Ирэх сонгуулиар ардчилсан нам ялна
Удахгүй Монгол улс 18 дахь жилдээ чөлөөт ардчилсан сонгуульд орох гэж байна. 1990 оны сонгууль пропорциональ буюу хувь тэнцүүлэх хэлбэрээр болжээ.
Олон жилийн дараахи өндөрлөгөөс харахул төрийн энэ тогтоц манайдаа хамгийн тохирсон, хамгийн шудрага, хамгийн ажил хэрэгч нь байжээ. Тухайн үед байсан Засгийн газар шилжилтийн эхэн үеийн хамгийн хүнд хэцүүг туулсан. Зах зээлийн эдийн засагт шилжих шийдвэр өөрөө Монгол улсын хөгжлийн гольдролыг цоо шинэ зарчимд оруулсан юм. Үнэ чөлөөлсөн, эдийн засаг дахь төрийн захиргаадлыг цуцалсан, иргэд болон хамт олныг өөрийгөө санхүүжүүлэх тогтоц руу оруулсан, хувийн өмчийг зөвшөөрсөн төдийгүй өмчийн бусад хэлбэртэй эн тэнцүү эрхтэйг зарласан, банкны шаталсан тогтоцыг буй болгосон гээд шийдвэр болгон нь шахам аугаа байлаа. Парламентийн гишүүд тухайн хууль хэлэлцэхийн өмнө ойлголт авахын тулд хичээлд суудаг, мэргэжилтнүүд хичээл заадаг байлаа. Одоо болтол олон хүн тэр үед гарсан 20-р тогтоолын учрыг олдоггүй, хий дэмий харааж суудаг. Үнэндээ Ленинградад хэвлэдэг монгол төгрөгийн зах зээл дэхь тоо хэмжээг Монголын төр гаргаж чадахгүй байсан юм. Монголд байрлаж амьдарч байсан Зөвлөлтийн 100 орчим мянган иргэн, цэрэгт манай үндэсний валютийн хэд нь хамаарч байсан нь мэдэгддэггүй. Төгрөгийг хүчээр унагаад, дараа нь өөрийн иргэддээ нөхөн төлбөр олгох арга магадгүй хамгийн мэргэн нь байлаа.
Энэ асуудлаа Засгийн газар дангаараа шийдсэнгүй, ард түмний сонголтоор буй болсон парламенттаа танилцуулж зөвшөөрөл авчээ. Харин төгрөг тогтоолоор унахыг мэдсэн нэг гишүүн хүнээс мянган төгрөг зээлээд түүгээрээ магнетфон худалдаж авсан нь мэдэгдэнгүүт Ардчилсан нам хуралдаад түүнийг Улсын бага хурлаас даруй хөөж орхив. Социализмын үеийн эмх замбараагүй, хариуцлагагүй, нуугдмал зүйлс илрэхэд тэр үеийн Засгийн газар л хамаг бурууг нь үүрсэн. Нийтээрээ зах зээлийн тогтоцын ойлголтгүй байсан, төрийн булхайг ард түмэн анх удаа ил задгай шүүн хэлэлцдэг болж эхэлж асан үе шүү дээ. Факсаар банкны арбитражийн гүйлгээ хийдэг байсан, тэр нь сайн дурын шинжтэй, улсын хатуу нөөц болох алт ямар ч стандартгүй, цэвэрлэгдээгүй агуулахад хэвтдэг байсныг цэгцлээдэхсэн чинь Засгийн газар өөрөө дилер гэдэг муушиг маягийн мөрийтэй тоглоом тоглодог, тэнд алдсан мөнгөө төлөхөө тулд хэдэн мянган жил идээрэй гэж Чингис хаан үлдээсэн тонн тонн алтыг барьцаанд нь өгч онгоцоор ачуулсан хэрэгт унаадахав.
1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа болсон сонгуулиар ард түмний саналын хагасыг авсан улс төрийн хүчин парламент дахь нийт суудлын 90 хувийг эзэлжээ. Олон мандаттай мажоритор сонгуулийн тогтоц сонгож авсан нь ийм үр дүнг үзүүлэв. Улс төрийн ямар нэг хүчнийг сонгосноор нь биш, тухайн хувь хүн юу ярьснаар нь суудал хуваарилсан хэрэг. 1996 онд абсолют мажоритор хэмээх сонгуулийн тогтоцыг хэрэгжүүллээ. Энэ нь парламентийн нийт суудлын тоогоор тойрог буй болгож, жалга болгоноос нэг төлөөлөгч сонгоно гэсэн үг. МАХН сонгогчдийн 45 хувийн итгэлийг хүлээсэн боловч суудлын 30 хувийг авч сөрөг хүчин боллоо. 2000 оны сонгуулийн үүнээс ч аймаар гарлаа. МАХН сонгогчдын яг 50 хувийн санал авсан мөртөө суудлын 90 хувийг авчээ. Сонгуулийн дүн ингэж савлаж гарах нь төрийн үйл ажиллагаанд маш хортой юм.
Алив тогтсон нийгэмд төрийн эрх нэг намаас нөгөөд шилжихэд төрийн бодлого ойролцоогоор 1-2 хувь хазайн өөрчлөгддөг болохыг судлаачид тогтоожээ. Өнгөрсөн жилүүдэд Монголын төрийн бодлого 4 жил тутамд бараг орвонгоороо өөрчлөгдөж байлаа. Төрийн залгамж холбоо, удаан хугацааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн цаашдын хандлага гээд олон амин чухал зүйлийг тодорхойлох аргагүй болж байгаа юм. Нөгөө талаасаа абсолют мажоритор систем нь нийгмийн үзэл санааны тусгалыг илэрхийлж чадахгүй учир ялагдсан тал хэмээх нийгмийн үлэмж хэсгийн санаа бодол хууль тогтооход огт хамаагүй болж буй хэрэг.
2004 оны сонгууль нь абсолют мажоритор системийн дампуурлыг харууллаа. Хүн амын шилжилт хөдөлгөөнийг тооцохоо больсон учир зарим тойрогт 3 мянга орчим хүний санал худалдан авахад УИХ-ын гишүүн болох нөхцлийг бүрдүүлнэ. Илүү хялбар арга бол сонгуулийн тойргийн болон хэсгийн хороог бүхлээр нь худалдаж авах арга юм. Чөлөөт ардчилсан сонгуулийг хэрхэн дампуу тоглоом болгож болдгийг ч харууллаа. Сонгуулийн үр дүнд буй болох Засгийн газар ч ардчилалын үндсэн агуулгыг шоглоом болгов. Нэг намын дарга нь нөгөө намынхаа орлогч дарга болчихсон цохиж явсныг наргиан гэж үзье. “Манай намыг гадаадад явж байхад ийм асуудал шийдсэн нь буруу” гэсэн үг тоглоом наргианаар хэлэгдээгүй юм шүү.
“Манай намд итгэл хүлээлгэж Монгол улсын уул уурхайн салбарыг даатгасан ард түмэндээ баярлалаа” гэсэн ойн баярын илтгэлийн өгүүлбэр наргиан биш бодит байдлыг илэрхийлсэн юм. Ардчилал, ардчилсан чөлөөт сонгуулийн үндсэн зарчим нь, төрийн бодлого чиглэл нь ард түмний олонхийн санал эрмэлзлэлийг дагах ба цөөнх нь оршин тогтнох, эсэргүүцэл шүүмжлэл өрнүүлэх эрхээр бүрэн хангагдах ёстойгоор тайлбарлагдана. Гурван мянган хүний санал худалдаж аваад, эсвэл сонгогдож гарч ирсэн намаасаа салж шал өөрийг ярих замаар ганц нэг хүний бүрэн хяналтанд байдаг бүлэглэл төрийн бодлого тодорхойлно гэдэг ардчилсан үндсэн зарчыг яаж дампууруулж тоглоом наргиан болгож болдгийн илрэл юм. Эргэлзвэл зарчмын талаа барь гэдэг мэргэн үг бий. Бид өнгөрсөн хугацаанд эргэлзэх хэрээрээ зарчмаасаа улам холдсоор явна.
Судалгаанаас харахад 2008 оны сонгуулийг абсолют мажоритор системээр явуулбал Ардчилсан нам суудлын 80 хүртэл хувийг дангаараа авах шинж харагдаж байна. Гэтэл АН ба МАХН-ын рэйтинг тийм ч хол зөрүүтэй биш байгаа шүү дээ. Энэ нь 2012 оны сонгуульд эсрэгээр эргэх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл бумэрангийн үйлчлэл. Шидсэн болгон нь эргэж толгойд тусна. Дараа жилийн сонгуулийг олон мандаттай мажоритор системээр хийх боллоо. Энэ нь мэдээж 76 тойрогтой системээс хавьгүй давуу шудрага эд. Үгүйдээ л санал худалдан авагчид дэндүү өндөр өртөгтэй тусна. Гэхдээ л нийгмийн хүсэл бодлын илэрхийлэл хууль тогтоох дээд байгууллагад үнэн зөвөөр тусч чадахгүй.
Одоо гарч буй олон судлагаанаас харахад Ардчилсан намын рэйтинг МАХН-аас илүү байгаа. Энэ нь АН сөрөг хүчин байгаа, нийгмийг цочоож байгаа авилга хээл хахуулийн асуудалд нэр холбогдсон байдлаар хавьгүй бага, нийгмийн сэтгэлгээ “алт диллерийн”, казиногийн” гэх мэтийн хуурамч түгшүүрт амар автагдахаа больсон, иргэд нийгмийнхээ байдлыг илүү бодитоор тусгаж авдаг болсон, мэдээллийн хэрэгслэл маш хүчирхэгжсэн зэрэг олон шалтгаантай юм. Хэрвээ гэнэтийн хачирхам үйл явдал болохгүй л бол ирэх сонгуулиар Ардчилсан нам ялах бүх нөхцөл нэгэнт бүрджээ.
kk