Төгсөөгүй…
-Миний ярилцлагын зочноор найруулагчид орж байсан. Гэхдээ телевизийн найруулагч зочилж байгаагүй?

-Тийм үү.
-Та анхных нь болж байна. Үргэлж үйл явдлын араас хөөж, тэр дундах баатруудтай ярилцсаар нэг талаас залхаж байна. Тэгээд хутгалдаж байгаа хүрээнээсээ гарч, өөр ертөнцийн, өөр хүмүүстэй уулзмаар санагдаад таныг сонгосон юм?
-Тэр шаардлагыг тань хангахуйц яриа хөөрөө бидний дундаас гарах эсэхийг би сайн мэдэхгүй байна шүү.
-Гэхдээ л бид нэг фронтын дайчид. Үргэлж дайтаж, үргэлж бусдыг үзүүлж явдаг манайхныг цаанаа ямар амьдрал туулж яваа, ямар гээчийн хатуу тавилан үүрч яваа болохыг хэн ч мэддэггүй. Тийм болохоор нэлээн дэлгэрэнгүй ярилцмаар байна. Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа?
-Юуны өмнө би танаас уучлал хүсэх ёстой байх. Нэлээн цаг гаргалаа. Нэг утсаар ярихад тань хэнээс дугаар авав, яах гэж байгаа юм энэ тэр гээд хэдэрлэсэн тал бий. Нуух юу байхав би тийм сайхан зан аальтай амьтан биш шүү дээ. Хүнийг нэг их ойртуулдаггүй, сайн хүндээ амиа өгөхөөс ч буцахгүй. Энийг миний найз нөхөд мэднэ. Муу хүндээ бол ёстой яаж ийгээд тэрнийг чадна даа гээд бодчихсон тууж явж ч мэднэ.
-Өөрийг тань ерөнхийдөө адайр хүн гэдгийг мэдэрч байсан л даа. Тийм ч учраас надад хүмүүс зөвлөсөн. Юм гэдэг зарчимтай, чи дарга нартай нь нэг холбогдоод хүсэлтээ тавиад үз гэж?
-Телевизийг, тэр дундаа намайг их сайн мэддэг хүн энэ зүг чигийг өгсөн юм шиг байна. Ө.Нарангэрэл гэж манай программын хэлтсийн дарга байгаа. МҮОНРТ-ын ерөнхий захирал Наранбаатар энэ хоёр байхгүй байсан бол би ер нь хэнд ч дийлдэхгүй амьтан шүү. Нээрээ үнэн шүү. Би архи уудаггүй ш дээ. Гэхдээ би хэнд ч хэлье гэсэн юмаа хэлдэг. Намайг хазаарлаж чаддаг хоёр хүн нь энэ хоёр. Тэр дундаа Ө.Нарангэрэл бол миний багын найз. Ө.Нарангэрэл над руу ярьсан юм. Утас дуугарч байна. Авлаа. Нэг өвгөн ярьж байна. Би Бадарч гуайтай ярих гэсэн юм аа гэж байна. Та хаанаас ярьж байна вэ гэлээ. Би Био энергийн төвийн…гээд л нөгөөх чинь явж өгч байна шүү. Тэгэнгүүт би таньчихгүй юу. Аа, би тэр Пүрэвсүрэн гэж эмчийн чинь менежер нь байнаа гээд урдаас нь туутал инээж байна. За, тэр наргиа яахав, Бадарч аа, чамаас сэтгүүлч Б.Ганчимэг ярилцлага авъя гэнээ. Чи дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгвөл ямар вэ гэж байна. Миний ааш аягийг мэддэг хүний л яриа.
-Өнгөрсөн сард хоёр сайн нэвтрүүлэг үзлээ. Нэг нь МҮОНРТ-ээр гарсан “Био энергийн төв”- ийн тухай сэтгүүлч Г.Золжаргал, та хоёрын хийсэн нэвтрүүлэг. Нөгөө нь TV 5-ын Дагиймаагийн хийсэн” Зохиогчийн хөтөлбөр”?
-Баярлалаа.
-Амьдрал санаанд оромгүй зүйлсээр дүүрэн. Гэхдээ би далдын хүчинд итгэл муутай, давилуун бодолтой хүмүүсийн нэг. Танай тэр нэвтрүүлэг сонин мэдрэмж төрүүллээ. Та юун баатар гаргаад ирэв ээ. Би уулзаж болох уу?
-Болно. Энэ бол миний иргэн хүний үүрэг. Ерөөсөө телевизийн уран бүтээлчид, найруулагч ч бай, сэтгүүлч ч бай үүргээ л гүйцэтгэж яваа улс шүү дээ. Сүүлийн таван жил орчим миний бие жаахан тааруухан байгаа юм аа. Телевиз маань бүр сэтгэлээсээ зүтгэж байж надад гурван сая төгрөг гаргаж өгөөд эмчилгээнд явууллаа. Хүний тус хэзээ ч багаддаггүй. Би их баярласан. Гэхдээ л нэг болж өгдөггүй. Дараа нь би Сингапур явлаа. Хүний сэтгэл их сонин ш дээ. Өгөөд байхад аваагүй юмыг үдшийн 23.40 минутад над руу хүүхдээрээ мөнгө явуулж байсан хүн бий. Тэр мөнгө нь их бага нь хамаа байхгүй. Энэ чинь хүний сэтгэл шүү дээ. Ийм их олон сэтгэлийн дэм хүмүүсээс авсан хүн чинь өөрөө эргээд өвчин зовлонг мэдэрч амсчихаараа хүмүүст тус болъё гэж боддог юм билээ. Залуу давилуун явж байхдаа бол би олон амьтны мууг үзсэн биз. Тэрний маань ч үр өгөөж юм билүү хэн мэдлээ. Нэг өдөр ажил дээрээ юмаа хийгээд сууж байтал манай нэг охин Бадарч ах аа та ямар их амьсгааддаг юм бэ. Хоёулханаа л юм хийгээд байж байгаа мөртлөө та л тэнд ганцаараа амьсгаадаад байх юм гэж. Миний элэгнээс болоод ийм байдал үүсчихээд байнаа гээд би хэлсэн. Гэтэл би таныг нэг хүнтэй уулзуулж өгье гэж байна. Гурав дөрөв хоног очсонгүй, яваад байлаа. Ерөөсөө л болохоо байлаа шүү. Тэгэхээр нь заалгаад явлаа. Модны хоёрын тэрээд л гарч өглөө. 41 дүгээр байрны тэнд шар тоосгоор өрчихсөн дан байшин байна. Био энергийн төв гээд биччихсэн. Орлоо. Хөл тавих арга алга. Нарантуулын хашаанд ороод ирчихсэн юм шиг сонин мэдрэмж төрсөн. Би телевиздээ их баярладаг юм. Муу “Хар цагаан”-даа их баярладаг юм. Энэ чинь надад их алдар хүнд авчирлаа ш дээ. Намайг яваад ортол хүмүүс таниж байна. Хэлчихье, хэлчихье. Телевизийн Го.Бадарч явж байна гээд шивэр авир ярилцаад явчихлаа. Муу л юм бодогдож байлаа. Юу болсон юм бол, яадаг хүн юм бол. Ямар нэгэн болохгүй юм хийчихээд л энэ хүмүүс надад хэлье хэлье гээд байгаа юм болов уу гээд. Уучлаарай, би орчих уу гэж гуйгаад гуйгаад дундуур нь зүсээд явлаа. Намайг урдуураа оруулж байна. Ингээд нөгөө хүн дээр орлоо. Намайг таньж байна. Намайг ерөөсөө бариагүй. Холоос, тодорхой зайнаас л алгаараа мэдрэх замаар үзсэн. Тэгээд доош нь харуулж хэвтүүлээд нуруун дээгүүр мөн адил зайнаас “барьсан”.
-Тэгээд?
-Надад шууд хэлсэн. Та таван жилийн өмнө осолд оржээ гэж. Үнэн. Зүүн бөөр чинь ингэчихсэн байна гээд ярьж байснаа Мамбадацан хийдийн хамба лам Нацагдорж гуайтай яг адилхан нэг үг хэлдэг юм байна. Танд бүсгүй хүмүүс нэг юм хийчихжээ гэж.
-Бүсгүй хүмүүс ээ?
-Тийм ээ. Би бол шууд хэлэнгүүт нь ойлгочихож байгаа юм. Урд нь надад хамба хэлж байсан зүйл шүү дээ. Тэгээд за та маргааш ирнэ биз дээ, хоёулаа нэг гар барьчихъя гэж байна. Би зүгээр гар барих гэтэл өөрөөр барьдаг юм байна. Зөрүүлж гараа барилцдаг юм байна. Зөрүүлээд барилцлаа. Нэг тэврэлдчихье гэж байна. Тэврэлдлээ. Тэгээд гартал намайг бөөн хүн бүчсэн. Энэ хүн ингэсэн, ингэсэн. Ийм ийм хүн эдгээсэн гээд л. Энэ ч хорт хавдартай байсан, тэр ч ийм хүнд өвчтэй ирсэн гээд л.
-Японд оношлоод эмчилгээгүй гээд ирсэн хүн эдгэсэн гээд таны нэвтрүүлгээр ярьж байсан?
-Өө, өдий төдий тийм улс байна. Тэгээд тэр олон хүн бүччихээр юу хэлэх билээ. Би судалъя л гэлээ. Маш олон хүнийг хөл дээр нь босгожээ. Ирээд Золоодоо хэллээ. Би ер нь Золоотой л ярьдаг. Золоо сонин л юм байна гэж байна. Надад камер энэ тэр байхгүй. Би Золоод танай хүүг авъя гэж гуйсан. Манай Золоогийн хүү чинь мундаг оператор болсон шүү дээ. Тэгээд би олон дарга нар дээр орлоо. Ийм хүний тухай нэвтрүүлэг хийе гэж. Яагаад гэвэл тэр олон хүний хүсэлтээс гадна надад өөрт өгсөн өгөөж нь маргаашнаас нь л мэдрэгдээд эхэлж байгаа байхгүй юу. Би чинь одоо хий гаргадаггүй байсан. Хийгээ гаргадаг боллоо. Тэр өдөртөө л миний энэ ууц нуруу халуун явлаа. Итгэхээс өөр арга алга. Миний гэдэс цүдийчихээд байсан. Алга боллоо. Маргааш нь ирэхэд манайхан анзаарч байсан. Го ахаа таны гэдэс нээрээ жижигхэн болчихож гээд. Тэгээд л би чинь нөгөө хэддээ ярьж өгнө биз дээ. Магадгүй зарим газар нь нэмээд ч ярьсан л байх. Жигтэйхэн л ярьлаа. Дараа нь нэвтрүүлгээ хийлээ. Золоо энд тэнд нь текст бичиж өглөө. Хамт явсан хүн чинь их ондоо шүү дээ. Тэгээд би нэвтрүүлэгтээ нэр өглөө. “Сэтгэлийн элч” гэж. Миний сэтгэл ч тэнд явж байгаа. Нэвтрүүлэг хийж өгөөч гэсэн тэр олон хүмүүсийн сэтгэл ч тэнд явж байгаа. Нөгөө эмчилж байгаа эмчийн сэтгэлийн хүч шингэсэн эмчилгээ ч хамт явж байгаа. Энэ бүгдийг нийлүүлээд нэрээ бодож өгсөн. Одбаяр гэсэн байх аа. Тэр хүүхэд чинь бүр японд эмчилгээгүй гээд ирсэн байсан. Одоо бол машин бариад давхиж явах жишээний. Нэвтрүүлэг цацагдангуут тэр шөнөжин над руу хүмүүс утасддаг. Тэгдэг л дээ. Та өөрөө мэдэх байх. Нэг сайхан юм хийчихээр үзэгчид, уншигчид яаж шуугиж хүлээж авдаг билээ. Маргаашнаас нь эхлээд надад манайхан Пүрэвсүрэн эмчийн менежер гээд нэр өгчихсөн. Над руу 80 гаруй хүн ярьсан тооцоо гарлаа. Би тэгээд ерөнхийд нь заагаад л өгч байгаа. Одоо бол тэр хүн Америк явчихсан байгаа л даа. Ирэхээр нь би таныг уулзуулж өгье.
-Би уншигчидтайгаа уулзуулъя. Хавдрын эмнэлгээс химийн эмчилгээгээ хаяад хүмүүс тийшээ очиж байна гэж дуулсан. Сонин л юм?
-Пиг хүн байдаг юм билээ.
-Ер нь ингэхэд та өөрөө шашин ч юм уу, өөр ямар нэгэн далдын хүчинд хэр бишрэлтэй ханддаг хүн бэ?
-Би их холуур явж ирсэн. Хүн өөртөө тохиолдоод ирэхээр л мэдэрдэг юм билээ. Би түрүүн Нацагдорж хамба гэж дурьдлаа даа. Дөрвөн жилийн өмнө юм байна. Над руу нэг өдөр ярьсан юм. Нэг бурханы л холбогдолтой баримтат кино хийж өгөөч гэж. Тэгээд би очлоо. Ярилцаад хийхээр тохироод Золоотойгоо маргааш нь ахиад очлоо. Юм яриад сууж байтал хамба Золжаргал гуай та гадаа түр гараад хүлээж байхгүй юу. Би Бадарч гуайтай нэг ганцаарчилж ярих юм байна гэж. Золоо гараад явчихлаа. Намайг баруун гараа өг дөө гэж байна. Судас барьж үзээд, та дөрвөн өөр тоо хэл дээ гэж байна. Хэллээ. Баахан тоо бодож байснаа хэлдэг юм аа. Бич жилтэй, энэ дээрээ мэнгэтэй, өндөр цагаан хүүхэн тэргүүтэй дөрөв таван хүүхэн юм хийлгэчихсэн байнаа гэж. Тэр нь бол ортой. Яагаад гэвэл би телевизийн нэвтрүүлэг хийсэн үү, хийсэн.
-Ямар?
-Таргалуулна, тураана, залуужуулна гэсэн баахан зар явуулаад л хэсэг нөхөд бизнес хийж байнаа. Тэр тухай нэвтрүүлэг л дээ. Хийхдээ бүр баталгаатайгаар нь баримтжуулж хийсэн. Сэлэнгэ явсан. Хаанаас ачуулдаг юм гэж хөөгөөд Эрхүү хүртэл явлаа. Тэр битгий хэл Сэлэнгэ дээр гаалийн байцаагч хүүхэн тэднүүсээс ямар татвар авдаг, гэртээ тэр бараагаа хичнээнээр нь өрчихсөн байсныг хүртэл бүгдийг нь хөөж баримтжуулсан. Тэгж тэр нэвтрүүлгээ хийсэн. Дараа нь манай телевиз дээр зуун хүүхэн ирсэн юм гэсэн.
-Юун 100-н хүүхэн бэ. Босогчид уу?
-Жагссан. Дайраад гучин хэд нь дотогшоо нэвтэрсэн гэж байгаа. Манай орлогч дарга одоо энэ Ша.Батбаяр байсан юм. Батцэнгэлийн өрөө рүү андуурч дайрч ороод бөөн л юм болж байсан. Би тэр үед нь зурагтай явж байсан юм. Тэр хүүхнүүд л хийлгэсэн юм билээ. Уг нь бол тэр хүүхнүүд миний нэвтрүүлэг гарснаар бол хожсон. Нөхрөөсөө нуугаад хашаа байшингаа ломбардад авчихсан, салж сарнихдаа тулцгаачихсан олон арван айл байсан. Ар тал нь ойлгоод салж сарниагүй үлдсэн. Энэ улс л надад юм хийлгэсэн юм байна лээ.
-Бизнесийн эзэд нь юм уу, үйлчлүүлэгчид нь юм уу?
-Бизнесийн эзэд нь. Хэцүүдсэн улс байсан л даа, хөөрхий. Та бод л доо. Хашаа байшингаа тавьчихаад 4.500 доллар тэр лүү хийчихсэн байх жишээтэй. Гэтэл өнөө сүлжээний нэртэй бизнес нь бүтэлгүй юм байсан болж таардаг. Сүйд болно биз дээ.
-Ингээд та хүүхнүүдийн дайрлаганд өртсөн юм биз дээ. Хөгжилтэй юм аа?
-Танд инээдэм байгаа ч надад бас ханиадам болсон үе бий шүү. Энэ үеэс л би жаахан жаахан юм мэдэрч эхлэхгүй юу. Гэхдээ нэг их хадаг мяндар болоод лам хар луу гүйгээд байдаггүй. Нэг харамсмаар юм манай нийгэмд байна. Шашин, урлаг хоёр цэвэр бизнес болчихсон. Цаана чинь зар явж байна ш дээ. Ийм ч хатуу ном уншина, тийм ч зөөлөн ном уншина, ингэж засна, тэгж ч нураана гэсэн. Ийм юм байж болох уу. Шашин бол шашнаараа л байх ёстой. Би уран бүтээлч хүний хувьд урлаг бизнес болчихсонд үнэхээр харамсдаг. Би 1971 оны долдугаар сарын нэгэнд анх ажилд орж байсан. Би Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн юм ш дээ. 1971 онд төгссөн. Тэгээд хязгаарын цэргийн ансамблийн бүжиг дэглээчээр очсон. Тэр үед бид цуваа зургаа дээр эсгий дэвсэж суугаад арван хэдүүлхнээ 45 хоног явдаг байсан юм шүү дээ. Нэг гараад л зүүн хилийг бүтэн тойроод л орж ирдэг.
-Хилчдэд урлагаар үйлчилнээ гээд үү?
-Зөвхөн хилчид биш шүү дээ. Сум, бригад, хот айл бүгдэд нь шүү дээ. Өнөөдөр ингэж хэн явж байгаа юм бэ. Өөрсдийгөө юу юугүй од болгочихсон, биеэ жигтэйхэн айхтар үнэлчихсэн улс хөдөлж ядаад явж байна. Юу юм бэ. Од гэдэг энэ үг чинь оросод байж байсан үг,Звезда гээд. Одоо ний нуугүй хэлэхэд юун Звезда биш пизда л болж байгаа байхгүй юу. Эднүүс ингэж өөрсдийгөө дөвийлгөж болохгүй. Яагаад гэвэл бүх юмыг ард түмэн үнэлдэг юм шүү дээ. Бүх юмны шүүлт ард түмэн, цаг хугацаа хоёр шүү дээ. Одоо монголоор дүүрэн СУИС төгссөн дуучин нэртэй улс, МУИС төгссөн сэтгүүлч нэртэй улс болжээ. Дээр нь хуулийн дипломтонгуудыг бас нэмчихээрэй. Тэгээд дуучин болсон нь байхгүй. Сэтгүүлч болсон нь харагдахгүй. Хуульч нь байхгүй. Хууль нь яг номондоо явж байна уу гэвэл байхгүй. Урлаг нь мөн номоороо явж байна уу, байхгүй. Зохиолын хэдэн дуучид л тэнд ч очлоо, энд ч очлоо гээд яриад байдаг. Хуульчид нь зөв байна уу гэвэл үгүй. Өнөөдөр монголд хуульчид яаж ажиллаж байна вэ. Хамгийн аймаар нь мөрдөн байцаагч, өмгөөлөгч хоёр л монголд одоо баяжиж байна. Нуух юм байхгүй. Би танд жишээ хэлье. Өмгөөлөгч дотроо бас зэрэглэлтэй ш дээ. Эрүүгийн цагдаад байж байгаад өмгөөлөгч болчихсон хүн дурын товарищыг хамгаалж чаддаг. Уг нь өмгөөлөгч яллагч хоёр мэтгэлцэж байх ёстой. Үгүй ээ, энэ хэргийн газраас олдсон гутлын мөр 40 размерын гутлын мөр байна. Миний үйлчлүүлэгч 39 өмсдөг шүү дээ гээд чаргууцалдаад зогсч байх ёстой. Ийм замаар хэрэг ерөөсөө явахгүй байгаа. Нөгөө эрүүгийн цагдаад байсан өгөөлөгч чинь бүх цагдаагаа танина. Тэгээд цаад үйлчлүүлэгчдээ за Дамбаа чи надад 100 саяыг өг. Би чамайг хэргээс мулталлаа. За ингээд 100 саяыг авчихна. 50 саяыг нь өөрөө авчихна. 50 саяыг нь тараагаад л өгчихдөг байхгүй юу. Бүх хүмүүсийн амыг хаагаад л хаячихна. Эцсийн бүлэгт нөгөө зодуулсан, рекетлүүлсэн нь бараг ялтан болоод л эсрэгээр эргээд явчихдаг болсон. Ийм юм харсан залуучууд хуульч болъё. Амархан баяждаг юм байна гээд хууль руу хошуураад байна.
-Хуулийнхантай ноцолдохоос залхахгүй байна уу. Би бол залхсан. Тэднээс холхон л явъя гэж боддог болсон. Өш хонзон санах гэж нүгэлтэй улс шүү дээ?
-Нүгэлтэй. Намайг занаж байсан хурандаа байдаг юм. Бадарч аа, цагдаа урт гартай шүү гээд. Тэр бичлэг нь надад байгаа. Би хувилаад дотныхоо гурван хүнд хадгалуулсан. Би үхвэл монголын цагдаатай л холбоотой. Би лхагва гаригт ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир генералтай уулзсан. Энэ хүн бол хүн. Хүн гэдэг чинь нэг ондоо. Хүн байх чинь ондоо асуудал шүү. Шар халзан мөрдөстэй, улаан халзан өмд өмссөн хүн бүхэн хүн биш шүү дээ. Долдугаар сарын нэгний аллагыг хар. Яах гэж бид хоёр уулзсан бэ гэвэл их учиртай. 10 сард соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазар над дээр ирээд Бадарч аа чамтай Сандаг-Очир генерал уулзая гээд байнаа гэж хэлсэн. Би яах гээд уулзах санал тавьж байгааг нь мэдэж байсан. Би юм хийчихсэн байсан. Тэгээд би очсон л доо. Би хулгай хийгээгүй юм чинь. Уулзалт нэлээн хэдэн цаг үргэлжилсэн 15.15 минутад ороод 19.15 минутад би гарч ирсэн. Ямар хүлээцтэй хүнийг сонсдог, ямар дөлгөөн, ямар сайхан хүн бэ.
-Тэр тийм шүү?
-Тэр Баяр даргын 77 хэмжсэн гэдэг чинь бас их утгатай үг шүү. Би их бодож ярьж байгаа мөртөө ам халаад, нөгөө зэвүүн заваан хоёр зэрэг хөдлөөд, та тангараг өргөсөн төрийн генерал ч гэсэн, энд ирэх шаардлагагүй хүн байсан юм гэж хэлсэн гээч. Би одоо төрсөн үр нь юм уу, хэн юм бэ. Би бүр тэр хүнийг сургасан байгаа юм. Гараад эргээд бодож байгаа байхгүй юу. Тэнэг хүн орой ухаардаг гэж тэр. Та муухай кострулан дээр ирлээ. Энэний чинь ёроол хусагдахгүй, арилахгүй, түлэгдээд ужигарчихсан дэндүү заваан болчихсон шүү. Та өнөөдөр тэтгэвэрээ аваад л, байшингийнхаа цонхоор хараад, дуртай газраа зугаалаад явж байхаар л хүн шүү дээ. Гэхдээ яахав ээ, та тангараг өргөсөн, түмний төлөө зүтгэх андгайтай хүн болохоор ирчихсэн л байна. Би бол ирэхгүй байсан гээд л бурчихсан л байхгүй юу. Ингээд л чин сэтгэлээсээ хамаагүй ярьж байгааг маань тэр хүн бас хүндэтгэж байна ш дээ. Тэрнээс биш ярвалзаад л, чи тэр хийсэн нэвтрүүлгээ аваад ир, яахаараа тэгдэг хүн юм чи гээд арзаганаад явчих хүн байхыг хэн байг гэх юм.
-Таны долоон сарын нэгний сэдвээр хийсэн “Хар цагаан”-ыг үзсэн. Та шатсан байшингийн туурин дээр зогсч байгаад хийлээ шүү дээ. Шийдэл нь сонин, юм бодогдуулахаар нэвтрүүлэг байсан. Үргэлжлэл нэвтрүүлэг байна гэж би дууллаа. Гарахгүй байна гэж?
-Хов сонсоо юу.
-Яагаад хов гэж. Тийм мэдээлэл л хүлээж авсан?
-Тэр нэвтрүүлгийг үзэхэд нэг мөр явж байгаа. Хар цагаан хэл амнаас айдаггүй хараат биш телевизүүдэд зориулав гэсэн. Энэ ямар учиртай юм бэ гэхээр одоо нэг хэвлэлийн хууль гээд нэг юм гарчихсан ганцхан манай телевизэд үйлчлээд байна шүү дээ. Би дарга нартаа гомддоггүй юм ш дээ. Яагаад гэвэл миний бүх нэвтрүүлгүүдийг гаргадаг. Гэхдээ тэдний дээр нэг цензур байна шүү дээ. Нэг тийм шахалт. Аль ч талаас нь.
-Тэр нэвтрүүлгийн үргэлжлэл тэгээд хааччихсан бэ?
-Хийсэн. Тэгээд яахав дээ. Сандаг-Очир генералын гараар дамжаад Санжаа гуайн хүү үзэг гэж бодоод өгсөн. Хийсэн нь үнэн байсан юм шүү гэдэг л надад үлдэг. Би бүтэн гурван сар хүлээлээ шүү дээ. Тэгээд залхлаа.
-Яах гэж Сандаг-Очирт бэлэглэж байгаа билээ. Нэгэнт гарахгүй болохоор нь уу?
-Нэгэнт гарахгүй. Хоёрдугаарт, би хийчихсэн байсан нь үнэн шүү. Танд ирж хэлсэн таны мэдээлэгч чинь намайг магтсан ч бай, матсан ч бай ямартаа л танд шударга ажиллаж байнаа. Май ав даа. Цагдаа бол надтай өрсөлдөж чадаж байна. “Босго” гэж эхний хэсгийг та үзсэн байна. Тэрний дараагийнх нь “Гуутай бурхан байдаг, буутай бурхан байдаггүй”.
-Таны ажлуудыг би сайн мэднэ. Гэхдээ л таныг мэдэрхэд тэр хангалттай биш. Тийм учраас би танаас өчигдөр хаагдсан хоригдсон нэвтрүүлгүүдээ өгөөч гэж гуйсан юм. Итгэж өгсөнд их баярласан. Мэдээж цаана нь их л юм үлдсэн байх?
-Нэгэнтээ л дарга нар ярилцлага өгөхийг зөвшөөрсөн тохиолдолд би таны гуйлтыг яаж хориглох билээ. Тэгээд л хальснуудаасаа өгсөн. Бас яасан тэр хангалтгүй байна уу. Та ер нь яасан даварсан хүүхэн бэ.
-Цацагдаагүй нэвтрүүлгийн үргэлжлэлийг үзэж байхад олон юм бодогдож байлаа. Та цагдаа руу ёстой чинээнд нь тултал давшжээ. Гэхдээ тэнд нэг баримт анхаарал татлаа. Тэр шөнө цагдаагийн дарга нарын хоорондоо станцаар ярьж байсан бичлэг 102-оос алга болж арчигдсан. Мэднэ. Гэхдээ та энэ бичлэгийг цагдаа нар өөрсдөө устгасныг тагнуулынхан тогтоосон гэсэн шинэ мэдээллийг өгсөн байна. Та энэ мэдээллийг яаж олсон юм бэ?
-Би өөрийг тань хүндэтгэж харьцаж байна шүү. Өөр нэг дурак ингэж асууж байвал би дунд хуруу үзүүлнэ. Би таны асуултыг асуултаар хариулъя. Таны бичсэн тэр олон хурц нийтлэлүүд, ярилцлагууд дунд цацагдсан аль нэгэн баримтыг энийгээ та хаанаас авсан гээд цагдаа дуудаад асуувал хэлэх үү.
-Галзуурсан биш. Юу гэж тэдэнд хэлдэг юм?
-Тэгвэл би ч хэлэхгүй.
-Би ямар цагдаа юм уу?
-Тэгсэн ч хэлэхгүй. Та хальс авч үлдсэн шүү дээ. Тэр нэвтрүүлэгт нэг сонирхолтой план байгаа. Хөзөр гарч байна уу.
-Түүзнүүд үү?
-Гилийн тамга, цэцгийн тамга, дөрөвжингийн тамга, бундангийн тамга. Тэгтэл гилийн тамганы дундаас нэг А үсэг гараад ирж байгаа. Дараагийнхаас нь Г, дараагийнх дотроос Э үсэг…
-Сүүлийн үсэг нь З байсныг санаж байна?
-АГЭЗ гэсэн ямар ч холбоогүй дөрвөн үсэг. Бүгд нэг нэг үг болоод задраад явчихаж байгаа биз. Аюултай галуудыг эндээс зайлуулъя гэсэн. Энэ чинь дөрвөн хүний нэрний эхний үсэг болж байгаа.
-Ойлголоо. Э нь хэн юм бэ ?
-А нь Амарболд, Г нь Ганбаатар, З нь Зоригт. Э нь одоо энэ замын цагдаагийн дарга байгаа Энхжаргал хурандаа. Бод л доо та нар. Хүнийг амраадаггүй юм ш дээ. Эмнэлэгт хэвтэж байхад л Амарболд генералаас үүрэг авлаа гээд тэр Энхжаргал над дээр ирж л байсан байхгүй юу. Хувьсгалт нам хүн алсан тухай юу гэж ярьж байна гээд. Надад бүх мэдээлэл уже ирчихсэн байсан. Надаар нэвтрүүлэг хийлгэе гэсэн. Хэдээр хийх вэ гэж байна. Би дийлшгүй үнэ дуулгасан. Яанаа сая би 50 сая төгрөг цагдаад олоод өгчихсөн ш дээ. Би ахиж яаж ийм мөнгө босгох юм бэ. Хаанаас олох юм бэ, ах минь та бодооч гэсээр алга болсон. Ингэж гүйцэтгэх ажил хийдэггүй байгүй юу. Би яах гэж явааг нь мэдэж л байсан. Ийм бузар муухай алдаа дутагдлыг нь би Сандаг-Очир генералд ярьсан л даа. Тэр хүн бол энэ цагдаа гэж айлын аав нь шүү дээ. Хэсэгтээ л эндээс холдсон шүү дээ. Холдсон хойно нь ямар будлиан хутгаж, юу юу хийснийг мэдрэг л дээ. Яагаад болдоггүй юм. Би хэнийг ч матаж, хэнийг ч мууг үзэх гээгүй. Яагаад гэвэл би цагдаа цэвэр байх юм бол нийгэм цэвэр болно, нийгэм цэвэр болох юм бол монгол сайхан болно гэж итгэдэг. Манайд нэг эрэмбэгүй, нэг заваан юм байдаг. Ядрахаараа төр лүүгээ дайрдаг. Задрахаараа төр лүүгээ дайрдаг. Ядрахаараа төр юу ч өгсөнгүй, бид ядуу байна, зүдүү байна гээд л дайраад байдаг юм. Задрахаараа яаж дайрдаг вэ. Саяын долоон сарын нэгнийх шиг дайрдаг юм. Өнөөдөр юу юу болж байна вэ. Би хүнийг турхирч өдөөж байгаа юм биш шүү. Мөнгө яаж үнэгүйдэж байна. Юмны үнэ яаж тэнгэрт хадаж байна. Амьдрал ямар болж байна. Яагаад Баасан эгч гадаа орилохгүй байгаа юм бэ. Гадаа тийм хүйтэн байна гэж үү. Энэнээс хүйтэнд жагсдаг л байсан ш дээ, тэднүүс. Өнөөдрийн жагсаал цуглаан хийж байгаа бүх юм зөвхөн карьер хөөсөн улсуудын л ажил байдаг юм. Би энийг амьдрал дээр өөрийнхөө телевизийн гадаа өлсөж байсан улсуудаас харсан, үзсэн. Яагаад өнөөдөр манай гадаа өлсөж байсан улсууд дээр цөөхөн телевиз, цөөхөн сонин, цөөхөн сэтгүүлч очиж байсан бэ. Мэдрэмж сайтай улсууд нь очоогүй л байхгүй юу. Магадгүй таны саяны асуултад би дутуу дулимаг хариулж байж болно. Сэтгүүл зүй ярихаасаа өмнө ёс зүй ярих ёстой юм, биднүүс. Та ч гэсэн байцаагдвал ёстой дунд хуруу өгөөд цаад эх сурвалжаа хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр таны асуултын хариуд олсон бол олсон. Хаанаас, хэрхэн яаж олсноо хэлэхгүй.Би яагаад энэ олон жил цагдаад загнуулаад, хараалгаад, тэгээд л цагдаатай харгалдаад яваад байдаг юм гэвэл зовлонг нь мэддэгтээ л би ингэдэг байхгүй юу. Бүх цагдаа бузар булай биш.
-Цагдаа тэр иргэдийг буудсан гэдгийг ер нь хэн нотолсон юм бэ?
-Би танд гурван хүний хоорондын яриаг ярьж өгөх үү. Хүн буудуулчихжээ. Яваад очдог юм. Одоо энэ цагдаагийнхаа яг журмаар л очно шүү дээ. Миний энэ яриаг битгий хасаарай.
-Хасахгүй.
-Тэгээд тал талаасаа очно биз дээ. Дүүргийн цагдаагийн хэлтсээс тэр өдрийн жижүүр давхиад л очно. Яг л номоороо л бүх юм болно ш дээ. Сүхбаатар дүүргээс очсон нэг ахмад тэгдэг байхгүй юу. Энэ хүнийг машин дайрчихсан байнаа гээд байсан. Өөрөөр хэлбэл тэр хүний бөндгөр ажиллаад байна ш дээ. Цагдааг цэвэрлэх гээд. Нэг нөхөр жинхэнэ томроод манайхан алчихсан байнаа гэсэн. Цагдаа гэж хэлээгүй мөртөө буудуулчихсан байнаа гээд нэг нь хэлээд байсан. Гэтэл нэг дурак хурандаа хүрч ирээд, үгүй энэ автоматаар шүршчихсэн байна, манайхан чад хийлгэчихсэн юм биш биз дээ гэж ярьдаг байхгүй юу. Өнөөдөр цагдаад хурандаа цол юрандаа болсон. Энэ чинь л замбараагүй байдлыг, эрэмбэгүй байдлыг цэцэглүүлж байгаа байхгүй юу. Одоо цагдаа бүтцээ хийж байх шиг байна. Одоо сайхан болно л доо. Би итгэж байна. Өнөөдөр гэгээлэг юм бодож урагшаа алхмаар байна. Эрэмбэ гээд би нэг юм яриад байна. Хэд ч давтаж хэлэв. Эрэмбэгүй явдал их олон юман дээр ажиглагддаг болсон. Уран бүтээлчид дотроо яръя л даа. Би 21 жилийн өмнө анх телевизэд ирж байсан юм. Тэгэхэд эрэмбэтэй байсан юм. Тэр агуу найруулагч Сандагдоржийн Бадрах гэдэг хүнийг юм ярьж байхад мань мэтийн ассент найруулагч ам дуугарахгүй шүү. Ах нь туслах найруулагч хийгээгүй. Ассент найруулагчаар гурван сар ажиллаад найруулагч болсон.
-Одоо ч гэсэн таны өөдөөс юм дуугарахгүй биз дээ?
-Юун тэр. Тийм байтлаа намайг 2 сая 600 мянган ард түмний өмнө доромжлох уу. Сая намайг том доромжилсон шүү дээ. Зохион байгуулалттай доромжилсон. Хүн бүхэн өнөөдөр элгэндээ тэвэрдэг нэг кардон, энгэртээ зүүсэн нэг тэмдэгтэй болсон. Өөрөөр хэлбэл нэг ромбо, нэг дипломтой болцгоочихсон гэсэн үг. Тэрүүгээрээ түрүү бариад байдаг. Үгүй ээ, онол практик хоёр чинь ямар ч мэргэжил дээр зөрдөг юм. Өнөөдөр гадаадад урлагийн сургууль төгсөөд ирчихсэн хүүхдүүд монголд эхний нэг хагас жил ажиллаж чадахгүй байна шүү дээ. Одоо уран бүтээл үнэртэж байх ёстой өрөөнөөс л орифлеймын бараа зарж байгаа хэдэн хүүхэн, трико ярьж байгаа хэдэн хүүхний шаагиан л сонсогддог болсон ш дээ. Намайг анх телевизэд ирж байхад энэ МУСГЗ Ш.Гүрбазар чинь гар өргөж ярьдаг тийм эрэмбэтэй байсан юм шүү дээ. Одоо юу вэ. Юм л бол ардчилал яриад байдаг. Ардчилал гэдэг чинь эцсийн дүндээ хариуцлага юм шүү дээ. Миний тэр “Босго” гэдэг нэвтрүүлэг дээр байж байгаа. Вандализм гэдэг үгийг би гаргаж ирсэн.
-Тэгсэн. Төгсгөлд нь ардчилал биш, анархизм биш, энэ бол вандализм гээд дуусгаж байсан санагдаж байна?
-Тэр вандализм гэдэг чинь хамгийн эмх замбараагүй юмыг хэлдэг байхгүй юу. Би эмнэлэгт байхдаа хийсэн. Өнөөдөр уран бүтээлч хүн өвдөж явах ёстой, шаналж явах ёстой, инээж явах ёстой, баясаж явах ёстой, галзуурч явах ёстой байхгүй юу. Тэрнээс биш телевизэд ажилладаг нэртэй. Ерөнхий редактор байхгүй бол оролчихоод л, зарим үед дарга үүрэг өгвөл хөдөө явж даргын захиалсан юмыг хийчихээд л ингээд явж байгаа хүнийг хэн сэтгүүлч гэх юм бэ. Хэн найруулагч гэх юм.
-Танай телевизийг айхтар диктатурын газар байна гэж бодсон шүү. Хэдэн жилийн өмнө нэг очсон юм. Тэгээд гарах гээд үүд рүү алхаж явтал монголын сонины хамгийн том сэтгүүлчийг гавлачихсан байсан. Шатнаасаа. Нөгөө телевизээр гараад байдаг охидууд хажуугаар нь гүйлдээд л байх юм. Нэг нь ч тэр хүнийг таньдаггүй ээ?
-Танихгүй ээ, танихгүй.
-Тэгээд би захирал руу тань уучлаарай, энд алмас Батбаяр ахыг танай үүдний цагдаа гавалчихжээ гэж хэлсэн. Өө, ямар хөгийн юм болж байгаа юм бэ. Одоохон гээд суллуулж байсан юм. Аймаар газар юм гэж үглэсээр л хоёулаа гарч явж байж билээ. Тэр хүнд манай сониныхон бол дуугүй ёсолдог байсан юм шүү дээ?
-Манай телевиз улсын онцгой объект гэж явдаг юм. Цагдаагаас харуул хамгаалалтыг хангадаг. Тэгэхээр телевиз биш цагдаа гавалчихсан байхгүй юу. Телевиз биш цагдаа диктатуртай байгаа биз дээ. Останкино дээр Алла Пугачева ирэхэд дотогш нь шууд оруулахгүй шүү дээ. Алла Пугачеваг урьсан найруулагч хэн байдаг юм. Бондарчук байг. Бондарчук өөрөө гарч ирээд л тосч авдаг. Батбаяр яах вэ дээ. Манайхны нэг дээр ирээ л биз. Ганц юм уучаа л биз. Гараад явахад нь зүгээр л явуулчихна биз дээ. Тэгэхэд л шатнаас гавлаад л. Ер нь уусан хүн чинь хэгжүүн л дээ.
-Ялангуяа манай сэтгүүлчид?
-Тэгэнгүүт л аваачаад гавлачихдаг. Орох айл үүднээсээ. Цагдаа гавлачихаад байж байсан юмыг та манай телевизийг аймшгийн газар гээд ойлгоод гарч шүү дээ.
-Ямар юмных нь онцгой объёкт байх вэ дээ. Дайрч ороод эфирийг тань эзэлчихэж л байсан биз дээ?
-Тэнэгийн гарт эрх мэдэл аюултай. Хүүхдийн гарт ирт мэс аюултай гэж үг байдаг юм. Тэр дайраад байгаа улсууд хэн бэ. Тэнэгүүд л байхгүй юу. Эрх мэдлээрээ түрий барьж байгаа адгийн тэнэгүүд. Бид дайраад ороод ирлээ гэж Гүндалай яриад л. Яасан их дайрдаг улс вэ. Миний тэр “Босго” бол олон хүний зэвүүн завааныг хөдөлгөсөн дөө.
-“Хар цагаан” гэдэг нэрийг та яагаад өгсөн юм. Энэ нэвтрүүлэг хэдэн жил явав. Яагаад сүүлийн үед гарахгүй байна вэ?
- Телевизээс хэн ч хөөгөөгүй байхад би Тэнхлэг гэж хувийн телевизэд хүрээд ир гээд байхаар нь би таван төгрөгний төлөө яваад очдог байхгүй юу. Хоёр жил ажиллаад нөгөө телевизийг чинь хаачихна биз дээ. Тэгэнгүүт нь би эргэж ирэхээс ичээд, Эрдэнэт рүү гараад давхисан. Би чинь Эрдэнэтэд хоёр жил ёстой нэг зовлогоо зовоосон хүн ш дээ. Эрдэнэтэд хоёр нэвтрүүлэг хийгээд би ажилгүй болно биз дээ. Яасан гэвэл Эрдэнэт хотын ерөнхий прокурор, тэр үеийн аймгийн засаг дарга нарын хамтарч хийсэн бизнесийг нэг илрүүлж цацаад л, Эрдэнэт хотын цагдаагийнхны заваарсныг нэг илрүүлж тавиад л ажилгүй болсон.
-Та телевизэд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхэд том түлхэц өгсөн хүн. Хатуу талбарт ажилладаг хүн байж яагаад дандаа явган явдаг юм бэ. Шүргэчихээд л давхичихвал яах уу?
-Надад Д.Алтангэрэл хурандаа “17 чингэлэг спирт”-ийн дараа хэлж байсан юм шүү. Гавъяат хуульч Д.Мөрөн ч хэлж байсан. Бадарчаа чи их буруу юм руу гараа дүрлээ. 17 чингэлэг спиртийн жинхэнэ эзэд нь тэр тэр шүү дээ. Наад Х.Баттулга чинь зээлүүлсэн мөнгөө олж авах гэж яваад л наад руу чинь орчихсон юм гэж. Д.Алтангэрэл хурандаа юу гэж хэлсэн гэхээр Бадарчаа зам хөндлөн гарахдаа болгоомтой гар аа. Шүргэнэ шүү. Цагдаа шүргэснээр тооцно, цаана нь та үхнэ шүү гэж хэлж байсан.
-Одоо мөн л пальтоныхоо хормойг хийсгэчихсэн хаана л бол хаана алхаж яваа харагдаг?
-Би түмэн дундаа явж байгаад л үхье л дээ. Намайг алаг л дээ. Би машин, архи хоёрт дургүй. Би хоёрхон юманд дургүй. Би архи уудаггүй. Хамгийн их уусан нь МУСГЗ гэдэг энэ өндөр цолыг хүртээд эхнэртээ хэлсэн. Өнөөдөр би уусан шиг ууна шүү гэж. Би урьсан зочдынхоо нүдэн дээр 400 гр архи уусан шүү. Архитай архигүй би амьтанд хэлэх юмаа хэлчихдэг юм. Аав ээжээс заяасан ам байна. Архи шалчиг палчиг гээд заваан шүү дээ. Тийм учраас би уудаггүй. Машин бас балай. Одоо энэ микронуудыг хар. Дандаа хөдөөгийн залуус барьж байгаа ш дээ. Нэг микро хүрч ирээд шүргэчих юм бол хэдэн жил би заргалдах вэ. Эрүүл мэндээрээ хохирно. Дээр нь унаж явсан нөгөө машин гэгчээ хэмхэлнэ. Бөөн гай биз дээ. Тэрний оронд олон түмнийхээ дунд алхдагаараа алхаад, ажлаа хийдгээрээ хийгээд л явж байя л даа. Би одоо хүртэл цагдаагаас айдаг юм шүү. Намайг одоо хамгаалах хүн Д.Сандаг-Очир генерал л гэж бодож байна. Намайг их ойлгосон байх. Би ний нуугүй сайхан ярьсан.
-Хамгаалахгүй ээ?
-Юу гэж байгаа юм.
-Хамгаалахгүй ээ, цаадуул чинь. Хамгаалдаггүй юм. Барих л байх. Болж өгвөл барьчих гээд байдаг л улс шүү дээ. Дамжуулж зууна ?
-Намайг зууж байсан л даа. Гэхдээ одоо гайгүй болох байлгүй дээ.
-Хоёулаа эднийг орхиё. Түрүүн та шашин, урлаг хоёр хэрхэн завхарч байгаа талаар ярьсан. Манай лам нар орхимжоо хийсгээд улс төрөөр гүйгээд байдаг болчихлоо. Жишээ нь, МҮОНРТ-ын гүйцэтгэх зөвлөлд шашныхны хэрэг юу байнаа?
-Нэг бодлого байдаг юм шиг байна лээ. Би яг өөр шиг чинь боддог байсан. Хамгийн анхны үндэсний зөвлөл манайд ирээд хурал хийдэг байхгүй юу. Миний ам болохгүй юм чинь босч ирээд “За энэ дотор нэг ч сэтгүүл зүй мэддэг хүн алгаа, Ц.Дашдондов гуайг эс тооцвол. Шүлэг зохиол бичдэгээр нь Чилаажавыг тооцохгүй юм бол, Итал гутлын дэлгүүрийн эзэн хүүхэн энд ямар хэрэгтэй юм бэ. Мөнгөнтуул гээд нэг бүсгүй байсан. Энэ лам яах гэж ирж байгаа юм. Бунхан нураахыг зааж өгөх гэж байгаа юм уу, бурхан зурахыг зааж өгөх гэж байгаа юм уу” гэж хэлээд нөгөө хурлыг нь тараагаад хаячихсан байхгүй юу. Саяын удирдах зөвлөл чинь ерөөсөө цалин авдаг улс л байсан юм шүү дээ. Нэвтрүүлэг ярьдаг, уран бүтээл хөнддөг улс байгаагүй. Нэвтрүүлэг гэснээс би Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс”- аар орчин үед хувилгаад нэвтрүүлэг хийе гээд бодоод л явдаг юм. Энэ жил бүтэх нь яах нь уу. “Төгсөөгүй” гэж асар том симфони байдаг юм. Шубертынх. Тэрүүгээр нэг юм хийхсэн гэж мөрөөдөж явдаг юм. Олон жил сонсч явлаа. Амьдрал ер нь төгсдөггүй юм шүү дээ.
-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл уран бүтээлчдын санаанд нэг их хүрдэггүй. Би хувьдаа мэргэжлийн талаас хэн орж ирэх нь вэ л гэж хардаг. Бусад нь хамаагүй. Гэтэл хамгийн дургүй хүрмээр нь сая чуулган дээр мэргэжлийн талаас орж ирж байгаа улсууд дээр л олон юм яриад байх юм. Бүлэглэл төлөөлж, нам төлөөлж хөл төвьж байгаа тэр улсуудтайгаа ярина биз дээ?
-Хуцаад л байна лээ.
-Цагдаад дарамтлуулаад явж байхад хамгаалдаг мэргэжлийн байгууллага алга байна. Бидэнд тийм л нөмөр хэрэгтэй болохоос, шинэ жил болохоор л цуглаж нэг удаа хундага тулгадаг холбоонууд хэрэггүй шүү дээ?
-Үнэн үнэн. Бүх юм үнэн. Би сая шинэ зөвлөл байгуулагдахад сонирхлоо. За Б.Ганболд дарга ирж байна. Энэ зөв. Манай дарга байсан, одоо танай дарга байх нь энэнд огт хамаагүй. Энэ хүн чинь мэргэжлийн том голос. Итали гутлын дэлгүүрийн эзэн хүүхэн энд байх бидэнд хэрэгтэй юм уу, энэ тавилангийн чинь цаад наадахыг мэддэг, мэргэжлийн кадр хэрэгтэй юм уу. Ц.Дашдондов гуайг З.Алтай ч бороолоод л байна лээ. З.Энхболд ч бороолоод л байна лээ. Монгол хүний хаанаас хэн болсноо мартдаг л эндээс харагдаж байна лээ л дээ. “Цаг үе, залуучууд” гэж нэвтрүүлэг хийж л анх ард түмэнд танил болсон хүн. З.Алтай ч, ерөнхий сайд С.Баяр ч. За яахав, хүнд таалагдах гэж хүн амьдардаг л байх. Миний хувьд би өөрөө өөртөө дурлаж, үзэл бодолдоо үнэнч явахыг л хүсдэг. Энэ байгуулагдаж байгаа хоёр дахь зөвлөл сайн ажиллах байх гэж итгэж байна. Яагаад гэвэл анхны юм алдаа ихтэй байдаг.
-Телевизийн “Алтан шонхор” гэж наадам явах юм. Шинэ жил болгоноор залхтал гаргадаг. Сэтгүүлч болоогүй хүүхдүүдийн, нэвтрүүлэг биш ажлууд л мандаад байдаг. Танайх яагаад ордоггүй юм бэ. “Хар цагаан” нэвтрүүлэг байна. Брэнд. Г.Бадамсамбуугийн “Аяллын цаг” брэнд, Ш.Гүрбазарын “Хариулахгүй ч байж болно” брэнд. Яагаад тэнд яригддаггүй юм бэ?
-Шагналынх нь хувьд алтан шонхор ч бай, мөнгөн шувуу ч бай, нохойн толгой ч бай ямар ч байсан телевизүүдийн дунд нэг шагнал байх ёстой. За тэр нэвтрүүлэг мөн бишийг бол үзэгчид үнэлнэ. Гэхдээ аливаа юманд өөрийн төрөл жанр, өөрийн ур хийц, технологи гэж байх ёстой. Та ажиглажээ. Энэ үнэн. Манайх хаана нь явдаг юм гэвэл гадна нь явдаг юм. Ур хийц, техник технологи талаасаа манай хэн нь ч уралдаанд орох чадалтай. Би баталгаатай хэлж чадна. Гэхдээ тэр шонхор монхор чинь шагнал дээрээ зодоон болдог юм гэсэн. Нөгөө телевизүүдийн холбооныхон амьсгаадаад л ар өврөөр нь гүйлдчихдэг гэсэн. Тийм юманд манайхан орж яах юм бэ.
-Та бол улайхгүй л телевизээ өмөөрч байна. Нөгөө талдаа танайхыг хоцрогдсон л гэж ярих юм байна шүү дээ. Арилжааны телевизийнхэн сайн юм хийдэг үү гэвэл хийдэг. Өө, монгол телевизэд нэвтрүүлэг байхгүй гэж тэд хэлдэг л юм билээ ?
-Би заавал Ганчимэг сэтгүүлчийн хазаарласнаар хазаарлуулж явах ёстой биш. Та ч миний хэлснийг аялдах ёстой биш. Би өөрийнхөөрөө л ярина. Манайд нэвтрүүлэг бий. Миний “Хар цагаан”-ыг нэвтрүүлэг биш гэх үү. Миний “Нэг л биш ээ”-г нэвтрүүлэг биш гэх үү. Уучлаарай, энэ ард түмэн үзэх гээд байдаг юм шүү. Дээрээсээ үзүүлэхгүй гээд байна ш дээ. Тэр чинь манай удирдлагуудад нөлөөлөөд байна шүү дээ. Манай удирдлагууд чинь бас хүн ш дээ. Ардаа амьдралтай. Тэрийгээ тавиад туух юм уу. Арилжааны телевизүүдэд рекламны эрх байна уу. Байна. Манайд байхгүй ш дээ. Дээрээс нь тэдэнд чинь бас төрөөс хөдөөд цацдаг гэж мөнгө өгч байна. Эд чинь баян байна. Яах вэ манайх хуучинсаг байж болно. Гэхдээ манайд нэвтрүүлэг байгаа. Бид арай сонгодог хийгээд байна. Та хэдэн хүн дуурь үздэгийг мэдэх байх. Хэдэн хүн хошин шог үздэгийг анзаардаг байх. Өнөөдөр залуучууд шалаан палаан юм үзэх дуртай байна. Хэдэн бүдүүн хүүхэн реалити шоу хийнээ гэсэн чинь харайлдаад оччихдог юм даа. Болиоч дээ. Ичээч дээ. Телевизээр бүгдээрээ амьсгаадаад л, үсрээд л. Ийм юм өнөөдөр моодонд орж байна шүү дээ.
-Та өөрийнхөө хэмжүүрээр Монгол телевизээ л нэгдүгээрт тавиад байх шиг байна. Тэгвэл хоёрт, гуравт телевиз байна уу?
-Би монголд яах аргагүй нэг нойморт Монголын Үндэсний телевизийг хэлнэ. Хоёрт би UBS-ыг хэлнэ, гуравт TV 5-ыг хэлнэ, дөрөт би “25 суваг”-ыг хэлнэ. Яагаад. Энэ телевизүүдийг мэргэжлийн уран бүтээлчид удирдаж авч явж байна. Балхжав манай телевизэд байсан. Баяр манайд байсан уу байсан. Хоёулаа мундаг найруулагчид. Сарангэрэл манайд байсан уу байсан. Сарангэрэлийг танихгүй монгол хүн байхгүй. Сэтгүүлчдийн эвлэл мэвлэлийн тэргүүн гэдгээр нь биш монгол телевизийн сэтгүүлч гэдгээр нь ард түмэн эхэлж таньдаг болсон юм шүү. Алтай байна. Мөн адил. “25 суваг”-т ганцхан авах юм бий. Туйлын муу техникээр хамгийн боломжийн ажиллуулаад байгаа.
-“25 суваг”-т “Би” гэж сайн нэвтрүүлэг байгаа?
-Нэг гайгүй хийсэн. И.Нямгаваа найруулагчийн тухай. Би тавилт энэ тэр дээр нь И.Нямгаваа найруулагчийг өөрөө оролцчихсон болов уу гэж бодоод байдаг юм. Дараа дараагийнх нь тэрэндээ хүрээгүй.
-Танайхыг хулгайн кино гаргадаг гэх шүүмжлэл чуулганы танхимд гарсан?
-Тэгж хашгирсан гишүүн өөрөө тойрогтоо очиж ажлаа хийгээрэй. Хэн хаана нотолчихсон юм бэ. Дээрээ замбараагүй байж доошоо битгий олон юм ярь. Би Ц.Элбэгдорж гишүүнээс ярилцлага авах гээд очсон байхгүй юу. Танд бол би ярилцлага өгөхгүй гэж хэлсэн шүү дээ. Шар Чука гээд хэвлэлийн албаных нь хүн надад тэгж хэлж байна лээ. Ийм жудаггүй товарищ хоёр удаа ерөнхий сайд хийчихсэн шүү дээ.
-Танд дургүй байж болно. Ярилцлага хэнд өгөх нь тэр хүний эрх шүү дээ. Юунд эмзэглэв?
-Танд ярилцлага өгөхгүй ээ гээд энгийн хэлчихсэн бол би эмзэглэхгүй. Энэ нөхөрт би ердөө ярилцлага өгөхгүй гэж ирээд новширсон байхгүй юу. Яагаад гэвэл миний “Босго” гэдэг нэвтрүүлэгт л өширхсөн байхгүй юу. Тэгээд л нэг хөлстэй хар юм олимпийн аварга болоо л биз, тэглээ гээд би тэдэнтэй эвлэрэх гэнэ. Би энэ нөхөрт яриа өгөхгүй гэж хэлсэн байдаг байхгүй юу. Уучлаарай, би танд ярилцлага өгмөөргүй байнаа. Та сэтгүүл зүйн талаасаа багагүй алдаа гаргаад байна шүү гээд хэлчихсэн бол би хүлээж авна. Би тийм хариу хүлээж авсан бол тэр хүнийг хүндэтгэнэ. Одоо би бусдын адил тэр жижигхэн хүнийг хүндэтгэхгүй.
-Долоон сарын нэгэн бол бухимдсан олны л тэсрэлт шүү дээ. Таны тэр нэвтрүүлэг арай л хурц болсон. Шууд тэр залуусыг няц гишгэж болохгүй шүү дээ?
-Айвал бүү хий гэдэг юм. Хийвэл бүү ай гэдэг юм. Өнөөдөр нэвтрүүлэг хийсэн хүнтэй нь та уулзаж байна. Та бол ерөнхийдөө Хувьсгалт намын талд ажилчихсан шүү, Бадарч гуай гэж хэлэх гээд байна. Яагаад өнөөдөр Магнай гадагшаа гарах гээд орогнол хүсээд байгаа юм бэ. Эх орондоо байж байгаад өшөө эдний гаргах алдаан дээр тогло л доо. Бүжиглэ л дээ. Яагаад зугтах гээд байгаа юм бэ. Эндээс хариултаа ол л доо. Одоо очоод намынх нь байрыг шатаагаад хаячихъя гэж ярьж байсан бичлэг нь УМБГ-ын дарга болсон Энхтөрд байгаа ш дээ. Бас л устгаад хаячихсан юм биш бол.
-Наад сэдвээс чинь ёстой залхаж байна?
-Тэгье л дээ. Та юу руу орж, юу руу гулсахаа өөрөө мэдэж байгаа. Надад таны ярилцлагад орно гэхэд хүмүүс захиж л байна ээ. Цаад Ганчимэг чинь ална шүү, болгоомжтой байгаарай гэж. Та миний тэр нэвтрүүлгүүдийг надаас гуйж өчигдөр авч үзээ биз дээ. Яагаад ийм асуулт тавьж байгаа юм бэ. Гаргаж байгаа гаргалгаа тань сонин байна ш дээ.
-Би асуултаа татаж авсан шүү. Танай телевизүүдэд ярилцлага байхгүй байна гэвэл та бас адрах байх. Ямар их зулгуй асуудаг юм бэ. Ярилцлага гэдэг чинь дундаа нэг утас хөвж явдаг торгон төрөл шүү дээ. Мэдрэмжийн, гоо зүйн, мэдээллийн, дүрийн гээд аль нэгнийг нь тээсэн утас тэр дунд хөвөрч байдаг. Телевизийн ярилцлагууд яагаад тийм долдой байгаад байдгийг л ойлгодогүй юм?
-Энэ хууль чинь ганцхан манайд үйлчлээд байна шүү дээ. Одоо манай “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэг сая шилдэг болсон л доо. Телевизийн нэвтрүүлэгт нэг юм байдаг юм аа. Та өөрөө олон л телевизийн ярилцлагад орж байсан. Оролцсон хүнээсээ их шалтгаална шүү.
-Тийм ээ. Ярилцлага асуулт тавьж байгаа сэтгүүлч, цаад баатар хоёр хэн байхаас маш их шалтгаалдаг төрөл?
-Өнөөдөр манай телевизэд дутагдаж байгаа нэг л юм байна. Чадалтай сэтгүүлчид дутагдаад байна. Чадалтай сэтгүүлчид байхгүй болохоор мань мэтийн юм эфирт гараад байна. Зоригтой чадалтай хүн байхгүй болохоор гараад байна ш дээ. Би яг номоор нь проб хийгээд программ хариуцсан захиралдаа үзүүлээд гардаг. Яагаад гэвэл миний нэвтрүүлгийг хөтлөх ч хүнгүй болчихлоо. Бүгд айгаад зугтаагаад явчихлаа. Зарим маань зодууллаа. Тэрнээс нь болоод намайг ажлаас халаад л… энэ тэр янз бүрийн юм зөндөө л боллоо шүү дээ. Уран бүтээлч хүн уруудаж, өгсөж, уйлж, дуулж л явдаг юм байна. Гэхдээ би нэг юманд харамсаж байгаа шүү. Хүн надад өштэй байж болно. Хонзонтой байж болно. Хордож явж болно. Хүн шуналын тачаалдаа автагдаад явж болно. Надтай хий хоосон өрсөлдөөд үргэлж өмд нь нойтон явж болно. Гэхдээ монгол хүн төрөө доромжилж болохгүй шүү дээ. Сая шинэ жилээр намайг нэг нэвтрүүлэг дээр туслах найруулагчаар ажиллуулсан. Би ажилласан. Нэвтрүүлэг гарлаа. Миний МУСГЗ цолыг хасчихсан байсан. Зохион байгуулалттай хийчихлээ. Яагаад. Манайх чинь главлиттай шүү дээ. Нэвтрүүлэг тогтвол үзлэгээр орж гардаг. Мэргэжлийн алдаа байна уу, техникийн алдаа байна уу. Тэрийг үзсэн улсууд харсан ш дээ. Тэр байтугай юмыг анзаараад л засуулж байдаг ш дээ. энэ хүн чинь сонгуульд зургаан дуу дуулаад гавъяат авчихсан хүн бишээ. Энэ хүн чинь хийсэн юмтай найруулагч учраас ард түмэн, төр хоёр үнэлээд өгсөн цол юм аа, зас гэж яагаад хэлээгүй юм. Зарим хүн хэлсэн. Бадарчаа том бай л даа. Хэн чамайг ийм балай юмтай нийлж, ийм балай нэвтрүүлэгт оролц гэсэн юм гэж. Гэтэл “Монголоороо гоёдог” гэсэн тэр нэвтрүүлэгт олон юмыг нь би бүтээж өгсөн. Тэрнийг хийсэн найруулагч ичих ёстой. Өөрийнхөө овгийг бүтэн бичээд, бусдыг зүгээр л нүцгэнээр нь тавьчихсан байгаа байхгүй юу. Ич л дээ. Мартчихаж л гэж байна гэсэн. Өчигдөр давтана лээ. Ахиад засаагүй л байгаа байхгүй юу. Гавъяат болоод би гундуу яваа шүү.
-Яагаад?
-Би энэ цолыг чинь гуйж аваагүй. Худалдаж аваагүй. Төр нь өөрөө өгсөн юм. Гавъяат авчихаад би түмэн олны өмнө нэг уйлж үзлээ. UBS телевизийн “Кофе юу цай юу” нэвтрүүлгээр нэг орж үзлээ. Уригдаад. Үзэгчид үнэлдэг юм байна гэдгийг би мэдэрлээ. Гэтэл манай телевиз дотор хоёр гурван хүүхэн үгүйсгэж байна. Аа, Г.Золжаргал хар залуугаараа гавъяат авсан. Ө.Нарангэрэл болохоор дарга л хийж байгаад гавъяат авсан. Го.Бадарч монголыг муулсаар байгаад л гавъяат авлаа. Аа, тэгээд зарим нь тэр худалдахаар нь энэ авсан ч гэх шиг. Тэр чинь одоо цалин пүнлүүгүй хүн юм уу. Цол тэмдгээ л зараад сууж байдаг. Хамт олон дунд их юм байна. Сая би нэг өргөдлөө өгсөн ш дээ. Би Монголын үндэсний радио телевизийн хашааны цэвэрлэгч хийеээ гэж. Надад ажил өгөхгүй байна шүү дээ.
-Ажил өгөхгүй байх чинь нээрээ аятайхан чимээгүй аллага шүү. Халахгүй, гэхдээ ажил өгөхгүй. Ёстой зовлон?
-Яг үнэн. Нэг муу пацаан намайг гуйгаад явж байсан юм. Би энэтхэгт магистр хамгаалчихлаа. Таны үгийг дарга нар сонсдог шүү дээ. Би ерөнхий редактор хиймээр байна. Хэлээд өгөөч гээд явж байсан хүүхэд өнөөдөр намайг доош нь хийгээд л явж байна. Хуулинд заагаагүй арга хэмжээг л надад аваад байгаа байхгүй юу. Би дарга харж далдагнадаггүй, цэрэг харж цэрвэдэггүй. Хүнд даруулга хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм. Монголын ард түмэн Ш.Гүрбазараар дутдаг юм шуу, цагтаа. Тэгэхэд одоо намайг шийтгээд байгаа энэ охин Ш.Гүрбазарыг ажлаас хална гээд тууж явсан байгаа юм. Гүрээ надад уйлаад ярьж байсан. Энэ хүүхдэд хэдэн ахмадууд нь хэрэггүй болчихсон. Манайд хөдөө явдаг нэг л найруулагч бий. Аля гээд. 50 гарчихсан эмэгтэй хүн шүү дээ. Хөдөө явж явж ирэхэд нь та өнөөдөр хоноод ажилла гэж байгаа байхгүй юу. Юу гэсэн үг вэ. Өөрөө эх хүнээс төрсөн, өөрөө бүсгүй хүн шүү дээ. Манайхан хэн ч хэлж чаддаггүй. Хий л цаагуураа манайх ч ёстой даргын заяагүй юм аа гээд байна. Уранчимэг хүрч ирээд баахан бужигнуулаад нийгмийн редакцийн хорин хэдэн хүнийг дөрвөн хэсэг болгоод л тавьчихсан. Г.Золжаргалыг даргаар тавиад ийм ийм ажил хийнээ гэсэн чинь зарим нь ажил хаяж зугтааж энэ тэр солиороод. Тэгсээр байгаад Золоо больё больё гээд өгчихсөн ш дээ. Золоо чинь зарчимч хүн шүү дээ. Одоо би ажилгүй. Аргаа бараад хашааны цэвэрлэгч хийе гэсэн. Шийд нь гараагүй л байна. Би хийчихнээ. Хашаа цэвэрлээд зогсч байж чадна.
-Телевизийн текстүүдийг сонсоод заримдаа нүүр халуу оргиод явчихдаг. Бичдэг хүн ховор санагддаг ш дээ. Та хэнтэй илүү гар нийлдэг вэ?
-Үнэн. Гэхдээ бүгдээрээ биш шүү. Зиндаа зиндаагаараа. Өнөөдөр монголын үзэгчид Ш.Гүрбазарыг үгүйлж байна. Г.Золжаргалыг үгүйлж байна. Амбасэлмаа гуайг үгүйлж байна. Ёлкыг үгүйлж байна. Манай П.Алтанцэцэг мундаг. Яаж бичдэг гэж санана. Тэгэхээр телевиз ядуу болчихсон байгаа биз. Та бүх телевизүүдийн арын титрийг хараарай. Сэтгүүлч гээд л баахан нэр гардаг юм. Май. (дунд хуруу гаргав) Сэтгүүлч гэж хэнийг хэлдэг юм.
-Амбасэлмаа гуайнхаа үнэмлэхийг ураад шидчихсэн гэж шуугиад байсан биз дээ?
-Үгүй байх. Би хараагүй. Хөөгөөд явуулчихсан нь хэн байгаа юм. Тэгж том алдаа гаргаагүй байхаа. Дэгс яриа байх. Залуучууд маань бодохгүй байна. Бичихгүй байна. Нэг л их хоосон ярьдаг улс. Энэ биш ээ. Биш.
-Өдөрт дараалаад л ярилцлаганд ороод байх юм. Хувцсаа ч солихгүй дараагийн зочинтой сууж харагддаг. Хэдийд нь судлах ажлаа хийх вэ. Тэр зочныг ядаж гадарлах шаардлага байна биз дээ?
-Судалгаа устсан. Яриад ч хэрэггүй. Бодох, судлах, явах байхгүй. Би Золоотой харцаараа л ойлголцдог. Бид хоёр хэрэлдэж байгаагүй юм шүү. Өөр хүнтэй би тэр бүр гар нийлдэггүй. Эвлүүлгийн найруулагч Эрдэнэчулуун гэж хүүхэд байгаа. Зураач хүүхэд. Мэдрэмж нь гайхамшигтай. Хөгжмөө бичнэ. Би үнэлдэг. Өөр хүмүүстэй би таардаггүй. Намайг ааш муутай, загнадаг гэдэг. Юм хэлж болдоггүй цаг үе болчихоод байна шүү дээ.
-Эрэн сурвалжлаад л гал асааж явдаг Го.Бадарч найруулагчийг ноднин шинэ жилээр санаанд оромгүй сэдэв дээр хөрвөж ажиллахыг харлаа. Блюзээр хийсэн кино концертоор?
-“Буйдхан газрын блюз жааз” уу.
-Тийм. Үнэхээр тасархай кино концерт байсан. Дуучин нь өөрөө хэнэггүй. Уралцаж, өрсөлдөж, үзэлцэж өгдөггүй. Гэвч блюз нь сэтгэлд яваад л байдаг ?
-Гоё, гэгэлзүүр, нэг тийм сонин бүтээлүүд шүү.
-“Хаалгаа нээж болохгүй шүү”, “Эх нутгаа би зорьлоо” энэ тэр гээд галзуу л даа. Би блюз, жааз хөгжимд дуртай. Даанч найзынхаа уран бүтээлийг бичээд байж болдоггүй. Та яаж яваад ийм ажил үзүүлчихэв ээ?
-Би нэг юманд маш их баярлаж байна. Ярилцлага өгч байгаадаа биш. Миний санаа сэтгэлийг дундалж байгаад. Бидний зовлон ижил. Би хөрвөж чаднаа, Ганчимэг сэтгүүлч ээ. Манай дарга нар надад итгэл хүлээлгэхэд би хийж чаддаг юм шүү. Нүүр бардам хэлнэ. Аль ч сэдвээс аль ч сэдэв рүү хөрвөж чадна.
-Тэр кино концерт дотор нэг ковбой, сорвитой эр яваад байдаг. Тэр дүр, тэнд сонгож авсан блюзүүдтэй ямар гаажтай наалдаж өгөв өө. Тэгээд тэр саарал өнгийн фон?
-Би танд нэг юм үзүүлье. (том далбайсан дэвтэр гаргаж ирэв. Шугам татсан баахан дөрвөлжин гурвалжин, сонинихачин тэмдэглэгээнүүд)
-Юун олон хүснэгт, тэмдэглэгээнүүд, дүрснүүд вэ. Би юу ч ойлгохгүй юм байна?
-Найруулагчийн зохиол гэж ийм юм байдаг юм. Ингэж байж найруулагч юм хийх ёстой. Энд харж байна уу. Камер яаж хөдлөх юм. Юу байх ёстой юм. Хаана байх ёстой юм. “Буйдхан газрын блюз, жааз” нэвтрүүлгийг хийхэд юу надад нөлөөлсөн гэвэл би өөрөө уг нь нэлээн тийм ритмтэй юманд дуртай. Гэтэл надад тэрийг сонссон чинь хачин сонин гэгэлзүүр хөгжим, хачин сонин эрх чөлөөтэй юм шиг хэрнээ ямар нэгэн хүлээсэн дотор гэгэлзсэн аяз мэдрэгдсэн. Би өөрөө гуйж очсон юм. Дуучин дээр нь. Зөвшөөрсөн. Тэр сорвит эрийг асуугаад байна. Тэр манай зураач л даа.
-Гутал мутал, бүх юм нь дүртэйгээ гайхамшигтай нийцсэн байна лээ?
-Тэр гутал нь миний хүүгийн гутал. Тэр ковбой зангиа нь миний зангиа. Зураг дуусаад би тэр зангиагаа өөрт нь бэлэглэсэн.
-Тийм сонин юмнууд гоё шүү дээ. Дандаа яагаад хоёр зохиолын дуучин хөтлөлцөөд хадан дээрээс дуулж байх ёстой юм бэ. Тэр чинь урлаг биш шүү дээ?
-Зөвшөөрч байна.
-Таныг 60-тай гэхэд хэн ч итгэхгүй байх. Үргэлж л гоё, хээнцэр алхаж явдаг. Та их ганган харагддаг?
-Би биеэ тоох хүсэлгүй, биеэ даах хүсэлтэй хүн. Хоёрдугаарт, би ганцхан өөрийгөө төлөөлж яваа хүн биш. Би монголын үндэсний радио телевизийг төлөөлж яваа хүн. Намайг биш үндэсний радио телевизийг хүн ярина. Телевизийн энэ Го.Бадарч ямар мэдрэмжгүй хувцасладаг товарищ вэ гэж. Адаглаад би муухай яваад байвал нөгөө намайг даргалах гээд гүйгээд байгаа муусайн хүүхнүүд баярлана биз дээ.
-Хүүхнүүд уншаад дургүй нь хүрэх байх даа. Та эмэгтэй сэтгүүлчийн өмнө сууж байж хүүхнүүд рүү л давшаад байх юм. Ингэхэд хүүхнүүд гэж таны хувьд хэн бэ?
-Бүсгүй хүн гэж анхилуун, тансаг байх ёстой. Гэтэл манайхан тэр анхилуун тансаг гэдэг ойлголтыг үнэтэй, брэнд бараагаар солиод байдаг. Бүсгүй хүн гэж ухаалаг, намуухан, эрхэмсэгийн туйл болохоос эргүү тэнэгийн тогоо биш. Бүсгүйчүүд бүгдээрээ гоё. Муухай хүн байхгүй. Хялар нүдтэй, хазгай хэлтэй байсан ч гоё хүүхэн л харагддаг. Харамсалтай нь монгол хүүхнүүд гоёоо мэддэггүй. Хар хяр хийгээд л. Өнөөдөр манай редакцийн ерөнхий редактор шиг ийм характертай бүсгүй хүн луусангийн шоронд ч байхгүй. Хар яр гээд л, хүн амьтныг чинь ажлаас хална солино гэж гүйгээд л. МУСГЗ хүнийг ажлаас халдаг хэн бэ тэр. Тэр хүүхнээ солиогүй цагт өнөөдөр би энэ редакци дотор хэнд ч удирдуулахгүй. Бүсгүй хүн гэж сайхан амьтад шүү. Эхнэрээ сугадаад алхаж явахад ч эргээд хармаар бүсгүй хүн таардаг шүү. Толинд харахаар энэ муу барзгар нүүр онцгүй харагдсан ч гэсэн би гоё явах гээд үзээд байдаг нөхөр шүү.
-Үнэн. Ядаж танд зусардах хэрэг өнөөдөр надад алга?
-Би уурандаа нэг удаа хэлчихсэн юм аа. Шальдир бульдар нэвтрүүлэг хийгээд байхаар нь пацаануудад “Та нар над шиг монтаж хийж чадахгүй юм бол над шиг хувцасла” гэж. Би үнэтэй цайтай юм өмсдөггүй. Би гоё явах дуртай. Гэртээ бол би Го-Пи-Миний Бадарч. Түмэнд бол би монгол телевизийн Го.Бадарч. Энэ байгууллага, энэ айлыг тийм учраас бид хайрлаж явах ёстой юм. Тэгээд л саарал ордонд орчихоод нусаа татаад, камер нь эвдэрхийгээ мэдэгдэх гэсэн юм шиг ухаж зогсчихоод л. Тэрний чинь эвтэйхэн нэг буланд очоод янзалчихна биз дээ. Надад ийм тэнэг зан таалагддаггүй. Би монгол эхээс төрсөн хүн шүү. Бүсгүй хүнийг бол би үргэлж хүндэтгэдэг, үргэлж хайрладаг. Гэхдээ хүний хайр их зөв хайр байх ёстой юм. Буруу хайр хүнийг буруу явуулдаг юм шүү. Би бас буруу замаар будаа тээж л явсан. Тэгээд дорхоноо өөрийгөө татаж авч, ухаарсан.
-Татахгүй явж болно ш дээ. Сайхан дураараа алдуурах бас гоё биз дээ?
-Үгүй юм аа. Аливаа юманд захиргаа хэрэгтэй.Би түрүүнээс хойш л эрэмбэ гэж нэг зүйлийг яриад байна. Эрэмбээ ерөөсөө алдаж болохгүй.
-Хайранд хүртэл эрэмбэ хэрэгтэй хэрэг үү?
-Тэр хайр чинь өөрөө их сонин зүйл шүү дээ.
-Та битгий эмзэглээрэй. Би олон эрчүүдтэй ярилцлагын ширээний ард сууж явлаа. Амьдралдаа нэг алдчихсан юм шүү, ёстой ухаарсан шүү гээд л ярьдаг юм. Дурлаа л биз, сэвээ л биз, саваа л биз. Тэгж явсан үеэ жаахан нас тогтоод ирснийхээ дараа эхнэр хүүхдийнхээ өмнө цайруулах гэж зовоод л, ямар нэгэн гэм цагаатгах гээд л... Яах юм бэ, тэгж. Танаас хүртэл тэр үнэртэж байх юм?
-Би ханьтайгаа 30 жил амьдарчээ. Хоёр хүүхэдтэй. Сайхан амьдарлаа. Би буруу явснаа нуугаагүй эр хүн. Та намайг хамаг гэмээ нуух гээд ядарч суугаа эр хүн шиг ойлгочихлоо. Би гэмшиж явдаг л байхгүй юу. Сэвтүүлчихсэн билүү, яалаа даа гэж. Амьдралд алдаж гишгэснээ нуугаагүй. Гэхдээ сэвтүүлсэндээ харамсдаг. Одоо тэгээд л нэг их худлаагаасаа би ер нь одоо ч явчихмаар байна гээд л ярих юм уу. Тэгмээргүй л байгаа байхгүй юу. 20 гаруй жил ханилаад л ирэхээр ер нь тэгээд нэг нэгэндээ уусдаг юм билээ шүү. За, тэгээд 30 жил болоход нэг хүн болцгоож байгаа юм даа. Сайхан хорвоо шүү. Миний уран бүтээлийн 50 хувийг тэр Дашбалбарын Наранцэцэг гэж эмэгтэй авч явж ирсэн.
-Таны гэргий ямар мэргэжлийн хүн бэ?
-Инженер-эдийн засагч хүн. Хоёр хүүхэдтэй болоод л би авгайгаа ажлаас гаргасан. Миний хань хоёр хүүхдийнхээ хүмүүжлийг хариуц даа. Би амьдрала аваад явъя гэж хэлээд л шийдвэрээ гаргасан. Миний хань гэр бүлийн өмнө хүлээсэн үүргээ давуулан биелүүлж яваа. Би ч хичээж ирсэн. өнөөдөр миний хоёр хүүхдийн нэг нь сэтгүүлч болсон, нэг нь хилийн чандад телевиз киноны найруулагчийн ангид сурч байна. 700 хүүхэд өрсөлдөхөд миний охин эхний гуравт орсон шүү. Би бахархдаг. Өөрийнхөө хүчээр тэр орны засгийн газрын тэтгэлэгт хамрагдаад сурч байна.
-Го.Бадарч гэж найруулагчийн хаанаас гарсан, хэн болох сонин. Ямар хөрснөөс ургасан мод юм бол. Ингэж олон үзэгч боддог байх?
-Миний ертөнц миний л ертөнц. Бүх хүн таашаах албагүй. Намайг зүгээр нэг шарилж, эсвэл халгай юм аа гээд бодоход би их энгийн хөрснөөс ургасан ургамал. Миний эцэг Го-Пи-Мин гэж хятад хүн байсан.
-Аль дүүрэгт өссөн бэ?
-Би усны гудамжинд төрөөд, таван настайгаасаа төмөр замд өссөн. Төмөр замынхан андахгүй. Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн. Жав гэж мундаг хүн намайг сургуульд авч байсан юм. Манай ангийхнаас одоо Сэвжидийн Сүхбаатар байна. Цэрэннадмид байна. Хоёулаа гавъяатууд. Өөр олон хүн бий л дээ. Телевиз гэдэг айлыг далай юм гэж бодоход би нэг дарвуулт завь нь болжээ. Яагаад гэвэл төр, түмэн нь намайг үнэллээ. Урмыг нь өглөө, хариуцлагыг нь үүрүүллээ. Аливаа шагнал гэдэг хүнд урам, хариуцлага хоёрыг зэрэг өгдөг гэдгийг надтай үзээд байгаа энэ дурачканууд ойлгохгүй байгаа байхгүй юу. Би яагаад хятадын эрлийз гэдгээ нуудаггүй юм бэ. Яагаад би овог нээрээ хэнээс ч айхгүй хэлдэг юм бэ. Монгол үг байгаа. Муу нуухаар сайн илчил гэж.
-Тэгж яах юм. Муухай шүү дээ. Төрсөн эцгээсээ урвах болж байна уу?
-Та бод доо. Урвагч хүн эхнээсээ аваад адгаа хүртэл урвасаар л дуусдаг юм ш дээ. Би урвагч хүнд аягүй дургүй. Хоёрт, хүнийг нэг ашиглаад хаядаг хүнд би ясны дургүй. Хэн нэгэн хэн нэгнийг ашиглаад хаясныг нь мэдэнгүүт би хөндлөнгөөс эх эцгээс заяасан тагнай, хиймэл тагнай хоёрынхоо дунд зуудаг. Өс санадаг. Миний нэг найзыг ч юм уу, өөр нэг мөрөөрөө явдаг нөхрийг ч юм уу, намайг ч юм уу ашиглаад хаясан л байх юм бол би шатаад явчихдаг зантай. Муухай л зан байх л даа. Гэхдээ л би тийм.
-Улс төрөөр тийм нөхдүүд дүүрэн л байна шүү дээ?
-Дүүрэн. Одоо намайг манай телевиз дотор хөөе луухаан гээд дуудаж л байдаг. Би ерөөсөө эмзэглэдэггүй. Би их зовлон үзсээн. Зовлонг бол үзсэн. Хязгаарын цэргийн ансамблд бүжигчнээр орчихоод хөдөө бригадаар явж байхдаа застав дээр хоёр офицерт зодуулж л байсан.
-Яах гэж зодож байгаа юм бол?
-Хятадын тагнуул гээд. Ямар даалгавартай чи наашаа ирсэн гээд. Намайг дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөхөөр дандаа хасдаг байсан.
-Та чинь монгол ээжээс төрсөн, монгол улсын иргэн шүү дээ?
-Энэ үзэл бодол чинь өнөөдрийн ардчилсан нийгэмд л бий болсон эд шүү дээ. Гэхдээ миний хамт олон намайг тэгж үзээгүй юм. Одоо л нэг муу дурачканууд гарч ирчихээд хавчих гээд байгаа болохоос.
-Гэхдээ л таны дотор сэтгэлийн шарх байна. Яах гэж ийм юмыг тээдэг юм бэ?
-Байнаа. Энэ муу хятадын эрлийзэд гавъяат өгөөд байх даа яадаг юм гэж намайг хэлж байна гэнэ лээ. Гэхдээ би гундахгүй. Миний муу аав ээж хоёрын хэн нэг нь амьд байгаад, миний ингэж явааг харсан бол…гэж би боддог. Би айлын хамгийн бага. Хоёр настайдаа эцгээсээ өнчирсөн юм. Миний эх хойд эцгийн царай харуулахгүй гээд ганцаараа биднийг өсгөсөн. Намайг 26-тай байхад ээж минь өөд болсон. Миний ээж амьд байсан бол би одоо хүртэл гэрлэхгүй яваад байж чадах л байсан. Би төрсөн өдрөөрөө өглөө босоод эх эцэг хоёрынхоо газар дээр очдог. Амьдралынхаа нэг жилийн жирийн тайланг тавьж ярьдаг юм. Хүү нь ингэлээ, ингэлээ. Хүний дор орчихгүй амьдралаа аваад явж байнаа гээд. (уйлав) Миний аав жирийн сайхан хүн байсан юм. Миний аав маршал Чойбалсангийн моторчин хүн байсан юм. Би хүүгээ хурим хийхэд нь Чойбалсангийн хөшөөнд цэцэг тавьж байсан. Хүний амьдрал гэдэг чинь тодорхой хэмжээний түүх. Энд хэлэх ч юм байдаг. Хэлэхгүй ч нууж явдаг юм байдаг. Гэхдээ хүнд мартахгүй юм гэж байх ёстой Би гавъяат авангуутаа хамгийн түрүүнд Дугарын Жаргал гэдэг хүн дээр очсон. Энэ хүн намайг зориг гаргаж телевизэд авсан юм. Энэ хүний буянд би өдий зэрэгтэй яваа юм. Өнчин өссөн хүн ухаантай өсдөг юм шүү. Би дөрөвдүгээр ангиасаа биеэ даасан Амьдрал надад хатуу байсан. Сайн муухайг нь бүгдийг нь үзсэн. Амьдралд гэрэл байхад сүүдэр байдаг юм. Тийм ч учраас би нэвтрүүлгээ “Хар цагаан” гэж нэрлэсэн юм.
Сэтгүүлч найруулагч хоёрын ийм нэгэн задгай, цензургүй яриаг та бүхэнд хүргэж байна. Бүрэн дүүрэн биш ч гэсэн Го.Бадарч гэх энэ билэг танхай найруулагчийн ертөнцийг нээх гэж оролдлоо. Төгсөөгүй…гэж би ярилцлагаа нэрлэлээ. Түүний сонсох дуртай симфонийх нь нэрээр….Бас хийх гэж байгаа нэвтрүүлгийнх нь нэрээр…бас хальс маань дундаа ч оролгүй үлдсэн болохоор тэр ээ….

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэ
уншигч
уншигч
sara
ameer
DR. UROLOGIST
DR. UROLOGIST
penka tharma
dr macpherson
kidney
kidney
Зочин
999
162
amanda
Зочин
enkhnukhurlul
zochin
Sergelen