Гурван жилийн өмнө бичиж байсан энэхүү нийтлэлээ нэгд, Баабар.мн сайтны уншигчдадаа танилцуулаагүйн учир, хоёрт, санаа, агуулга нь хуучраагүй хэмээн үзсэний тул та бүхэндээ ахин барьж буйг болгооно уу?


Зүүдэнд ч оромгүй явдал

... Алтан медалийн төлөө Канад-ОХУ-ын хоккейчид өрсөлдөхөөр гарч ирэх тэр агшинд HSBC  ордонд чухам ямархуу дуу чимээтэй байсныг үгээр илэрхийлэхэд хэцүү. Канад орон тэр чигээрээ Баффалод, HSBC  ордонд нүүгээд ирчихсэн юм уу гэж бодогдохоор... Канадчууд тоглолтыг хэрхэн эхэлдэг тэр л хэв маягаараа, өөрөөр хэлбэл маш их хурдтай угсраа довтолгоо, хаалга руу хаанаас ч хамаагүй шайбыг шиддэг тэр арга барилаараа эхлэв.Канадын эсрэг тоглохдоо ямар ч багийн дасгалжуулагчийн толгойны өвчин нь эхний 5-10 минутад л тэднийг хэрхэн зогсоох вэ гэдэгт байдаг хэмээн хоккейн мэргэжилтнүүд ярьдаг билээ. Үнэхээр ч тоглолт эхлээд 5 минут ч болоогүй байхад Канадчууд эхний шайбыг орууллаа...

Спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин 2011 оны Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг газар дээрээс нь сурвалжлахдаа ийнхүү бичжээ.Сурвалжлагаа сэтгүүлч “Зүүдэнд ч оромгүй явдал” хэмээн нэрийдсэний тухайд бол Канадын залуус Оросыг гурав тэгийн харьцаагаар хожиж яваад сүүлчийн гуравдугаар үед таван шайб дараалан алдаж хожигдсоных юм.Зүүдэнд хир баргийн л юм ордог байх, гэвч Канадчуудыг тийн хожигдох юм гэж бол орохгүй л дээ.

Үнэхээр Канад гэж хоккейн улс аа.Манай хөдөөний хүүхдүүд хөлд ороод л барилдаж эхэлдэг шиг канад хөвгүүд цэцэрлэгт орохоосоо өмнө хоккей тоглож эхэлнэ.Тэр үеэс л өрсөлдөөнд орж, нас насныхаа ангилал дотроо тоглон, хамгийн авьяаслагууд нь дараагийн шатанд шалгарна.Канадын өнцөг булан бүрт аялах скаутууд бага, дунд сургууль, секц клуб хоорондын тоглолт бүрийг анхааралтай үзэж, жинхэнэ чадварлагуудыг нь түүнэ.Шилдгийн шилдгүүд огт өөр түвшинд бэлтгэгдэж, улам ахисаар Баффалод болсон шиг Дэлхийн аваргад орох хүртлээ хөгжих бөлгөө.Улс орон даяар бүх зүйл ил, шалгаруулалт шударга, ямар ч арын хаалга, ямар ч найраа байхгүй.Зөвхөн авьяастай нь шилэгдэнэ. Авьяаснаас өөр ямар ч шалгуур энд үгүй... гэж маш олон хүн боддог байжээ. Одоо ч хүмүүс тийн итгэдэг.Гэтэл авьяаснаас өөр, хүний жинхэнэ мөн чанарт хамааралгүй шалгуур бас байдаг бололтой.Канадын хоккейнд шүү дээ.Жинхэнэ зүүдэнд ч оромгүй явдал гээч нь болох нь ээ?

Асуудал

Эцэг эхчүүд хүүхдээ эрт сургуульд оруулах, анги ахиулах сонирхолтой байдаг.Энэ үнэхээр зөв шийдвэр мөн үү үгүй юу гэдгийн тухайд энэхүү нийтлэлээ зориулсан билээ.Бас чиг холбоотой материал сэлтийг уншиж, цаг зарлаа.Ер нь эцэг эхчүүд хүүхдээ наснаас нь дээгүүр ангид сургахын хамгийн гол зорилго нь юу байдаг вэ?Тэдний өөрсдийн өгдөг хариулт бол цаг хэмнэх, илүү хурдан хөгжүүлэх, үеийнхнээс нь илүү ачаалалтай суралцуулах гэсэн шалтгаанууд байна.Олж авсан, хэмнэсэн цагаасаа гадна харин бид юу алдаж байдгаа бодож үзсэн бил үү?Энэ л тухай өгүүлэхийг зорив.Гэтэл юун Канадын хоккей сэн билээ?  

Хоккейчний чадвар хэдэн сард төрснөөс нь шалтгаалдаг болох нь

2011 онд алтан медалийн төлөө өрсөлдсөн, сэтгүүлч Энхтүвшингийн тэр магтан бичсэн Канадын залуучуудын шигшээ багийн тамирчдын төрсөн сарыг сонирхож үзье.

Тоглогчийн нэр        Төрсөн огноо  

JP Anderson         02/14/1992  
Calvin Pickard         04/15/1992  
Olivier Roy         07/12/1991  
Mark Visentin         08/07/1992  
Tyson Barrie         07/26/1991  
Jesse Blacker         04/19/1991  
Jared Cowen         01/25/1991  
Simon Desprиs     07/27/1991  
Ryan Ellis         01/03/1991  
Erik Gudbranson     01/07/1992  
Brayden McNabb     01/21/1991  
Ryan Murphy         03/31/1993  
Ryan Murray        09/27/1993  
Dylan Olsen         01/03/1991  
Mark Pysyk        01/11/1992  
Calvin de Haan     05/09/1991  
Carter Ashton         04/01/1991  
Michaлl Bournival     05/31/1992  
Casey Cizikas         02/27/1991  
Brett Connolly         05/02/1992  
Sean Couturier     12/07/1992  
Cody Eakin        05/24/1991  
Marcus Foligno    08/10/1991  
Brendan Gallagher    06/05/1992  
Curtis Hamilton    12/04/1991  
Joey Hishon        10/20/1991  
Quinton Howden     01/21/1992  
Ryan Howse         07/06/1991  
Ryan Johansen     07/31/1992  
Zack Kassian         01/24/1991  
Louis Leblanc         01/26/1991  
Ryan Nugent-Hopkins 04/12/1993  
Brandon Pirri         04/10/1991  
Brad Ross         05/28/1992  
Brayden Schenn    08/22/1991  
Jaden Schwartz     06/25/1992  
Riley Sheahan         12/07/1991  
Reilly Smith         04/01/1991  
Linden Vey         07/17/1991  
Garrett Wilson         03/16/1991  
Brandon Gormley     02/18/1992  


Жилийн нийт 12 сарыг 1-4, 5-8, 9-12 хэмээн гурван бүлэгт хуваан тооцоолж үзэхэд нийт 41 тамирчны тал хувь нь буюу хорь нь зөвхөн 1-4-р сард төрсөн байгаа бол жилийн эцсийн 4 сар буюу 9-12 сард ердөө тавхан хоккейчин төрсөн байна. Та бүхэн бас www.hockeycanada.ca хэмээх вэбсайтаар ороод, Roster гэсэн хэсэгт нь хандан өмнөх онуудад тоглосон Канадын залуучуудын бүх шигшээгийнхний төрсөн сарыг өөрсдөө шалган үзэж болох юм.Зүй тогтол яг давтагдана, заримдаа бүр багийн тал хувь нь нэгдүгээр сард төрсөн байхыг хараад гайхах биз ээ?Хоккейчид тэгэхээр зөвхөн жилийн эхэнд бөөнөөрөө төрдөг хэрэг үү?


Энэ асуулт-асуудлыг буюу Канадын хоккейчдийн амжилт, төрсөн сар хоёрын холбоог хамгийн анх сэтгэл судлаач Рожер Барнсли ажиглан, баталсан билээ.Хожим нь харин Малколм Гладвелл хэмээх зохилч нэлээд нарийсган судалж, лавшруулан үзээд ‘Outliers’ хэмээх номдоо бүхэл бүтэн бүлэг болгон оруулсан байна.Энэ нийтлэлд тус номоос нэлээд жишээг эш татав.Барнсли анх эхнэр хоёр хүүтэйгээ Канадын залуучуудын лийг-ийн шигшээ тоглолтыг үзэж суусан гэдэг юм билээ. Эхнэр нь хоёр багийн танилцуулгыг үзэж сууснаа гэнэт нэг юм ажиглав бололтой,

“Хөөх, энэ залуус чухам хэзээ төрснийг чи таа даа?” хэмээж.
“Залуучуудын аварга болж байгаа юм чинь 16-20 жилийн өмнө л төрсөн хүүхдүүд байх ёстой доо”
“Биш ээ, би хэдэн сард гэдгийг нь асууж байна ш дээ” ...

Барнсли танилцуулгаас бараг бүх тамирчид нэг, хоёр, гуравдугаар сард төрсөн байхыг хараад ихэд гайхсан гэдэг.Ингээд л гэртээ ирэнгүүтээ судалгаа хийж эхэлсэн байна.Залуучуудын лийг-ын бүх тамирчдын төрсөн огноог шалгаж үзтэл хоккейчдийн хамгийн их төрдөг сар нь нэг сар, дараа нь хоёр, түүний дараа гурван сар орж байв.Идэрчүүд, бага насны ангиллынхныг үзтэл аанай л баахан нэг сард төрөгсөд.Сүүлдээ НХЛ рүү орж үзээд байдал давтагдсанд энэ бол тохиолдол биш зүй тогтол юм гэдгийг баттайяа ойлгосон байна.

Рожер Барнсли, түүний гэргий А. Томпсон нар судалгааныхаа дүгнэлт болгон Birthdate and success in minor hockey: The key to the NHL (Бага насныхны хоккейн дэх амжилт ба төрсөн өдөр: НХЛ-д орох түлхүүр) гэсэн өгүүлэл бичиж хэвлүүлснийг та бүхэн интэрнэтээс татан уншиж болно. Тэдний судалгаагаар Канадын аль ч зэрэглэлийн лийгэд шалгарсан тамирчдын 40 хувийг нэгээс гуравдугаар сард төрөгсөд эзэлдэг, дотор нь задалбал нэг сарынхан давамгайлдаг аж.

Үүнээс үзэхэд Канадад хоккейчин болохын тулд, дээд шатны лийгэд шалгаран өрсөлдөхийн тулд авьяаснаас гадна бас нэгэн шалгуур байгаа нь болж өгвөл нэг сард, үгүй бол хоёр, гурван сард төрсөн байх ёстой ажээ.Тэгвэл яагаад амжилттай хоккейчдийн ихэнх нь нэг сард төрсөн байдаг хэрэг вэ?

Зурхайчаас асуух уу, учир шалтгаан эрэх үү?

Сайн хоккейчид ихэвчлэн нэгдүгээр сард төрсөн байхыг манайхнаас хэн нэг нь олж ажигласан бол ямар дүгнэлт гаргах байсан бол?Лавшруулан судалгаа хийх байсан бол уу?Хийх л байх, гэхдээ зурхай харахаас нэг их хэтрэхгүй л болов уу?Луу жил төрсөн улсын цолтой 16 бөх гээд ярьдаг, луу жилийг нь л сонин болгож хэлээд байдгаас биш чухам яагаад нэг үеийн тийм олон бөх гарч ирэв гээд спортын шинжлэх ухааны талаас нь нухацтайхан авч үзсэн хүн байгаа бил үү?

Канадын судлаачид харин асуудлыг зурхайнд найдан орхисонгүй.Угаасаа нэг их судалгаа ажиглалт ч хэрэггүйгээр шалтгааныг нь хялбархаан тогтоожээ.Хэргийн хамгийн гол зангилаа нь Канадын хоккейн системд хүүхдүүдийг насаар нь ангилахдаа 1 сарын 1-ний өдрөөр тасалбар болгодогт оршино.

Мэдээж насны хязгаар тогтоохгүй бол замбараагүй юм болох нь тодорхой.Насны хязгаар олон сайн талтай боловч бидний өмнө дурдсан байдалд бас хүргэсэн байна.1 сарын 2-нд арван нас хүрсэн хүү байна гэж бодъё.Тэр хүү мөн оныхоо 12 сарын 31-нд 10 нас хүрсэн хүүтэй нэг ангилалд, нэг багт тоглох нь байна шүү дээ.Бүтэн нэг насны ялгаа гэдэг бол бага насны хүүхдийн хувьд маш том зөрөө.1 сарын 2-ний хүүхэд бол ёстой л “дээрэлхэнэ” биз.

Канад улс хоккейн гүрэн учраас хамгийн шилдэг, ирээдүйтэй хүүхдүүдийг аль болох багаас нь нээн илрүүлэхийг гол зорилгоо болгон, жил бүр зуун зуун скаут хот муж, сургууль бүрийн тэмцээн, тоглолтоор явж, ажиглан, тэмдэглэж, сонгодог аж.Найм, естэй хүүхдүүдийн тэмцээнд гэтэл хамгийн сайн тоглож байгаа нь арай биерхүү, хурднууд нь байх нь тодорхой.Тэр биерхүү, хурднууд нь нэг жилээр ангилан хашсан хүүхдүүдийн хувьд ихэвчлэн оны эхэнд төрсөн, ахмад хүүхдүүд нь байж таарна.Ингээд л өнгөц ажихад авьяаслаг гэж харагдаж байгаа боловч ихэнхдээ ахмад хүүхдүүд нь сонгогдоод явчихдаг ажээ.Заавал скаутууд ч гэлтгүй, бага сургуулийн багийн дасгалжуулагч ч гэсэн, багаа хожуулахыг л мэдээж бодно биз дээ.Тэгээд хэдий удаан ажиглаж, хэн нь чухам авьяастайг нь мэдсэн ч гэлээ тухайн үедээ багийнхаа ялалтыг бодоод яалт ч үгүй том биетэй, илүү хурдтай хүүхдүүдийг шигшээндээ сонгодог байна.(Ингэхэд манай луу жилтэй бөхчүүдийн хувьд бас ямар нэг шалтгаан байсан юм биш биз?)

Худал үнэн болох нь

Ийнхүү анхандаа хүүхдүүд авьяасаасаа биш наснаасаа болоод сайн муу гэж харагддаг  боловч тун удахгүй энэ “сайн” биш боловч “сайн” гэж харагдсан хүүхдүүд маань нөгөөдүүлтэйгээ харьцуулахад үнэнээсээ хамаагүй сайн болоод явчихдаг аж. Учрыг тайлбарлая.

Адилхан долоо, найман настайчууд дотроо арай том, хурдан нь жилийн эхэнд төрсөн, хэдэн сараар ахмадууд нь байдаг тухай дурдсан.Ингээд анги, баг бүрээс сургуулийн шигшээд шалгарах боломж нь чухамдаа илүү том хүүхдүүдэд нь илүү нээлттэй болно.Ингээд нэгэнт сургуулийн шигшээд шалгарсан бол тусгай нэмэлт цагаар хичээллэж эхэлнэ.Долоо хоног бүр дор хаяж хоёр удаа тоглож эхэлнэ. Энэ мэтээр улам цаашаа ахих тусмаа улам мундаг, мэргэжлийн дасгалжуулагч нарын гараар орно, тодорхой хугацаа өнгөрөхөд, өөрөөр хэлбэл насны зөрөө арилах тэр цаг ирэхэд нөгөө хэдхэн сараар ахимаг байсан хүүхдүүд аль хэдийн “тасарчихсан” байдаг ажээ.  

Бусад спортод байдал ямар байна вэ?

Насны ангилал спортын амжилтад нөлөөлдөг нь зөвхөн Канадын хоккейгоор дуусахгүй аж.Үүнийг нэгэн схемээр та бүхэнд үзүүлье.

Өмнө өгүүлсэн зохиолч Гладвеллийн номыг уншаад спортын шинжлэх ухааны вэб сайт гаргадаг хоёр судлаач бас нэгэн сонирхолтой өгүүлэл бичсэнийг www.sportsscientists.com сайт руу нь орж үзэж болно.Тэрхүү вэб дэх The Matthew Effect; Talent ID and Sports Science Application хэмээх өгүүллээс доорх схемийг авлаа. Схемээс Канадатай адил 1 сарын 1-нээр насны хязгаарыг тогтоодог Чехийн залуучуудын хөлбөмбөг, хоккей, Өмнөд Африкийн рэгбиний багийнхны дотор 1-4 сард төрсөн тамирчдын эзлэх хувь хир их байгааг харж болох юм.




Английн хөлбөмбөгт аанай л энэ зүй тогтол ажиглагдаж байжээ.Насыг тодорхойлох өдрийг Англид 9 сарын 1-нээр хязгаарладаг. Тэгтэл 1990-ээд онд хийсэн нэг судалгаагаар Премьер Лийг-д 9, 10, 11 сард төрсөн 288 хөлбөмбөгч тоглож байсан бол 6,7,8 сарынхан 136 байсан байна.

Эргээд Америкийн спортод шилжихэд, сагсан бөмбөгийн хувьд байдал хоккейноос их өөр аж.Учир нь биеийн том жижгээсээ болж шигшээд шилэгдээгүй хүүхдүүд мөнөөх шигшээ багт орж тоглодог хүүхдүүдтэй харьцуулахад тоглох цаг, бэлтгэх боломжийн хувьд тийм ч их хоцордоггүй байна.Өөрөөр хэлбэл хамтдаа л ахиад, дээшлээд яваад байх боломжтой, сагсны талбай маш олон, бөмбөг, өмсгөл хямд, бараг үнэгүй юм.Гэтэл хоккейний хувьд тийм боломж үгүй.Бейсбол ч хоккейтой адил, бас л юм их шаарддаг спорт учраас дээрх ялгаа илэрнэ.АНУ-д бейсболын насны хязгаар 7 сарын 31, үүнээс болоод бейсболын бүх шатны лийгэд 8 сард төрсөн тамирчид байнга давамгайлдаг.

Сайн нь улам сайжирч, муу нь улам муудах Матайн нөлөөтөл

“Худал үнэн болох нь” гэсэн хэсэгтээ миний бие анхандаа авьяасаараа бус эрт төрснөөрөө, том биетэйгээрээ шалгарсан хүүхдүүд төд удалгүй биеийн ялгаа арилаад эхлэхэд аль хэдүйн илүү чадварлаг болчихсон байдаг тухай өгүүлсэн.Чухам ийм зүй тогтол хаа сайгүй, нийгэмд ч байдгийг социологич Роберт Мертон олж мэдээд “Матайн нөлөөтөл” хэмээн нэрийджээ.Социологид энэхүү ойлголтыг “баян нь улам баяжих, ядуу нь улам хоосрох” гэсэн утгаар авч үздэг.Арай жаахан илүү байсан хүүхдүүд маш сайн дасгалжуулагчтай болоод бүр тасарчихаж байна.Арай жаахан боломжтой, эцэг эх нь мөнгөтэй залуус улам ихийг сураад, байр сууриа олоод авчихаж байна. Сурлагаараа арай илүү хүүхдүүдэд багш нар илүү анхаарал тавиад, сайн оюутнуудыг бол дипломын ажил хийлгээд, дагуулж сургаад улам сайжруулчихаж байна...

Ийм үзэгдлийг Матайн нөлөөтөл гэж нэрийдсэн нь Библийн Шинэ гэрээний Матайн 25-р бүлэгтэй холбоотой юм.Тэнд өгүүлснээр нэг эзэн холын аянд гарахдаа эзэмшлээ гурван боолдоо даатгаж үлдээж л дээ.Ингэхдээ гурван боолынхоо чадварыг харж байгаад хамгийн гайгүйд нь таван талант (мөнгөн зоос), нөгөөд нь хоёр талант, хамгийн мууд нь ганцхан талант өгч.Ирэхэд нь чадварлаг нь угаасаа чадварлаг дээрээ илүү мөнгө авсан хүн чинь үржүүлээд арав болгочихсон сууж байв.Хоёрыг авсан нь дөрөв болгочихсон байж.Хөөрхий нөгөө муу ганцханыг авдаг нөхөр угаасаа унхиагүй дээрээ ганцхан талантаар юу л хийгээ аж дээ, хадгалаад л сууж байж.Эзэн ихэд уурсан нэг талантыг нь буцааж аваад арван таланттай хүнд өгчихөөд, энэ үйлдлээ ингэж тайлбарласан байгаа юм. Албан ёсны монгол орчуулгаар бол (www.mubs.mn вэб хуудсаас авав): “Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдах болно”

Матайн нөлөөтөл гэж энэ.“Хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө”.Харин Монголын боловсролд Матайг бид нөлөөтүүлэх хэрэгтэй сэн бил үү?Хоккейн дээр биеийн том жижгээс шалтгаалсан энэ ялгаа боловсролд хамаатай гэж үү?    

Монголын бага боловсрол спортын тэмцээнтэй адил

Тийм ээ, миний бодлоор бол хоккей, хөлбөмбөг, бейсбол дээр гардаг тэр ялгаа, алдаа Монголын бага боловсролд яг давтагдаж байгаа юм.Учир нь Монголын боловсролын үнэлгээ, зарчим, нэр хүнд, зорилго, зорилт бүхий л үнэт зүйл ОЛИМПИАД хэмээх тэр тэмцээн дээр тулгуурладаг билээ.Яг л спортын адил математик, монгол хэл гээд бүх хичээл тэмцээн л гэсэн үг.

Олимпиад бүр нэгдүгээр ангиас эхэлдэг болжээ.Их хурлын гишүүд, бизнэсмэнүүд бүгд хувийн гэмээр эцэг эхээрээ нэрийдсэн, багшаараа овоглосон олимпиад буй болгож.Нэгдүгээр ангид гэтэл одоо шинэ тогтолцоогоор зургаан настай хүүхдүүд ороод эхэлсэн байгаа. Манайд төрсөн сарыг тооцдоггүй, оноор боддог учраас 2010 оны нэг сарын нэгэнд төрсөн хүүхэд 2016 оны 9 сарын 1-нд хичээл эхлэхэд зургаатайд тооцогдох бол 2010 оны 12 сарын 31-нд төрсөн хүүхэд бас л зургаатайд ангилагдана. Гэтэл бүтэн нэг насны зөрөө энэ хооронд байна.  Оюун ухаан шаардах ганц хоёр дасгал хийлгэхэд мэдээж нэг насаар ах эгч хүүхдүүд давамгайлах магадлалтай.Багш мэдээж олимпиадад сайн оролцохын тулд тэр хэдийг тусгайлан бэлдэж, шахаж эхэлнэ.Угаасаа үүнийг бичигч намайг бага байхад л олимпиадны хүүхдүүд гээд тусдаа хичээллэдэг сурагчид байдаг байсан, одоо бол өрсөлдөөн бүр ширүүссэн үе.Ингээд эцэстээ Матайн нөлөөтөлд орж, сайнууд нь улам сайжирч, муу нь улам муудах болно.Муу нь ч гэж дээ, хөөрхий арай дүү, нөгөөдүүлийнхээ насанд хүрээгүй хэд нь шүү дээ.

Цөөхөн сарын ялгаа ч гайгүй байх, гэтэл манайд эцэг эхчүүд хүүхдээ нас ахиулах, анги алгасуулах маш дуртай байдаг.Хэдхэн сарын зөрөө ийм айхтар нөлөөтэй байхад бүтэн нэг, хоёр, гурван насаар зөрөөтэй хүүхдүүдтэй нэг ангид сурна гэдэг хир зөв шийдвэр вэ?Би өөрөө бас л эрт сургуульд орсон хүүхэд л дээ.Хувийнхаа туршлагаас хуваалцъя.

Эрт сургуульд орсон минь: юу хожиж, юу алдсан бэ?

Би ер нь саяхныг болтол өөрийгөө долоотойдоо сургуульд орсон хүн гэж боддог байлаа.Оноор нь бодоход сургуульд яах аргагүй долоотой л орсон юм.Тэгтэл хүний насыг төрсөн сараар нь тодорхойлох нь илүү зөв болохыг бүр хожим олж мэдсэн л дээ. 10 сарын 27-нд төрсөн хүн чинь тэгэхээр сургуульд ороод бүтэн хоёр сар зургаан настай байсан байж таарах нь .Өөрөөр хэлбэл манай ангийнхан наймтай, би өөрөө зургаатай сургуулийн босго давж байсан хэрэг.

Эрт сургуульд орсноороо би ч бас их юм хожсон хүн.Хамгийн гол нь цаг, туршлага гээч хоёр чухал зүйлийг ихээр хожсон.Улсын Багшийн Дээд Сургуульд элсэж байхдаа сараар нь бодоход арван зургаатай байсан байгаа юм.УБИС болсон хойно нь төгсөж байхдаа хорьтой байж.4–р курст дөнгөж ороод байтал миний багш доктор Ц.Өнөрбаян намайг дагалдуулан дадлагажуулж, анх удаа албан ёсоор их сургуульд хичээл заалгуулсан билээ.Өөрөө би 4-р ангийн оюутан атлаа хоёрдугаар курсынхаа хүүхдүүдэд хичээл зааж, багш нь болов.Тэгэхэд би оюутнуудтайгаа яг чацуу, арван естэй байсан болж таарч байна.

Ингээд сургуулиа төгсөөд хорин настай их сургуулийн багш болж байжээ.Эрт ч гэрлэж, том хүү маань одоо 20 хүрч байна.30 настайдаа би гэдэг хүн эхнэр, хоёр хүүхэдтэй, бүтэн арван жил их сургуульд багшилчихсан, санаагаараа бол “зөнөчихсөн” нөхөр сууж байлаа шүү дээ.Ер нь л цаг, туршлага хоёрыг их хожсон хүн гээд байгаа маань энэ.

Харин юу алдсан бол?Энэ үнэхээр ээдрээтэй асуулт.Учир нь хүн юу олж авснаа сайн мэддэг ч, юу алдсанаа, өөр замаар явсан бол юу хожих байснаа хэзээ ч мэддэггүй.Таамаг төдий л юм.

Зүгээр нэг бодож байгаа юм бол жишээ нь би насандаа сургуульд орсон бол овоо сүрхий хөлбөмбөгчин болчих байсан байж нэг магадгүй юм.Юу гэхлээр, өөрийгөө одоо бодоход би нэг зургаа, долдугаар ангидаа л их сайн тоглодог хүүхэд байлаа.Тэрнээс хойш шалиагүй.Одоо АНУ-д нэг багт тоглож байгаа найзууд маань чиний сайн тоглодог байсан гэж юу байдаг юм хэмээн инээд нь хүрч байж магадгүй, гэхдээ л үнэн юм шүү, би багадаа бол их сайн байсан юм.Даанч бие жижиг байснаас, бас хурд бусад зарим шалгуур хүрдэггүй байснаас сургуулийн шигшээд бол шалгарч чадаагүй. Хэрвээ тухайн үед би өөрийнхөө явдаг долдугаар ангийнхантай биш, яг өөртэйгөө чацуу тавдугаар ангийнхаа “бацаануудын” эсрэг тоглодог байсан бол, дунд нь Месси шиг л гүйх байлаа. Тэгсэн бол сургуулийн шигшээд ч шалгарах нь баараггүй, цааш нь жинхэнэ хөлбөмбөгийн багшаар хичээл заалгаад овоо тоглодог болчихсон ч байж магадгүй юм.Яг хэлж бас мэдэхгүй л дээ.

Наймдугаар ангиа төгстөл байгалийн ухааны, за ер нь бараг бүх  хичээлдээ маш муу байгаад ес, аравтаа гэнэт сайжирсан юм. Найзууд тоглоод хожуухан “цоорлоо” л гээд байсан болохоос үнэндээ хожуухан ч биш, яг л юм ойлгох нас маань ирж байсан байгаа юм шүү.Тухайн үед бол эрэгтэй хүүхдүүд ингэдэг юм аа л гэсэн тайлбар сонсож байлаа.

Цөөн хэдэн санаа буюу дүгнэлт

Уншсан сонссон, ажигласан мэдэрсэн зарим зүйлээ эвлүүлэн санал бодлоо өгүүлэхэд ийм байна.Спорт судлал, боловсрол судлалын салбарт бас хэрэгтэй санаа хэлж байж ч мэдэх, үгүй ч байж бас болно. Юутай ч дүгнэлт болгоод хэдэн санаа хэлье:

Нэг.
Юуны өмнө эцэг эхчүүд хүүхдээ наснаас нь эрт сургуульд оруулах, сайн хүүхдийг бол анги алгасуулахдаа маш сайн бодох хэрэгтэй юм.Үнэхээр сайн, үеийнхнээсээ тасарчихсан хүүхэд байгаад хичээлдээ хоцрохгүй, алзахгүй байж болно.Гэтэл нэг ангийн хүүхдүүд гэдэг хичээлээс гадна амьдралын их сургууль шүү дээ.Яалт ч үгүй ахимаг хүүхдүүд нь эрт нас бие гүйцэж, эрт өөр юм сонирхож эхэлнэ.Таны хүүхэд ангийнхныхаа сонирхсон бүхнийг бас л сонирхох болно гэдгийг бодож үзээрэй.

Хоёр.
Сургууль, багш нарын зүгээс олимпиад гээч юманд хамаг анхаарлаа хандуулж, нэр хүндэд зүтгэхийнхээ хажуугаар хүүхдийг олимпиадын багт хэрхэн сонгох, сонгогдоогүй хүүхдүүдтэй хэрхэн ажиллах талаар илүүтэй бодолцох хэрэгтэй юм.Ялангуяа зургаан настнуудын хувьд үнэхээр сэтгэлгээ сайтай хүүхэд сонгогдож байна уу, арай хэдэн сар ахимаг нь илүү боломж олоод байна уу гэдэг ээдрээтэй шүү.

Мөн багш нар нэг муу гэж үзсэн хүүхдээ тэр чигээр нь анхааралгүй, заримдаа сайн юм хийсэн ч тоож үздэггүй алдаагаа бодож үзэх хэрэгтэй.Сайн хүүхдэдээ бол дандаа л сайн, онц дүн тавих гээд байдаг хандлага бол бас л өнөөх Матайн нөлөөтлийн сонгодог жишээ юм даа.

Гурав. Ер нь зөвхөн олимпиад гэлтгүй ерөөс гоц авьяаст хүүхдүүдийг сонгож, тусгай анги болгодог хөтөлбөрийн хувьд манайх Дани улсын туршлагыг хэргжүүлбэл ямар вэ?Дани-д хүүхдийн насны, төрсөн сарын зөрөө арилтал тусгай авьяасаар төрөлжүүлэн сургах, элдэв уралдаан тэмцээнд чадвараар нь ялгаварлан сонгох хориотой.Тэр ялгаа арилах хугацаа нь 10 нас юм.

Дөрөв. Сайн нь улам сайжирч, муу нь улам доройтох Матайн нөлөөтөл манай нэр хүнд бүхий сургуулиудад бүр ноцтой илэрч байна.Олны ярьж байгаагаар бол Нэгдүгээр сургууль, Орос гуравдугаар сургууль гэх мэт тоо, орос хэлээрээ дагнасан, шилдэг сургуулиуд байгаа юм байна.

Нэгэнт сургууль нь маш сайн тул хүүхдүүд өрсөлдөн хамгийн сайнууд нь ордог юм байна.Бас хамгийн сайн багш нарыг өрсөлдүүлэн сонгож авдаг юм байна. Тэгээд л сургуулийн нэр хүнд өсөөд, сайн нь улам сайжраад байхаас биш нөгөө сайн багшийг нь, сайн хүүхэдтэй нь “оргуулаад”авчихсан, хамаг муу нь үлдсэн, хотын захын ч юм уу сургуулийн талаар бодож үзсэн хүн байна уу?  

Зүй нь тэр мундаг сургуулиудын мундаг авхаалжтай захирал, чадалтай багш нарыг хамгийн доголдолтой сургуулиудад ажиллуулж, байдлыг сайжруулах ёстой сон биш үү?Мэдээж хэрэг тэр сургуулиуд нь улсын өмчийн сургууль бол шүү дээ.Хувийн юм бол хамаагүй тэгж халдаж болохгүй, цалингаа тавьж байгаа эзэн нь л хүнээ мэднэ.Улсын өмчин дээр ажиллаж буй, улсаас цалин авдаг сайн багш нарын мэнэжмэнтийг тэгэхээр улс өөрөө мэддэг байх ёстой.Сайн багш, захирлыг муу сургуульд хуваарилж, сайжруулдаг байх ёстой.Аль аль нь л улсын сургууль, хүний хүүхдэд ялгаагүй ханддаг байх ёстой.

Төгсгөн уях үг

10 жилийн ангид маань хоккейноос Канадын багийг шүтдэг хоёр хүүхэд байлаа.Нэг нь би, нөгөө нь Сүхбаяр. Бид хоёрын шүтдэг хоккейчин хэн байсан гээч?Асуух хэрэг байхгүй л дээ, уншигч та аль хэдүйн таагаа л биз.Канадыг шүтдэг хоёр хүү мэдээж хэрэг Гретцкиг л шүтэж таараа.

Агч модны далавчтай нэг ноосон цамц надад байсан юм.Хөдөлмөр зуслан дээр Сүхбаяр надаас тэр цамцыг маань гуйгаад л байж билээ.Тоогүй ч юм болов уу даа, тоглодог ч байж уу дээ, гэдэг шиг, одоо бодоход өгчихдөг л байж.За тэр багын явдал яах вэ, ингэхэд домогт Уэйн Гретцки хэдэн сард төрсөн хүн юм бол доо?

Нийтлэлийг маань анхааран уншсан бол та төвөггүйхэн хариулна даа.
Тийм ээ, Гретцки 1961 оны НЭГ сарын 26-нд эхээс унасан хоккейч доо.

@SaruulerdeneM