Би ямар нарийн ширийн юм ойлгох биш. Доллар өсөөд байна гэхийг сонсоод номон завсар хавчуулаад гэрийнхээ ишгааванд далд хийсэн арван доллароо гаргаж харлаа. Өсөөд тавь, ядаж хорь болцон байх ч юм билүү. Тэгсэн яг хэвээрээ шүү. Найздаа ярилаа тэрийгээ. Загнаж байна:

-Ээ мал гэж. Долларын ханш өснө гэж санхүү, мөнгөний зах зээлийн үзэгдэл.  Эдийн засгийн тусдаа асуудал. Тэхээс чиний муу доллар өөрөө өсч ихэснэ гэсэн үг биш. Тэнэгээ нууж яв!

-За.

Тэгээд энийг хэнд ч хэлэхгүй байхаар шийдсэн. Та нар ч гэсэн хүнд битгий хэлээрэй. Ингээд жаахан юм уншиж судлах санаатай сонин эргүүлэв. Эдийн засаг хямарч байна гэнэ. Би бол гэдэс хямрахаас өөр юм мэдэхгүй годил тул “эдийн засгийн хямрал” гэдэг үгийг тогтоогоод авчлаа. Одоо хүнтэй ярихад арай амар болсон.

-За юу байна?

-Юмгүй дээ хө эдийн засаг...
гээ л хүн тэгэнгүүт нь яриаг нь таслаа л:

-Харин хямраад байгаа. Энэ их муу шүү
гэчихэд намайг бараг л хүндлээд ирж байна.

Радиогоос “инфляци” гэдэг үг бас олж сонслоо. Цээжиллээ. Харин дараа нь хүнтэй ярьж байгаад будилав:

-Энэ одоо эдийн засгийн мутаци юу болж байна? гэцийшд. Аа яадын үхсэн.

Би зурагтнаас өөр олон үг цээжилсэн. “Төсвийн алдагдал, бонд, үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалт...“ Эдгээр түлхүүр үгсийн араас өөр түлхүүр үгс ч гарч ирсэн. Би бүгдий нь сурсан: “экспортын орлого, валютын ханш, төв банк, засгийн хөгжлийн сайд, галын тахилга, гиннес...”
Энэ бүх үгс надад эдийн засгийн талаар мэдлэгтэй юм шиг харагдахад тус болно. Би хэнтэй ч юу ч ярьсан үгэн завсраа хавчуулаа л болоо. Би ийм сэргэлэн. Тэгээд цаашаа асуудлыг гүнзгийрүүлэн судаллаа. Хэн нэгэн эмэгтэй надад гүнзгий асуулт тавьж болно шүү дээ.



Ингээд судалтал... судлах ч гэж дээ нөгөө найз маань л хэлж өгөв. Дээрх бүх үгнүүдийн цаана  байдаг юм нь манай улсад муудаад, доройтоод бүр өтчөөд байгааг олж мэдлээ. Тэндээс “элгээрээ хэвтэх” гэсэн өөр нэг эдийн засгийн чухал хэллэг сурав. Чалхнаас бусад юмыг ер нь эргээж сайжруулж болдог гэж би ахар ухаандаа боддог тул хэн энэ асуудлуудыг ер нь хариуцаж байгаа юм бэ гэсэн эрэлхийлэл хийлээ.

Энэ нь миний хувьд бараг л хувьсгал болсон. Учир нь би урьд нь ямар ч эрэлхийлсэн юм бодож байгаагүй юм. Үржүүлэхийн хүрд мэддэггүй маань ч үүнтэй холбоотой. Ингээд эрлийнхээ үзүүрт Портуун гэдэг хүнийг олж авсан даа. Портуун гуай бөө юм байна. Ганц галын тахилга хийгээ л эдийн засгаа гантайтал босгочих чадал түүнд бий гэж итгэн биширлээ. Өөрөө ч гэсэн “та нар сонгодог утгаараа тайван бай” гэж хэлсэн нь нэг юм хийх гээд байгаагийнх байх. Мөн тэрээр ингэж хэлсэн: “Сая Япон улс надад хязгааргүй  их, дэлхийгээс том, бүр арван зуун мөнгө өгнө гэж хэллээ...”.  Ингэж хэлээд  тэрээр мориндоо мордоод таван мянган тарган үхэр сүүлээ зэрэг хөдөлгөсөн амжилтаар гиннест бүртгүүлэхээр довтолгон одсон. Тиймээ тэр бол монголын хамгийн баясгалантай хүн юм байна гэдгийг бас би өөрийн охорхон бодолдоо тээн үлдсэн.

Ингээд би мөнөөх найзтайгаа бодлоо хуваалцлаа. Тэр намайг сэнхрүүллээ.

-За наад хүн чинь эдийн засгаа элэгдэж унагаадаг хүн. Тэрийгээ ч гаргуун хийдэг болохоо дахин харуулаад байна.

-Урьд нь яасан юм?

-68%-ийн татвар гэж дуулаагүй юу? Тэрнээс болоод монгол улс алтныхаа барааг үзэхээ байсан шүү дээ. Одоо болохоор гадаадын хүмүүс мөнгөө ацраад бужигнуулаад, чи бид нар даган баясаж овоо хөл дээрээ босоё гэтэл бүгдийг нь айлгаад явуулчихлаа. Одоо буруугаа маниуст чихээд сууж байгаа. Хувь заяа бидэнд шилээ харуулчихлаа даа, ойлгож байна уу, тэнэгхэн минь?

Тэгээд мань эр үргэлжлүүлж хэлсэн:

-Ер нь иймэрхүү самуун бөө нарыг манай Чингис хаан нурууг нь хугалаа л зохицуулж байсан. Тэв тэнгэрийг мэднэ биз дээ? Чингис хаан тэгээд “үүнээс хойш төрийн хэрэгт бөө зайрангуудыг бүү ойртуул” гэж зарлигласан юм. Тэхээр энэ хүний одоо нурууг нь хугалах нь юу юм, зүгээр хал балгүй ажил дээр тавьчихаж болдоггүй юм байх даа цаад том дарга нь...

Найз маань шүүрс алдан ингэж хэлсэн.

Харин би дараа нь анагаах ухаан, уул уурхай, эр эмийн ёсны талаар мэдлэгээ дээшлүүлэх болно. Тэгээд та нартайгаа хуваалцна.