидний уламжлалт ойлголт буруу яваад байдаг. Бусад оронд төрийн алба гэдгийг паблик сервис гэдэг нэр томъёогоор ойлгодог. Бидний санаачилсан хуулийн төсөл бол нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүр тавьж байгаа. Нийтийн сонирхол гэдэг нийтэд шударга, алагчлалгүй, үр дүнтэй үйлчилнэ гэсэн үг. Түүнээс биш төрд үйлчлэх тухай ярихгүй байгаа. Ийм ялгаа байгаа тул төрийн албыг сууриар нь өөрчлөх тухай ярьж байгаа юм.

-Та нарын санаачилсан хуулиар бол Эрүүл мэндийн дэд сайд хүн  хувийн эмнэлэгтэй, Барилга, хот байгуулалтын сайд хүн зам, барилга, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай байж болох уу?

-Үүнийг Сонирхлын зөрчлийн тухай хуулиар бүрэн хориглоно. Одоо бол хориглосон зүйл байхгүй. Хувийн эмнэлэгтэй хүн Эрүүл мэндийн дэд сайд, хувийн сургуультай хүн БСШУ-ы сайд болж байсан тохиолдол бий. Жирийн иргэн улсын эмнэлгээр үйлчлүүлэхээр очиход нэг эмч сууж байна. Их ааш муутай. Манайд ийм ч эм тан байхгүй гээд л. Тэгээд үдээс хойш тэр эмнэлэгт оч гээд нэг хувийн эмнэлэг зааж өгнө. Тэнд нь очихоор нөгөө эмч маань жигтэйхэн ааштай сайхантай болчихсон манайд тийм ч юм бий, ийм ч эм байгаа, тэдэн төгрөг гээд сууж байдаг. Ийм юмыг хориглож байгаа. Нэг бол хувийн эмнэлэгтээ ажилла. Эсвэл улсын эмнэлэгт ажилла гэсэн зарчим барина.

-Сонирхлын зөрчлийн тухай хуулиар УИХ-ын гишүүдэд ямар хязгаарлалт тавих вэ?


-Нэг зүйлийг хязгаарлаж чадахгүй. Энэ бол тухайн гишүүний санал өгөх эрх. Энэ нь хувь гишүүний эрх биш УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлж байгаа учир олон хүний эрх юм. Тэгэхээр ямар эрхийг нь хязгаарлах вэ гэхээр парламентын хянах, шалгах эрхийг хязгаарлаж болно. Тухайн гишүүн өмнө нь агентлагийн дарга байгаад парламентад сонгогдсоныхоо дараа тэр агентлагынхаа ажлыг шалгах ажлын хэсгийг ахлах эсвэл бүрэлдэхүүнд нь орох ёсгүй. УИХ-ын гишүүн замын компанитай байсан бол замын компаниудыг санхүүжүүлэх төсөл санаачлах эрхгүй. Төсвөөс замын компаниудад мөнгө өгье гэх мэт төсөл санаачлах ажлын хэсэгт  тэр гишүүн орох эрхгүй. Зарим улс оронд яг нэр зааж тодорхой компаниудад төсвөөс мөнгө олгож байгаа тохиолдолд тэр салбарт компанитай парламентын гишүүн санал өгдөггүй. Сая Засгийн газар ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 110 тэрбум төгрөгийн бонд гаргах санаачилга гаргалаа. Тэнд нэр заасан компаниуд дунд Ерөнхий сайдын “Алтай кашемир” компани багтсан байх жишээтэй. Ийм санаачилгыг Ерөнхий сайд гаргах эрхгүй.

-Саяхан нэмэлт, өөрчлөлт оруулсан Тэмдэгтийн тухай хуулийг санаачилсан гишүүдийг сонирхлын зөрчилтэй байсан гэж шүүмжилдэг. Ийм жишээ өнөөгийн парламентад цөөнгүй бий шүү дээ. Уул уурхайн салбарт л гэхэд “урт нэртэй” хууль ийм хардлага дагуулж байна?


-Байгаль орчны холбогдолтой асуудлыг ярихад уул уурхайн компанид хувь эзэмшдэг, уул уурхайн компанитай гишүүд тийм хууль санаачлах эрхгүй. Тэрийг нь УИХ хүлээж авдаггүй байх ёстой. Гэхдээ тэр хүмүүсийн кноп дарах эрхийг шууд хязгаарлаж болохгүй. Ерөнхий асуудлуудад, тухайлбал архи үйлдвэрлэх үйлдвэрийн стандартыг тогтоох гэж байгаа бол хувьдаа архины компанитай гишүүний санал өгөх эрхийг хязгаарлаж болохгүй. Харин архи үйлдвэрлэдэг компаниудад нэр зааж мөнгө олгох, дэмжлэг үзүүлэх гэж байгаа бол тэр гишүүний эрхийг хязгаарлана. Энэ хуулиар сонирхлын зөрчлийн ерөнхий зохицуулалт батлагдсаны дараа УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг өөрчилнө. Засгийн газрын гишүүд мөн тусгай дүрэмтэй болно. Төрийн байгууллагуудын бүх ёс зүйн дүрмийг өөрчилнө. Өөрөөр хэлбэл ёс зүйн шинэ стандарт тогтооно. Одоо ёс зүй гэхээр хувь хүний ёс зүй гэж ойлгоод байгаа. Төрийн албаны ёс зүй гэдэг тухайн чиг үүргийнхээ дагуу нийтийн сонирхлыг хэрэгжүүлэх, тэдний төлөө тодорхой ажил хийх, ажлаа шударгаар, үр ашигтай хэрэгжүүлэхийг хэлж байгаа. Сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдсанар тэр стандартуудыг шинээр тогтооно.

-Ер нь сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулах ямар үндэслэл байсан бэ, хуулийн төслийг ямар зарчмаар боловсруулав гэдгийг тодруулахгүй юу?

-Сонирхлын зөрчлийн тухай хуулийг санаачлахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Хамгийн бодитойгоор нөлөөлсөн хүчин зүйл гэвэл хоёр жилийн өмнө УИХ-ын байнгын хороон дээр хөрөнгө орлогын мэдүүлгийн асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Тэр сонсгол дээрээс юу харагдсан гэхээ гурван том дүгнэлт гарсан. Тухайн үед УИХ-ын олон гишүүн шүүмжилж байсан. Юу гэсэн гэхээр энэ чинь том акулууд нь яасан юм, жараахайнууд байна шүү дээ гээд. Тэр сонсголд дуудагдаж ирж мэдээлэл өгсөн хамгийн том албан тушаалтан нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Хурц, хамгийн их хөрөнгө мөнгөтэй орооцолсон, том үнийн дүнтэй зөрчил гаргасан хүн нь ГЕГ-ын дэд дарга байсан. Түүнээс бусад нь дунд доод албан тушаалтнууд байсан. Тэндээс юу харагдсан гэхээр манай авлигатай тэмцэх үйл явц, АТГ ийм хэмжээний ажил хийдэг юм байна. Үүнээс дээшхийг барьж авах эр зориг байдаггүй юм байна, нөгөөтэйгүүр өөрөө маш том ашиг сонирхлын зөрчилтэй учраас явах бололцоогүй юм байна гэдэг нь ойлгогдсон. Хоёрдугаарт, жараахайнуудыг ч барьж ирээд хариуцлага тооцож чаддаггүй юм байна гэдэг нь тодорхой болсон. Яагаад гэвэл хууль нь өөрөө олон нүх сүвтэй. Тэр нүх сүвээр нь дуртай нэг нь гараад явчихдаг. Зааныг нь гаргачихаж байгаа юм чинь жижиг жараахайг гаргаж таарна. Хууль нь өөрөө ийм асуудалтай юм байна гэж ойлгосон. Гуравдугаарт, тэнд үнэхээр авлигатай тэмцэх бус сонирхлын зөрчил хавтгайрсан юм байна. Яагаад гэвэл тухайн хүнд хариуцлага тооцох эрх АТГ-т байхгүй. Удирдах албан тушаалтанд байдаг. Удирдах албан тушаалтнууд авлигын асуудал ч бай, хөрөнгө орлогоо нуусан ч бай хариуцлага тооцох хүсэл эрмэлзэлгүй, сонирхлын зөрчилтэй байдаг. Яагаад гэвэл сонирхлын зөрчлийг хуульчлаагүй. Тухайн албан тушаалтан уг хүнийг өөрөө томилчихсон. Томилохдоо бол  ур чадварыг нь хараагүй, миний хүн, манай намын хүн, миний эрх ашгийн төлөө явах ёстой гээд томилчихсон учраас ямар ч алдаа гаргаж байсан толгойг нь илээд, аль болох дүлий дүмбэ оргиод суух бололцоотой юм байна гэдэг нь харагдсан. Энэ нь Монголд хариуцлагын тогтолцоо хэрэгжих бололцоогүйг харуулсан. Тиймээс Монголд төрийн байгууллагад хариулцлагыг яаж сайжруулах вэ. Нийгэмд шударга ёс байхгүй боллоо гэж бухимдаад байгаагийн хамгийн том шалтгаан нь хариуцлага байхгүй. Алдаа гаргасан хүмүүс хариуцлагаа үүрдэггүйнх. Харин ч ингээзд алдаа гаргаж, тодорхой бүлэглэл, намаа, даргаа хамгаалж өмгөөлж явсныхаа төлөө илүү их шагнал урамшуулал аваад дээш дэвшээд явдаг. Харин болохгүй байгаа зүйлийг шударгаар хэлдэг, асуудлаа ил тод тавьдаг, ажлаа үнэнчээр хийдэг хүмүүс шахагдаж, хавчигддаг дүр зураг харагдаад байгаа. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд нэгдүгээрт сонирхлын зөрчил гэж юу юм гэдгийг хуульчлах ёстой гэж бодсон. Хоёрдугаарт, авлигтай тэмцэх тухай хуульд байгаа авлигын зөрчил гэж хуульчлагдсан зүйл нь ний нуугүй хэлэхэд авлигын зөрчил биш сонирхлын зөрчлийн хоёр гурван элементийг л хуульчилсан. Сонирхлын зөрчил бүхлээрээ хуульчлагдаагүй. Тодорхой хэсэг нь Авлигтай тэмцэх хуульд, зарим нь Төрийн албаны тухай хуульд хуульчлагдсан. Авлигын зөрчил өөрөө хуульчлагдаагүй. Зүгээр авлигын гэмт хэрэг гэдгээр Эрүүгийн хуульд зохицуулагдсан болохоос биш эрүүгийн хэргээс наадахь нь огт хуулийн зохицуулалтгүй.

-Яагаад зохицуулалтгүй гэж. Авлигын хэргээр цөөнгүй албан тушаалтанд хариуцлага хүлээлгэж байсан шүү дээ?

-Яагаад зохицуулалтгүй байна гэхээр маш олон албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэдэг л дээ. Эрүүгийн хэрэг үүсгэхээр эрүүгийн журмаар шийднэ, түүнийг нь нотлох өндөр шаардлага тавина гэсэн үг. Тэр шаардлагыг хангахгүй болохоор тухайн төрийн албан хаагчийн хэргийг хэрэгсэхгүй болгодог. Тэгэнгүүт нөгөө албан тушаалтан ёс зүйн хувьд тэнцэхгүй боловч намайг шүүхээр цагаатгасан, ажлаа хийнэ гээд ороод ирдэг. Тэгээд түүнийг ажилд нь авахааас өөр аргагүй байдалд ордог. Ёс зүйн хувьд, сонирхлын зөрчлийн хувьд, гэмт хэрэг биш ч гэлээ авлигын зөрчлийн хувьд тухайн албан тушаалд тохирохгүй хүн шүүхээр цагаадсан гэдэг нэрийн дор буцаж ажилллах гээд орж ирээд байдаг дүр зураг харагдаад байгаа . Энэ байдлыг шийдэхгүй бол болохгүй юм байна, нийгэмд хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй юм байна. Төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна. Иргэдэд хүнд суртал үүсгэж, тэдний эрхийг зөрчөөд байгаа зүйл бол олон нийтэд үйлчлэх ёстой үйлчилгээ хувь албан тушаалтны эрх ашгийн төлөө яваад байна. Энэ байдлыг зохицуулах ёстой гэдэг үүднээс Сонирхлын зөрчлийн тухай хуулийг санаачилсан.

-Төрөөс төрсөн тэрбумтан гэж хэлц үг бий болсон. Төр, бизнес хоёрын зааг ялгааг энэ хуулиар хэрхэн гаргаж өгөх вэ?

-Бизнес, төрийн ажлыг салгая гэдэг гол зарчим энэ хуулийн төсөлд бий. Үнэхээр ашигтай бизнес хөөгөөд амьдралаа дээшлүүлье гэж бодож байгаа бол тэр бизнесээ хий. Олон нийтэд үйлчилье, төрд шударгаар, хариуцлагатай, зарчимтай ажиллая гэж байгаа бол төрийн ажлаа л хий. Энэ хоёрыг ингэж салгахгүй бол маш олон хүн өөрийнхөө бизнесийг өргөжүүлэхийн тулд, бизнесээ хамгаалах зорилгоор төрийн алба руу орж ирж байна. Банкнаас зээл авснаас төрөөс тендер авсан нь илүү ашигтай юм байна гэж бодож төр руу хошуурч байна. Төрд ажиллахын тулд биш, ядаж тендер иддэг байхын тулд тендертэй холбоотой албан тушаалд очдог байх хэрэгтэй юм байна. Тийм албанд очиж чаддаггүй юм гэхэд өөрийнхөө хүнийг тэнд байршуулах ёстой юм байна, эсвэл тэр хүнийг компанийхаа Удирдах зөвлөлийн гишүүн эсвэл хувь эзэмшигч болгох хэрэгтэй юм байна гэж боддог тогтолцоо бий болжээ. Энэ нь өөрөө төр, бизнес хоёрыг холилдуулаад байна. Энэ хоёр холилдоод ирэхээр Монголын төр өөрөө олигархижиж байна. Олигархи гэдэг чинь төрийн эрх мэдлээр дамжуулж ашиг олдог бизнесмэнүүд. Энэ нь нэг талаар бизнесийнхэн төрд орж ирж байна, нөгөө талаар төрд байгаа том эрх мэдэлтнүүд бизнес хийж байна. Ердөө дүр зураг ийм. Хорин жил явж байгаа дүр зургийг харахад төрийн албанд ажилласан, хугархай хадаас зарж үзээгүй хүн том хаус, жийптэй, томоохон хөрөнгө оруулагч болчихсон сууж байна. Гэтэл хорин жил махаа зулгааж, санаа бодлоо чилээж. Авьяас чадвар, цаг хугацаа зарж байж бизнес эрхлээд арай гэж дунд хэмжээний бизнесмэн болоод ирсэн чинь амьдралдаа хугархай хадаас зарж үзээгүй төрийн албан тушаалтан нөгөө бизнессийг нь худалдаж авъя гээд зогсч байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нөхөр гайхаж байна. Тэгээд шударгаар бизнес хийж болдоггүй юм байна, сул мөнгийг төрд ажиллаж байгаад олдог юм байна, төрийн албанд орох ёстой юм байна гээд зүтгэчихэж байна. Нөгөө талаасаа том бизнес тэр дундаа уул уурхайтай холбоотой асуудал бол дараагийн нэг үндэслэл.

-Уул уурхай эдийн засагт голлох нөлөөтэй байгаатай холбоотой гэж үү?

-Монголд байгаа уул уурхай их том мөнгийг гэнэт гаргаж ирж байна. Энэ мөнгийг авахын тулд, энэ мөнгөн дээр суухын тулд төрийн том эрх мэдэлтнүүд, том бизнес эрхлэгчид тийшээ зүтгэж байна. Энэ том мөнгө чухам юугаар хөдөлж байна гэхээр төрийн эрх мэдлээр хөдөлж байна. Яагаад гэхээр уул уурхай гэдэг хэн нэгний бүтээгээд гаргадаг баялаг биш, гэнэт бий болдог зүйл. Төр энэ баялгийг өмчлөх ёстой гээд авчихаж байгаа. Тэгээд томоохон бизнесмэнүүд айж байна. Уул уурхай руу орохгүй бол би хэн ч биш болно гэдгээ мэдчихэж байна. Уул уурхайд орно  гэдэг төрд эрх мэдэлтэй байна гэсэн үг гэж харж байгаа. Иймээс тэд төрийн эрх мэдэл рүү хошуурч байна. Тэд татварын алба, мэргэжлийн хяналтынхан руу гүйхгүй. Дундаж болон дундажаас доогуур бизнесийнхэн бол төрд орохдоо татвар, гааль, мэргэжлийн хяналтын байцагчийг таньдаг байх ёстой юм байна гэж харж байгаа. Харин том бизнес эрхлэгчид уул уурхайг эзэмшихийн тулд би УИХ, Засгийн газрын гишүүн л байх ёстой. Тэр хэмжээнд ажиллах ёстой, тэгж байж уул уурхайгаас орж байгаа мөнгийг эзэмшинэ гэж бодож байна. Тэгээд уул уурхайн мөнгө буцаад албан тушаалтны авлигадах мөнгө болж хувирч байгаа. Мөн дундаас доогуур бизнесийн зах зээлийг худалдаж авах мөнгө болж байна. Барахгүй мөнгөө хаашаа хийхээ мэдэхээ байхаар том том үйлчилгээний салбар руу орж ирж байна. Зүгээр л дундаж бизнесмэний хийж байсан тэр бизнесийг монопольдож эзэмшин, шахаж эхэлж байна. Ийм аюул болж байна. Үүнийг зөв зохистой шийдэх зүйл нь Сонирхлын зөрчлийн тухай хууль. Олигархиуд улс төрд ороод ирэх юм бол “Уучлаарай, та өөрийнхөө бизнестэй холбоотой шийдвэрийг гаргаж чадахгүй. Олон эрх мэдлээ хязгаарлуулна” гэж хэлнэ, энэ хуулиар. “Өө, улс төрд орох ямар ч ашиг алга” гэх хүртэл сонирхлын зөрчлийг нь хязгаарлаж өгөх ёстой. Тэгэхгүй бол уул уурхайгаас орж ирэх мөнгийг бид хөгжилд ашигтай байдлаар зарцуулж чадахгүй. Энэ бол эцсийн дүндээ төрийг авлигадах, зах зээлд монопольдох хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно. Өөр ноцтой зүйл ч гарах болж байна.

-Тухайлбал?

-УИХ, Засгийн газрын хэмжээний авлига одоо юу болж хувирч байна гэхээр төрийн тусгай үүрэг гүйцэтгэгч хууль, хүчний байгууллагуудыг авлигадах хэлбэр болон хувирч байна. “МАК” гэж компани тагнуулын байгууллагад хандив өгсөн гээд мэдээлж байна.Энэ чинь юу вэ гэхээр үндэсний аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа тагнуулын байгууллага үндэсний аюулгүй байдалтай  холбоотой асуудал үүсч байгаа бол дурын компани, төрийн байгууллагыг тагнаж чагнаж, тэр асуудлыг нотолж баримтжуулах ёстой. Гэтэл өөрсдөө хандив авсан юм чинь тэр компанийг шалгаж чадах уу. Цагдаа, шүүх, прокурорт ямар нэгэн байдлаар хэн нэгэн хандив өгөхийг ор тас хориглох ёстой.

-Одоо ийм зохицуулалт байхгүй юу?

-Байхгүй. Одоо бол дурын байгууллага хандив өгч байна. Ийм тийм ой гээд л. Өөрөө удирдах ёсны байгууллагад, хэв журам сахиулах чиг үүрэгтэй, цагдаагийн байгууллагад хандив өгөх, түүгээр нь хотыг камержуулах гэх мэт нээлттэй. Харин эрүүгийн хэргийг мөрдөх чиг үүрэгтэй албан тушаалтан болон албан байгууллагад хандив өгөхийг Сонирхлын зөрчлийн тухай хуулиар хориглоно. Цагдаа, шүүхэд хандив өгөхийг хориглоно. Энэ бүгдийн санхүүгийн баталгаа улсын төсөвт сууж байж хараат бус, бие даасан байдал нь илэрнэ. Энэ зарчмуудыг суулгаж өгөхгүй бол болохгүй. Засгийн газар, УИХ-ыг авлигадах нь наад захын хэрэг боллоо. Түүнээс цааш юу руу шилжиж байна гэхээр тусгай үүрэг гүйцэтгэдэг байгууллагууд руу орлоо. Одоо БХЯ, Зэвсэгт хүчинд хандив өгөөд дараа нь тэнд эх мэдлээ зузаатгах нь л дээ. Африк ингэснээс болоод төрийн эргэлт болж, цэргийн дарангуйлал тогтсон. Монголд одоо ийм байдал тогтох эхлэл үүсвэр илэрч байна. Үүнийг зогсоох ёстой. Юунд хандив өгөх ёстой юм, хэн хандив авч болох юм, хэн болохгүй юм гэдгийг зохицуулах шаардлагатай. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Эдийн засгийн хөгжилтэй ч холбоотой. Төр засгийн олон нийтийн итгэлийг даах чадвартай ч, иргэдийн эрх чөлөөтэй ч холбоотой.

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг жишиг бий. Ийм тохиолдолд сонирхлын зөрчил үүсч таарна. Та бүхний санаачилсан хуулийн төсөлд үүнийг яаж зохицуулах вэ?

-Энэ бол уг нь хувь хүн давхар ажил эрхэлж байгаа гэхээс илүү институциуд хоорондын харьцаа, эрх үүрэгтэй холбоотой. Тиймээс Үндсэн хуулиар зохицуулна. Гэхдээ УИХ-ын гишүүн Засгийн газарт давхар ажил эрхэлж байгаа бол түүний эрхийг яаж хязгаарлах юм гэдгийг зохицуулсан.Энэ давхар ажил эрхлэлт гэдэг бол хамгийн маргаантай асуудал. Ил байгаа хэлбэр нь төрийн сайд, яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар төрийн өмчит компаниудын Удирдах зөвлөлд бүгд орчихсон. Тэндээс бүгд ил далд хувь эзэмшдэг болчихсон. Ийм зүйлийг яаж зохицуулах юм. Үндсэн ажил нь иргэдэд үйлчлэх захиргааны ажил боловч тэндээс авдаг цалингаасаа хэд дахин илүү мөнгийг Удирдах зөвлөлд орсныхоо төлөө сонгуульт ажлаараа аваад, үндсэн ажлаа биш өөр ажил хийдэг болчихсон байна. Ийм юмыг хязгаарлах ёстой юм байна. Тэгэхгүй бол утгаа алдлаа. Яамдын мэргэжилтнүүд, удирдах албан тушаалтнууд байна. ЭМЯ, БОАЖЯ-нд ажиллаж байгаа хүн байгаль орчин, хүний эрүүл мэндийн төлөө зүтгэх ёстой юу, эсвэл тэр яаманд хэрэгжиж байгаа гадаадын төслийн төлөө зүтгэх ёстой юу. Энгийн үгээр хэлэхэд тэр хүний авьяас, чадвар, ажлаа хийж байгаа цаг хугацаа Монгол Улсын иргэдэд зориулагдах ёстой юу, эсвэл гаднын нэг байгууллагад зориулагдах ёстой юу. Энэ мэт давхар ажил эрхлэх асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол Монголын төр бүхэлдээ Монголын иргэдэд үйлчилж байна уу, өөр улс орны эрх ашиг, тодорхой бизнес бүлэглэлд үйлчилж байна уу гэдэг нь тодорхойгүй болж. Энэ хүрээнд  УИХ, Засгийн газар нэг байранд байж болохгүй гэдэг асуудал ч гарч ирнэ. Парламентийн засаглалтай аль ч улс оронд тийм байдаг. Засгийн газрын гишүүн парламентын ордонд орж ирэхдээ хүндэтгэлтэй, хариуцлагатай байдаг. Гэтэл манайд эсрэгээр энэ ордонд Засгийн газар нь УИХ-аасаа илүү дээр, хүчтэй байна. Парламентад орж ирчихээд Засгийн газрын гишүүн үг хэлэхдээ үл тоосон байдал гаргаж байхна. Гадаадад парламентад үг хэлж байгаа парламентын гишүүн бус хэн ч гэсэн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг. Гэтэл манайд Засгийн газрын гишүүн нь Засгийн газрынхаа байр сууринаас үг хэлчихээд хариуцлага хүлээх болохоороо би УИХ-ын гишүүн гээд хариуцлагаас зугтаж байгаа. Тэгэхээр ийм байдалд давхар ажил эрхлэхдээ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа бол танд ийм дүрэм үйлчилнэ. Та парламентад үг хэлэхдээ Засгийн газрын гишүүний хувьд л үг хэлнэ. Тэгээд хариуцлага хүлээнэ. УИХ-ын гишүүний хувьд үг  хэлэх эрх тань хязгаарлагдана гэдэг зарчим оруулж ирж байгаа. Бусад оронд ийм байдаг.

Үндэсний шуудан Г.Сонинбаяр